Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Э.Мөнхбилэг: Туялзуур сэлэм бол хөдөлгөөнт шатар

Ж.ГЭРЭЛЧУЛУУН

Туялзуур сэлмийн спортыг тулааны урлаг гэхээс илүү хөдөлгөөнт шатар хэмээх нь бий. Манай оронд үүсч хөгжөөд удаагүй ч энэ спортоор хичээллэх хүүхэд залуусын тоо эрчимтэй өсч байна. Ийм үед туялзуур сэлмийн Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнийг эх орондоо зохион байгуулах эрхийг Монголын туялзуур сэлмийн холбооны хамт олон Азийн 30 гаруй улсаас шалгаран авч чаджээ. Ирэх сарын 9-12-нд болох эл тэмцээний тухай болоод туялзуур сэлмийн спортын талаар МТСХ-ны удирдах зөвлөлийн гишүүн, тэмцээний зохион байгуулах комиссын дарга Э.Мөнхбилэгтэй ярилцлаа.

-Залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн хэддэх удаагаа зохиогдож байгаа вэ?
-Туялзуур сэлмийн залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн дөрөвдэх удаагаа болох гэж байна. Гурав дахь удаагийн тэмцээн өнгөрсөн жил Филиппин улсад болж Солонгосын шигшээ баг нийлбэр дүнгээр тэргүүлж байсан. Энэ жилийн хувьд манай улс зохион байгуулахаар эрхээ авчихсан байна.

-Эрх авахад ямар шалгуур шаардлага тавигддаг юм бол?
-Жил болгон Азийн туялзуур сэлмийн холбооны ерөнхий асамблей болж Азийн орны туялзуур сэлмийн холбооны бие төлөөлөгчид оролцдог. Уг хурлаар ээлжит аварга шалгаруулах тэмцээнийг хаана зохион байгуулах тухай хэлэлцэж дээрх орнуудаас санал асуулгаар шалгаруулдаг. Яг л олимпийн наадам зохион байгуулах эрх олгодогтой адил яагаад танай хот, улсыг сонгох ёстой юм гэхчлэн тодорхой шаардлагуудад нийцэж байвал эрх олгодог.

-Дөрөвдэх удаагийн тэмцээн гэхээр манайх харьцангуй эрт авч байгаа бололтой?
-Тийм тийм, энэ тал дээр холбоо маш идэвхтэй ажилласан. Ихэвчлэн залуучуудаас бүрдсэн хамт олон учир илүү идэвх санаачлагатай байгаа гэж ойлгодог. Түүнчлэн тэмцээн зохион байгуулах эрхээс гадна Азийн туялзуур сэлмийн холбооны ерөнхий асамблей, удирдах зөвлөлийн хурлыг ч эх орондоо зохион байгуулах эрхийг авсан. Есдүгээр сарын 6-нд удирдах зөвлөлийн хурал, маргааш нь буюу 7-нд ерөнхий асамблей болж 7-12-нд үндсэн тэмцээн болохоор төлөвлөгдөөд байна.

-Энэ удаагийн тэмцээнд хэчнээн орны баг тамирчид оролцохоор байна?
-Бидний тооцоолж байгаагаар 30-аад орны 250 гаруй тамирчин оролцоно гэж үзэж байна. Яг одоогийн байдлаар 17 улсын 200 очрим тамирчин мэдүүлгээ өгчихөөд байна.

-Манай улсаас хэчнээн тамирчин эх орноо төлөөлөх бол?
-Зохион байгуулагч орноос арав гаруй тамирчин дөрвөн дасгалжуулагч орно.

-Зургаан хоногийн турш 30 орны 250 гаруй тамирчин, багш дасгалжуулагч, хөгжөөн дэмжигчид гээд багадаа 400 орчим хүн манайд улсад ирнэ гэдэг нэг талаар эдийн засаг тэр дундаа аялал жуулчлалын салбарт бага ч болов хөрөнгө оруулалт болох байх. Гэвч давын өмнө зохион байгуулалтын ажил чухал шүү дээ. Энэ талын ажил хэр ахицтай байгаа бол?
-Тэгэлгүй яахав, бидний харж байгаагаар багш дасгалжуулагч, тамирчид, хөгжөөн дэмижгчид гээд багадаа 500 орчим хүн ирнэ гэсэн тооцоо бий. Одоогоор төлөвлөсөн бүх ажил хуваарийн дагуу явж байна. Ирэх зочид төлөөлөгч, тамирчдыг хүлээн авах зочид буудлуудтайгаа гэрээгээ байгуулчихлаа. Тэмцээн явагдах Нисэхийн спортын ордон, заалны бэлтгэл ажил ерөнхийдөө цэгцэрчихлээ. Сая Туркээс тулааны таван цоо шинэ зам ирлээ. Үүнээс өмнө олон улсын стандартад нийцсэн тулааны зам манайд ганцхан байсан. Одоо болох тэмцээнд найман зам дээр тулаан явагдана.

