Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Рио-оос алтан медаль авсан Америкийн тамирчид тусгай зөвшөөрлийн дагуу допинг хэрэглэдэг байжээ


Б.БАДРАЛ


Сири дэх иргэний дайн, “Лалын улс” алан хядах бүлэглэл, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль, Хятадын эдийн засгийн удаашрал, Оросын тамирчдыг допинг хэрэглэсэн гэж Олимпын тоглолтоос хассан зэрэг үйл явдал дэлхийн хэмжээнд олны анхаарлыг татсан сэдэв болж байна. Эдгээрээс Сирийн дайн, “Лалын улс” бүлэглэлийн тухай бараг л цаг тутам шинэ мэдээ цацагдаж байгаа тул хүмүүс тодорхой хэмжээгээр дөжирсөн. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой дуулиан дөнгөж эхэлж байгаа учраас аравдугаар сард болох хамгийн сонирхолтой зүйлсийг хүмүүс хүлээж суугаа. Харин Дэлхийн допингийн эсрэг агентлаг “WADA”-аас Орос тамирчдыг яам, спортын холбоодынхоо түвшинд зохион байгуулттайгаар допинг хэрэглэдэг гэж буруутган Олимпын тоглолтод оруулаагүй төдийгүй паралимпын шигшээг нь бүхэлд хассан дуулиан намжмаар аядаж байснаа ахиад илүү эрчтэйгээр дэгдсэн нь олны анхаарлыг татлаа.Спорт шударга, ил тод байх ёстой, тамирчид бүгд адил нөхцөлд өрсөлдөх ёстой, нэг ч тамирчин эм, допинг хэрэглэх замаар бусдаас давуу байх ёсгүй учраас оросуудыг хөөж, хориг тавьсан гэж тайлбарлаж байсан.
 
Дэлхийн тамирчид бүгд тэгш эрхтэй, түүн дотор Америкийн тамирчид илүү тэгш эрхтэй тухай

“Fancy Bear” гэж өөрсдийгөө нэрлэсэн хакеруудын бүлэглэл “WADA”-гийн мэдээллийн санд нэвтрэн Америкийн тамирчдтай холбоотой нууц мэдээллийг олонд ил болгосноор шинэ дуулиан дэгдээд байна. Хакеруудын ил болгосон мэдээллээс үзвэл “WADA” нь Америкийн нэр бүхий тамирчдад хориотой эм, бэлдмэл, допинг хэрэглэх, хэрэглэсэн үедээ тэмцээн уралдаанд оролцохыг нь тусгайлан зөвшөөрч байсан болж таарав. Тухайлбал, теннисчин Серена Уильямс нь 2010, 2014, 2015 онд “WADA”-аас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу оксикодон, гидроморфон, преднизон, преднизолон, метилпреднизолон гэх хориотой эмүүд хэрэглэж байсан. Түүний эгч Винус Уильямс нь мөн л “WADA”-ийн тусгай зөвшөөрлийн дагуу 2010-2013 онд  преднизон, преднизолон, триамцинолон, формотерол гэсэн эм хэрэглэдэг байжээ. Гэтэл Оросын теннисчин Мария Шараповагаас өмнө нь тамирчдад хэрэглэхийг зөвшөөрч байсан ч 2016 оны эхэнд гэнэт хориглосон мельдони нэртэй бэлдмэл илэрсэн гэдэг шалтгаанаар хоёр жил тэмцээн уралдаанд оролцох эрхийг нь хассаныг сануулах хэрэгтэй. Үр дүнд нь Шарапова Рио явж чадаагүй бол Винус Уильямс нь Риогоос мөнгөн медаль авсан.

Риогоос дөрвийн дөрвөн алтан медаль авч супер од болсон Америкийн гимнастикч Симона Байлзид “WADA” амфетамин/ декстроамфетамин гэдэг бодис хэрэглэхийг зөвшөөрсөн төдийгүй метилфенидат нэртэй сэтгэцэд нөлөөтэй хүчтэй эм хэрэглэхийг зөвшөөрсөн байх юм. Метилфенидат,  амфетамин/декстроамфетамин гэсэн бодисууд нь анхаарал төвлөрөл ба ажиллах чадварыг олон дахин нэмэгдүүлэх нөлөөтэй тул “WADA”-аас гаргасан хориотой эм, бэлдмэлийг жагсаалтад ордог.

Риогийн өөр нэг од сагсанбөмбөгчин Елена Делла Донн нь 2014 онд амфетамин, гид­ро­кортизон хэрэглэх зөвшөөрлийг  “WADA” нь амфетамин хэрэглэсэн нь тогтоогдсон. Гэсэн ч түүнийг Рио-ийг тоглолтоос хасаагүй бөгөөд тоглолтын үеэр гайхалтай ур чадвар харуулсан гэж мэдээлж байсныг бүгд санах байх.
Ийм байтал Оросын зарим тамирчин допинг хэрэглэсэн гэдэг шалтгаанаар Хөнгөн атлетикийн бүх тамирчдыг нь, Паралимпын шигшээг бүхэлд нь хассан явдал олныг гайхшруулахаас өөр аргагүй. Хасагдсан тамирчдыг допинг хэрэглэсэн гэдгийг нотлоогүй ч “танай тэр хэрэглэсэн тул чи ч хэрэглэсэн байж магадгүй” гэж хөөсөн хэрэг.

Нөгөө “WADA”-ийн зарлаад байсан “Спорт шударга, ил тод байх ёстой, тамирчид бүгд адил нөхцөлд өрсөлдөх ёстой, нэг ч тамирчин эм, допинг хэрэглэх замаар бусдаас давуутай байх ёсгүй” гэсэн зарчим юу болж хувирав аа? Хэнийг нь хэрэглээгүй байхад нь хэрэглэсэн байж магадгүй гэж хөөгөөд хэнд нь олон жилийн турш хориотой эм бэлдмэл хэрэглэсэн ч тэмцээн уралдаанд оролцохыг нь зөвшөөрөөд байдаг юм бол гэсэн асуулт аяндаа гарч байна.Уг нь бүх тамирчин улсын харьяаллаас үл хамаараад тэгш эрхтэй байх зарчимтай биз дээ? Жорж Оруэллын “Амьтдын ферм” гэдэг алдарт зохиол дээр гардаг “Бүх амьтад тэгш эрхтэй, гэхдээ зарим амьтан илүү тэгш эрхтэй” гэсэн үгийг бага зэрэг өөрчлөөд “Дэлхийн бүх тамирчид тэгш эрхтэй, гэхдээ Америкийн тамирчид илүү тэгш эрхтэй” гэвэл ончтой болж таарлаа.

Оросууд ямагт буруутан болдог тухай

Хакерын дайралт хийж, нууц мэдээллийг ил болгосонд Оросыг буруутгасан нь ойлгомжтой. Америк тэргүүтэй өрнөдийн орнууд ба Оросын хооронд үл ойлголцол, зөрчил ихсэх тусам л манай хойд хөршийг элдэв зүйлд буруутгасан мэдэгдэл олон гардаг бичигдээгүй хууль бий. Оросуудыг Трампыг ялуулахаар хакерын дайралт хийлээ, цагаачдыг зориуд олон саяар нь Европ руу чиглүүллээ гэх мэтээр буруутгах. Юм болгоноос Оросын тагнуулын ажиллагааг илрүүлэх хүсэл зарим хүний хувьд эмгэг болж хувирсан гэмээр. Польшийн Познань хотын амьтны хүрээлэнгийн ирвэс үржүүлэх төслийг тойрсон явдал үүний нэг жишээ. Тус улсад эрх барьдаг намын гишүүн нь ирвэс үржүүлэх гэх нь Путиныг дэмжих гэсэн тагнуулын нууц ажиллагаа хэмээн тусгай албадаар шалгуулж эхэлжээ. Яагаад гэтэл Алс Дорнодын ирвэсийг хамгаалах тусгай хөтөлбөрийг Путин ивээн тэтгэдгийг дэлхий даяар мэдсээр атал түмэн зүйлийн ховор амьтдын дотроос ирвэсийг сонгон авч байгаа нь сэжигтэй санагджээ.

“WADA”-ийн зүгээс энэ дуулиантай холбоотой мэдэгдэл хийхдээ хакеруудыг допингтой тэмцэх дэлхийн системийг нураахыг санаархаж байна гээд хакеруудын энэ үйлдэл нь Оросын тамирчдад ахин итгэх оролдлогыг үгүйсгэж байгааг анхааруулав. Өөрөөр хэлбэл оросууд хакерын дайралт хийнэ гэдэг тамирчид нь үнэхээр допинг хэрэглэж байсан гэж харагдуулж байна гэж. “Fancy Bear” хакеруудын бүлэглэлийг Оросынх, тэр тусам Оросын тусгай албадынх гэдгийг гарцаагүй нотолсон баримт гараагүй байхад л шууд буруутгаж байгааг олон судлаач онцолжээ. Энэ бүлэглэлийг АНУ-ын Ардчилсан намын сервер рүү дайралт хийж, нууц материалуудыг ил болгосон, ард нь Оросын цэргийн тагнуулын алба ажиллаж байна гэж буруутгасан юм.

Дуулианы эзэд болсон тамирчид бүгд мэдэгдэл хийлээ

Винус Уильямс нь “Миний эмчилгээний тухай өгөгдлүүд хакеруудын гарт орж, миний зөвшөөрөлгүйгээр олон нийтэд ил болсныг мэдээд харамсаж байна. Би эм бэлдмэлүүдийг эмчилгээний зорилгоор хэрэглэх тусгай зөвшөөрөл авах хүсэлт гаргахдаа теннис дэх допингийн хөтөлбөрийн хүрээнд мөрддөг дүрмийг хатуу мөрдсөн” гэжээ.

Симона Байлз “Би анхаарал дутагдах синдромтой тул хар багаасаа л үүнийг гэтлэх эм хэрэглэх болсон. Шударга өрсөлдөөн нь спортын хувьд шийдвэрлэх ач холбогдолтой, миний хувьд маш чухал болохоор би дүрэм журмыг ямагт дагасаар ирсэн, цаашдаа ч дагах бөгөөд цэвэр спортын төлөө байдгийг минь мэдэж аваарай. Анхаарал дутагдлын синдром ба хэт өндөр идэвхийн хам шинжтэй учраас эм хэрэглэдэг гэдгээсээ хэзээ ч эмээж, ичихгүй” гэжээ.
Елена Делла Донн “Надад тавьсан оношийн дагуу хэрэглэх ёстой эмийг албан ёсны зөвшөөрлийн дагуу хэрэглэж байна. Энэ зөвшөөрлийг “WADA”- надад тусгайлан өгсөн гэдгийг дэлхий дахинаа мэдэгдсэн хакеруудад талархлаа илэрхийлье” гэжээ.

Америкийн допингийн эсрэг Агентлаг “USADA”-ийн тэргүүн нь “Тамирчдыг ямар нэг буруу зүйл хийсэн мэт харагдуулж, тэднийг гүтгэх зорилгоор хувийн нууцад хамаарах эмнэлгийн мэдээллийг хакерууд хууль бусаар олж авна гэдэг нь Олимпизмын хөдөлгөөний хувьд байж боломгүй зүйл. Тамирчид буруу зүйл хийгээгүй. Энэ бол хөдлөшгүй баримт” гээд хориотой эм, бэлдмэл хэрэглэхийг “WADA”, Олон улсын Олимпын хороо зөвшөөрсөн болохыг онцолжээ.

Энэ бол зөвхөн эхлэл тухайд

Хориотой эм хэрэглэх зөвшөөрөл авсан учраас бид буруугүй. Хакеруудыг удирдаж байгаа оросуудыг эрс шүүмжлэе гэсэн утга бүхий эдгээр мэдэгдлийг бүгд алга хавсран баярлан угтсангүй. Жишээлэхэд, “Bloomberg” агентлаг “WADA” нь дээрх нэр бүхий тамирчид ба өөрийн үйлдэлтэй холбоотой хардалт сэрдэлтийг арилгахын тулд яагаад хориотой эм, бэлдмэл хэрэглэхийг нь зөвшөөрсөн тухайдаа тайлбар хийх шаардлагатай гэж үзсэн байна. “WADA” нь хууль бусаар ил болсон мэдээлэлд нэр дурдагдсан тамирчдын талаар тайлбар хийнэ гэдэг нь ёс зүйд нийцэхгүй гэдэг байр суурь баримтлаж байгаа бололтой.
Тэгээд ч “Fancy Bear” бүлэглэл нь ойрын хугацаанд “WADA”-ийн ажиллагаатай холбоотой бүр ч илүү дуулиантай мэдээллийг олон нийтэд ил болгоно гэдгээ албан ёсоор мэдэгдээд байгаа. Тэгэхээр “WADA” хүндхэн байдалд орох нь гарцаагүй тул яваандаа хүссэн хүсээгүй тайлбар хийхээс өөр аргагүй байх.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан
МЭДЭГДЭЛ 2024.05.01