Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Уламбаяр: Коллежийн оюутнуудАД тэтгэлэг олгохоо боливол ажиллах хүчний залгамж халаа тасрах аюултай


Ж.ГЭРЭЛЧУЛУУН

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хувийн хэвшлийн Мэргэжил сургалт, үйлдвэрлэлийн төв (МСҮТ)-үүдэд олгодог хувьсах зардлыг хасч, оюутны тэтгэлэг 70 мянган төгрөгийг ч олгох боломжгүй хэмээн МСҮТ-ийн удирдлагуудад албан бичгээр мэдэгдсэн. ХНХ-ын сайд Н.Номтойбаярын эл шийдвэр МСҮТ-ийн багш, оюутнуудын эсэргүүцэлтэй тулгарч улмаар 200 гаруй багш, оюутан өчигдөр Тусгаар тогтнолын талбайд эсэргүйцлээ илэрхийлж жагслаа.
Сайдын хувьд гаргасан шийдвэрээ “Улс орны эдийн засаг хүнд байна. МСҮТ-ийн оюутанд олгодог тэтгэлэг бол тэвчиж болох зардал” хэмээн тайлбарласан. Харин МСҮТ-үүдийн удирдлага, багш оюутны эсрэг байр суурьтай байгаа юм. Тэдний нэг “Хамаг Монгол” МСҮТ-ийн захирал Д.Уламбаяр энэ асуудлаар Ерөнхий сайд, Сангийн сайд болон ХНХ-ын сайдад хандаж захидал бичсэн юм. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Өдий хүртэл танаас өөр хүн МСҮТ-үүдийн хувьсах зардал, оюутнуудын тэтгэлгийн асуудлаар ам нээсэнгүй. Оюутнуудын хувьд тантай ижил байр суурьтай байгаа нь мэдээж. Харин сургуулийн захирлууд хэрхэн хандаж байгаа бол. Тэр тундаа улсын МСҮТ-ийн удирдлагууд?
-Ярьж хэлээд яваад байгаа нь л би болохоос миний ард Монголын бүх МСҮТ, тэнд ажилладаг багш ажилтан, оюутан залуус бий. Хувьсах зардал хасч, тэтгэлэг олгохоо больсон нь зөвхөн манай сургууль, оюутан залуусын эрх ашигтай холбоотой бус МСҮТ-д сурч байгаа 42 мянган хүүхдийн асуудал шүү.

Цаашлаад тэдний ар гэрт ч хамаатай. Сайд, дарга нарт хаягласан захианд миний нэр бичээтэй байгаа болохоос бүх л МСҮТ, оюутнуудын байр суурь юм. Хувийн МСҮТ-үүдийн холбоо гэж байдаг л даа. Бид одоохондоо холбооныхоо хүрээнд асуудлыг авч хэлэлцэж байна. Учир нь, энэ их халаа сэлгээ, томилгооны үед улсын сургуулийн захирлууд эмээж, халгаж байгаа нь их байна. Хувийнхан дунд ч тэр хувьсал зардлаар нь ч юм уу өөр бусад асуудлаар дараа нь дарамтлах вий гэсэн айдастай ч байгаа. Улс төр биднийг ийм л болгосон байна шүү дээ. Гэхдээ бид халж сольчих вий гээд дуугүй суухгүй. Улсын, хувийнх гэлтгүй МСҮТ-үүд нэгдсэн нэг байр сууринд бат зогсч байгаа гэж ойлгож болно.

-Таны захидалд хариу өгсөн үү?
-Үгүй. Хэд хоногийн өмнө Дэлхийн багш нарын өдрийн хүрээнд манай боловсролын салбарынхан баярын хурлаа хийлээ л дээ. Хамгийн харамсалтай нь тэр хурал дээр энэ тухай ганц үг ган хийх хүн гарч ирээгүй. Сайд, дарга нар бүгд л индэрт гарч үг хэлсэн ч энэ асуудлыг цухуйлгаач үгүй. Хувьсах зардлаа яаж хасах юм, тэтгэлэгийн мөнгийг хэдий хугацаагаар олгохгүй болсон эсвэл бүр ор тас өгөхөө болих юм уу гээд хэн нь ч хоёр үг хэлээгүй. Хуралд суусны хувьд МСҮТ-үүдээ төлөөлж энэ тухай юм хэлье гэсэн ч боломж олдсонгүй. Хурал нь ч тэр МАН-ын байранд болсон нь үнэхээр харамсалтай санагдсан. Мэргэжлийн боловсролын салбарын бүх багш нар намын гишүүн болчихсон юм уу мэдэхгүй. Нэг тийм хайрцаглагдсан хурал болж өнгөрсөн дөө. Угтаа, ёс ёмбогор, төр төмбөр гэдэг. Төр, улсын ажил нам эвсэлээс ангид байх ёстой биз дээ. Энэ мэт салбарынхаа хурал цуглаан дээр ч ус балгачихсан юм шиг дуугарахгүй, захиа занаа бичээд ч хариу өгөхгүй хүмүүсийн анхаарлыг жагсаал зохион байгуулж л татах гэж оролдох юм даа. Гэхдээ бидний энэ жагсаал улстөржиж байгаа хэрэг биш л дээ. Харин ч асуудлыг улстөрчдөд хүргэх, олон нийтэд ойлгуулах арга хэлбэр юм. Түүнээс сүр дуулиан болон жагсч цуглаад улстөр хийх гэсэнгүй. Угаасаа ард түмнээ нохой хуцсан чинээ тоохгүй байгаа улстөрчдийн анхаарлыг ингэж л татдаг болсон цаг юм шиг. Миний бичсэн захиаг уншаагүй, унших ч үгүй. Ямар сайндаа л хүүхдүүдтэйгээ жагсч байхав.

-Та бүхэн сайдын мэдэгдэлийг өнгөрсөн сарын 28-нд авсан юм билээ. Тиймдээ ч энэ асуудал төдийлэн олон нийтийн дунд түгээгүй, иргэд, эцэг эхчүүд ч яг юу болоод байгааг сайн ойлгоогүй байх шиг санагдсан?
-Тийм. Номтойбаяр сайдын МСҮТ-ийн захирлуудад хаягласан мэдэгдэлтэй өнгөрсөн долоо хоногт л танилцсан. Тиймээс асуудал одоо л олны сонорт хүрч эхэлж байна. Бид ингэж жагсч цуглаад байгаагийн бас нэг учир нь эцэг эхчүүд, олон нийтэд ойлголт өгөхөд чиглэж байгаа юм. Тэгэхгүй бол оюутны 70 мянга жаахан оройтож ороход сургууль нь авчихсан мэт ойлгодог эцэг эхчүүд ч байдаг. Түүнчлэн, хүүхдүүд маань ч асуудлаа өөрсдийн дуу хоолойгоор хүргэх гэсэндээ энэ жагсаалыг зохион байгуулсан юм.

-Их, дээд сургуулийн оюутны тэтгэлгийг он дуустал олгохоор болсон хэр нь кол­лежийн оюутнуудад өгөхөө больж буйн шалтгааныг юу гэж ойлгож байна?
-Нуулгүй хэлэхэд энэ бол цэвэр ялгаварлан гадуурхаж байгаа хэрэг. Зургаан настнуудыг сурагч болохоос  өмнө МСҮТ-д элсэх хүүхдүүд багадаа 17, 18-настай орж ирдэг байсан бол одоо 14, 15-тай хүүхдүүд орж ирээд 18 ч хүрээгүй төгсч байна. Тиймдээ ч сонгуулийн насанд хүрээгүй болохоор тэтгэлгийг нь танаж, хасч байгаа юм. Үүнийг өөрөөр тайлбарлах аргагүй байгаа биз. Тэгээд энэ ялгавартай шийдвэрээ “тэвчиж болох зардал” гэж хаацайлаад байгаа юм. Барьцаж байгаа юм биш шүү. Яагаад их, дээд сургуулийн тэтгэлгийг ч зогсоож болоогүй юм. Ингээд харахаар инээдтэй улстөржилт байгаа биз. Хамаа алга, их, дээд сургууль эсвэл коллеж байна уу бүгдэд нь тэтгэлэг олгохгүй гэсэн бол “Өө төсөв мөнгө нь хүнд гээд бүгдийг нь хассан юм байна” гэж ойлгоно биз.

-МСҮТ болон их, дээд сургуульд сурч буй оюутнууд тооны хувьд хэр зөрүүтэй байдаг бол?
-Улсын хэмжээнд 180 мянга гаруй оюутан байгаагийн 42 мянга орчим нь МСҮТ-д сурдаг. Үүнээс үзвэл 140 мянга гаруй нь дээд боловсрол эзэмшихээр их, дээд сургуульд сурч байх шиг байна. Үнэнийг хэлэхэд их, дээд сургуулийн оюутан коллежийн хүүхдүүд ар гэр, ахуй амьдрал, амьжиргааны хувьд тэнгэр газар шиг ялгаатай. Дээр хэлсэн дээ, дөнгөж есдүгээр анги төгссөн 14, 15-тай хүүхдүүд МСҮТ-д элсдэг. Өндөр төлбөр төлж сурах боломжгүй, ар гэрийн байдал хүнд хүүхдүүд мэргэжилтэй болох гэж орж ирдэг. Манай хүүхдүүд 70 мянган төгрөгөөрөө бар цэнгээний газар хэсч, наргиж цэнгээд байдаггүй. Харин ч ар гэр, ахуй амьдралдаа илүүчилдэг нь их. Үүнээс үзэхэд МСҮТ-д сурдаг оюутнуудын тэтгэлгийг тэвчиж болох зардалд тооцчихоод их, дээд сургуулийн оюутнуудад олгож байгаа нь зарчмын хувьд үнэхээр том ялгаатай байгаа биз.

-Угтаа оюутны тэтгэлэг 70 мянган төгрөг, МСҮТ-ийн степент хоёр анхнаасаа өөр ойлголт байсан шүү дээ. Ач холбогдлын хувьд ч тэр?
-Өөр байлгүй яахав. Социализмын үеэс улбаатай дэлхий нийтийн жишиг байна л даа. МСҮТ-д сурч буй залууст цалин, хангамж өгөхөөс гадна суралцсан хугацааг нь ажилласан жилээр ч тооцдог улс орон бий. Магадгүй зарим тохиолдолд цэргийн алба хаасанд ч тооцдог. Ингэж байж улс орны эдийн засгийн аюулгүй байдал, ажиллах хүчний залгамж халааг бэлтгэдэг. Бид ардчилсан нийгэмд шилжсэнээс хойш үүнийг мартчихсан, ор тас хаячихсан байсан ч өнгөрсөн дөрвөн жилд Хөдөлмөрийн яам байгуулагдсаны хүчинд асуудал арай нааштай болж, энэ салбар өндийж эхэлсэн. Одоо хувьсах зардлыг нь танаж, хүүхдүүдийнх нь тэтгэлгийг өгөхгүй гэж байна. Энэ байдал удаан үргэлжилбэл энэ салбарт ажиллах хүн олдохгүй. Хуучин цагт ТМС буюу Техник мэргэжлийн сургууль гэхээр л сурлага, сахилга бат муу хүүхдүүд сурдаг гэдэг байв. Харин өнгөрсөн дөрвөн жилд энэ салбарт багагүй хөрөнгө хаясаны хүчинд МСҮТ-үүдийн нэр хүнд дээшилсэн. Хүүхэд, залуусын хандлага, ойлголт ч өөрлөгдөж эхэлж байна.
Боддоо, сэтгүүлч, багш, эдийн засагч гээд аль ч чиглэлээр төгссөн хүн төрийн албанд орлоо гэхэд 400 мянган төгрөгийн цалингаар ажлын гараагаа эхэлдэг. Гэтэл манай хүүхдүүд 500, 600 мянган төгрөгийн цалинг худалч хүнд тоохгүй. Тиймдээ ч МСҮТ-ийн төгсөгчдийг баялаг бүтээгч гэж ойлгох ёстой юм. Угтаа, хэн нэгэн цагаан захтны хийхгүй гээд голсон ажлын байранд 15, 16-хан настай хүүхдүүд ажиллахаар ирж байна. Бодит баялаг бүтээгчдийн залгамж халааг авахаар, хар бор гэж гололгүй МСҮТ-д элсч байна. Ар гэр, ахуй амьдралаа бодсондоо ч тэр амьдралд эрт хөлөө олъё, цалинтай золгоё, цаашлаад нарийн мэргэжил эзэмшснийхээ төлөө хүч хөдөлмөрөө бодитоор үнэлүүлье гээд МСҮТ-д орж байгаа юм. Угтаа хувийн их, дээд сургуулийн элсэлт муу байгаа энэ үед МСҮТ-ийн оюутнууд дөрвөн жил гүрийж байгаад төгсчихнө гээд их сургуульд орж болно. Гэхдээ үгүй, бүгд дээд боловсрол эзэмшээд оффист бичиг цаастай зууралдсан дарга, цэрэг болоод байвал хэн шавар зуурч, тоосго өрөх вэ. Хэн үс засч, хоол хийж нийтийн үйлчилгээний салбарт ажиллах вэ. Бодох л асуудал. Үүнийг л бодлогоор зохицуулах ёстой юм. Коллежийн оюутны степент гэдэг эл бодлогын хамгийн чухал бүрэлдэхүүн хэсэг. Нэмж хэлэхэд манай оюутнууд муудаа МСҮТ-д элсээгүй юм шүү. Хөдөлмөрийн зах зээлд илүүдэл үүсгэсэн, дээд боловсролын диплом өвөртөлсөн залуусын эгнээг тэлж, гэдсээ илж хэвтэхгүй гэсэндээ, амьдралын шаардлагаар, 17, 18-хан насандаа цалинтай залгах гэж нарийн мэргэжил эзэмшиж байгаа юм.

-200 гаруй суралцагчтай МСҮТ-ийг удирдаж буй хүний хувьд тэдний ахуй амьдрал, ар гэрийн байдал ямар байдаг талаар илүү сайн мэдэх байх?
-МСҮТ-д сурч байгаа 42 мянган хүүхдийн 60-70 хувь нь өнчин, хагас өнчин, эцэг эх нь салж сарнисан айлын хүүхдүүд байдаг. Энэ дунд орон сууцанд амьдардаг хүүхэд бараг байхгүй гэхэд хилстэхгүй. Дээр нь сургууль болгонд асрамжийн газар харьяалагддаг, хөгжлийн бэрхшээлтэй, ар гэрийн хувьд хүнд нөхцөлд амьдардаг 5-6 хүүхэд байна. Тиймдээ ч тал хувь нь 70 мянган төгрөгөөрөө ахуй амьдралаа залгуулж яваа. Дээр нь хичээл сургууль, автобус унаандаа зарцуулахаас гадна хоногийн хоолоо залгуулдаг.

-Нэг оюутанд ногдох хувьсах зардал хэд байдаг юм бэ?
-Нэг хүүхдийн 50 мянга 600 төгрөг байдаг бил үү дээ. Тэтгэлэгтэйгээ нийлээд 120 мянган төгрөгийг нэг оюутанд зарцуулж байна гэсэн үг.

-Их, дээд сургуулийн төлбөрийг дийлэхгүй гээд МСҮТ-д элсдэг нь бий гэлээ. Гэхдээ бүгд биш нь мэдээж. Хөдөлмөрийн зах зээлд ажилгүй дээд боловсролтой ажиллах хүчний илүүдэл үүсчихсэн учир ажлын байр, үнэлэмжээ ч бодсон тэр МСҮТ-ийг сонгох нь олширсон санагддаг. Гагцхүү энэ хоёрын зөрүү хэр байна гэдэг сонирхолтой санагдлаа?
-Нарийн ангилах хэцүү. Ямартай ч, их, дээд сургуулийн төлбөр хүнд тусдаг уу гэвэл тийм. Гэхдээ бүгд төлбөрийг нь дийлэхгүйдээ МСҮТ-т ороогүй нь мэдээж. Оюутнуудаа харж байхад янз бүр л байдаг. Үнэхээр ажил, мэргэжилдээ дурлаж орж ирсэн нь ч бий. Эцэг эхчүүд нь ч үр хүүхдэдээ ажил мэргэжлээ сонгоход нь зааж зөвлөдөг нь цөөнгүй. Тооны зөрүүг хэлэхэд хэцүү л дээ. Сайшаалтай нь саяхныг хүртэл ахлах ангидаа орж чадаагүй хүүхдүүд МСҮТ-д элсдэг байсан бол одоо урвуу хамааралтай болох хандлага ажиглагдаж байна. Сард 400, 500 мянган төгрөгийн цалин авч дээд боловсрол эзэмшсэн гэж явсанаас хоёр, гурван саяын цалин авдаг өндөр зэрэгтэй гагнуурчин, өрлөгчин, үсчин болъё гээд коллежид элсэх нь их болж. Эцэг эх, оюутан, сурагчдын дунд ийм хандлага бий болж эхэлж байна. Энэ бол өнгөрсөн хэдэн жилийн хамгийн том дэвшил юм. Ийм эерэг өсөлттэй үед тэтгэлгийн мөнгийг нь тодорхойгүй хугацаанд олгохгүй болсон нь элсэлт буурахад нөлөөлнө.

-Мэдээж ирц буурахаас аваад сөрөг үр дагавар гарах байх?
-Тэгэлгүй яахав. Хамгийн харамсалтай нь МСҮТ-ийн оюутнуудынхаа автобусны картны асуудлыг ч одоо болтол шийдээгүй байна. Дээр нь өнгөрсөн нэгдүгээр сараас хойш тэтгэлэг олгоогүй болохоор хичээлийн ирц мэдэгдэхүйц буурч эхэлсэн. Хүүхдүүд сургуулиа хаях явдал нэмэгдэж байна. Ерөнхий боловсролын сургууль шиг хичээлдээ суу, ингэ тэг гэж шахаж шаардаад байх боломжгүй. Магадгүй, тэтгэлэгийн 70 мянган төгрөг нь тасарчихтай зэрэг ажил хийгээд явж байгаа нь ч бий.

-Одоо хэчнээн МСҮТ үйл ажиллагаа явуулж байна, хэд нь улсынх, хэдэн хувийнх байна вэ?
-Нийтдээ 90 орчим МСҮТ байгаагийн 40 орчим нь хувийнх, 50 гаруй нь улсынх байдаг. Мэргэжлийн сургуулиудын онцлог нь ихэвчлэн хөдөө орон нутагт, аймгийн төвүүдэд байдаг. Төв аймагт гэхэд Баянчандмань, Эрдэнэ, Заамар гэхчлэн хоёр, гурван суманд байх жишээтэй. Тухайн үеийн атар эзэмших, хөдөө аж ахуйг эрчимжүүлэх их ажлын хүрээнд байгуулагдсан байдаг. Ихэвчлэн орон нутагт байгаа нь нэг талаас хөдөөд хүүхэд залуусыг мэргэжилтэй болгоход маш том хөрөнгө оруулалт, түшиц болж байгаа юм. Энэ талаараа МСҮТ-үүд их, дээд сургуулиас онцлог, давуу талтай.

-Дээр 42 мянган оюутны 60-70 хувь нь өнчин өрөөсөн, 90 орчим хувь нь ар гэр, ахуй амьдрал тааруу гэлээ. Энэ тоог хэрхэн гаргасан юм бол. Нарийвчилсан судалгаа авсан уу?
-Алган дээр ил байна л даа. Оюутнуудыг сургахад дадлагажуулах зардал маш их гардаг. Манай сургууль тогоочийн ангитай. Хүүхдүүд маань долоо хоногт 2-3 удаа, сард 14 удаа хоол хийж дадлагажих ёстой. Тэр бүрт мах, гурил, будаа, ногоо цагаа, тахиа гахайнаас өгсүүлээд элдэв хоолны материал хэрэг болдог. Энэ материалуудын зардал гэж хүүхдүүдээ хоол хийх өдрөө 1500 төгрөг аваад ир, авсан материалаараа хоолоо хийгээд өөрөө ид гэдэг. Угтаа захын цайны газар 1500 төгрөгөөр цадтал хооллож чадахгүй шүү дээ. Ийм байхад 1500 төгрөг гаргах боломжгүй амьдралтай нь байна. Бод доо, нэг удаад хоол хийх 1500 төгрөг шүү дээ. Ер нь, мэргэжлийн сургуульд дадлага маш чухал байдаг. Тэр хэрээр зардал мөнгө нь ч их. Барилгын чиглэлээр сурч байгаа хүүхдэд хоёр тоосго өгчихөөд өрлөг хийж сур гэж болохгүй биз дээ. Тэр тоосгыг чинь өчнөөн олон удаа өрнө, буулгана, буцаагаад өрнө, эмтэрч бутарна. Мөн цемент, шавраа нэг удаад л ашиглана. Энэ бүх үйл явцад элэгдэл хорогдол үүснэ биз. Нэг электродоор нэг л удаа гагнуур хийнэ биз дээ. Энэ мэт дадлагажуулах зардал маш өндөр гардаг.

-Хоёр жилийн өмнө Мянганы сорилтын сангийн шугамаар МСҮТ-үүдэд багагүй хөрөнгө оруулалт хийсэн. Үүний хүрээнд ихэнх сургууль материаллаг баазаа сайжруулаад авсан?
-Өнгөрсөн Засгийн газрын үед АНУ-ын Мянганы сорилтын сангаас төмөр зам руу орох гэж байсан 230 сая ам.долларыг мэргэжлийн боловсролыг салбарыг өөд татахад зарцуулсан. Энэ бол маш том хөрөнгө оруулалт байсан. Тэр чинээгээр маш том өөрчлөлт хийж чадсан. Ихэнх улсын сургууль энэ хөрөнгөөр материаллаг баазаа бүрэн шинэчилсэн, дадлагын орчноо сайжруулж, дэлхий дахинд хэрэглэгдэж буй хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр хангагдсан. Сурах бичгүүдээ ч шинэчилсэн, багш ажилчдаа гадаад дотоодод сургасан. Урьд нь төрөөс энэ зэргийн хөрөнгө оруулалт хийгдэж байгаагүй.

-Ер нь, МСҮТ-үүдэд олго­дог жилийн төсөв хэд байдаг юм бол. Оюутнуудынхаа тэтгэлэгийг оруулаад?
-Жилийн арван сард нь л тэтгэлэг олгодог гээд бодоход 42 мянган оюутанд жилдээ 30 орчим тэрбум төгрөг юм уу даа. Энэ мөнгийг 42 мянган өрхийн амьжиргааны эх үүсвэрийг бүрдүүлэх мөнгө гээд хэлчихсэн ч буруудахгүй л болов уу. 42 мянган оюутан, 42 мянган өрхийн асуудал яригдаж байхад үүнээс өөр тэвчиж болох өч төчнөөн зардал байгаа харагдах юм. Хамаагүй, дэд сайд нарынхаа жилийн зардлыг хасч танаад МСҮТ-дээ төсөвлөхөд яагаад болохгүй гэж.

-Энэ жил МСҮТ, их, дээд сургуулиудын элсэлт муу байна. Ер нь, коллежуудын хувьд ямар байгаа вэ?
-Жилд 14, 15 мянган оюутан МСҮТ-д элсч байна. Энэ жилийн хувьд элсэлт муу байгаа нь үнэн. Гэхдээ ерөнхий прогнозыг нь харвал тогтмол өсөлттэй байгаа. 2019, 2020 оноос хойш бүр ч нэмэгдэнэ.

-Дээд боловсролтой ажиллах хүч, нарийн мэргэжилтний тооны харьцаа урвуу болчихсон санагддаг?
-Тийм. Их, дээд сургууль төгссөн 100 хүүхдийн 60-70 нь ажилд орж чадахгүй байна. Танил тал, арын хаалгагүй бол 2-3 жил хүлээгдэж байна. Дээр нь сурч төгссөн, үндсэн мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байна. Жил бүр 100 хүүхэд тутмын 70 хувь нь ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байна гээд төсөөл дөө. Өчнөөн сая төгрөгөөр сурч сурч төгсчихөөд ажилгүй, аав ээжийн гар харсан л хүн болж байна. Эдийн засаг хүнд байгаа энэ үед албан байгууллага бүр ажилчдаа цомхотгож, цөөлж байна. Мөнөөх диплом өвөртөлсөн дээд боловсролтнуудын дунд хадаас тэгшхэн хадчих хүн ч цөөн байдаг. Гэтэл МСҮТ төгссөн хүүхэд удлаа гэхэд жилийн дотор л ажилтай болдог. Төгсөөгүй байхдаа ч энд тэнд мэргэжлээрээ ажиллаад явчихдаг. Ер нь тэгээд манай нийт төгсөгчдийн 80-90 хувь төгссөн даруйдаа ажлын байртай болдог тоо дүн ч бий.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан