Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.ЦОГТСУГАР: АРХИНЫ ЗОХИСТОЙ ХЭРЭГЛЭЭ ГЭДЭГ БОЛ ДАРГА НАРЫН ГАРГАСАН НЭР ТОМЪЁО

...Архинд орсон нэгнээ шоолж бүү инээ
Аяа, чиний аав чинь ч байж мэднэ... хэмээн төрийн соёрхолт яруу найрагч О.Дашбалбарын алдарт шүлгийн мөрийг мэдэхгүй хүн үгүй биз ээ. Амьдралын бартаанд хөл алдаж, архитай амьдралаа холбосон нэгнээ бид л зөв замд нь оруулж чиглүүлэхгүй бол өөр хэн зүтгэх билээ. Сархад гэгч хорноос өөрийгөө татан авах зориг гарган нэгдсэн хүмүүсийг дэмжин ажилладаг хүмүүсийн нэг Тамхи, архины шалтгаант эмгэг судлалын төвийн тэргүүн, Аддиктологич Ж. Цогтсугартай ярилцлаа.


-Арваад    жилийн өмнө гарч байсан "Архидалтыг бууруулах үндэсний хөтөлбөр"-ийг нэр төдий "хуурай" хөтөлбөр болсон гэх шүүмж дагаж ирсэн. Харин одоо  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар “Архигүй Монголын төлөө” аян өрнөөд жил гаруйн хугацаа өнгөрлөө. Бодитой үр дүн нэлээд ажиглагдаж байгаа?
-Нийгмийн сэтгэлзүйг, нийгэмд хэвшин тогтсон буруу дадал зуршлыг өөрчлөхийн тулд эгэл жирийн иргэнээс төрийн албан хаагчдын төвшинд хүртэл хүрч ажиллах хэрэгтэй. Энэ бол мэргэжлийн өндөр ур чадвар шаардсан ажил. Тэгвэл үүнийг хийж чадах хэмжээнд арваад жил бэлтгэгдсэн чадварлаг мэргэжилтнүүд байна. Архидалт мансуурлын эсрэг ассоциаци, Тамхи архины шалтгаант эмгэг судлалын төв, Эрүүл идэвхтэй амьдралын клуб гээд архины асуудал нь шийдвэрлэгдсэн олон зуун гишүүнтэй, эргээд нийгэмдээ энэ чиглэлийн мэргэжилтэн болон бэлтгэгдэж гарсан олон гишүүнтэй байгууллага бий. Архины эсрэг үйл ажиллагаа явуулдаг 20 гаруй байгууллага нэгдэж ажиллаад өнөөдөр 3000 гаруй хүнийг архинаас гаргаад байна. Энэ бол цаасан дээрх тоо биш шүү. Бодит амьдрал, хүмүүст мэдрэгдэж хэрэгжээд явж байгаа ажил болохоор архитай тэмцэж байгаа бидэнд ч, бусад мэргэжилтнүүдэд маань ч их урам өгсөн ажил болж байна.
-Архины эсрэг тэмцдэг байгууллагууд нэгдэж үйл ажиллагаа явуулж байгаа гэлээ. Энэ үйл ажиллагааныхаа талаар...?
-Одоо нэгдээд байгаа байгууллагууд маань энэ чиглэлээр олон жил ажиллаж, гадаадын мэргэжлийн томоохон байгууллагуудтай харилцаа холбоо тогтоосон. Нэг ёсондоо нийгмийн захиалгаар төрж гарсан байгууллагууд л даа. Бид улс төрөөс ангид. Монгол үндэстний ирээдүйн сайн сайхны төлөө л анхнаасаа ямар нэгэн хувь зохиолоор уулзсан юм шиг хамтран ажиллаж, хор хөнөөлийг бууруулах үндэсний сүлжээнд нэгдсэн.
Бид Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Архигүй Монголын төлөөх” санаачилгыг маш их дэмжиж байгаа. Гэхдээ дэмжиж байна гээд зүгээр хэлж яриад суух биш юм. Үйл ажиллагаагаараа дэмжихийг чухалчилж байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын өрнүүлж буй аяны хүрээнд бүх аймгаар явж монголчууддаа архины хор хөнөөлийн тухай үнэн бодит мэдээллийг хүргэсэн. Үүнийхээ хүрээнд өнөөдөр /өчигдөр/ архинаас гарахаар сэтгэл шулуудан нэгдсэн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын 32 залууд эмчилгээ явуулж байгаа талаараа нийтэд мэдээллээ.
-Та бүхний хэрэглэдэг арга, эмчилгээний талаар сонирхож болох уу?
-Бид архинаас гарахаар шийдсэн хүмүүсийг ердөө таван өдрийн вакумжуулсан сургалтад хамруулдаг. Тэдний оюун санаанд нь нөлөөлөх сургалт юм. Энэ сургалт маань их үр дүнтэй. Архи уух бол нэг төрлийн өвчин эмгэг юм шүү дээ.
-Заавал ямар нэг эм тариа элдэв өөр хүчин зүйлийн нөлөөллөөр л архинаас гарч болох юм шиг ойлголт олон хүнд байдаг?
-Бид ерөөсөө гадна талаас нь бурууг хайгаад байна. Мундаг эмнэлэг, эмч, бөө, лам, гахайн сүү уух, спираль тавиулах гэдэг. Уг нь хүний тархи гэж агуу том эрхтэн байна. Энэ эрхтэн дотор нь, оюун санаанд нь сэтгэлзүйн аргаар чихээр нь дамжаад нэвтэрч, мэргэжлийн өндөр интервенц бодлогоор дамжуулан үзэл хандлагыг нь өөрчилж байгаа юм. Хэрэв тухайн хүн архи ууснаас болоод үзэл хандлага нь өөрчлөгдөөд байвал сэтгэцийн эмгэг болж байгаа гэсэн үг.
Тиймээс сэтгэцэд нь өөрчлөлт оруулахгүйгээр хэчнээн сайхан, үнэтэй тариа хийгээд ч өөрчлөгдөхгүй. Хүний бодлыг өөрчилдөг тариа хэрвээ байдаг бол энэ асуудлууд маш амархан болох нь ээ дээ. Тэгэхээр архинаас гаргахад үзэл санааг нь тархинд мэргэжлийн өндөр төвшинд сургалтаар хийж өгдөг.
Ингэсний дараа эм хэрэггүй шүү дээ. Архинаас гаргах эмчилгээний 90 хувь нь сэтгэлзүйн эмчилгээ. Арван хувьд нь хордлогыг тайлах зэрэгт эм хэрэглэж болно. Тиймээс бид энэ салбарыг нээсэн. Гэхдээ манай байгууллага хувийн хөрөнгөөрөө л ийм ажил хийж байна. Ер нь албадан эмчилгээг 180 хэм өөрчилмөөр санагддаг. Манайх дэлхийн эмчилгээний стандартаас тэнгэр газар шиг ялгаатай байна. ТББ-уудад менежментийн хувьчлалаар өгчихвөл бид тэр хүмүүсийг сайхан орчинд оруулж байгаад сэтгэлзүйг нь эмчилнэ. Тэр муухай эм тариа өгөх, тэр орчин нөхцөлийг өөрчлөх чадал бидэнд байна. Энэ ажлыг арван жил өөрсдөө хийж явна.
-Өмнө нь ингэж олуулаа архинаас гарах эмчилгээнд хамрагдаж байсан тохиолдол бий юү?
-Байлгүй яахав. 2012 онд Дэлгэрхангай сумын 20 залуу “Оюуны 9 дэвшил” хөтөлбөрийн хүрээнд архинаас гарсан. Тэгээд эрүүл, идэвхтэй амьдралын салбар клубийг Дэлгэрхангай сумандаа “Дэвшил” нэртэйгээр байгуулсан. Тэд гэр бүл, үр хүүхэддээ аз жаргал бэлэглэн, бүтээлч хөдөлмөрч, эрүүл нөхөрлөлөөрөө нутгийнхаа залууст эрүүл амьдралын итгэл үнэмшил олгосон учраас дараагийн 32 залуу архинаас гарахаар оюун санааны дэвшил хийж өнөөдөр бидэн дээр ирээд байна.
-Ийм олон хүнийг нэг газар байрлуулж, хооллож ундлаад эмчилгээ хийнэ гэдэг хэцүү. Орон байрнаас эхлээд...?
-Тиймээ. Гэхдээ 10 жилийн турш ажилласны хүчинд гэр хороололд ч гэсэн байртай болсон. Хууль зүйн яамнаас бага хэмжээний санхүүжилт авдаг.
-Та бүхний зүтгэлийг харлуулж харах гэсэнгүй. Гэхдээ л архи уухыг өвчин эмгэг гэж ойлгуулахын тулд чамгүй хугацаа орох юм шиг санагдаж байна. Ер нь, манай улсын хүн амын хэчнээн хувь нь архинд донтох өвчинд нэрвэгдээд байгаа юм бол?
-Архины хамаарал, архинд донтох эмгэг үндэсний эмгэнэлийн төвшинд хүрсэн. 10 жилийн өмнө архины үйлдвэрийн тоо буурсан боловч одоо буцаад хоёр дахин нэмэгдчихсэн. Нэг хүнд ногдох архи үйлдвэрлэлээрээ өссөн байна. Дэлхийн төвшинд авч үзэхэд нийт хүн амынх нь зургаа хүртэлх хувь нь архинд донтох эмгэгтэй болвол үндэсний аюулгүй байдалд хор хөнөөл үзүүлнэ гэж үзээд томоохон арга хэмжээ авдаг.
Тэгвэл өнөөдөр манайд эрэгтэйчүүдийн 22 хувь, эмэгтэйчүүдийн 5 хувь нь архинд донтох эмгэгтэй байна. Манай улсын нийт хүн амын 27 хувьд хүрчихсэн байна. Энэ чинь дэлхий нийтийн аюултай гэж үзээд байгаа хэмжээнээс 4.5 дахин илүү үзүүлэлт шүү дээ. Гэтэл бид үүнийг харсаар байж эмзэглэж чадахгүй байна гэдэг чинь нийгмийн сэтгэлзүй, бид өөрсдөө хэдийнэ гэмтээд эмгэг болсон байна гэсэн үг. Тиймээс өөрийнхөө тэр гэмтлийг олж харж чадахгүй байна.
-Архийг зохистой тааруулж хэрэглэх ёстой гэсэн хандлага нийтийн дунд түгээмэл шүү дээ?
-Зохистой хэрэглээ гэдэг дарга нарын гаргасан үг. Архи уудаг ажилтнаа халахын тулд “Би зохистой хэрэглэдэг хүн. Чи бол зохисгүй хэрэглэдэг” гэж л хэлж ирсэн биз дээ. Гол нь, ямар ч хоронд зохистой хэрэглээ гэсэн ойлголт байхгүй. Архи, тамхины аль аль нь хортой. Угаасаа байхгүй ойлголтыг байлгах гээд залуучуудынхаа тархийг угаадаг. Нэг удаа уухдаа тэдэн грамм вино, тэдэн лааз пиво уух нь зохистой. Энэ бол европ стандарт гэж яриад байдаг. Шинжлэх ухаанд хэрэглэдэг нэр томъёо л доо. Үүнээс илүү уувал хортой байна гэдгийг гаргаж ирэх гэж байгаагийн цаана ийм хэмжээгээр уух ёстой гэж стандарт тогтоож байгаа юм шиг болгочихсон. Зүй нь ерөөсөө уухгүй, хэрэглэхгүй л байх шүү дээ.
-Хүний биед спирт зайлшгүй хэрэгцээтэй гэж яриад байдаг. Спирт огт хэрэглэдэггүй хүн хорт хавдраар илүү өвчилдөг гээд...?
-1960-аад онд байх аа. Колумбын их сургуулийн хэсэг эрдэмтэн спирт хүний биед нааштай үзүүлэлт үзүүлж магадгүй гэсэн үг хэлчихсэн юм. Тэрийг нь бизнесийнхэн дэмжиж, өлгөж аваад өнөөдрийг хүртэл ярьж байгаа. Уг нь хүн архи спиртээс авах гээд байгаа зүйлээ талх, төмс гээд юунаас ч олж авах бүрэн боломжтой. Спиртийн дутагдалд орно гэсэн ойлголт байхгүй. Хоёрдугаарт, спиртний 99 хувь нь хортой, нэг хувь нь хэрэгцээтэй байж болно. Ариутгах чанар нь мэс засал зэрэгт хэрэгцээтэй. Бусдаар бол спиртэд ашигтай гэх зүйл байхгүй гэдгийг дэлхийн эрдэмтэд нотолчихсон. Архи тархины эд эсийг гэмтээдэг. Олон жил архи уусан хүний тархины тап эд эс эргэж сэргэхгүй үхдэг. Нэг удаа уугаад хяналтаа алдаад сэрэхэд 8-20 мянган эс үхэж байгаа. Гэсэн ч гаднаас харахад мэдэгдэхгүй. Гэтэл хуруугаа тайруулсан байхад шууд хараад мэдчихдэг. Харин тархины үхсэн эд эсүүдийг гаднаас нь харж чадахгүй учраас архи уудаг ч мундаг соёлтой залуу харагдаад байдаг. Амьдрал дээр тархиных нь тал архинд уусчихсан хүн байхыг үгүйсгэхгүй шүү дээ.
-Таны түрүүн хэлсэн архинд орсон 27 хувьд ороогүй, архинд донтох эмгэгээ чадварлагаар нуудаг хэчнээн хувь энэ нийгэмд байгаа бол гэх бодол төрж байна л даа?
-Тэрийг мэдэлгүй яахав. Бид цагаан зангиатай архи уудаг хүмүүсийн дунд ажиллаж, амьдарч байлаа. Өндөр албан тушаалтай зарим найз нөхөд минь одоо ч гэсэн ухаанаа алдтал ууж байгааг нь харж байна. Гэвч өөрийгөө архичин биш, би ийм том дарга, ийм том бизнестэй, мөнгөтэй хүн гээд л явдаг. Үнэн хэрэг дээрээ архи ямар ч эд баялаг, нийгмийн гарал, үзэл бодол, намын харьяалал ялгахгүй. Хэнийг ч өөрийнхөө эрхшээлд оруулдаг. Манай төвд гурван ч дээд сургууль төгссөн хүн ирж л байдаг. УИХ-ын гишүүн ч манайхаар үйлчлүүлж л байдаг. Эрдэмтэн, доктор, аварга цолтой бөх гээд хэнийг л бол хэнийг архи эрхшээлдээ оруулдаг юм байна. Тэрийгээ хүлээн зөвшөөрсөн нь өнөөдөр эрүүл саруул болоод, хүлээн зөвшөөрч чадахгүй нь зовоод л яваад байгаа юм.
-Архи шууд болон шууд бусаар хүнийг үхэлд хүргэсэн тоон үзүүлэлт ер нь, ямар байгаа бол?
-Яахав, тоо байдаг юм. Гэхдээ үндэсний хэмжээний том судалгаа хийх хэрэгтэй. Манай статистик худлаа гараад байгаа. Нэгдсэн статистик байхгүй. Согтуу жолооч дөрвөн оюутантай явж байгаад осол гаргаад, тэдний аминд хүрчихлээ. Үүнийг гэнэтийн осол гээд л бүртгээд явчихаж байгаа. Энэ чинь согтуурлаас шалтгаалсан осол эндэгдэл шүү дээ. Тэгэхээр ийм тохиолдол бүрийг оруулаад тооцох юм бол жил бүр 2000 гаруй хүн нас барж байгаа. Мөн согтуурлаас шалтгаалсан өвчин эмгэг, гэмт хэрэг гэж байна. Энэ бүхнийг нийлүүлээд тооцвол жилд хэдэн хүн нас барж байна гэсэн тоо гаргахаас айгаад байдаг юм шиг. Манай улс хоёр удаагийн дайнд 2400 цэрэг дайчнаа алдсан. Тэгвэл нэг жилд үүнтэй тэнцэх хэмжээний хүнээ архинаас болж алдаж байна гээд би таван жилийн өмнөөс хашгираад байгаа ч төдийлэн хүчтэй сонсогдохгүй байх шиг. Тэгэхээр сонсогддог болтол нь чихийг нь онгойлгож өгдөг юм уу. Эсвэл сонсдог газар нь очиж хашгирах тийм л хоёр зам бидэнд үлдээд байна л даа.
-Ингэхэд та ар­хи­ны асуудлаа ар­ваад жилийн өмнө шийд­вэрлэсэн гэсэн үү?
-Би энэ ажлыг эрхлээд арваад жил болж байна. Арван жилийн өмнө архинаас ингэж гарч болдог юм байна гэдгийг сонсч байсан. Анх намайг архины асуудлаа шийдсэний дараа “яруу найрагч Цогтсугар архинаас гарч гэнэ ээ” гэж шоолсон нийтлэл сонин дээр гарч байлаа. Сэтгэл зүйн бэлтгэл муутай, зориггүй хүн бол бараг эргээд архиа уучихаар хүлээж авч байлаа. Гэхдээ миний хажууд Баяраа, мөн одоо хүртэл надтай хамт ажиллаад явж байгаа Пүрэвсүрэн нар байсан учраас би даваад л гарсан. Би төлөөлөл болгон хоёр гурван хүний нэр хэлж байна. Эрч хүчтэй, ухаантай, мэдлэгтэй хэдэн зуун залуу байсан учраас би энэ ажил руу шууд ормоор санагдсан. Өмнө нь уудаг байсан гэдгээсээ ичээгүй. Бид энэ гашуун зовлонгийн ард үнэхээр аймшигтай шүү гэдгийг мэдэрчихээд эргээд мэргэжилтнүүд болчихсон. Би СЭМҮТ-д академич Эрдэнэбаярын дэргэд хоёр жил суралцаж Монгол Улсын адциктологийн нийгмийн зөвлөх гэдэг номер нэг дипломтой мэргэжилтэн болсон.
-Эмэгтэй хүн архинд илүү автаж ордог гэдэг. Ер нь, эмэгтэйчүүдийн архины эмгэгийг эмчлэхэд илүү хүч хөдөлмөр, анхаарал шаарддаг уу?
-Эмэгтэй хүн гурав дахин илүү хөдөлмөр, анхаарал шаарддаг. Яагаад гэвэл эмэгтэй хүний сэтгэл зөөлөн байдаг. Харж байхад зөөлөн сэтгэлтэй хүн их хатуу эвдэрдэг юм шиг. Миний хажууд долоон жил явж архинаас гарсан эмэгтэй сая архидалтын эсрэг байгууллага байгуулсан. Тэнд эмэгтэйчүүд зөндөө л ирж байна.
Эмэгтэй хүнд архи их хүнд тусдаг юм шиг. Гэтэл монголчуудын таван хувийг архинд донтсон эмэгтэйчүүд эзэлчихсэн байна. Ингээд яваад байвал маш том эмгэнэл болоход ойрхон байгаа учраас одоо л зориг гаргаж засахгүй бол аймшигтай үр дагавар ирнэ.

0 Сэтгэгдэл
Цогтсугар ахдаа ажлын амжилт хүсье. Хаяг утасаа өгөхийг хүсэж байна.
Худалч балиар өөдгүй амьтанв Хүний зовлонгоор тоглогч
Цогтсугар багшдаа ажлын амжилт хусье.Албадан эмчилгээ буюу наркологийн тов эмнэлэгт хэвтэж эмчлуулж узлээ. Таны хэлээд байдаг сэтгэл зуйн эмчилгээ тэнд байхгуй гэж болно зовхон хордлого тайлж эм уулгах эсвэл спираль тавьдаг юм байна. Уг нь 10 хоногт 20000 тогрогоор хаана ч байхгуй хямд эмнэлэг юм байна. Архи уудаг хумуус болон ар гэрийнхэнд зовлоход 1 удаа ч гэсэн очоод эмчлуулээрэй. ХАЯГ нь 5 шарын баруун тийш НОМИН агуулахын урд хуучны 2 давхар цэцэрлэгийн байранд байдаг
Хамгийн их уншсан