Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хичээл одоо ч завсарлаагүй хэвээр гэж үү



Б.Цэдэвсүрэн

Хэдхэн хоногийн өмнө “Завсарлаагүй хичээл” нэртэй уран сайхны кино нээлтээ хийж, зөвхөн “Соёмбо” кино театрын дэлгэцээр гарч эхлэв. Нэг үеэ бодоход Улаанбаатарт “Тэнгис”, “Өргөө”, “Соёмбо”, “Гэгээнтэн”, “IMAX”, “Хүннү” гэх томоохон кино театр бий болсон.


Үүнээс гадна багахан театрууд ч бий. Тэгвэл яагаад уг кино зөвхөн “Соёмбо” кино театрт гарах болов хэмээн сонирхож үзжээ.
Уг киноны үйл явдал ердөө л нэг ангид өрнөнө. Ингээд ярихаар уйтгартай мэт санагдах ч үйл явдал нь уйдахааргүй өрнөх аж. Баячуудын хүүхэд суралцдаг сургуулийн нэгэн ахлах ангид түүхийн хичээл орж байна. “Цогтын хадны бичиг” болон эртний түүхийн талаар багш нь хүүхдүүддээ заах аж. Энэ анги ердөө л зургаан сурагчтай. Уг сургуулийн захирал Энхбаярын хүү, тэрбумтны охин, Цагдаагийн ерөнхий газрын даргын хүү, төв телевизийн захирлын хүү, УИХ-ын гишүүний охин, жирийн нэг айлын хүү сурдаг. Цагдаагийн ерөнхий газрын даргын хүү энэ өдөр анги дээрээ жинхэнэ буу авч ирснээр үйл явдал өрнөнө. Түүнд жинхэнэ буу байгааг мэдсэн багш бууг авч, хүүхдүүдээ барьцаална. Сургуулийн захирлын хүү ангиас зугтаж гарснаар багш хүүхдүүдийг барьцаалсан нь ил болно.
Түүхийн багшийн шаардлага нь өөрийн хичээлийн хугацаа болох 45 минутад хэдхэн өдрийн өмнө 80 настай ээж, 6 настай охиныг нь дайраад зугтсан алуурчныг олуулах байв. Уг хэрэгт эрүүгийн хэрэг ч үүсгээгүй бөгөөд багш цөхрөнгөө бартлаа явсан учир Цагдаагийн ерөнхий газрын даргад энэхүү тулган шаардалт тавьдаг.

Түүхийн багш болох бүсгүй нөхөртэйгөө олон жил амьдарсан ч хүүхэд олдоггүй байж. Хүүхэдтэй болохын тулд бүх л сайн гэсэн болгоныг хэрэглэсээр нэг л өдөр хүүхэд олсноо мэдэж. Хожуу олдсон хүүхэд учир жирэмсэн байх хугацаандаа байнга гам барих, эмнэлэгээр явсаар төрөх болж эмнэлэгт хэвтжээ. Энэ үед ээж нь зусландаа байж таарч. Нөхөр нь төрөлхийн л хүүхэд шиг гэнэн цайлган хүн байсан учир олон жил хүлээсэн хүүхэд нь юу юугүй төрөх гэж байгаад хөл нь газар хүрэхгүй баярлаж, эмнэлэг гэр хоёрын хооронд гүйсээр. Ингэж явахдаа зуны аагим халуун өдөр мөстэй ус уугаад шөнөжин халуурч, маргааш нь түргэн дуудаж, эмнэлэгт хүргэгдсэн ч эмч нар буруу оношлосны улмаас өөд болжээ. Аавыгаа бурхан болсноос хэдхэн цагийн дараа олон жил хүсэн хүлээсэн охин нь төрж. Ингээд бүсгүй ээжийнхээ хамт охиноо өсгөж, зургаан жил болсон байв. Гэтэл нэг өдөр 80 настай ээж нь 6 настай охиныг нь дагуулан зам гарах гэж яваад машинд дайруулж, охин газар дээрээ нас барж, эмгэний биеийн байдал маш хүнд эмнэлэгт ухаангүй удаж. Түүхийн багшид одоо алдах зүйл үгүй аж. Тийм ч учраас хүүхдүүдийг барьцаалж, түүнд үлдсэн бүхнийг үгүй хийснийхээ төлөө ганц ч удаа холбоо бариагүй нэгнийг олох шаардлага тавина. Энэ үнэнийг сонссон хүүхдүүд ч багшийнхаа талд орж, барьцаанд орно...

Барьцаалагдсан таван хүүхдийн дөрөв нь чинээлэг бөгөөд эрх мэдэлтэй хүмүүсийн хүүхэд. Харин Элбэг бол архичин аавтай, хэвтэрт орсон ээжтэй, өөрөө ахлах ангид сурдаг ч дүүгээ тэжээнэ. Ингэхдээ тэрээр сургууль дээрээ хүүхдүүдэд хар тамхи зарж, захирал Энхбаярт хувь өгч амьдралаа залгуулдаг аж. Харин тэрбумтаны охин Цэцэгээ савны хорт хавдартай хүнд шатандаа орчихсон. Телевизийн захирлын хүү багаасаа л эцэг эхийн хайраар дутаж өссөн гээд хүн бүхэн л өөр өөрийн амьдралын НУУЦ ҮНЭН-тэй.  
90 минутын турш үргэлжлэх уг кино олон зүйлийн тухай өгүүлнэ. Хэн нэгэн гаднаа харагдаж буй шигээ бус. Хүн бүхний мөн чанар өөр гэдгийг харуулахаас гадна нийгэмд тархаад буй хар тамхины хэрэглээ, мөнгөтэй хүмүүсийн хэт их эрх мэдэл зэрэг  ИЛ ҮНЭН-ийг харуулжээ.
Ахлах ангийн хүүхдүүд, ийм насны хүүхэдтэй эцэг эхчүүд заавал үзмээр кино болж уг нь. Гэхдээ яагаад кино театрууд гаргахаас татгалзав. Чухам юунаас айв гэдгийг гайхмаар. Киноны үйл явдлыг нь нэг бүрчлэн ийнхүү тоочсон нь 90 минутын турш үргэлжлэх энэ л үйл явдлаас хүн бүхэн өөр өөрийнхөөрөө л ойлгохоор, өөр өөртөө хэрэгтэй байгаа ҮНЭН-ийг аваад гарахаар өгүүлэмж арвинтай бүтээл болжээ.

Ингээд дэлгэцэндээ гаргах боломжгүй болсон кино театрууд ямар хариу өгснийг сонирхлоо. Хүчирхийлэл, садар самуун, хар тамхи сурталчилсан, нийгэмд буруу үлгэр дуурайл үзүүлэхүйц бүтээл болсон тул гаргах боломжгүй гэсэн хариуг өгчээ. Дэлхийн нийтийн кино урлагийн жишигт шашин шүтлэг, арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтыг үзүүлж болохгүй, хар тамхи мансууруулах бодис хэрхэн хэрэглэхийг зааж болохгүй, хүчирхийлэл, садар самууныг үзүүлэхдээ үйлдлээр харуулж болдоггүй аж. Уг кинонд энэ бүхнийг би л хувьдаа жирийн үзэгчийн нүдээр олж хараагүйгээ энд хэлье. Бид ардчилсан эрх чөлөөт нийгэмд амьдарч буй. Үзэх харах эрхээ хэн нэгнээр боолгуулах ёсгүй. Гэтэл төрийн өмчийн бус мөртлөө дээрх кино театрын эзэд уг киноноос чухам юуг олж хараад гаргахаас татгалзсан нь сонирхолтой. Гадаадын, ялангуяа Холливудын гэх арилжааны кинонуудад ор хөнжлийн ажлыг ч нарийн харуулсан хэсэг байдаг. Ийм кинонууд нь ч сайн орлоготой. Түүнийг нь манайхан BOX OFFICE-ийн орлогоороо тэргүүлсэн кино нэрээр гаргаж, орлого олох гээд л улайрдаг биш билүү. Тэгвэл “Завсарлаагүй хичээл” кино бидний дунд болж буй ҮНЭН-г харуулсан, багагүй ашиг олчих кино шүү дээ, театрын эздээ...
“Завсарлаагүй хичээл” киноны хийцийн хувьд нэгэн шинэ зүйл байгаа нь тус киног 10 хэсэгт хувааж 10 найруулагч найруулсан байна. Киноны ерөнхий пропюсер Б.Ганболд өөрийн шавь болох найруулагчаар төгсөх гэж буй 10 шавиараа киногоо найруулуулж, тэдэнд боломж олгосон байна. Харин 10 хүний 10 янзын хийцийг нэг агууламжид барьж ажиллах хүндхэн үүргийг ерөнхий зураачаар ажилласан Д.Баярсайхан хүлээсэн байна. Ерөнхий продюсераар ажилласан Б.Ганболд “Манай киноны уран бүтээлчдийн хувьд кино хийсэн хөрөнгө мөнгөө олно гээд улайраад яваад байгаа зүйл байхгүй. Хааж, гаргахгүй байгаагийн хэрээр олон хүнд үзүүлж, киногоороо хэлэх гэсэн цаад санаагаа ойлгуулах хүсэлтэй байна. Тиймээс IPTV-д өгөх гэсэн боловч мөн боломжгүй гэсэн хариу авлаа. Кино театрууд болон IPTV-нүүд нэг толгой компанитай холбоотой компаниуд байдаг юм байна” хэмээн ярьсан. Тэрээр кино зохиолоо бичсэн бөгөөд олон жил нухаж, хамгийн сүүлд зөвхөн нэг ангид өрнөж буй үйл явдал болгон багцлах гээд багагүй цаг хугацаа хөдөлмөрөө зарцуулсан аж. “Анх киногоо хийж байхдаа ингэж хааж, гаргах боломжгүй гэсэн хариу авна гэж огт бодоогүй. Харин ч булаацалдаад л гаргах байх” хэмээн бодсон гэж тэрээр инээмсэглэн ярьсан.

Найруулагч Б.Ганболд, Д.Баярсайхан нарын хамтран хийсэн гуравдахь кино нь ийнхүү хаалгуулж буй аж. Энэ талаар Д.Баярсайхан “Энэ удаа “Соёмбо” кино театр маань гаргаж байна. Бүр ч хаачихаагүй байгаа нь сайхан. Бидний хийсэн бүтээл арвин түүхтэй, удаан яригдах бүтээл болсон нь миний энгэрт нэг тэмдэг зүүж өгсөнөөс ч илүү сайхан зүйл. Уран бүтээлч хүний бахархал юм уу даа” хэмээн ярив. Тэд өмнө нь “Шөнийн яриа” УСК, “Дуутын хүрээний сүүлчийн хамба” түүхэн УСК хийсэн нь театраар гаргах боломжгүй гэсэн хариу сонсож байжээ.
Уран бүтээлчид “Бид 1990 онд Ардчилал гэдэг хичээлийг эхлүүлсэн. Тэр хичээл одоо ч завсарлаагүй хэвээр л байна. Энэ хичээлийг бид жинхэнэ утгаар нь сураагүй байгаа учраас завсарлаагүй л байна гэдгийг энэ удаад уран бүтээлээрээ харлаа” хэмээн ярьсан. Үнэхээр бид Ардчилал гэдэг хичээлийг хэзээ сурч, ардчилал аль ч түвшинд жинхэнэ утгаараа хэрэгжих юм бол гэсэн хүлээлттэй үлдэв. Хичээл хэзээ завсарлах бол...

3 Сэтгэгдэл
Ene kinog bvr vzmeeeer bna daan ch oldku ym yah wee???😒
Huts chi!
tged negent gargah bolomjgun bol fb youtube deer tsatsjij boldgun bhdaa
Manai munkhuush muuhai kinond toglojee
Huts chi!
angi 6han huuhedtei bish shuu. angi duuren huuhed bgaa. baritsaalagdsan ni l 5 yum shuu dee
angi 6han huuhedtei bish shuu. angi duuren huuhed bgaa. baritsaalagdsan ni l 5 yum shuu dee
Хамгийн их уншсан