Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газар: Өдөр, шөнөгүй өршөөнө

Засгийн газар Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдсон журмыг батлах үүргийг хуулиар хүлээсэн. Энэ дагуу өчигдөр Ч.Сайханбилэгийн кабинет журам гаргаж, Нийгмийн даатгал, Гааль, Улсын бүртгэл зэрэг татварын хяналтаас нуун дарагдуулсан хөрөнгийг ил гаргах арга замыг баталлаа. Ингэснээр, 2015 оны сүүлийн өдөр хүртэл хувь хүн, компани бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ илээр тайлагнаж, ял шийтгэл, торгууль, алданги гээд ямар ч төрлийн шийтгэл хүлээхгүй байхаар болж байгаа юм. Үр дүнд нь, ДНБ-ий 37-41 хувьтай тэнцэх хэмжээний тэрбум ам.долларыг эдийн засгийн эргэлтэд оруулж чадна гэдэгт УИХ, Засгийн газар итгэж байна. 2012 онд 12.3 тэрбум ам.доллар байсан ДНБ өнгөрсөн оны эцсээр 7.8 болтлоо буурсан. Эдийн засгийн өсөлт удааширч, энэ оны эхний улиралд нэг ч төгрөгийн хөрөнгө оруулалт татаж чадаагүй манай улсын ДНБ-ий өсөлт цаашид ч удаашрах таамаг бий. Тиймээс Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль батлагдсанаар ДНБ-ий бууралтыг хэсэг хугацаанд ч болов тогтоох найдлага эрх баригчдад бий.

Гэхдээ энэ хуулийн гол зорилго нь ДНБ-ий өсөлтийг нэмэгдүүлэх бус эрх баригчдын зүгээс гаргасан тогтоол шийдвэрийн улмаас хямраад байгаа эдийн засагт бодит тоо, баримт бүрдүүлж, цаашдын бодлогоо тодорхойлох. Лобби бүлэг ч хуулийн төсөл өргөн баригдсанаас эхлээд дуустал дээрх чиглэлийг барьж, ажилласан. Мөн хяналтын механизм, ил тод байх, шударга ёсны зарчим зэрэгтэй шууд зөрчилдсөн ч энэ хуулийг баталж чадсан явдал нь зарим талаараа улс төр, эдийн засгийн бүлэглэл эрх барилцаж, эсвэл нөлөөлж байгаа гэх шүүмжлэл дагуулсан явдал бий. Хуулийн төслийг хэд, хэдэн удаа өргөн барихдаа, нууцлал болоод устгах, ил гаргасныг шийтгэх, торгох зэрэг заалтаар давхар чагталж байсан нь авлигатай тэмцэх тогтолцооны эсрэг байсан ч тэд нэг алхам ухарснаар хуулийн төсөлд улстөрч, албан тушаалтнууд багтах боломжгүй болсон юм. Гэхдээ нууцлах, нийтэд мэдээлэхгүй байх зэрэг заалт хүчин төгөлдөр байгаа нь хуульд хийсэн мониторингоор сөрөг үнэлгээ аваад байгаа юм.

Ямартай ч, Засгийн газрын хуралдаанаар гаргасан журмын дагуу ил тод болгож байгаа мэдээллийг нууцлах, мэдээлсэнтэй холбогдуулж иргэн, хуулийн этгээдэд захиргааны болон эрүүгийн хэрэг үүсгэхгүй байх ёстой гэж үзлээ. Мөн гүйцэтгэх ажиллагаа явуулахгүй байх, ил болгосон мэдээллийг нотлох баримтад тооцохгүй, бүртгэлийг баталгаажуулж хүлээн авсан тохиолдолд албан тушаалтныг гүйцэтгэсэн ажилтай нь холбогдуулан байцаах, хэргийн оролцогчоор татах зэрэг ажиллагааг хориглож, хуулийн агуулгыг давхар бататгалаа.

Харин хуулийг хэрэгжүүлэх асуудлаар санхүү, татвар, гааль, улсын бүртгэлийн алба болон нийгмийн даатгалын газар нь харьяаллын дагуу иргэд, хуулийн этгээдтэй харилцаж, зөвлөгөө туслалцаа үзүүлж ажиллах бөгөөд уг хуулийг хэрэгжүүлэх асуудлаар тусгай сургалтад сууж, нууцын баталгаа гаргасан томилогдсон албан тушаалтан ажиллах юм байна. Мөн хуулийн хэрэгжилтийг хурдан шуурхай явуулах зорилгоор  хууль хэрэгжих хугацаанд буюу 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн 24.00 цаг хүртэл ажлын цаг харгалзалгүйгээр бүртгэл явуулахаар журамд тусгаснаас гадна интернет сүлжээгээр бүртгэл хийлгэх боломжгүй тохиолдолд цаасаар мэдээлэл авах салбарыг нийтэд зарлахаар болжээ. Нэг ёсондоо, эдийн засгийн өршөөл үзүүлэх баг өдөр, шөнөгүй ажиллах нь.

Хөрөнгөө ил болгодоггүй, бусдын нэр дээр бүртгүүлдэг, нуун дарагдуулдаг иргэдийг манай улс хоёр дахь удаагаа өршөөж байна. Эхний удаад 2008 оны сонгуулийн өмнө Татварын зарим хууль болон Нийгмийн даатгалын тухай хуулийг хэрэгжүүлэх тухай хуулиар өршөөл үзүүлж, ямар ч шийтгэл ногдуулж байгаагүй ч үр дүн бага гарсан гэж үздэг. Тиймээс энэ удаад нууцлах, хариуцлага хүлээлгэхгүй байх, нотлох баримт болгон ашиглахгүй байх зэргээр баталгаа гаргаж өгөөд олон хүн хамруулахыг зорьсон хэмээн шударга ёсны эсрэг зарчмыг ухуулан таниулж байна. Учир нь, 2008 онд анх хууль батлагдаж, хэрэгжсэний дараа Худалдаа аж үйлдвэрийн танхим судалгаа хийхэд нийт аж ахуйн нэгжийн хоёр хувь нь өршөөлийн хуульд хамрагдсан гэх судалгаа хийсэн юм. Энэ нь 4621 татвар төлөгч 8145 тайлангаар  4.5 их наяд төгрөгийн орлогод ногдох 431.6 тэрбум төгрөгийн татварыг ил болгосон гэсэн үг юм. Тиймээс 2008 онд батлагдсан хууль үр дүн бараг өгөөгүй гэж өнөөгийн эх баригчид үздэг.

Харин нэгэнт хоёр дахь удаагаа нийгмийн нэг хэсгийг өршөөж байж, шударгаар татвар төлдөг хэсгийг яах вэ, гэсэн асуултыг УИХ-ын хэд, хэдэн гишүүн хэлэлцүүлгийн үеэр ярьж байсан ч асуудал болон яригдах хүртлээ өндрөө аваагүй. Мөн өршөөлд хамрагдаж байгаа иргэн, хуулийн этгээдийг холбогдох эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байгаа учраас ил болгосон хөрөнгөд оногдох татварыг улс орлого болгон авах хэрэгтэй гэх санаа гарсан ч хуульд багтаагүй юм. Манай улстай адил эдийн засгийн өршөөлийн хууль баталсан бусад улс эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, татварыг нь авдаг, улстөрч, албан тушаалтанг хуульд хамруулдаггүй жишээ бий. Гэтэл манай улс давхар, давхар хуулиас өршөөж байгаа нь цаашдаа улстөрч, албан тушалтан, бизнесийн бүлэглэлийн хүчээр эдийн засгийн өршөөлийн хууль баталж, хууль зөрчигчид хуулиар хамгаалуулах боломжтой байдаг тогтолцоо үүсэх вий, гэх эрсдэл дагуулж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан