Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хорвоог инээдээр чимэх үрсээ хэрхэн баярлуулах вэ


А.АКЭРКЭ


“Хүүхдийн эрхийн тухай” тунхаглал анх Женевт батлагдсанаас хойш өдгөө 92 жил өнгөрчээ. Үүний дараахан буюу 1959 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр НҮБ-ын Ерөнхий ассамблей “Хүүхдийн эрхийн тунхаглал”-аа баталсан билээ. Дээрх тунхаглалд “Хүүхэд нь бие бялдрын болон оюун ухааны хувьд төгс боловсроогүй байдлыг харгалзан, түүнийг төрөхийн өмнө ч, төрсний дараа ч тусгай асрамж, хамгаалалтыг, үүний дотор эрх зүйн зохих хамгаалалтыг шаарддаг” гэж заасныг НҮБ анхааралдаа авч хүүхдийн эрхийн тусгай конвенц байх шаардлагатай хэмээн үзсэний үндсэн дээр Хүүхдийн эрхийн тухай конвенц 1989 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаар батлагдаж, дэлхийн 191 орон нэгдэн орсон байдаг. Манай орны хувьд энэхүү конвенцэд 1990 онд тав дахь орон болон нэгдэн орсноос гадна үзэл санаанд нийцүүлэн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хууль боловсруулан, нь 1996 оны тавдугаар сарын 8-нд батлан гаргажээ.
Харин 1952 оны зургадугаар сарын 1-нийг Хүүхдийн баяр болгон тэмдэглэж эхэлсэн бөгөөд үндэсний хэмжээнд, амралтын өдөр болгон хуульчлан тэмдэглэдэг цөөн орны нэг юм. 1995 оноос Эх үрсийн баяр болгосон ч иргэдийн санал хүсэлтийн дагуу 2003 оноос дахин Хүүхдийн баяр болгон тэмдэглэсээр өнөөг хүрсэн билээ.

Тэгвэл тун удахгүй энэ хорвоог чимж, хүн бүрийн сэтгэлд нар шиг гэрэл гэгээ, илч дулаан өгдөг хүүхдүүд маань баяраа тэмдэглэх гэж байна. 64 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлэх гэж буй баярын өдрөөр хүүхдүүдээ хаана, яаж баярлуулж болох талаар багц мэдээлэл хүргэе.


365 ҮЛГЭРИЙГ 365 ШӨНӨ УНШИХ НЬ

“365 үдэш” нэртэй үлгэрийн ном хэвлэгдэн гарчээ. Уг номонд монгол ардын болон дэлхийн олон үндэстний алдартай, сонирхолтой үлгэр түүхүүдээс түүвэрлэж хүүхдийн сэтгэхүй, анхаарал төвлөрөлтөд тохирсон найруулгатай болгон оруулсан байна. 365 үлгэртэй уг номд мөн танин мэдэхүй хөгжүүлэх оньсого, шинэ дуу, шүлэг ч багтаасан байна.
Уг номыг “Мон судар” хэвлэлийн газраас эрхлэн гаргасан бөгөөд ном бүтээгчид “Хүүхэд бүр ээж аавтайгаа хамт байхыг хүсдэг. Гэр бүлийн аз жаргал бол халуун ам бүлээрээ байж, цагийг зугаатай өнгөрөөх билээ. Харин та энэ аз жаргалыг хүүхдэдээ бэлэглэж, үлгэрийн гайхамшигт ертөнцөөр хамтдаа аялан, хэзээ ч мартамгүй нандин түүхийг энэхүү “365 үдэш”-ээр бүтээх боломжтой. Уг номын хэрэглээ нь гоё сайхан үлгэр уншихдаа биш эцэг эх, хүүхдийн хоорондын холбоо, гэр бүлийн нандин цаг хугацааг бий болгох бөгөөд та бүхэн үлгэрээ хүүхдэдээ чин сэтгэлээсээ уншиж өгч, орой бүхэн багахан цагийг гэр бүлдээ зарцуулж зуршил болговол нэн сайн” хэмээн номын талаар ярьсан.
Ном бүрийн дээр он сар тэмдэглэсэн байгаагаас урт үлгэрийг амралтын өдөр уншихаар тохируулах боломжтой аж. Мөн нэг үлгэрийг хэдэн удаа уншсанаа номон дээр тэмдэглэх боломжтойгоос хүүхдээ аль үлгэрт илүү дуртайг нь мэдэж авна хэмээн ном бүтээгчид тайлбарласан. “Интер ном” номын дэлгүүрт “365 үдэш” үлгэрийн номыг 49900 төгрөгөөр худалдаалж байгаа аж.


ҮДБЭЧ-ЫНХНЫ БЭЛЭГ

ҮДБЭЧ-ын хамт олон хүүхэд багачууддаа зориулан Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Бирваа гуайн “ИШИГ ХӨӨРХӨН НЭР” хүүхдийн дуулалт бүжгэн жүжгийг ирэх сарын 1-ний 11 цагт Соёлын төв өргөөний тайзнаа тоглохоор болжээ.  Уг тоглолтын цомнолыг зохиолч Х.Батаа, найруулагч Д.Ганболд, бүжгийг Төрийн Соёрхолт С.Сүхбаатар, Монгол Улсын гавьяат жүжигчин Ш.Одонтуяа нар дэглэн найруулжээ.
Хэрвээ та алдрай бяцхан үрсдээ мартагдахааргүй баярыг бэлэглэхийг хүсвэл “Ишиг хөөрхөн нэр” дуулалт бүжгэн жүжгийг зориорой. Хүүхдийн уран бүтээлийг дэмжин дэлгэрүүлэх бодлогын хүрээнд туурвисан энэхүү хүүхдийн дуулалт бүжгэн жүжиг нь нүүдэлчин монголчуудын зуун зуунаар өртөөлөн авч ирсэн өөрсдийн ахуй амьдрал, ёс заншилдаа нийцүүлсэн юм.
Мөн хүүхдийг өв тэгш хүмүүжүүлж амьдрал ахуйгаа сахиж, ёс заншлаа дээдэлж, байгаль дэлхий, ан амьтнаа хайрлан хамгаалах ухааныг хүүхэд ахуй цагаас нь сэтгэл зүрхэнд нь яв цав суулгадаг байсан эрт үеийн уламжлалыг сэргээхэд бага ч болов нэмэр болох өргөн их ач холбогдолтой билээ.


“ЭНХРИЙ ҮРС” АЗТАЙ ҮЗЭГЧЭЭ БАЙГАЛ ДАЛАЙГААР АЯЛУУЛАХ НЬ

Эх үрсийн баярын өдөрт зориулсан “Энхрий үрс” тоглолт зургадугаар сарын 1-нд Улаанбаатар паласт болно. Тоглолтод ирсэн хүүхэд бүхэн бэлэгтэй бөгөөд азтай нэг хүүхэд гэр бүлээрээ Байгал далайгаар аялах эрхийн бичгийн эзэн болох юм байна.
Энэхүү тоглолтод хүүхдийн дүрд тоглож, бяцхан үзэгч, монголчуудынхаа сэтгэлд хоногштол дүрээ амилуулж чаддаг Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Туяа болон алиалагч, жүжигчин Л.Нурбулан, Эх үрсийн элч дуучин Ноён Бондгор нар оролцох юм байна.


“ШИДЭТ БОНГО ДАЛАЙГААР АЯЛСАН НЬ” ГУРВАН ӨДӨР ТОГЛОГДОНО

Хөөрхөн Мишээл, хөгжилтэй Можух, дүрсгүй Бонго маань гайхамшигт аяллаа үргэлжлүүлж байна...
Хүүхэд бүрийн хүсэл мөрөөдлийн гүүр болохыг эрхэм зорилгоо болгосон “Dream box” телевиз Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан Монголынхоо мянга мянган бяцхан үрсдээ гурав дахь жилдээ шинэлэг содон хүүхдийн дуулалт жүжгээрээ бэлэг барихаар зэхжээ.
Эрдэм ухаан, авьяас билэг төгөлдөр гурван найз Лусын хаан, үзэсгэлэнт гүнж, зүггүй хавч, өрөвчхөн далайн гахай гээд тоолж барамгүй сонин содон амьтдаар дүүрэн хөх цэнхэр далайгаар аялах юм. Монголын Үндэсний цирк, “Dream box” телевизийн хамтын шинэ уран бүтээл “Шидэт Бонго далайгаар аялсан нь” бүрэн хэмжээний циркийн мюзикл тоглолт хүүхэд, багачуудад таалагдах нь дамжиггүй.
Үлгэрийн баатрууд далайн орноор аялахдаа хачин сонин гайхамшигтай бүхэнтэй учрах аж. Циркийн гайхалтай үзүүлбэрүүд, уран гоёмсог бүхнээс бүрдсэн адал явдалт цоо шинэ тоглолт энэ сарын 28, 29-нд, ирэх сарын 1-нд тоглогдох аж.


“МОНГОЛ ХҮҮ” ХҮЙ МАНДЛЫН ДЭНЖ ДЭЭР БОЛНО

“Монгол наадам цогцолбор” Орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газраас санаачлан Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-тай хамтран Монголын үндэсний хэв маяг, үндэсний ёс заншил, үндэсний наадмаа сурталчлах зорилгоор Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу ирэх сарын 1-нд “Монгол хүү” арга хэмжээг Хүй мандлын дэнж дээр зохион байгуулахаар зэхжээ. Анх удаа болох энэ үйл ажиллагаа цаашид жил бүр уламжлал болгон зохиогдох аж. Өглөөний 11 цагаас оройн 19 цаг хүртэл үргэлжлэх баярын арга хэмжээний үеэр олон уралдаан, тэмцээн болохоос гадна “Авьяас” хүүхдийн ордны 250 хүүхдийн урлагийн тоглолт болох нь. Тухайлбал, энэ үеэр өсвөрийн үндэсний бөхийн барилдаан, өсвөрийн үндэсний сур харвааны тэмцээн, “Монгол хүү” өдөрлөгийн нэрэмжит өсвөрийн унадаг дугуйн аварга шалгаруулах тэмцээн, “Миний мэдэх Монгол наадам” гар зургийн уралдаан, хүүхдийн дууны уралдаан, “Аав, ээж би” гэр бүлийн мини сагсан бөмбөгийн тэмцээн, хүүхэлдэйн киноны баатрын дүрд хэн сайн хувирах вэ гэсэн арга хэмжээнүүд болох юм байна.
Мөн Урлан бүтээх төвийн бүтээлийн үзэсгэлэн худалдаа, хамтран хийх сургалт, амьтны дэлгүүр, нохойн үзэсгэлэн, хүүхдийн номын үзэсгэлэн худалдаа, үндэсний хувцасны үзэсгэлэн худалдаа зэрэг үйлчилгээ үзүүлэх нь.


“ANGRY BIRD” СЭДЭВ ДОР БАЯРАА ХИЙНЭ

Дөрөв жилдээ “Viva City”-д Хүүхдийн баяр хийх гэж байна. Өнгөрсөн жил “My Little Pony” сэдвийн хүрээнд амжилттай зохион байгуулж 15,000 гаруй зочид хүрэлцэн ирж баяраа тэмдэглэж байсан билээ. Харин энэ жил баярын арга хэмжээгээ “Angry Bird” бэлтгэжээ. Энэхүү арга хэмжээ нь хүүхэд багачууддаа баярын өдрийг нь тохиолдуулан тэдний мөрөөдлийн үлгэрийн орчинг бий болгон баяр хөөр бэлэглэх, эцэг эхчүүдэд нэгэн дороос хэрэгцээт бүтээгдэхүүн үйлчилгээгээ авах, гэр бүлээрээ цагийг зугаатай өнгөрүүлэн халуун дулаан уур амьсгалыг мэдрэх, хүүхдийн дуу, бүжиг, жүжиг, кино, хөгжмийн соёлыг олон нийтэд таниулдаг ач холбогдолтой. “Вива Хүүхдийн баяр 2016” арга хэмжээнд Хүүхдийн төлөө үндэсний газар, хүүхдийн брэнд бүтээгдэхүүнүүд, урлаг соёлын одод оролцохоос гадна хөгжөөнт тэмцээн уралдаанууд, урлагийн тоглолтууд, циркийн үзүүлбэрүүд, хүүхдэд зориулсан тоглоом, амттан хоолны худалдаа үйлчилгээ зэрэг олон үйл ажиллагаа болох аж.


А.ГЭРЭЛЦЭЦЭГ БЭЛЛИЙН ДҮРД ТОГЛОЖЭЭ

Диснейн алдарт “Үзэсгэлэнт охин Жонон хоёр” хүүхэлдэй киног үзээгүй хүн гэж бараг л байхгүй болов уу.
Мюзикл хэлбэрээр дэлхий нийтийн хүртээл болох гэж буй киног “Маск” продакшны уран бүтээлчид хүүхдүүдийн баяр дээр баяр нэмэхээр жүжигчилсэн хэлбэрээр тоглолт болгожээ.
Энэ сарын 31, ирэх сарын 1-нд МҮЭСТО-ы тайзнаа амилах тоглолтын гол дүрийн баатар болох Бэллийн дүрд жүжигчин А.Гэрэлцэцэг, Жононд Ц.Ганзориг тогложээ. Мөн тус продакшны залуу жүжигчид эл жүжигт тоглосон байна.


ИНЭЭДМИЙН ЖҮЖГҮҮД УДЭТ-Т

УДЭТ-ын хамт олон Хүүхдийн жүжгийн өдрүүдээ зарлажээ. Хамгийн түрүүнд энэ сарын 30-нд С.Михалковын “Бардам туулай” мюзикл инээдмийн жүжгээ хүүхэд багачууддаа толилуулах нь.
20 гаруй жил энэ бүтээл манай драмын тайзнаа амилж буй билээ. Харин энэ сарын 31-нд Т.Габбегийн  “Үнсгэлжин” инээдмийн жүжгийг тоглох бол ирэх сарын 1-нд хүүхдийн зохиолч Д.Содномдоржийн 1957 онд зохиосон “Норовын намтар” бэсрэг найраглалыг шинэчлэн найруулж, үндэсний хэмжээний сургамжит драмын жүжиг болгосноо тайзнаа амилуулахаар болжээ. Тасалбарын үнэ нь 10000 төгрөг бөгөөд 20000 төгрөгийн билет нь бэлэгтэй.


“ЦЭНХЭР НҮДЭН БҮСГҮЙ” АМИЛНА

Дуурийн театрын уран бүтээлчид Хүүхдийн баярыг тохиолдуулан  Францын хөгжмийн зохиолч Л.Делибийн “Цэнхэр нүдэн бүсгүй” балетыг тайзнаа тавина. Энэхүү балет нь манай тайзнаа анх 1966 онд амилсан түүхтэй.
Гурван бүлэг, таван үзэгдэл бүхий энэ балет хөгжмөөр хүний дотоод сэтгэлийг илэрхийлсэн, гайхалтай аялгуутай. “Цэнхэр нүдэн бүсгүй” бүжигчдээс мэргэжлийн хувьд өндөр мэдрэмж, чадвар шаарддаг.
Уг балет хөгжилтэй, сонирхолтой үйл явдлуудтай тул учир хүүхдүүд үзэх дуртай байдаг гэнэ. Энэ сарын 28, 29-нд “Цэнхэр нүдэн бүсгүй”-г үзэх боломжтой юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан