Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүүний үйлдвэрүүд ШӨХТГ-ын шаардлагыг үл тоожээ

Манайд улсад худалдаалж буй сүүний 10 хувь нь л үнээний сүү ашигладаг гэдгийг мэргэжлийнхэн тогтоосон. Энэ дагуу ШӨХТГ-аас хэрэглэгчдийг төөрөгдүүлж буйгаа залруулж сүүнийхээ хаяг, шошгон дээр цэвэр эсвэл найруулсан сүү гэдгээ үнэн байдлаар нь бич гэсэн үүрэг даалгавар өгөөд багагүй хугацаа өнгөрч буй. Харин эл даалгаврыг сүү компаниуд өчигдрөөс хэрэгжүүлэх учиртай. Тиймээс дэлгүүрүүдэд сүү залруулгатайгаар худалдаалж буй эсэхийг тодруулахаар “Миний зах”-ын сүлжээ дэлгүүрээр орсон юм.
Гэвч тус дэлгүүрт борлуулж буй сүүний гаднах хаяг өнөө л байгалийн цэвэр бүтээгдэхүүн, 100 хувь монгол үнээний сүү гэх хаяг хэвээр байх нь тэр.  “Өглөө” нэртэй  сүү л хатаамал сүүгээр найруулсан гэж бичжээ. Магадгүй, зарагдаагүй үлдсэн сүү байж болох юм хэмээн тус дэлгүүрийн худалдагчаас асуухад “Өглөө ирсэн сүү шүү дээ” хэмээв. Уг нь, зах зээлийн шударга өрсөлдөөнөөр зарж байгаа сүүнийхээ орц найрлагыг үнэнээр бичих ёстой. Тиймээс ч хэрэглэгчийг төөрөгдүүлж буй эл байдлыг өөрчлөхийн тулд тус газраас хуурай сүүгээр найруулсан бол дахин сэргээсэн сүү хэмээн хаяг наахыг даалгасан хэрэг. Дээрх шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд сүүний үйлдвэрүүдийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь цуцлах тухай анхааруулж байсан. Тэгвэл өчигдрийн байдлаар  сүүний үйлдвэрүүд ШӨХТГ-аас өгсөн шаардлагыг биелүүлсэнгүй үл тоожээ.
Харин ШӨХТГ-ын дэд дарга Н.Ариунболдоос шаардлагыг нь биелүүлээгүй дээрх компаниудад хэзээнээс ямар хариуцлага тооцох талаар тодруулахад “Сүүний орц  найруулгыг үнэн зөв тавих талаар хоёр жилийн өмнөөс яригдаж эхэлсэн. Бид хуучин Хөдөө аж ахуйн яам, Стандарчилал хэмжилзүйн газартай хамтран хуурай сүү ашигласан бол сэргээж найруулсан сүү гэж бичиж байхаар тогтсон.  Аж ахуйн нэгжүүдэд агентлагийн зүгээс хугацаа өгсөн. Үүнийг тэд зөвшөөрнө, зөвшөөрөхгүй гэсэн асуудал байхгүй. Бүгд биелүүлэх л ёстой. Шаардлагыг нь биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь хасна” хэмээн ярьсан юм.
Гэтэл үндэсний үйлдвэрүүд дээрх шийдвэрийг эсэргүүцэж цөөн хэдэн үндэсний үйлдвэрлэгч нараа хавчиж, дарамталлаа. Сүүний хайрцган дээр хэдэн үг бичсэн, бичээгүй  ялгаа байхгүй шүү дээ  хэмээн гомдоллох болсон. Тэгвэл  энэ нь үндэсний үйлдвэрлэгч нарыг хавчиж дарамталсан зүйл байхгүй. Зөвхөн хэрэглэгчдийн эрх ашгийн төлөө хийж байгаа үйлдэл хэмээн албаныхан хэлж байна. Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар өчигдрөөс хэрэгжих ёстой дүрэм үйлчлэхгүй байгаа шалтгаан нь сүүний үйлдвэрүүд сүүний хайрцгаа өмнө олноор нь захиалж авсантай холбоотой гэнэ.  Иргэдийн хувьд цэвэр үнээний сүү хэрэглэдэг хэмээн бодож явтал мэргэжлийн байгууллагаас дээрх мэдээллийг хийсэн нь сүүний үйлдвэрүүдэд итгэх итгэл алдарсан. Иймд аль болох литрийн сүү авахыг эрмэлзэх болжээ. Харин үйлдвэрүүд хэзээнээс шаардлагыг биелүүлж эхлэх болон ШӨХТГ том толгойлон үл тоомсорлож буй аж ахуйн нэгжүүдэд ямар хариуцлага хүлээлгэхийг харах л үлдлээ.

Б.Мягмаржав

0 Сэтгэгдэл
ШУУД ТОРГО
Хамгийн их уншсан
МЭДЭГДЭЛ 2024.05.01