Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гол өрсөлдөөн фракц дунд өрнөсөөр

Б.ШИРНЭН

У.Шекспирийн уянгын халилаас иш татаж, “Орших уу, Эс орших уу” гэж асууж байсан Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаас эргээд энэ үгийг нь асуумаар. 2014 оны арванхоёрдугаар сард УИХ, ард түмэндээ хандаж хэлсэн түүний мэдэгдлийн гол цөм нь орших, эс орших тухай байсан учраас тэр. Үндсэндээ, түүнийг ажлаа авах үед төлбөрийн тэнцлийн алдагдал 880 сая ам.долларт хүрч, төгрөгийн ханш буурч, ам.доллар 1900-д, улсын өр ДНБ-ий 53 хувьд буюу 11.5 их наяд төгрөгт хүрэх таамагтай, хөрөнгө оруулалт буурсаар 4.6 тэрбумаас 0.6 тэрбум буюу гурав хүрэхгүй жилийн дотор 7.5 дахин буурсан байв. Оновчтой жишсэн түүнийхээр бол Монгол Улсын энэ байдал нь эзгүй арал дээр хаягдсан Робинзон Крузо. Харин ийм байдалд хүрсэн нь 2008, 2009 оных шиг дэлхийн дахинд нүүрлэсэн эдийн засгийн хямрал биш байв. Харин ч МАН-ын засаглалын үеэс эхэлсэн буюу орлогыг бэлнээр тарааж, дутууг нь зээлээр гүйцээж байсан дотоодын улстөрчдийн тарьсан гай байв.
Тиймээс нэгэнт дампуу­рал буюу ёроол нь тодор­хой уналтын эсрэг Ч.Сай­хан­билэг улс төрөөс ангид эдийн засгийн бодлого боловс­руулахыг хүссэн. Үүний тулд УИХ-д суудалтай нам, эвслийн бүл­гүүдээс Засгийн газраа бүрдүүлэхээс өөр сонголт байгаагүй.

Сөрөг хүчингүй, сөргөлдөх ч хүнгүй Засгийн газар байгуулснаар Оюутолгой, Тавантолгой зэрэг зэрэг асуудлыг шийдэж, өөрийн бүрэн эрхийн хугацаанд улс төрөөс ангид байж эдийн засагтаа л анхаарал хандуулах хамгийн оновчтой хувилбар нь энэ. Үүнээс илүү хувилбар байгаагүй гэдгийг  хоёр ч Засгийн газар хүч сорихыг хүсээгүй, мега төслүүдийг эхлүүлж, хэл амнаас айлгүйгээр Дубайн гэрээ, Тавантолгойн төсөл зэргийг эхлүүлж чадсан явдал гэрчилнэ. Гэвч, “Хүссэн юм хүзүү орооно” гэгчээр эдийн засаг гэж ам нээх бүрийд улс төрийн ацан шалаанд орж тэрээр өнөөдөр энэ үгийг  хэлэхээс ч “айдаг” болов. Нэгдэж эвсэх нэг хэрэг байвч, нийлээд зүтгэх нь хэцүү гэдгийг ойлгосон түүнд одоо дахиад л шинэ бүрэлдэхүүн хэрэг боллоо.

Харамсалтай нь, эдийн засаг мартагдаж, жинхэнэ улстөржсөн сар орчмын хугацаанд МАН-ын сайд нарын орыг залгах, зургаан сайд УИХ дундаас олдсонгүй. Бүлгүүдээс санал болгосныг нь Ч.Сайханбилэг голж, солих хүсэлтэй байгаа бол АН-ын дарга З.Энхболд нам доторх бүлгийн сонирхолд нийцүүлэх гэсээр, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл сайдын биш яамны нэр голсоор суутал нэгхэн ам.доллар 2000 төгрөгтэй тэнцэх болов. Тэгвэл унахыг хүсээгүй ёроолдоо улам бүр ойртсоор байгаа энэ үед Засгийн газарт зургаахан гишүүн томилох асуудал яагаад ийм хэцүү болчихов.

Хувилбар нэг: АН-“Шударга ёс” эвсэл

Улс төрийн үйл явдлыг харвал, нэгээс өөр хувилбар байхгүй гэдгийг таамаглаж болохоор байгааг тодруулъя. Нэгдүгээрт, Н.Энхбаяр эргэн ирэх болсонтой холбогдож байгаа Өршөөлийн хуулийг “Шударга ёс” эвсэл дэмжиж, АН-тай хамтрах болзол. Мэдээж, АН-аас албан тушаалын хэргээр ял шийтгэл эдэлж байгаа эсвэл эдлэхээр цагдан хоригдож байгаа зарим нэр бүхий албан тушаалтан нь тус намын лидерүүдтэй холбогдсон элдэв хэргүүд энэ хуулиар дахин сөхөгдөхгүй байх ёстой. Тиймээс дээрх хуулийг баталж, нэг талдаа Н.Энхбаярыг улс төрд эргэн авч ирэх эвслийн, нөгөө талдаа АН-ынхны босгосон бондоос идэж уусан гэдэг хэл ам бүрмөсөн дарагдах АН-ын  ашиг сонирхол бий. Үүнээс гадна, бие даагч гишүүдийн зөвлөлийнхөн буюу С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн нарын нэгэнд цар хүрээ багатай ядаж ганц сайдын суудал өгөөд амыг нь барих хүсэл байсан. Гэвч, бие даагчид Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн үйл хөдлөл бүр дээр нь намнаж байсан учраас эргээд хамтрах нь ирэх оны сонгуульд шаансгүй болгохоос гадна, ярьж хэлсэн бүхэн нь зүгээр л улстөржсөн болж харагдана. Ердөө, өнгөн шалтгаан нь ийм дагавартай учраас тэд энэ удаа засагт хамтрахгүй болсон. Ялангуяа, С.Ганбаатар шиг үргэлж сөрөг хүчний байр суурь илэрхийлдэг улстөрч амаа үдүүлээд, Хөдөлмөрийн сайд эрхэлнэ гэдэг юу л бол.  

Харин ИЗНН хоёр суудлынхаа хэрээр хөлөө жийвэл, С.Оюун гишүүн Д.Оюунхорол сайдын орыг залгах бүрэн бололцоотой. Эдийн засаг талаасаа гэвэл Худалдаа аж үйлдвэрийн танхимыг толгойлж байсан С.Дэмбэрэл гишүүнд мэдээж Сангийн яам оногдохгүй. Нөгөөтэйгүүр, салбартаа болоод улс төрд үнэхээр л лидер биш бол хоёрхон суудалтай намд Сангийн яам очно гэдэг биелэх боломж хомс. Энэ нь ИЗНН-аас одоохондоо С.Оюунаас өөр сайд байхгүй гэсэнтэй адил. Түүний хувьд хуучнаар Байгаль орчин, ногоон хөгжлийн яамыг толгойлж байхдаа Монгол Улсын ногоон хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж чамгүй ажил хийсэн. Гэвч, МАН-аас Д.Оюунхорол сайдаар очихдоо С.Оюун гишүүний хөдөлмөрийг халаа, сэлгээгээр хийсгэсэн нь харамсалтай. Гэхдээ сайдын санал тавивал, улс төрийн шийдвэр гаргаж, сайдын суудал авахад бэлэн байгаа ИЗНН энэ удаад АН, “Шударга ёс” эвслийн автортой Өршөөлийн хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь тодорхой болсон учраас марафонд хол гүйхгүй нь тодорхой болжээ. Тэднийг АН, тэд ч сайдын суудал гуйсангүй. Одоохондоо хоёр суудалтай ИЗНН тэгэхээр дэд сайд, Төрийн нарийн бичгийн даргад хүнээ томилж магадгүй.

МАН, ИЗНН, бие даагчид тойргоос гарсан энэ үед тэгвэл “Шударга ёс” эвслээс АН-ын үйл хэрэг ихээхэн шалтгаалах нь. Мэдээж, АН-хоёр, “Шударга ёс” эвслээс хоёр, Бие даагч, ИЗНН гэсэн хувилбар байхгүй болсон учраас, Н.Энхбаяр зургааг тэг дундуур нь хуваах сонирхолтойг нь үйл явдал харуулж байна. Гэхдээ энэ нь бас ижил тэнцүү хуваарилалт гэсэн үг биш. Дотроо яамдын цар хүрээгээр хэмжигдэнэ. МАН томоохон сөрөг хүчнээс гадна, Ж.Эрдэнэбат зэрэг боловсон хүчинтэй байсан нь Сангийн сайдын квот авч болох хувилбар байсан бол өдгөө АН Сангийн яамыг өөр намд өгөх сонирхолгүй байгаа. Эвсэл ч гэсэн Сангийн яамыг булаалдахгүй байгаагаас үзвэл, эцсийн байдлаар энэ суудалд АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, Б.Болор, Н.Батбаяр нар тунажээ. Гэвч тоон дунд үсэг гэгчээр Н.Батбаяр гэдэг хүнтэй хамтран ажиллах сонирхолгүй байгаагаа Ерөнхий сайд уламжилсан гэж Төрийн ордноор нэг ам уралдан ярих болов. Үнэхээр Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Эдийн засгийн, хөгжлийн яам хариуцаж байсан түүнд АН-ынхан хүртэл “F” тавьчихаад эргээд Сангийн сайдаар нэрлэнэ гэдэг хачин хувилбар. Магадгүй, энэ нь АН-ын доторх фракцын зөрчилдөөн байж болохыг ч үгүйсгэхгүй байгаа юм. Ингээд, фракц бүлгээр нь хуваавал, Н.Батбаяр гэдэг хүн гарцаа байхгүй МҮДН-ынх. Улсын төсвөөр гал тахиж мэднэ гэж өөрсдөө явуулчихаад эргээд улсын төсвийг түүнд хариуцуулах нь хувь хүн гэхээс илүүтэй, фракцын сонирхолтой холбоотой байж магадгүй нь үнэнд ч илүү ойр юм. Бас нэг фракц нь МоАХ. Квотоор бол Зам тээврийн яамыг авахаар өрсөлдөж байна. Өрсөлдөгч нь Алтангадасын Г.Батхүү. Л.Эрдэнэчимэг гишүүнийг бодвол, бизнес сэтгэлгээтэй байж болох Г.Батхүүг ч гэсэн эмэгтэй гишүүний адилаар дэмжигчид цөөн гэнэ. Бас эрх ашгийн эрс тэс зөрчил бийг энэ хоёр фракцын нэрнээс л мэдэж болно. Тухайлбал, Тавантолгойн асуудлаар хоёр гишүүний байр суурь хэзээ ч санал нийлж байгаагүй. Өөрөөр хэлбэл, нэг нь өргөн, нөгөө нь нарийн цариг дэмжигч.

Г.Батхүү гишүүний хувьд арай илүү асуудал байгаа нь АПУ, “Шунхлай” компанитай, тэдгээр нь Тавантолгойн ордод санаархаж байгаа “Энержи Ресурс”-т хувь эзэмшдэг гээд цааш цувна. Тухайлбал, сайдын суудалд яригдаж эхлэх үеэс нь эхлээд л түүнийг Зам тээврийн салбарт очвол, “МИАТ, Улаанбаатар төмөр замынхан Шунхлайн шатахуун хэрэглэж, нарийн царигаар хэрүүл төгсөнө” гэсэн өнгө аяс нийгэмд тархаад эхэлж. Үүний хажуугаар “Шударга ёс” эвслийн бүлэг бүлгийн дарга Н.Батцэрэгийг Зам тээврийн салбарт оруулах сонирхолтой байгаа гэх яриа гарсан. Гэхдээ АН-ын хүчтэй хоёр фракцтай өрсөлдөх бараг л боломжгүй.

Харин АН дотроо аль нь авахыг энэ долоо хоногт эцэслэн шийдэх байх. Учир нь, ээлжит бус чуулган зарлан хуралдуулахаас илүү үүрэгтэй ажиллаж байгаа УИХ-ын дарга З.Энхболд энэ сарын сүүлээр АНУ-д айчилж, дэлхийн парламентын спикерүүдийн уулзалтад оролцох юм байна. Тиймээс түүнээс өмнө сайдын сандал ширээ шийдэгдэх болов уу, гэсэн хүлээлт үүслээ. Юутай ч, “Шударга ёс” эвсэлд Шадар сайдын суудалд бүлгийн дарга Н.Батцэрэг, БХБ-ын  сайдад Ц.Оюунбаатар, БОНХАЖ-ын сайдын суудалд  З.Баянсэлэнгэ нарын нэрсийг зоожээ.

Тэдэн дундаас  кенди краш тоглож байгаад сэтгүүлчдэд баригдсан З.Баянсэлэнгэ суудлаас мултарч ч магадгүй.

0 Сэтгэгдэл
ЕС Сайханбилэг харин ч шударга ард иргэдийн төлөө яюдаг шиг санагддаг
saiduudiig ES uuruu songdog bsan bol amar yum bishvv
Saikhanbileg said bhaaar hun garch irsen tvvniig zarim neg ni ajiliin hiilgehgu yumaa
зи гэж нэг дурак яг юу хийдгий ажил албаар гацаагаад байгаам биш үү
уих даргаа сайдаа ч Сайхнаа өөрөө хийвэл таарна
МАН-ын засаглалын үеэс эхэлсэн буюу орлогыг бэлнээр тарааж, дутууг нь зээлээр гүйцээж байсан дотоодын улстөрчдийн тарьсан гайг засах гэж өндөр сайд маань өдөр шөнөгүй зүтгэж сайн муу хэл амны бай болж сууна даа
МАН-ын засаглалын үеэс эхэлсэн буюу орлогыг бэлнээр тарааж, дутууг нь зээлээр гүйцээж байсан дотоодын улстөрчдийн тарьсан гайг засах гэж өндөр сайд маань өдөр шөнөгүй зүтгэж сайн муу хэл амны бай болж сууна даа
МАН-ын засаглалын үеэс эхэлсэн буюу орлогыг бэлнээр тарааж, дутууг нь зээлээр гүйцээж байсан дотоодын улстөрчдийн тарьсан гайг засах гэж өндөр сайд маань өдөр шөнөгүй зүтгэж сайн муу хэл амны бай болж сууна даа
Хамгийн их уншсан