Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Утааны масктай өвөлжиж, усны гуталтай зусдаг метрополитан хот

-Гадаргын ус зайлуулах систем ачааллаа даахгүйд хүрсэн нь ногоон байгууламж хомс байгаатай холбоотой-

Ж.ГЭРЭЛЧУЛУУН

Миний ойлгосноор “метрополитан” гэх гуншинг саяас дээш хүн амтай хотууд чимэг болгон зүйдэг юм билээ. Яахав, оршин суугчдын тоо анхан шатны шалгуур үзүүлэлт болдог байх. Угтаа иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг бүрэн хангасан, стресс бухимдал, хүнд суртал, авлигагүй, дүрэм журам, хууль цааз нь ойлгомжтой, ажиллаж амьдрахад таатай хотыг ийн нэрийддэг аж.

Монголчууд бид ч улсынхаа нийслэлийг “метрополитан” гэж тодорхойлоод удаж байна. Гэвч гоё ганган гуншиндаа дүйж байгаа эсэх нь эргэлзээтэй. Нэгэн цагт метрополитан битгий хэл “Азийн цагаан дагина” хэмээн цоллуулж байсан хот маань өдгөө өвөл нь утаанд дарагдаж, зундаа усанд автсаар жилийн дөрвөн улирлыг элээх болж. Угтаа бид утааны л асуудалтай өдий хүрсэн. Гэтэл саяхнаас утаатай хавсран ус гэх “шүдний өвчин” улаанбаатарчуудыг зовоох болов.
Эрдэмтэн судлаачдын хэлж буйгаар ус ихтэй жилийн давтамж нэг жаран хийгээд 12 жилээр хэмжигддэг аж. 12 жилийн давтамж нь дөрөв, таван жилийн өмнө эхэлсэн ч гэх. Ямартай ч сүүлийн хэдэн жил хавар, зундаа харьцангуй бороо хур элбэг байсан нь малчид, тариаланчдад тустай ч нийслэлчүүдийн хувьд асуудал дагуулах болсон. 10, 20-хон минутын бороонд хот бүхэлдээ усанд автаж, гишгэх газаргүй болсон хүмүүс гутлаа барин ус гаталж яваа дүр зургийг өнгөрсөн зун бишгүй л харсан. Тэр ч бүү хэл машины хамар давсан их ус тогтож, нуур цөөрөм мэт болсныг санаж байгаа биз. Үерийн аман дээр хашаа хатгаад авсан зарим нь эд хөрөнгөө эрсдүүлсэн нь ч бий.

Энэ мэт зуны гурван сар усанд үйх дөхдөг нийслэл маань ус зайлуулах систем, суваг шуудуугүй гэгдэх нь их. Энэ талаар албаны хүнээс тодруулж, гадаргын ус зайлуулах систем, суваг шуудуутай эсэх, болзошгүй үер, усны аюулын өмнө Улаанбаатар хот бэлэн эсэх талаар тодрууллаа.


А.Дашням: Улаанбаатар хот бүхэлдээ үерийн эрсдэлтэй бүсэд тооцогддог

Нийслэлийн онцгой байдлын газрын Гамшгийн шуурхай удирдлагын хэлтсийн дарга

-Улаанбаатар хот болзошгүй үер, усны аюулын өмнө бэлэн үү. Хэчнээн км далан, суваг байдаг вэ?
-Улаанбаатар хот Богд хан, Чингэлтэй, Баянзүрх, Сонгинохайрхан уулын дунд оршиж, тэдгээрээс эх авсан Туул, Сэлбэ, Улиастай, Толгойтын голын дунд байрладгаараа онцлогтой. Энэ нь шар ус, үерийн аюулд өртөх магадлал, эрсдэлийг ихэсгэдэг. Нийтдээ хот тойрсон есөн гол, 25 хуурай сайр бий. Үүнтэй уялдуулан 118.2 км урт үерийн далан, 46.4 км борооны ус зайлуулах шугам, хөрсний усны төвшин бууруулах 13.4 км шугам ашиглах байдлаар бороо болон шар усны үерийн усыг гадагшлуулж, болзошгүй аюулаас сэргийлдэг. Өнгөрсөн өвөл цас их унаж, цасан бүрхүүл ихтэй байсан. Тиймээс Нийслэлийн Засаг даргын 01 тоот албан даалгаврын хүрээнд Нийслэлийн онцгой байдлын газар, мэргэлийн хяналт болон бусад холбогдох газрууд хамтран үерийн далан, сувгуудад шалгалт хийж, битүүрч бөглөрсөн, цас мөс хөлдөж тогтсоныг нь цэвэрлэсэн. Өнөөдрийн байдлаар бүх далан, суваг үндсэн үүрэг зориулалт, хүчин чадлаараа ажиллаж байна.

-Хавар, зундаа ганц, хоёр хоногийн бороонд хот бүхэлдээ усанд автах боллоо. Таны хэлж байгаа шиг үерийн далан, борооны ус зайлуулах суваг шуудуу нь бөглөрснөөс болдог хэрэг үү эсвэл өөр шалтгаан бий юу?
-Манай далан сувгууд одоохондоо Улаанбаатар хотын хэмжээн дэх усыг бүрэн гадагшлуулах боломжгүй. Үндсэн дэд бүтэц нь 1970-аад онд, тухайн үеийн хүн амын тоотой уялдуулж төлөвлөгдсөн болохоор тэр. Байгалийн үзэгдэл хүн амын тоотой ямар уялдаатайг гайхах байх л даа. Угтаа үерийн далан, борооны ус зайлуулах сувгуудад маш их хог хаягдал овоордог нь ус, бороо хур ихтэй жил хот усанд автах, үерлэх, нөгөө суваг шуудуунууд маань халих шалтгаан болдог. Хүн амын тоо хэдий чинээ өснө түүнийг дагаад хөрсний бохирдол, хог хаягдлын хэмжээ нэмэгддэг. Энэ мэт хэд хэдэн шалтгаан бий.

-1966 оных шиг ч юм уу үер боллоо гэхэд хамгийн эрсдэлтэй, онцгой бүсэд хамаарах дүүрэг, нутаг дэвсгэр юу байна?
-Ер нь, хотын зургаан дүүрэг бүгд үерийн аюултай, эрсдэлтэй бүсэд тооцогдож байна. Өөрийн чинь хэлдэг 1966 оны үер бол ямар ч далан сувгийн бүтээн байгуулалт хийгдээгүй үед тохиосноороо эрсдэл дагуулсан хэрэг. Өнөөдөр ашиглагдаж буй далан сувгууд тэр жилийн үер шиг томоохон хэмжээний үер, усны аюулаас харж, судалж шинжилсний үндсэн дээр бий болгосон инженерийн байгууламж. Гагцхүү эдгээр далан сувгийн урсгал засвар, арчилгаа тордлогоог цаг тухайд нь хийгээд байвал болзошгүй аюулаас сэргийлж чадна.

-Үерийн далангуудын арчилгаа, цэвэрлэгээ, өргөт­гөл шинэчлэл зэрэг ажил ямар үе шаттай хийгддэг вэ?
-Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл засвар үйлчилгээ, цэвэрлэгээ арчилгаа гээд бүх ажлыг хариуцдаг. Жилд нэг удаа их цэвэрлэгээ хийх төсөв гаргаж өгдөг юм билээ. Эл төсөвлөгдсөн хөрөнгөөр цэвэрлэгээгээ хийж өргөтгөл, шинэчлэлийн ажлыг нь төсвийн хөрөнгөөр шийддэг. Хоёр долоо хоногийн өмнө дүүрэг болгон өөрийн нутаг дэвсгэрт харьяалагдах далан, сувгуудаа цэвэрлэсэн. Харин манай байгууллагын хувьд болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг хариуцдаг. Бидний зүгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр заавар зөвлөгөө өгч, холбогдох албан байгууллагуудтай хамтарч хяналт, шалгалт хийх, үерийн аман дээр буусан айл өрхүүдийг нүүлгэх албан шаардлага өгөх ажлыг зохион байгуулж ажилладаг.

-Газар олголтын ажил танай ажилтай зөрчилддөг санагддаг. Дүүрэг, хороо цаашлаад Ерөнхий төлөвлөгөөний газраас олгож буй газарт танайх хяналт тавьдаг уу?
-Үгүй. Угтаа аль ч шатны байгууллага зөвшөөрөл, эрх олгосон бай манайх тухайн газрын орчин нөхцөлийг дүгнэж, эрсдэлийн үнэлгээ хийж өгөх ёстой. Наанадаж  шинэ барилга байшин барилаа гэхэд тухайн барилгын инженерийн шийдэл, зураг төсөлд манайх ямар ч хяналт тавих боломж, эрх байдаггүй. Жишээ нь, шинээр ашиглалтад авсан барилга ус зайлуулах системээ хэрхэн шийдэх нь инженерийнх нь ч юм уу мэдлийн асуудал болчихдог. Магадгүй тухайн барилга өндөрлөг газар баригдсан бол борооны ус нь шууд ойролцоохь нам дор газар руу чиглэнэ. Тэнд нь өөр барилга, орон сууц байгаад, ус их хэмжээгээр, удаан хугацаанд тунавал хөрсний нуралт үүсэх, барилгын насжилт, суурийн бат бөх байдалд нөлөөлөх гээд олон талын сөрөг нөлөөтэй. Угтаа томоохон бүтээн байгуулалт ч бай, жирийн нэг өрхөд газар олгох ч бай манайхаар эрсдэлийн үнэлгээ хийлгэж, тодорхой хэмжээгээр хянах үүрэгтэй.


М.Балдандорж: Ус шахах дэд станцын хүчин чадлыг бууруулж, хоёр станц нэмж байгуулна

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны мэргэжилтэн

-Нийслэлийн онцгой байдлын газар танайтай хамтарч Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн үнэлгээ хийсэн. Энэ ажлын үр дүнг сонирхож явна?
-2013 оноос хойш Улаанбаатар хотын үерийн далан суваг, бороо, гадаргын ус зайлуулах системээр бод­логын хэд хэдэн баримт бичиг гаргасан. Эдгээр нь Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөв­лөгөөнд тусгагдсан ажил. Одоогоор энэ ажилд 373 тэрбум төгрөг зарцуулах тооцоо судалгаа гарч, ажил эхэлчихсэн явж байна. Энэ ажлын хүрээнд Улаанбаатар хотын үерийн эрсдэлийн үнэлгээ хийгдэж “Үерийн эрсдэлийн үнэлгээ, эрсдэл, стратеги” гэх төсөл хэрэгжиж эхэлсэн. Үүний хүрээнд үерийн эрсдэлийн бүсүүдийг тогтоож, цаашид ямар арга хэмжээ авах тухай нарийвчлан тусгасан үнэлгээ гаргаж, шаардлагатай зөвлөмжүүдийг өгсөн. Ер нь, 30, 40 жилийн өмнөхийг бодоход эрсдэл өссөн л дөө. Өдгөө суурьшлын бүс харьцангуй тэлж, хамрагдах барилга байшин ч олон болж. Үер далан сувгууд онцгой обьект, нэгдүгээр зэргийн барилгадаа хамаардаг. Тиймдээ ч хөрөнгө оруулалт их шаарддаг. Яахав, засвар үйлчилгээ, арчилгааны ажлыг бүрэн дүүрэн шийдэж чаддаггүй ч урсгал засвартайгаа нийлээд жилд 7, 8 тэрбум төгрөгийн засвар үйлчилгээ хийдэг. Ер нь, 2009 он хүртэл далан сувгийн засвар үйлчилгээний ажилд хөрөнгө оруулалт хийгдээгүй юм билээ. Одоо хүчин чадлыг нь нэмэгдүүлэх, засвар шинэчлэл хийх 12 байршилд зураг төсөл нь хийгдчихсэн, хөрөнгө санхүүгээ хүлээгээд байж байна. Үүнд өргөтгөл, шинэчлэлээс аваад шороон даланг бетон цутгамал болгох, гадаргын ус зайлуулах систем бий болгох гээд бүтээн байгуулалтын ажил хамаарч байна.

-Анзаараад байхад сүүлийн хэдэн жил ганц удаагийн бороонд хот усанд автдаг болж. Үүний шалтгаан нь юу байдаг юм бол. Угтаа биднийг бага байхад ингэдэггүй байсан санагддаг юм?
-Тэр бол гадаргын ус зайлуулах системтэй холбоотой. Ганц удаагийн бороонд хотын төвд ил задгай их хэмжээний ус хуримтлагдаж, далан суваг нь халиад байгаа нь хот төлөвлөлттэй шууд холбоотой. Улаанбаатар хот анх 5-00 мянган хүн оршин суух тооцоо судалгаагаар төлөвлөгдөж байсан бол өдгөө 1.3 сая байнгын оршин суугчтай болж. Үүнийг дагаад барилга, бүтээн байгуулалтын ажил эрчимжиж хурдацтай тэлж байна. Тиймдээ ч ногоон байгууламж нь ховордоод, ихэнх гудамж талбай бетон болоод ирэхээр газартаа шингэчихдэг байсан борооны ус хальж, хот бүхэлдээ усанд автаад байгаа хэрэг. Гэхдээ энэ бол зөвхөн нэг шалтгаан нь. Төв талбайд тогтсон ус л гэхэд нэгдүгээр хорооллын тэнд, Хархорин захын цаана байх дэд станцаар шахагдаж цаашилдаг. Удаан орсон, усархаг бороотой үед төв магистрал шугамын ачаалал ихэсч, гудамж талбай усанд автдаг хэрэг. Товчхондоо, ус зайлуулах шугам, суваг шуудуунаас гадна дэд станцын ачаалал дийлэхгүй байна гэсэн үг.

-Ус шахах дэд станц өөр байдаг уу?
-Одоохондоо тэр станц л энэ үүргийг дангаар хүлээж байна. Манай дээр хийгдэж буй зураг төслөөр Улаанбаатар хотын ус шахах станцыг төв, зүүн, баруун гэж гурван хэсэгт хуваасан. Энэ зураг дуусвал хөрөнгө оруулалт хийгдэж ажил эхэлнэ. Ингэснээр ирж буй ачааллыг гурав хуваачихаар байдал арай өөр болно гэсэн үг. Ер нь, саяхныг хүртэл борооны усны ихэнх нь хөрсөнд шингэчихдэг байсан гэж болно. Одоо бол ихэнх гудамж талбай бетон болж, усны шингэц муудсан. Үүнээс үүдэж суваг шуудуу, дэд станцын гадаргын ус зайлуулах ачаалал нэмэгдсэн хэрэг. Одоо хийгдэж буй ажлаар гурван коллектор зэрэг ажиллаж эхэлбэл ачаалал эрс буурна.

-Нөгөө талаас гадаргын ус зайлуулах суваг, шуу­дууны бөглөрлөөс болдог гэдэг?
-Ер нь цэвэрлэгээний ажил тогтмол хийгдэж байгаа. Яахав, их устай үед эргүүлэг үүсч тэр хэрээр ус зайлуулах нь удааширдаг тал бий. Түүнээс далан суваг, ус зайлуулах суваг шуудууны цэвэрлэгээ гуравдугаар сарын дунд үеэс эхэлж тавдугаар сарын эхэн үеэр дуусдаг.

-Хуримтлагдсан гадаргын усаа хаашаа урсгадаг юм бол?
-Манайх одоохондоо нэг том коллектортой тухай дээр хэлсэн. Тэр станцаар дамжиж цааш гол руу шахагддаг. Ер нь, станцаар шахагдахаас гадна гол руу цутгаж байгаа нь ч элбэг.

-Үер, бороо, гадаргын усыг хуримтлуулах, дахин ашиглах боломж бололцоо хэр байдаг юм бол. Дээр дурдсан төсөлд энэ талын юм багтаасан болов уу?
-Бидний шинээр хийж буй борооны усны шугамын ажилд усан сан, ус цэвэршүүлэх санг төлөвлөсөн. Түүнчлэн, гол руу хаяхдаа шууд асгачихалгүй тодорхой хэмжээнд тунгаахаас гадна дахин ашиглаж болох техникийн шийдэл боловсруулсан. Гэхдээ ашиглалтын тухайд шууд хэрэглэх боломжгүй л дээ. Борооны ус маань хөрсний ус гэж явдаг. Магадгүй усалгаганд ашиглахаар болвол тийм ч тохиромжтой биш, хэт хүйтэн гэх мэт асуудал сөхөгддөг. Харин сан байгуулчихвал тэр тохируулга хийгдэж, нөөцлөх, цэвэршүүлэх, дахин ашиглах гээд олон талын асуудал цэгцэрнэ. Шинээр хийгдэх зүүн, баруун хоёр коллектор энэ талын техникийн шаардлагад нийцэхээр зураг төсөл хийгдэж байна.

-Сэлбэ голын далан байгуулах төсөл дээр дурдсан 373 тэрбумд хамаарч байгаа гэж дуулсан?
-Тийм. Ер нь, үерийн далан, шинээр бий болгох хоёр коллектор, усан сан, гадаргын ус зайлуулах систем, өргөтгөл, шинэчлэл, засвар гээд бүх л ажил нэг төсөвт зангилагдаж байгаа юм.

-Улаанбаатар хотод 118.2 км үерийн далан байдаг. Зарим жил энэ далан халих нь бий. Тэгэхээр таны хэлсэнчлэн суурьшлын бүс тэлж, барилга байшин нэмэгдэж байгаатай холбоотой юу?
-Угтаа тэр далангууд хот тойрсон гол, сайр гэхчлэн уул ус, жилд орох хур тунадасын хэмжээ, газарзүйн байр байдлын судалгаа, нөхцөлд тулгуурлаж хийгдсэн ажил. Халих, бөглөрөх тухайд хүний буруутай үйл ажиллагаанаас шууд хамааралтай. Манай иргэд аюулгүй байдлыг нь хангах үүрэг зориулалттай далангаа хогийн сав шиг ашигладаг. Машин машинаар нь хог, шороо асгадаг нь усны урсацад нөлөөлж, улмаар халих, бөглөрөх шалтгаан болдог. Тэр ч бүү хэл далангийн газар руу оруулж хашаа байшин, барилга байгууламж байгуулдаг нь ч бий. Түүнээс манай үерийн далангууд 100 жилд нэг удаа болох үерийн эрсдэл, тохиолдлын нарийвчилсан судалгаанд үндэслэн хийгдсэн бүтээн байгуулалт.

-Европын орнууд одоогоос гурав, дөрвөн зуун жилийн өмнө, хот суурин бий болгохоосоо урьдаар газар доорх асар том далан, ус зайлуулах систем хийж, цогцоор шийдсэн нь одоо ч үүргээ гүйцэтгээд байж байна. Магадгүй манайд энэ зэргийн бүтээн байгуулалтыг газар доорх байдлаар шийдэх боломж бололцоо бий болов уу?
-Түрүүн хэлсэнчлэн далан сувгийн ажил эдийн засгийн хувьд асар их хөрөнгө шаарддаг. Түүнээс техникийн шийдлийн хувьд янз бүрийн байдлаар хийх боломжтой л доо. Жишээ нь, үер боллоо гэхэд Сэлбэ голын далангийн 1 ам.метр талбайд 253 тонн ус ноогддог, жингээрээ шүү дээ. Ингээд үзэхээр үерийн далан, суваг гэдэг өндөр марктай, жирийн барилга байгууламжаас хамаагүй нүсэр ажил л даа. Тиймдээ ч төсөв их шаарддаг.

-Төсөв хөрөнгө нь ший­дэгдчихлээ гэхэд одоогийн хот төлөвлөлт, байшин барилгатай уялдуулах тал дээр хүндрэлтэй байж болох юм?
-Яахав, хотын ойр орчимд 20 гаруй хуурай сайр байдаг. Эдгээрийг тосгуулаад шийдчихвэл шар усны үерээс хамгаалагдана. Харин борооны ус зайлуулах шугмын тухайд хот төлөвлөлттэй уялдах асуудал юм.

0 Сэтгэгдэл
яах гэж байна. хотод байгаа хамгийн ойр туул голын үер буудаг хэсэгт далан дээр номин ривер гарден гэж барилга барьсан. ийм байж болох уу. үер болвол эрсдэлийг хэн хариуцах вэ. газар хамаагүй олгож ирсэний гай гарах бий дээ. тэр үерийг гэр бүлээрээ биеэрээ амссан хүмүүс цөөн үлдсэн учраас айхаа мэдэх хүнгүй болж
Хамгийн их уншсан