-Туялзуур сэлмийн спорт манай оронд хэдий үеэс хөгжиж эхэлсэн юм бэ?
-1990-ээд онд сонирхон хичээллэдэг цөөн тооны хүн байсан юм билээ. 2009 онд одоо байгаа холбоо үүсгэн байгуулагдаж өнөөдрийг хүртэл тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна.

-Харьцангуй залуу спортын тоонд ордог юм байна?
-Тэгэлгүй яахав, 50, 60 жилийн түүх, үйл ажиллагаатай спорт холбоодын хажууд харьцангуй залуу. Гэхдээ манайд үүсч хөгжөөд удаагүй ч ийм том тэмцээний эрх авсан нь хөгжлийн хурдыг нь тодорхойлох нэг хэмжүүр гэж ойлгож байгаа.

-Хүмүүс язгууртны спорт гэдгээр нь илүүтэй мэддэг байх?
-Ерөнхийдөө соёлтой, ухаалаг гэх тодотголтой спорт л доо. Гольфтой адил соёлч спортын тоонд ордог. Дэлхий дахинд тоглож буй тамирчдыг харахад ч ихэвчлэн өндөр дээд албан тушаал бүхий, өөрийн гэсэн нийгэмд эзлэх байр суурьтай, улс төр, бизнест манлайлагчид байх нь олонтаа. Сонирхолтой жишээ татахад, Унгар улсын ерөнхийлөгч туялзуур сэлмийн дэлхийн аварга байх жишээтэй.

-Магадгүй манлай­лагчид байдаг нь энэ спортоос олж авдаг хүмүүжил, төлөвшилтэй нь холбоотой байх. Спортын онцлогийн тухайд?
-Ер нь бол тулааны спорт. Тэр дундаа дуэл гэдгээрээ онцлогтой. Зам буюу тулааны дэвжээнд гарсан тамирчнаас хурд хүч, овсгоо самбаа гээд маш олон талын ур чадвар шаарддаг. Тийм ч учраас тулааны үед биеийн бүх булчин зэрэг ажилладаг. Гэхдээ биеэс илүү их ачаалж ажилладаг нь уураг тархи. Хоёр хүн сэлэм барьчихаад бие биесээ хатгаад байгаа хэрэг огт биш. Нэг хатгалтын дараа хамгаалах уу үргэлжлүүлэн довтлох уу гээд тамирчнаас богино хугацаанд шийдвэр гаргах, хариу үйлдэл үзүүлэх, тулааны үйл явцыг мэдрэх гээд асар өндөр мэдрэмж шаарддаг. Тамирчид туялзуур сэлэм бол хөдөлгөөнт шатар гэж ярьдаг. Тийм ч учраас дараагийн нүүдэл хаашаа чиглэх тухай урьдчилан тооцолсон байх ёстой. Тиймдээ ч тоглолтын үеийн тактик тулаанаас ч илүү чухал. Нэг ёсны зам дээр гарч тулаан хийхээс өмнө толгойдоо тулалддаг. Өрсөлдөгчөө судлана, давуу болоод сул талыг нь анзаарч түүнд нь тааруулж төлөвлөгөө боловсруулах гэх мэт.

-Үндсэн техник, элемэнтүүдээс нь дурдвал. Мөн төрөл зүйлд ангилагддаг байх?
-Техникийн хувьд зам дээр тулаан явагдана. Замаас гарч болохгүй. Ер нь бол туялзуур сэлэм дотроо гурван төрөлтэй. “Epee”, “foil”, “saber”гэсэн үндсэн гурван төрлийн тулаантай. “Epee” буюу манайд илүүтэй хөгжсөн хүнд сэлэм гэх төрөл нь биеийн аль ч хэсэгт хатгаж болдог бол “foil”нь тодорхой заасан хэсэгт л хатгаж оноо авах ёстой. Хэрэв цээжин тус газар гэсэн л бол тэнд хатгаж байж оноогоо авна. Харин “saber”нь нөгөө хоёроос арай ялгаатай нь цавчиж оноо авдаг. Нарийн задлаад ярьвал гурвуул өөр өөрийн гэсэн өвөрмөц арга барил, онцлогтой.

-Тулааны спортоос гадна бие хамгаалах урлаг гэж ойлгож болох уу?
-Яг ч бие хамгаалах урлагт багтахгүй болов уу. Гэвч хийж гүйцэтэдэг элемэнт, үндсэн техникүүд нь зарим бие хамгаалах урлагтай төстэй шинжүүдийг агуулдаг.

-Үүсэл гарлыг нь сонирхвол?
-XVII зууны үе буюу 1800 оны сүүлээр Францад үүссэн гэж үздэг. Улмаар Франц даяар өргөн дэлгэр түгж цааш Итали, Унгарт тархсан гэдэг. Ер нь туялзуур сэлмийн спорт хамгийн өндөр хөгжсөн орноор дээрх гурвыг нэрлэж болно.

-Бодибилдинг ч юмуу паурлифтингийн тамирчид ярихдаа хичээллэхгүй хэд хоночихоор бие нь цаанаасаа шаардаад байдаг гэдэг. Үүнтэй адил туялзуур сэлмийн спортод тамирчныг татдаг онцлог, давуу зүйл нь юу байдаг бол. Мэдээж спорт бүхэн өөрийн гэсэн сайхан зүйлтэй байдаг шүү дээ?
-Манай монголчууд эрт үеэс тулаанч ард түмэн болоод тэрүү туялзуур сэлмээр нэг хичээллэсэн хүн өөрийн эрхгүй дахин дахин зам дээр гарахыг хүсдэг. Яг маскаа зүүгээд сэлмээ аваад гарахад дотроосоо огшиж, омогшдог. Бидний цусанд нэг тийм өдөөлт байдаг юм шиг санагддаг. Өөрийн эрхгүй тулалдмаар санагдах, тулалдлаа ч бууж өгөхгүй, ялагдахгүй гэх тэр хүсэл, хор шар нь  их нөлөөлдөг байх. Ямартай ч, монгол хүн хичээллэхэд тун тохиромжтой спорт. Манайд багийн гэхээс илүү нэг хүний, ганцаарчилсан спортын төрлүүд өндөр хөгжиж байна. Ийм үед туялзуур сэлмээр өндөр амжилт үзүүлэх боломжтой.

-Энэ удаагийн Азийн аварга шалгарулах тэмцээнд хэчнээн орны баг тамирчид оролцохоор байна?
-Бидний тооцоолж байгаагаар 30-аад орны 250 гаруй тамирчин оролцоно гэж үзэж байна. Яг одоогийн байдлаар 17 улсын 200 очрим тамирчин мэдүүлгээ өгчихөөд байна.

-Зарим спортын төрлүүдийн хөгжил тухайн спортын хэр өртөг шаарддагаас хамаарч өөр өөр байдаг. Туялзуур сэлмийн хувьд тамирчнаас ч юмуу магадгүй холбооны хувьд хэр хэмжээний өртөг хөрөнгө шаарддаг юм бол?
-Яг тамирчны зардал мөнгийг аваад үзвэл бусад спорттой харьцуулахад боломжийн. Туялзуур сэлмээр хичээллэхийг хүсч буй хүүхэд залуус юун түрүүнд иж бүрэн өмсгөл, маск, сэлэмтэй байхад болно. Өмсгөл хувцсыг хамгийн багадаа 300 мянган төгрөгөөр авах боломжтой бол сэлэм 100 орчим мянга байх жишээтэй. Яахав, сайн чанарын сэлэм нь 500 мянгын үнэтэй байдаг л даа. Хичээллэж буй хүн сэлэм, маск хоёрыг хэсэг хугцааны дараа сольж шинэчилж байх хэрэгтэй. Ер нь бол энэ спортоор хичээллэх боломж хэн бүхэнд бий.
-Заавал амжилт гаргах гэж бус хобби, сонирхлоороо спортоор хичээллэх хүсэлтэй хүмүүс байдаг. Тэр хүмүүс хичээлэх бүрэн боломжтой санагдлаа?
-Тэгэлгүй яахав, одоогоор Монголд таван клуб байнгын үйл ажиллагаа явуулж байна. Гурав нь Улаанбаатар хотод байрладаг бол нөгөө хоёр нь Багануур дүүрэг, Эрдэнэт хотод байгуулагдсан. Энэ жилээс Ховд, Дорноговь аймагт клуб байгуулахаар судалж байна. Ер нь, хүмүүс энэ спортыг эрчимтэй сонирхож эхэлж байна. Үүнийг дагаад клубүүд ч ар араасаа нээгдсээр байна.

-Манай тамирчдаас олон улсын цол зэрэгтэй хэчнээн хүн байдаг бол. Мөн тогтмол хичээллэдэг тамирчдын тоог гаргавал?
-Одоогоор хичээллэж буй 150 орчим хүн бий. Шинэ спорт учраас багш дасгалжуулагч, тамирчдын хувьд цөөн талдаа. Сая 2015 оны насанд хүрэгчдийн улсын аваргад 80 гаруй тамирчин оролцсон.

-Дуэл гэхээр ганцаарчилсан тулаан хийнэ. Багийн тулаан гэж байдаг уу?
-Багийн төрөл гэж бий. Нэг багт дөрөв хүртэлх тамирчин орж сугалаагаар эсрэг багийн дөрвөн тамирчинтай тулаан хийдэг. Багийн төрөл хоёр талын нийт найман тамирчин 45 оноо хүртэл тулаан хийдэг. Харин ганцаарчилсан төрөл 15 оноо цуглуулж байж ялагч тодордог. Баг ч бай ганцаарчилсан тулаан ч бай дотроо гурван үетэй. Нэг үе гурван минут буюу нийт есөн минутын тулаан хийдэг.

-Хэрэв 15 оноогоо цуглуулж амжаагүй байтал цаг дуусвал яах вэ. Мөн бокс шиг нок-аут хийж ялах боломж байдаг уу?
-Оноо цуглуулж дуусаагүй байхад цаг дуусвал хэн өндөр оноотой нь ялдаг. Харин бокс шиг шууд хожигдол хүлээх дүрэм байдаггүй.

-Ер нь ширээний теннис шиг маш өрсөлдөөнтэй, хурд шаардсан тулаан болдог байх нь?
-Тийм шүү, эцсийн дүнд нэг нь л хожно. Богино хугацаанд өндөр оноо цуглуулах ёстой учир ширүүн тулаан болдог. Тамирчид маш их сэтгэл хөдлөл гаргаж зам дээр гарсан үедээ маш их тэсрэлт, шаталттай байдаг. Ер нь манайд хөгжөөд удаагүй, шинэ спорт учраас энэ удаагийн тэмцээнийг ямар ч тасалбаргүйгээр зохион байгуулж байгаа. Хүссэн хэн бүхэн ирж үзэх боломжтой. Үзэгч, хөгжөөн дэмжигчдээ татахын тулд Улсын драмын эрдмийн театрын үүднээс том оврын автобус үнэгүй үйлчилнэ. Хараад байхад манайд болж буй олон улсын тэмцээн уралдаан ихэвчлэн Нисэхийн спортын ордонд болоод байгаа. Жаахан хол гэж төвөгшөөдөг үү үзэгчид тэр бүр баг тамирчдаа очиж дэмждэггүй санагдсан. Жүдогийнхан маань тэнд гадны тамирчдыг дэвжээн дээрээ ялж алт, мөнгөн медалийг хэд хэдээр нь авч байхад манай гэх үзэгч хөгжөөн дэмжигч цөөн байгаа харагддаг. Тэгээд ч багагүй хөрөнгө мөнгө, цаг хугацаа зарцуулж маш их ажлын ард гарч энэ том тэмцээний эрх авсан. Тиймээс л энэ удаагийн Азийн аваргыг хүмүүс өргөнөөр ирж үзээсэй, баг тамирчдаа дэмжээсэй гэж хүсч байна даа.

-Тэмцээний зохион байгуулалтын ажилд сайн дурынхныг элсүүлж байгаа гэсэн. Хүмүүс хэр идэвхтэй байх юм?
-Маш идэвхтэй байгаа. Одоогоор 200 гаруй сайн дурынхан бидэнтэй нэгдэж тэмцээний зохион байгуулалтын ажилд оролцож байна. Гадаад хэлтэй нэгийг нь хөтөч, орчуулагчаар ажиллуулах бол зааланд зохион байгуулалт хийх нэг нь ч бий. Зам, дэвжээ, сандал суудал бэлдэхээс өгсүүлээд ажил мундахгүй шүү дээ. Тэмцээний дараа бид сайн дурынхныгаа дээр дурдсан таван клубт туялзуур сэлмийн нэг сарын үнэгүй сургалтад хамрагдах эрхээр урамшуулна. Магадгүй нэг сар хичээллээд цааш мэргэжлийн тамирчин болтлоо хүслээрээ хичээллэх хүмүүс гарахыг үгүйсгэхгүй шүү дээ.

1 Сэтгэгдэл
Туялзуур сэлмийн нэг сарын бэлтгэлд хаана сууж болох уу? мэдээлэл өгөөч сонирхож байна холбогдох дугаараа үлдээгээрэй
Хамгийн их уншсан