Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Инфляцын бууралт бодлогын хүү өсөхөөс “аварлаа”


Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл хуралдлаа. Тус зөвлөл мөнгөний бодлогын хүүг өнөөгийн түвшинд буюу 13 хувь хэвээр байлгах шийдвэр гаргажээ. Ингэхдээ инфляцын төсөөлөл, эдийн засгийн өнөөгийн болон ойрын төлөв байдал, хүлээгдэж буй гүйцэтгэлийг тал бүрээс нь үнэлж, харгалзан үзсэн хэмээн тайлбарлаж байгаа юм. Бодлогын энэхүү шийдвэр нь төгрөгийн өгөөжийг хадгалах, богино хугацаанд урсгал тэнцлийн алдагдлыг бууруулах, инфляцыг нам, тогтвортой түвшинд байлгах, санхүүгийн болон макро эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжихэд эергээр нөлөөлснөөр дунд,  урт хугацаанд эдийн засаг тогтвортой өсөх орчинг бүрдүүлнэ.

Нийлүүлэлтийн гаралтай инфляцын дарамт үргэлжлэн буурч хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн жилийн инфляц өнгөрсөн сард 9.3 хувь болж буурлаа. Суурь инфляц 11.9 хувь буюу өндөр хэвээр байгаа хэдий ч, эрэлтийн гаралтай инфляци энэ  онд долоон хувьтай гарах хүлээлт байна.  Нийт инфляцад нийлүүлэлтийн гаралтай инфляцын эзлэх хувь 2010-2012 онд дунджаар 33.4 байсан бол өнгөрсөн жилийн байдлаар 4.5 болж буурчээ. Ийнхүү инфляцын бүтцэд суурь өөрчлөлт гарч, иргэдийн хэрэглээний гол бараа болох мах, шатахуун, гурилын үнэ нам, тогтвортой түвшинд байгаа билээ. Энэ нь инфляц буурч нэг оронтой тоонд ороход чухал нөлөө үзүүлсэн аж.

Нийт мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн сард 3.1 хувиар буурчээ. Харин аж ахуйн нэгж, иргэдэд банкнаас олгосон зээлийн өрийн үлдэгдэл 0.8 хувиар өссөн байна. Үүнтэй уялдаад оны эхний улиралд импорт өмнөх оны мөн үеэс 300 орчим сая ам.доллараар буурав. Энэ нь сарын дундаж импортын хэмжээ 230 гаруй сая ам.доллар болсныг илтгэж буй юм. Эдгээр үзүүлэлт Монголбанкинд Мөнгөний бодлогын хүүгээ өсгөхгүй байх боломж олгожээ. Нөгөө талаас төлбөрийн тэнцлийн санхүүгийн дансаар орж ирэх валютын урсгал нэмэгдээгүй, гадаадын шууд хөрөнгө оруулалт сэргээгүй учраас төгрөгийн өгөөжийг хадгалах шаардлагатай бөгөөд мөнгөний бодлогын хүүг бууруулах нөхцөлийг төдийлэн бүрдүүлэхгүй байгаа аж. Гэхдээ хэрэв гадаад валютын орох урсгалд нааштай эерэг өөрчлөлт гарвал бодлогын шийдвэрээ тухай бүр эргэн харах, мөнгөний бодлогод өөрчлөлт оруулах боломжтой гэдгийг Зөвлөлийн гишүүд онцоллоо.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан