Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“ТИЙН УНЖЛАГАТ” ХЭМЭЭХ ШАР НОХОЙ ЖИЛ ЗАЛУУСТ ЭЭЛТЭЙ


-Шороон шар нохой жил нялх хөгшдөд ширүүндүү, залууст амгалан сайхан байна гэж зурхайн зурлагад тэмдэглэжээ-

Сар шинийн баяр дөхсөнтэй холбоотой 17-р жарны 32 он буюу есөн улаан мэнгэтэй “Тийн унжлагат” хэмээх шар нохой жилийн өнгийг зүүн хүрээ Дашчойлин хийдийн зурхайч Гэлэн данзан чойсон лам Алтангэрэлээс асууж тодрууллаа.

ЭНЭ ЖИЛИЙН ЕРӨНХИЙ МЭДЭЭЛЭЛ

Тоолол: 17-р жаран 32 он
Төвд тоолол: 2145 он
Билгийн хоногийн тоо: 354 бөгөөд илүү саргүй ердийн жил
Жилийн өнгө: Шар Нохой
Эхлэх өдөр: Хаврын эхэн сарын шинийн нэгэн буюу 2018.02.16
Дүүрэх өдөр: Өвлийн адаг сарын битүүн буюу 2019.02.04
Ёгт нэр: Төвдөөр “Тийн унжлагат”, Нангиадаар “Вү Сүй”, Самгардиар “Виламва”
Мэнгэ: 9 улаан
Суудал: Шороо

“ТИЙН УНЖЛАГАТ” ХЭМЭЭХ ШОРООН НОХОЙ ЖИЛИЙН ӨНГӨ

Энэ жил саад тотгор багатай, үр тариа, өвс ургамал дэлгэрнэ. Зарим үед хур саатаж хомсдох тал бий. Хавартаа бол хатуу, салхи ихтэй, мал аж ахуй бага зэргийн хүндрэлтэй. Нялх хөгшдөд ширүүндүү, залууст амгалан байна. Түшмэдүүд хууль дүрмийг эмх цэгцтэй сахиулна.

Жил солигдсоноор засал хийлгэхийн тухайд
17-р жаранд нэгээс 100 хүртэл хүмүүс насалж байна. Энэ насны хугацаанд 19, 25, 37, 40, 50, 60, 70, 80, 90 гэх мэтчилэн туулдаг. Орчлон хорвоод төрөх, өвдөх, өтлөх, үхэхийг хүн гэдэг амьтан заавал эдэлдэг далай юм.

Хүн өөрөө хэзээ юу ирэхийг мэддэггүй. Хэл аманд орж, ажил үйлс бүтэмжгүйдэж, цус харваж, өвдөж л байдаг. Тийм учраас хүмүүс аюулаас сэргийлж, надад нэг ийм юм байж магадгүй учир үүнийгээ засаад сэтгэл санаа, оюун билэг, бие махбодоо ариусгаж, сайн сайхан бодол сэтгэлтэй байя гэж засал хийлгэнэ.

Орчлонд 404 өвчин, 360 ад дон, 81 тотгор, цаг усны 18 үхэл, 8 аюул болон 6 сав 32 лагшин байдаг. Жилийн эргэлт өвөл хавар, салхи шуурга гэх мэтчилэн олон хүчин зүйлсээс шалтгаалж мэнгэ голлох, суудал өнцөгдөх, жил орох, хийморь унах гэхчлэн асуудал бий болдог. Тухай бүрт нь хүмүүс засал хийлгэдэг.

Тэрнээс биш хийд хүнийг хүрээд ир, заслаа хийлгэ гэдэггүй. Энэ нь шашин шүтлэг, сүсэг бишрэлтэй ихээхэн холбоотой. Ирэхгүй байсан ч хийд, лам нар хуралдаж л байна.

Зурхайн зурлагын тухай
Энэ нь цаг хугацааг минут, секундээр зааж гаргадаг цаг тооны бичиг юм. Өөрөөр хэлбэл дэлхийн амьсгал хаана явж байна, аль урьтад явж байна гэдгийг тоогоор тооцоолон гаргахыг л зурхайн зурлага гэдэг. Үүнээс үүдэж ирээдүйг урьдчилан таамаглах боломж бүрддэг. Нэг жаран яваад, нэг жаран эхэлдэг. Дэлхийн эргэлтэд, тухайн жилд хүмүүст ямар үйл явдалтай жил байх бол гэдгийг их мэргэд тооцоолж гаргадаг. Энэ бүхэн зурхайн зурлагатай холбоо хамааралтай.

Мөр заавал гаргана гэсэн ёс байхгүй
Сайн, муу дөрвөн зүг байдаг учраас цагаан сарын шинийн нэгнээр хийморийн зүг гарч, буян үйлддэг Монголчуудын уламжлалт зан үйл юм. Мөр гаргах нь хувь хүний сэтгэлийн асуудал учир заавал мөр гаргах ёстой биш. Өөрөө өөрийгөө ариусгаад, энерги авлаа гэж бодох хүмүүс мөрөө гаргах нь зөв.

Нар ургахаас өмнө мөр гаргах газраа очсон байвал зохино
Нохой жилийн шинийн нэгэн баасан гарагийн шаргачин туулай өдөр тохиож байгаа бөгөөд нар 8 цаг 25 минутанд мандана. Нар ургахаас өмнө мөр гаргах газраа очсон байвал зохилтой. Мөр гаргахдаа малгай, бүсээ биедээ авч аль болох шинэ хувцсаа өмсөж товчоо заавал товчлоорой. Таны суусан хөлөлөөс шалтгаалан доорх зүгт мөрөө гаргаж, дурдсан тарнийг уншуулбал зохино.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан