Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.МӨНХБОЛД: УУЛ УУРХАЙН БИРЖ БАЙГУУЛБАЛ МАНАЙ АШИГТ МАЛТМАЛ ҮНЭГҮЙДЭХГҮЙ

Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ/,  “Эрдэс баялгийн иж бүрэн санаачилга” хөтөлбөр, Монголын логистикийн холбоо хамтарч
“Тээврийн логистик” онол практикийн сургалтыг өчигдөр зохион байгууллаа.  Энэ үеэр Монголын логистикийн холбооны ерөнхийлөгч, Монгол Улсын зөвлөх инженер А.Мөнхболдтой уулзсан юм.


  -Сүүлийн жилүүдэд ашигт малтмалаа тээвэрлэж зах зээлд нийлүүлэх асуудал хурцаар тавигдаж байна. Ер нь,  уул уурхайн салбарын логистик манайд хэр хөгжсөн юм бол?

-Манай улсын экспорт, импортын барааны тээврийн асуудал яг адилхан. Уул уурхайн баялгаа борлуулах гэрээнээс эхлээд л  ашигт малтмалаа  тээвэрлэх асуудал ч  системгүй явж ирлээ. Иймээс манай эрдэс баялаг үнэгүйдэх үндсэн нөхцөл бий болсон. Жишээлбэл, нүүрсний экспортод төрөөс тавих хяналт, зохион байгуулалт байхгүй. Тээврийн логистикийн асуудал иж бүрэн шийдэгдээгүйгээс нэгд, үнэгүйдэх, хоёрдугаарт тогтмол хугацаанд нийлүүлж чадахгүй байгаа юм. Мөн хүссэн үр дүндээ хүрч, экспортын хэмжээгээ жилд 30 гаруй сая тонн болгож  чадсангүй,  баялгаа борлуулсан мөнгө нь бүтнээрээ Монгол Улсад эргэн орж ирж байна уу гээд олон асуудал бий. Тэгэхээр юуны өмнө бид нүүрсний логистикийг шийдвэрлэх зайлшгүй шаардлагатай.
Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд эхлээд “Уул уурхайн бирж” байгуулах нь зүйтэй. Манай улсын ашигт малтмал олборлогч, нийлүүлэгч, хэрэглэгч, захиалагчидтай нэг цэгт суугаад үнэ хаялцуулан худалдах тэр боломжийг нь бүрдүүлж өгөх ёстой. Харин энэ биржийн мэдээлэл, санхүүгийн урсгал  нь ил тод, нүүрсний тээвэр оновчтой байх хэрэгтэй. Үүнийг ганцхан дэлхийн улс орнуудын шилдэг арга болох  логистикоор л зохицуулдаг.
-Өмнө нь манай ачаа тээврийн логистик ямар байв. Түүхий эд, бараа бүтээгдэхүүний тээврийн сүлжээ байгуулна гэж яриад байгаа?
-Аливаа улс орон оршин тогтнох  эдийн засаг нь байгаа л бол сайн ч, муу ч логистик байдаг. Социализмын үед Монгол логистикийн сайн тогтолцоотой байсан. Тэр нь материал хангамжийн баазын сүлжээ. Мөн хүнсний трест сүлжээ юм. Тэгээд хамгийн дөт замаар оновчтойгоор хөдөө орон нутагт бараа бүтээгдэхүүн хүргэн өгч түүхий эдээ татан авч чаддаг байлаа. Нөгөө талаар, экспорт, импортын асуудал бий. Тухайн үед Зөвлөлтийн болон социализмын орнуудтай харилцаж байсан ч тээврийн сүлжээ сайн байлаа.  
Тэгээд 1990-ээд онд дээрхи сүлжээ устсан. Үүнээс хойш олон янзаар сүлжээ бий болгох гэж үзлээ л дээ. Жишээлбэл, Бөөний худалдааны сүлжээ байгуулах гэж оролдлоо. Түүхий эдийн бирж 1997 онд байгуулах гэж үзсэн.  Тэгээд аль нь ч бүтсэнгүй.  Одоо Түүхий эдийн бирж дахиад байгуулна гэж байна. Энэ яагаад бүтэмжгүй байсан юм бэ гэхээр түүхий эдийн нийлүүлэлт, худалдан авалтыг зөвхөн нэг урсгалаар төлөвлөөд байсан хэрэг. Тухайлбал, хөдөө орон нутгаас зөвхөн Улаанбаатар руу чиглэсэн урсгал төлөвлөсөн юм. Бөөний худалдаа сүлжээ нь ганцхан хөдөө орон нутаг руу чиглэсэн урсгалтай байв. Зөвхөн нэг талын чиглэлийн урсгал нь эдийн засгийн үр ашиггүй. Өөрөөр хэлбэл, хоёр талын урсгалыг нь тооцож оновчтой болгосноор эдийн засгийн үр ашиг гардаг. Тэгэхээр хуучин сүлжээгээ эхний ээлжинд хуулах хэрэгтэй гэж бодож байна.
-Тэгэхээр ийм бирж, логистиктой болоход хэдий хэмжээний хөрөнгө, хугацаа шаардагдах бол?
-Томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хэрэггүй. Байгаа дэд бүтэцдээ зохицуулаад удирдлага зохион байгуулалтыг нь хийгээд өгөх л асуудал байгаа. Энд хүсэл л байх хэрэгтэй. Үүнийгээ зөв зохион байгуулчихвал болох нь тэр. Хамгийн гол нь, мөнгөнөөс илүү эрх зүйн  орчин шаардлагатай.
-Тэгэхээр манай өнөөдрийн зам тээврийн сүлжээ логистик хөгжүүлэхэд хангалттай гэсэн үг үү?
-Хангалттай. Миний хувийн үзэл бодлоор заавал аймаг тус бүрт зам тавих хэрэггүй. Байгаа замаараа бараагаа тээвэрлэчихнэ. Ганцхан зохион байгуулалтаа оновчтой хийх хэрэгтэй. Логистикийн асуудал дэд бүтэцдээ байгаа юм биш. Зохион байгуулалт л алга. Хамгийн эхэнд тэр ачаа тээврийг зохицуулах алба бий болгох хэрэгтэй. Жишээ нь, Улаанбаатараас тээвэрлэсэн ачаа Баян-Өлгий аймагт очно гэж бодъё. Гэтэл Баян-Өлгийгөөс буцахдаа тээврийн хэрэгсэл нь хоосон ирдэг. Тэгэхээр хоосон ирж байгаа зардал нь ачаа тээвэрлэх тарифт сууж өгөөд байна. Хэрэв ачаа тээврийн албатай байвал Баян-Өлгийгөөс буцахдаа замаасаа ачаа аваад Улаанбаатарт ирэх магадлал өндөр болно. Энэ тохиолдолд тээврийн тариф буурна. Мөн тээвэрлэж буй бараа бүтээгдэхүүний үнэ хямдрах юм.
-Монгол Улс транзит тээвэр хөгжүүлнэ гэж байсан. Ийм боломж бололцоо манайд бий юу?
-Өнгөрсөн онд манай улсын транзит тээврийн үйлчилгээ буурсан. Өөрөөр хэлбэл, уул уурхайн бүтээгдэхүүн түлхүү тээвэрлэх нь гээд транзит тээврээ орхигдуулсантай холбоотой. Гэтэл нүүрс болон төмрийн хүдрийн зах зээлийн үнэ ханш, экспорт буураад ирэхээр төмөр замын орлого багасах янзтай болж байгаа юм. Далайд гарцгүй манай улсад транзит тээвэр маш хэрэгтэй.
-Транзит тээврийг яаж хөгжүүлэх вэ. Баян-Өлгий, Сэлэнгэ, Дорноговьд “Чөлөөт бүс” байгуулна гээд олон жил ярилаа. Ажил хэрэг болж байгаа юм алга?
-Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн орны хувьд бусад оронтой харилцах, давуу байдал олж авах ганц хэрэгсэл нь “Чөлөөт бүс”. Үүнийг зөв оновчтой зохион байгуулбал транзит тээвэр, худалдаа өсөн нэмэгдэнэ. Энд бас дахиад л зохион байгуулалт хэрэгтэй. Чөлөөт бүс ажил хэрэг болсон зүйл алга гэж хэлж болохгүй л дээ. Замын-Үүдийн эдийн засгийн “Чөлөөт бүсэд” чамгүй хөрөнгө оруулалт хийсэн. Хятадын Засгийн газраас өгсөн 300 сая ам.доллараар тэнд дэд бүтэц байгуулж байна. Тэгэхээр ирэх хоёр жилд үйл ажиллагаа нь эхлэх болов уу гэж харж байгаа.  Алтанбулаг эдийн засгийн “Чөлөөт бүс”-ийн хувьд мэдэх зүйл алга. Хойд хөрштэйгээ хамтраад ажиллахад Замын-Үүдээр орж ирсэн бараа бүтээгдэхүүн Алтанбулагаар дамжаад гарах урсгал бий болох магадлалтай. Алтанбулаг, Замын-Үүдийн хооронд дээр үеэс  Цайны зам гэж байсан. Энэ замын л сүлжээг сэргээх тухай бас ярьж байгаа.

Т.Жанцан

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан