Ирэх амралтын өдрүүдэд машиныг дугаараар нь хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулна гэсэн мэдээлэл өчигдөр нийслэлийнхнийг бухимдуулав. Энэ сарын 26, ирэх сарын 2-ны бямба гарагт тэгш, энэ сарын 27, ирэх сарын 3-ны ням гарагт сондгой тоогоор төгссөн дугаартай машиныг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэрийг Э.Бат-Үүл дарга гаргасан юм байх. Уг нь, замын ачааллыг бууруулна гэж байгаа. Цагаан сарын бэлтгэлээ амралтын хоёрхон хоногтоо базаадаг ажил ихтэй хүмүүст хамгийн оновчгүй шийдвэр болж туслаа. Таны яриад Ерөнхийлөгчид загнуулсан буруу талдаа хүрдтэй машины адилаар мөн л нийслэлчүүд бухимдаж өдрийг өнгөрөөлөө.
“Хүн амралтын өдөр гэртээ хэвтэнэ үү, гарч түгжрээд гацна уу өөрийнх нь дур”, “Ер нь, бүх машинтай хүнийг хориод, гэртэй айлыг хөдөө нүүлгэчих. Тэгээд замын түгжрэл, утаа арилна биз.
Бүх ажлаа хүчирхийлэл маягаар хийгээд бай”, “Нөгөө иргэдээсээ асууна гээд байсан яасан”, “Бат-Үүлийг замаа өргөн болгож, түгжрэл арилгах байх гэж сонгосон болохоос хүний эрхэнд халд гэж сонгоогүй байх шүү”, “Бат-Үүлийг огцруулахыг дэмжиж байвал тэр өдрүүдэд нь дуут дохиогоо хангинуулъя”, “Санал асуулга асуугаад байсан чинь Ерөнхийлөгчид загнуулсан шарандаа шууд шийдвэр гаргадаг айн”, “Бүгдээрээ энэ хязгаарлалтыг тоохгүйгээр хөдөлгөөнд оролцъё. Бүх машиныг торгоод байв гэж. Иргэдийн эрх чөлөөнд халдсан жинхэнэ коммунистууд” гэх иргэдийн бухимдсан сэтгэгдэл сайтын мэдээний араас хөвөрсөөр. Цагаан сарын бэлтгэл базаахаар яваа иргэд буузаа хийхийн тулд гулууз, гулуузаар нь мах, үхрийн хаа, гуя авч таараа. Нэмээд хонины ууц, үхрийн өвчүүгээ хэвийн боовтойгоо тэврээд явах уу.
Улаанбаатар хотын захирагч аа, одоо машины дугаартай ноцолдохоо болъё. Ард иргэдийг ингэж гэнэтийн шийдвэрээр бухимдуулдахаа болимоор юм. Үүл дарга аа. Тэртэй, тэргүй нийслэлийн иргэд замын түгжрэл, агаарын бохирдол, цалин хөлс, цалингийн зээл, орон сууцны лизинг, бараа бүтээгдэхүүний үнэ гээд өдөр бүр хангалттай стресстэй яваа. Өнөөх таны өлсч ядарч туйлдаж “Хонхны дууг” хоолойгоо сөөтөл дуулж байсан ардчилал хаана байна... Ардчиллын үнэт зүйлс гэдэг хүний эрх чөлөө хаана байна... Хувийн өмч халдашгүй гэдэг нь хаана байна... Хэрвээ таныг ингээд машины дугаар, буруу талдаа жолооны хүрдтэй ноцолдохоос өөр зүйл хийхгүйг мэдсэн бол Замын цагдаагийн газар юм уу Авто тээврийн газрын даргаар томилох ёстой байж гэж ч бодогдох шиг.
Хэдэн жил ингэж дугаараар хязгаарлаж, автобусаа нэгдүгээр эгнээгээр уралдуулах юм. Хумих бодлого биш тэлэх бодлого баримтлахгүй юм уу. Хүссэн хүсээгүй өдрөөс өдөрт хот тэлж байхад хотын төвийн авто замын түгжрэлтэй зууралдаад суух уу. Гэр хороолол доторхи туслах зам, гарцуудыг олноор нь нээх бодлогоо хурдан хэрэгжүүлэхгүй юм уу. Ийм жижигхэн юманд бүхэл бүтэн гурван сарын хугацааг зарцуулчихлаа шүү дээ. Дөрвөн жилийн хугацаа ямар хурдан өнгөрдөг гэдгийг хамгийн сайн мэдэх улстөрчийн нэг дээ уг нь та. Дөрвөн жилийн амлалтаа хэрхэн хугацаанд нь багтаах талаар ард иргэд хүлээж найдаж байгаа шүү дээ. Хавартай зэрэгцэж биш урьтаж өнөөх яриад байсан инженерийн шугам сүлжээгээ эхлүүлэхгүй юм уу. Дүүргүүдэд шинээр газар олгох асуудлыг яаравчлуулахгүй юм уу. Өнгөрсөн бүтэн жилийн турш шинээр олгох газрын зураг төслөө гаргаж байна гээд аль ч дүүргийн газрын алба өргөдөл хүлээж авахгүй байгааг та мэдэх үү.
Магадгүй, ярьж байснаараа том оврын автобус эрхлэгчид ард иргэдэд үйлчлэх тарифаа өнөөдөр нэмээд 600 төгрөг болгосон бол яах вэ. Хөгшчүүл, хүүхэд, сурагчид, хөгжлийн бэрхшээлтэй, дундаж орлоготой иргэд зорчдог нийтийн тээвэр үнэ нэмэх гэж байхад та энэ талаар ганц ч үг өнөөдрийг хүртэл дуугарсангүй. Нийслэлийн Нийтийн тээврийн хэдэн нөхөд хэчнээн сараар нь тоо бодож, тооцоо хийж байна гээд л суугаад байдаг. Аз болоход улсын болон хувийн өмчийн автобус баазууд Цагаан сар болох гэж байгаа учраас иргэдэд дарамт учруулахгүй гэсэндээ тасалбарын үнэ нэмэхээ хойшлуулчихлаа.
Энэ мэт түм, буман асуудал таныг хүлээж байна аа. 1990 оны цагаан морин жилийн Монголын ардчилсан хувьсгалын үйл хэрэгт таны оруулсан хувь нэмэр бол их ээ их. Таны энгэрт гялалздаг Монгол Улсын Баатар цол үүнийг гэрчилнэ. 2012 оны сонгуульд нийслэлд олуулаа ялалт байгуулахад таны гардан гүйцэтгэсэн менежмент гайхалтай байсан уу байсан.
Ажлаа авангуут эрч хүчтэй эхэлсэн таны хэдэн ажлуудын ачаар орон нутгийн сонгуульд олуулаа болсон ялалтад хөтөлсөн гэдгийг намын нөхдүүд тань хүлээн зөвшөөрөх байх. Одоо харин үндсэн ажлаа хийе. Автомашины дугаар, япон машины талаархи “зүүд”-нээсээ сэрье.