Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аав, ээжүүд агаарын бохирдлын эсрэг нэгдэж эхэллээ

-Энэ сарын 26-ны өдөр Сүхбаатарын талбайд тайван жагсаал хийнэ-

“Мэлхийг чанаж байхад мэдэхгүй үхдэг” гэх Япон ардын зүйр үг бий. Энэ үгний цаана 20 орчим жил хорт утаан дунд амьдарч, аж төрсөөр ирсэн нийслэлчүүд бидний хүлцэнгүй, ноомой байдал нуугдах шиг. Үнэнийг хэлэхэд хувьчлалаас хойш буюу 1990 оны эхэн үеэс орон нутгаас нийслэлийг чиглэсэн их нүүдэл эхэлж, улмаар Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлт бүрэн алдагдсан гэж болно. Тухайн үед зах зээлд дөнгөж хөл тавиад байсан учирнийслэл, аймаг, сум суурин газруудад үйлдвэр үйлчилгээний газрууд зогсонги байдалд орж, мөнгөний ханш унаж, ажилгүйдэл, ядуурал газар авсан нь их нүүдлийн эхлэл байв. Үүнээс үүдэж нийслэл хот руу чиглэсэн шилжих хөдөлгөөн ихэссэнээс Улаанбаатар хотын хүн ам, айл өрхийн тоо огцом нэмэгдсээр иржээ. 1989 онд нийслэл хот маань 584.4 мянган хүн амтай байсан бол 2000 онд 760.1 мянга, 2016 байдлаар 1.4 саяд хүрээд байна. Гэхдээ 1.4 сая гэдэг Улаанбаатарын харьяалал бүхий байнгын оршин суугчид. Үүн дээр хөдөө орон нутгаас хотод ирж, түр хугацаанд суралцаж, ажиллаж амьдарч буй иргэдийг нэмбэл энэ 1.6-1.7 сая хооронд хэлбэлзэнэ. 1.5 сая ам.метр нутаг дэвсгэртэй, гуравхан сая хүн амтай улсын тэн хагасаас илүү нь дөрвөн уулан дунд бүгчихтэй зэрэг хөрс ус, агаар яахан эрүүл байх билээ.

Өдгөө Монгол Улс 860 гаруй мянган өрхтэйгөөс 700 мянга орчим нь гэр хороололд амьдарч байна. Товчхондоо, 700 мянга орчим яндангийн утаа нийслэлийн агаарын бохирдлын гол шалтгааны нэг болдог. Нэгэнт хашаа хороо хатгаад, байшин сав бариад төвхнөчихсөн айл өрхүүдийг хөдөө орон нутаг руу хөөж тууна гэж үгүй. Тиймдээ ч 700 мянга орчим яндагаас уугих утааг бодлогоор үгүй хийхээс өөр арга үлдсэнгүй. Угтаа, их нүүдэл эхэлсэн үеэс л хот төлөвлөлтийг асуудалд анхаарч, утаанаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах байсан. Харамсалтай нь, үе үеийн төр засгийн удирдлагууд, нам хүчнийхэн асуудалд арай л хойрог хандсан үнэн. Тиймдээ ч өнөөдөр байдал ийм болчихоод байна. Үе үеийн төр, засгаас агаарын бохирдлыг буруулахаар асар их хөрөнгө мөнгө үрж зарсан ч байдал дээрдсэнгүй. 2011 оноос хойш нийт 140 тэрбум төгрөгийг агаарын бохирдлыг бууруулахад зарцуулжээ. Энэ хүрээнд утаагүй зуух, шахмал түлш гээд олон арван төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн ч тусыг эс олжээ. Угтаа агаарын бохирдолтой хөрөнгө мөнгө гэхээс илүү хуулийн хүрээнд тэмцэх нь хамгийн үр дүнтэй, шалгарсан арга болохыг гадаад орнуудын туршлага бэлхнээ гэрчилнэ.

Ердөө хагас зууны өмнө Английн нийслэл Лондон хот агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлж, хүн амын нас баралтын зонхилох шалтгаан нь утаанаас үүдэлтэй байв. Энэ үед төр засгийн удирдлагууд нь элдэв өндөр өртөгтэй төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээс өмнө даруй түүхий нүүрсний хэрэглээг хуульчлан хориглосон байдаг.

Гэтэл бид өчнөөн тэрбумаар нь үрж зараад байдал дээрдээгүй атал дахин гадны зээл тусламжийн хөрөнгөөр агаарын бохирдлыг бууруулахаар зэхэж сууна. Угтаа дээр дурдсан шиг ул суурьтай, дорвитой арга хэмжээ авах цаг иржээ. “Утааны эсрэг ээж аавуудын холбоо”-ныхон асуудлыг арай өөрөөр харж, шинэ гарц гаргалгаа эрэлхийлж байгаа бөгөөд утааны эсрэг бодитой арга хэмжээ авахыг төр засгаас шаардаж, тайван жагсаал хийхээр зэхэж байна. Ирэх нэг дэх өдөр буюу энэ сарын 26-ны 10:00 цагт Сүхбаатарын талбайд болох уг жагсаалыг зохион байгуулагчид хэлэхдээ зөвхөн жагсч цуглах бус агаарын бохирдлын эсрэг авч болох арга хэмжээнүүдийн талаар зөвлөмж хүргүүлэхээр зэхэж байгаа аж. “Утааны эсрэг ээж, аавуудын холбоо”-ны гишүүд уг жагсаалыг санаачилсан бөгөөд энэ талаарх мэдээллийг өчигдрөөс нийгмийн сүлжээгээр түгээж, зөвхөн эцэг эхчүүд төдийгүй бүх насныхныг дэмжин оролцохыг уриалж буй юм. Жагсаал санаачлан зохион байгуулагчид Нийслэлийн Засаг даргын тамгын газрын дэргэдэх Захиргаа, хуульзүйн хэлтэст тайван жагсаал хийх хүсэлт хүргүүлсэн аж.

Жагсаал зохион байгуулагчид “Агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсээр даруй 20 орчим жил өнгөрсөн ч бид нэг ч удаа нэгдэж, тэмцэж байсангүй. Энэ хооронд үр хүүхдүүдийн маань дархлаа суларч, жилд 2-4 удаа уушгины хатгаа өвчнөөр өвчилж, антибиотек хүртэл дасал болчихсон байна. Дээр нь, утааны шууд бус нөлөөллөөс үүдэж өвлийн улиралд зулбалт дөрөв дахин нэмэгдэж, өнөө маргаашгүй төрөх дөхсөн хүүхдүүд хэвлийдээ амьгүй болж, хэчнээн ээж нулимсаа урсгасан бол. Магад бид дэндүү хүлцэнгүй байсны учир улстөрчид утаа арилгах нэрээр өчнөөн тэрбумыг үрж зарж, хий дэмий салхинд хийсгэсэн биз. Одоо бидэнд ирээдүйнхээ төлөө нэгдэн нийлж чадах иргэдийн оролцоо, дэмжлэг хэрэгтэй байна” хэмээж байв.

Үнэхээр ч тийм. Ганцхан жишээ дурдахал хүүхдийн эмнэлэг, дүүргийн эмнэлгүүд ханиад нь хатгаа болж хүндэрсэн, бохир агаарын нөлөөнд уушгиа сэвтээсэн хүүхдүүдээр дүүрч байна. Томчуудыг эс тооцвол агаарын бохирдол алаг үрсэд маань аюулын харанга болж байгаагийн бодит жишээг аль ч эмнэлгээс харж болно. Хүүхдийн уушги 0-3 насандаа идэвхтэй хөгжиж, түүнээс хойш зөвхөн хэмжээ нь томордог байна. Гэтэл хүүхдийн уушги хөгжих ид үйл явцын үед түүхий нүүрсний утаа амьсгалын замын өвчлөл цаашлаад уушиг, зүрх судасны өвчлөлд хүргэж байна.

НҮБ-ын хүүхдийн сангаас гаргасан Агаарын бохирдлын хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаарх тайланд 2015 оны байдлаар ганцхан жилийн дотор 0-5 насны 435 хүүхэд хатгалгаагаар нас барсан аж.
Мөн 2013 оны судалгаанд Монгол Улсад цаг бусын нас баралтын тэргүүлж буй эхний гурван өвчлөл гурвуулаа агаарын бохирдолтой холбоотой нь батлагдсан. Мянга мянган ээж хүйтний улиралд хүүхдээ дагуулан эмнэлгээс эмнэлэг дамжин яваагаа олон нийтийн сүлжээнд жишээ, баримттайгаар бичиж эхэлжээ. Ээж, аавуудын чилсэн сэтгэл, арга мухардсан байдал тэднийг утааны эсрэг жагсаалд хэний ч зохион байгуулалтгүйгээр уриалж эхлэв. “Утааны эсрэг ээж, аавуудын холбоо”-ноос эцэг, эхчүүдийг өөрсдийн санаачилгаар нэгдэж, эрүүл агаар, ирээдүй хойчийнхоо төлөө тэмцэхийг уриалж байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан