Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.Лхагва: Монголын боловсролыг нөхөөстэй дээлтэй адилтгаж болно

Монгени сургуулийн захирал, Монгол Улсын гавьяат багш кл/профессор Н.Лхагватай ярилцлаа.


-Монгени сургууль бусдаас арай л өвөрмөц сургалтын арга барилтай харагддаг. Чухам ялгарах онцлог нь гэвэл та хэрхэн тайлбарлах вэ?
-Бид нэг л зорилготой. Юу гэхээр хүүхдийн төрөлх эрхийг дээдэлсэн, чөлөөт сонголт голлосон, албадмал бус сургалтыг зорилгоо болгож ажилладаг. Энэ маань боловсролын хүнлэг, хүмүүнлэг үйлчилгээ үзүүлэх, ирээдүйн сургуулийн шинэ дүр төрхийг бий болгож байгаа юм. Томчууд бид хүүхдээс чухам юу хүсч байгаагаар биш харин хүүхэд маань өөрсдийн сэтгэц, физиологи ба бодьгалын дотоод өдөөлтөөр чухам юуг хүсч, юунд тэмүүлж байна тэр сэдлээр нь хөгжүүлэхийг зорьдог. Чухамдаа хүүхэд бүрийн сурах боломжид тулгуурлан боловсрол эзэмшүүлэх, хамгийн боломжтой арга замыг л сонгож олохыг хэлээд байгаа юм. Энэ маань уламжлалт сургалт шиг гаднаас нь хүчлэн тулгах бус өөрсдөөр нь олон хувилбараас сонгуулахыг хэлээд байгаа юм.

-Та боловсролын шинэчлэлийг язгуур ойлголт гэж ярьдаг. Чухамдаа юуг хэлээд байна вэ?
-Боловсролын салбарыг олон улсын түгээмэл жишиг өөрийн орны онцлогт нийцүүлэн хөгжүүлэх гэхээсээ илүүтэй монгол хүүхдийг монголоор хөгжүүлэх асуудал нэн чухал. Монгол (хүний) хүүхдийн давамгай угшлыг хөхиүлэн дэмжих, баруун тархины хөгжлийг түлхүү дэмждэг оюун сэтгэлгээний хичээлүүд, түүний сургалтын орчин бий болгох нь чухал. Өнөөдөр хүүхэд хөгжих, бас өөрийнхөө авьяас чадварыг хөгжүүлж чадах тийм боломж бололцоогоор хангах, суралцахуйн шинэ орчин шинэ агуулга, аргазүй технологи зайлшгүй шаардлагатай байна.


Шавь Дэлхийн шатрын холбооны мастер Т.Мөнхзулын хамт

Ер нь, боловсрол гэдэг нь гаднаас өгч болох зүйл биш, харин хувь хүнд байгалиас заяасан “хүч боломж”-ийг хөгжөөх, хөхиүлэн дэмжих, хөгжүүлэх арга зам гэж үзэж Монгени төслийн үзэл баримтлалдаа онцлон тусгасан. Боловсрол нь оюун ухаан, мэдлэг, чадвар дадал, хүмүүнлэг ёсыг үйлдвэрлэж, төлөвшүүлдэг онцгой маягийн үйлдвэрлэл. Гэхдээ энэ үйлдвэрлэлийг бий болгохын тулд боловсролын байгууллагыг нэг хэвшмэл загвараас гаргаж, олон хувилбар бүхий бүтэц зохион байгуулалтад шилжүүлэх нь чухал. Хувь хүний (далд) хүч боломжид суурилсан хүний хөгжлийг боловсролын хүмүүнлэг үйлчилгээ гэж үзэж болно. Манай орны хөгжлийн 1990 оноос хойшхи зурвас үеийг тоймлон үзэхэд бусад орны энэ алдааг давтаж, иргэдийн идэвхи оролцоог үл анзаарч байна. Чухамдаа өөрсдийнх нь дунд бий болсон асуудлыг өөрсдөөр нь шийдвэрлүүлэх биш урьдын адил бүгдийг дээрээс шийдвэрлэн, төлөөлөн удирдаж хэрэгжүүлэх гэж оролдсоор он жилүүдийг өнгөрөөсөөр байна. Боловсролын үйл хэрэг хүн бүрийн хөгжил, ахуй амьдралд хүчтэй нөлөөлөгч хүчин зүйлийн хувьд /оролцоо/-ны хандлагыг илүүтэй шаарддаг үндсэн зүй тогтолтой.

-Өөрөөр хэлбэл, зөвхөн багш нарт даатгаад орхих биш эцэг эх хүүхдийнхээ төлөө зогсолтгүй зүтгэх ёстой гэсэн үг биз?
-Сургуулийн удирдлагын бодлого, төлөвлөлт, хяналтад эцэг эх иргэд байгууллагыг татан оролцуулах нь оролцоог нэмэгдүүлэх нэг хэлбэр юм. Оролцоонд тулгуурласан боловсролын хөгжлийн хандлага нь хүмүүсийн сурч боловсрох, хэрэгцээ сонирхлыг илүү хангах, үйлчилгээний чанар үр өгөөж сайжрах, суралцагсдын идэвх санаачилга өрнөх үйл ажиллагааны хяналт шаардлага өндөрсөн эцэг, эх багш нарын хариуцлага дээшлэх зэрэг бидний хүсэн хүлээдэг олон зорилт биелэгдэх суурь нөхцөлийг бүрдүүлдэг. Юуны өмнө, боловсролын үйл хэрэгт гол үүрэг бүхий суралцагсад эцэг эхийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд суралцагчдад бид сургуулийн эзэд гэсэн мэдрэмжийг төрүүлэхүйц үйл ажиллагаа зохион байгуулахад туслах нь манай сургууль, багш нарын гол зорилго юм.


Шавь Олон улсын их мастер Б.Гүндаваагийн хамт

-Монгени төслийн үзэл баримтлал нь боловсролын хөгжлийн шинэ хандлагыг илэрхийлдэг гэж болох нь ээ?

-Боловсролын үйл ажиллагааг эрэмбэлэн цэгцлэх, орвонгоор нь сайжруулах, агуулга үйл явцын суурь ойлголтыг эргэн авч үзэх, язгуурыг дахин дизайнчлах асуудлыг 1991 онд МОНГЕНИ-21 төслөөрөө дэвшүүлж тавьсан. Энэ маань Монголын боловсролын салбарт РЕИНЖЕНЕРИНГИЙН суурь тавьсан гэж хэлж болно. Үйл явцын реинженерингийн хүрээнд наад зах нь гурван гол чухал эх сурвалжийг авч үзсэн. Тэр нь хэрэгцээ ба төрөл зүйл, технологи ба чадвар, чанар ба хувиргалт юм. Монгени-21 туршилтын явцад логик мөрдлөгөөний үндсэн хуулиудад тулгуурлан, эрэмбэлэн цэгцлэх, үйл ажиллагааг үндсээр нь сайжруулж болох агуулга ба үйл ажиллагааны суурь ойлголтыг цоо шинээр ойлгон томъёолох, язгуурыг дахин дизайнчлах асуудлыг дэвшүүлсэн нь огт өөр зарчмаар боловсролын хөгжлийн хандлагыг тодорхойлсон хэрэг бөгөөд сургалтын байгууллагын сэтгэлгээний зан төлөвт суурилсан альтернатив шинжтэй шинэчлэлийн эхлэл болсон юм.


Германы Берлин хотод 2009 он

-Төслөөр багш гэдэг туслагч байх ёстой хэмээн томъёолсон гэж ойлгосон?

-Монгени-21 хөтөлбөртэй холбоотойгоор багш сурган хүмүүжүүлэгчдэд шинэчлэлийн байр сууринаас хандах, сургалтын байгууллагын бүтэц, мөн чанарыг өөрчлөх, суралцахуйн шинэ орчныг бий болгох, технологийг өөрчлөх чиглэлээр судалгаа явуулж, багшийн үндсэн үүргийг өөрчлөн суралцагсдыг мэдээллийн тэнгис далайд аялахад нь туслах эксперт, уг мэдээллийг хамгийн ашигтайгаар мэдлэг болгон хувиргахад нь туслагч байх ёстой гэж үзсэн.
Монгени төслийн хүрээнд Монголын болон олон улсын боловсролын хөгжилд түлхэц болохуйц инновацийн шинж чанартай олон ажил хийгдсэн гэж үнэлдэг юм билээ.
Сургалтын шинэ технологи боловсруулсны үр дүнд сургалтын шинэ хэлбэрүүд бий болох суурь нөхцөл бүрдүүлсэн. Дэлхийн боловсролын хөгжлийн явцад бий болсон сургалтын сонгомол дөрвөн хэлбэр байдаг. Түүнийг хоёроор нэмэгдүүлж зургаа болгосон нь Монгол Улсаас Дэлхийн боловсролын хөгжилд оруулсан томоохон хувь нэмэр төдийгүй инновацийн шинж чанартай бүтээл болсон юм.


Монгени цогцолбор сургуулийн захирал
Монгол Улсын гавьяат багш, кл/професор Н.Лхагва,
БНСУ-ын Дун-Ү коллежийн захирал
Пак Гён Жэ нар эрдэм шинжилгээ судалгааны ажил,
хүний нөөцийн солилцооны хүрээнд харилцан хүндэтгэлтэй,
тэгш эрхтэйгээр хамтран ажиллах гэрээ хийлээ.


-Боловсролын байгууллагад ажилласан энэ олон жилийг эргээд  харахад та юу хийж чадсандаа өөрөөрөө бахархдаг вэ?

-Манай сургуулийн хамт олон Монголын боловсролын хөгжил, боловсролын шинэчлэл, өөрчлөлтөд тэргүүлэн оролцож ирснийг онцлон хэлэх нь зүйтэй.
Боловсролын салбарт инновацийн болон реинженерингийн шинж чанартай олон бодитой ажил хийсэн бахархах зүйл ихтэй хамт олон. Би өөрийнхөө үзэл бодлыг Монгени төслөөрөө дэвшүүлж санасандаа хүрч чадсандаа сэтгэл хангалуун байдаг. Бид Монгол Улс төвтэй Олон Улсын Боловсролын Хөгжлийн Академи байгуулсан. Академийн зөвлөлийн гишүүдийн 40 хувь нь гадаадын эрдэмтдээс бүрдэнэ. Бид цаашид боловсролын хөгжилд бахархах олон зүйл хийнэ, төлөвлөсөн олон ажил бий.


БНСУ-ын “Санхаг” сангийн тэргүүн Ян Сон Ми болон
БНСУ-ын Элчин сайдын яамны Консул Ким  Гуан Шиг нарын
зочид төлөөлөгчид Монгени сургуулийн зургийн урлан
үзэсгэлэнтэй танилцаж буй нь


-“Монгени” их содон нэр санагддаг ямар утгатай юм бэ?

Монгол хүн, Монгол хүүхдийн тухай ойлголт, Монгол (хүний) хүүхдийн давамгай угшил (төрөлхийн гарваль шинж), хувь хүний хүч боломжид суурилсан хүний хөгжлийн тухай ойлголтуудыг багтаасан хураангуйлсан нэр томъёо юм.
Монгол хүүхдийг монголоор нь хөгжүүлэх хувь хүний байгалийн мөн чанарыг дагаж боловсролын үйлчилгээ үзүүлэх гэсэн гол санаа. Монгол ахуй, Монгол зан үйл, ёс заншил, ёс суртахуун, нүүдэлчний соёл иргэншил дээр суурилсан хүний хөгжлийн асуудлыг даяарчлалын эрин үед илүү анхаарах хэрэгтэй юм.

-Кембрижийн боловсролын давуу талыг Монголд нутагшуулах тухай их ярих боллоо. Энэ тухай та ямар бодолтой байдаг вэ?
-Хос хэлний сургалт прагматик сургалтын тухай илүүрхэж ярьдаг социализмын үед сургууль бүхэнд байгалийн ухааны лабораториуд олон тооны лаборант ч байсан. Хэн нэгэн ухаантай хэмнэгчийн дүрд тоглож устгасан. Хүүхдүүдийг сорчилж бусдын бий болгосон хүний хөгжлийн үр дүнг Кембрижтэй холбож өөрсдийн амжилт юм шиг мэдээллийг нийтэд цацаж байна шүү дээ. Ер нь, бодлогын яам дэргэдээ тусгай сургууль байгуулж татвар төлөгчийн мөнгөөр цөөнхийн ашиг сонирхолд нийцүүлж тусгай төсөв, тусгай сургалтын орчин, тусгай цалин хангамж эдлүүлж бусдаас тусгаарлаж ялгаварласан бодлого явуулах нь нийгмийн шударга ёс эв эеийг хөсөрдүүлсэн муу үр дагаварт хүргэнэ. Боловсролын төсөв нь хүн амын багахан хэсэгт зарцуулагдах ёсгүй. Цөөнхийн бүлгийн эрх ашиг сонирхлын илэрхийлэл байж таарахгүй.
Монгол Улс хулгайлсан, хуулсан бус өөрийн боловсролын хөгжлийн бодлоготой байх хэрэгтэй. Монгол ахуй, монгол зан үйл, ёс заншил ёс суртахуун, нүүдэлчний соёл иргэншил дээр суурилсан Монголын боловсролын хөгжлийн бодлого байх ёстой.
Монголын тусгаар тогтнол, үндэсний язгуур эрх ашигтай холбоотой асуудал юм. Одоогийн Монголын боловсролыг нөхөөстэй дээлтэй адилтгаж ойлгож болно. Энэ ч тэр ч сайн гэж элдэв юм авчирч наасаар байгаад нөхөөстэй дээл  шиг болгосон.

-Боловсролын цаашдын хөгжлийн талаархи таны бодол?
-Өнөөгийн Монголын боловсрол экстенсив байдалд орчихсон хүнд байна шүү дээ. Үүнээс яаж гарах вэ гэхээр хариулахад маш хүнд асуудал. Багш нарын жендерийн болон нийгмийн асуудал, ялангуяа хүйсний байдлыг тэнцвэржүүлэх асуудлыг ямар бодлогоор хэдий хугацаанд хэрхэн, яаж шийдвэрлэгдэх нь тодорхой бус байдал нь Монголын боловсролын салбарыг экстенсивд хүргэсэн. Залуучууд багш мэргэжлийг сонгохоо бүр больсон.
Монголын боловсролын салбар үндсэндээ эрчүүдгүй болсонтой бараг адилхан, маш бага хувийг эзэлж байна. Цаашид эзлэх хувь нь улам буурах нь ойлгомжтой. Энэ талаар салбарын залуу сайд маань нэгийг бодох байх. Экстенсив байдлаас интенсив хэлбэрт шилжих төрийн эрчимтэй зөв бодлого хэрэгтэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан