Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр Бурхан багшийн их дүйцэн өдөр

Өнөөдөр зуны тэргүүн сарын 15-ны өдөр. Энэ өдөр Бурхан багшийн эхээс мэндэлсэн, бурхны хутгийг олсон, нирваан дүрийг үзүүлсэн гурван их үйл явдал зэрэгцэж байгаа учраас “Бурхан багшнийн их дүйцэн” өдөр хэмээдэг. Дүйцэн гэдгийг түвд хэлнээс орчуулбал Их цаг гэсэн утгатай гэнэ.

Энэ өдөр хүрээ хийд бүр хурал ном хурж, идээ будаа засан тахил өргөн буян үйлддэг. Энэ өдөр уншсан ном, сургаал түм бумаар арвижин дэлгэрдэг гэдэг.
Бурхан багш одоогоос 2500 гаруй жилийн өмнө “сүрээр дарагч” гал морин жил МЭӨ 5 зууны 567-ийн зуны эхэн сарын арван таванд Лүмбинийд хаан эцэг Шүддходана, эх Махамаяа хатны хүү болон мэндэлжээ.

Эхийн хэвлийд оршсон дүйчэн

 Одоогийн Балбын баруун өмнөд нутаг Энэтхэгийн хилийн ойролцоо эртний Кабилабасту /одоогийн нэр Тилоракоты/ хотын балгас  бол  Бурхан багшийн эхийн хэвлийд оршсон газар юм. Зуны эхэн сарын арван тавны шөнө Махамаяа хатны зүүдэнд гурван мянган ертөнц бүгд үзэгдэж олон мянган тэнгэр, бурхад магтсан зургаан соёотой их заан баруун талаас ирж буй, огторгуйд завилан сууж, уул хаданд авирч, арслант ширээнээ суун ном айлдаж байгаа дөрвөн янзын зүүд зүүдэлжээ. Мөн хааны зүүдэнд Махамаяа хатныг олон охин тэнгэрүүд “Рид хувилгааны үл бүлээцэх” далай хэмээхэд хөтлөн аваачиж, угаалга үйлдээд, тэнгэрийн ариун хувцас өмсгөн далайн ойролцоох мөнгөн уулны доторх алтан уулнаас их цагаан заан буун мөнгөн ууланд авирч байснаа хойд зүгээс цагаан лянхуа цэцэг амандаа зуун өргөөнд орж ирээд хатны хэвтэх ор дэрийг гурван удаа хүндэтгэн эргэж, улмаар түүний баруун сугаар орж хэвлийд нь оршив гэж зүүдэлжээ. Хаан бээр энэ сонин зүүдний учрыг тайлах гэж жаран дөрвөн бярманг дуудан ирүүлжээ. Тэд тайлахдаа эхний зүүд бол хүү төрөх бөгөөд хаан ширээг залгамжилвал ертөнцийг эзэлсэн хаан болно. Хэрэв тойн хувраг болвол гэгээрэлд хүрсэн бурхны хутгийг олно. Хоёр дахь нь их рид хувилгааны хүч чадал ихтэйн шинж, гурав дахь нь лам хуврагуудад их гэгээрлийн ном зааж сургах, дөрөв дэх нь тэнгэр бурхан бүгд хүндэтгэн тахихын бэлгэ гэж шинжив. Хан хүүг эхийн хэвлийд орших үед газар хөдлөн, алтан өнгөт гэрэл зүг бүхнээ цацархуй амьтны зовлон амирлаж, долоо хоног хааны өргөөнд цэцэгс болон эрдэнэсийн хур бууж, тэнгэрийн яруу дуун эгшиг цуурайтаж байлаа.

Ариусан гэгээрч бурхны хутгийг олсон дүйчэн.


Энэтхэгийн нийслэл Деллигээс зүүн зүгт Бихар мужийн Гаяа хотын ойролцоо Бурхан багшийн ариусан гэгээрч бурхны хутгийг олсон Бодьгаяа хэмээх үзэсгэлэнт газар байдаг. Тэнд бярман эмэгтэй Засагийн хүү Тачүн босгосон Гандола суврага, өмнө нь Бурхан багш заларч гэгээрлийн хутгийг олсон бодь мод нь /Бодивригша/ чулуун дээрхи Бурхан багшийн өлмийн мөр төгс гэгээрлийг олоод анхан газар залрахад их гэрэл гарч бодь модноос бусад мод шатсан тул тэр газар босгосон гэрэлт цагаан суварга, Махабоди буюу Бурхан багшийн дүр зэрэг Бурхан багшийн түүх дурсгалтай холбогдолтой олон зүйл байдаг. Гаяагийн зүүн талаар урсах Ниранзана мөрний дэргэд зургаан жил хатуужил даяаныг хийгээд, Ниранзана мөрнийг гатлан бодь модны өмнө дороо гүш өвс дэвсэн очирт суудалд хөдлөшгүй бат сууж, үдэш нь тэгш агуулсан гэгээрлийн хутгийг олоход саад зэтгэр болдог шулмасыг номхотгон, шөнө нь тэгш агуулсан бясалгалд оршиж зуны эхэн сарын арван тавны үүрээр илтэд ариусан гэгээрсэн бурхны хутгийг олсон түүхт өдөр юм.

Нирваан дүрийг үзүүлж таалал барьсан дүйчэн.

Энэтхэгийн зүүн Утар мужийн Корокапүр хотын зүүн талд Бурхан багшийн таалал барьсан газар Гүшнагар гэж бий.  Бурхан багшийн шарилыг хайлсан газар босгосон Мүкатаванда суварга, Бирмүүдийн босгосон алтан суварга, Бурхан багшийн таалал барьсанд зориулсан чулуун хөшөө, шинээр босгосон төвдийн хийд байдаг. Бурхан багш наян нэгэн сүүдэр зооглосон зуны эхэн сард “Гэлэнгүүдээ бурхныг үзэх нь олдохуйяа бэрх” хэмээх тэргүүтэн сүүлчийн айлдвар сургаалаа зарлигдаж, “Бөхчүүдийн орон” гэж алдаршсан Гүшнагарт морилон, Саласүн модны голд олон бодьсадва шавь нарын дунд тэргүүнээ умар зүг хандуулан нигуураа баруун зүгт харуулан хажуулдаж арслан хэвтэх байдлаар мөнх нойрсох дүрийг үзүүлэв.

Тэр үед газар хөдөлж, од гариг унаж, жижиг гол горхи ширгэж, ертөнц нилэнхүйд түнэр харангуй нөмрөн, хамаг амьтан ертөнц хоосров хэмээн энэлэн гашуудаж, зовлонд нэрвэгдэн гасалж байсан гэдэг. Эртний Энэтхэгийн заншил ёсоор шарилыг хайлж чандарыг нь хуваан, найман газар залж хүндэтгэн шүтэв. Тэр газарт нь “Таалал барьсан суварга” босгож мөнхжүүлжээ. Энэ өдөр үйлдсэн буян бум, живаа, сая, дүнчүүр тоонд хүрч арвидахыг сударт зарлигласан тул хүн бүр бие, хэл, сэтгэлийн үйл явдал, мөрөө ариунаар сахиж, ном буяны цагаан зүгт аль чадахаар шамдах хэрэгтэй .

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан