Улаанбаатар хотын хүн ам нэмэгдэхийн хэрээр дэд бүтцийн болоод нийгмийн асуудал сөхөгдөх болсон. Тиймээс нийслэлийг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөг хотын захиргааныхан боловсруулан Засгийн газарт өргөн барьсан юм. Энэ удаагийн хот төлөвлөлтийн бодлогод ямар өөрчлөлт, шинэчлэлт орсныг нийслэлийн Зураг төслийн хүрээлэнгийн ерөнхий инженер Г.Нарангэрэлтэй ярилцлаа.
-Нийслэлийг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө ямар онцлогтой вэ гэдгээс яриагаа эхлэе?
-Хотын төлөвлөгөө гэдэг нь хот байгуулалтын баримт бичиг юм. Өөрөөр хэлбэл, нийслэлийн үндсэн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлдог гэсэн үг. Үүний дагуу дараагийнх нь төлөвлөлт уялдаж явах ёстой. Улаанбаатар хот Алтан тэвшийн хонхорт байгуулагдсанаас хойш 370 дахь жилтэйгээ золгож байна. 2001 онд хотын захиргаа тав дахь ерөнхий төлөвлөгөөгөө боловсруулан баталсан.
Гэвч хэрэгжилт нь туйлын хангалтгүй. Нөгөөтэйгүүр, өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд иргэд газраа өмчилж авсан. Дээрээс нь, Монгол Улс шилжилтийн үеэ дуусгаад дараагийн хөгжлийнхөө үед орж ирж байна. Иймээс хот төлөвлөлтөдөө тодотгол хийх шаардлага гарсан юм. Энэ төлөвлөгөөг хийхэд эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн судлаачид холбогдох байгууллагынхан хамтран ажилласан.
-Хотын ерөнхий төлөвлөгөөний хэрэгжилт хангалтгүй байсан гэлээ. Юунаас шалтгаалсан юм бэ?
-Бид хотоо төлөвлөж чадаж байна. Ганцхүү хэрэгжүүлэх тогтолцоо байхгүй. Бусад оронд хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний хууль гэж байдаг. Гэтэл манайд хот байгуулалтын болон ерөнхий төлөвлөгөөний орчин өнөөг хүртэл бүрэлдээгүй. Тийм учраас үүнийг хуульчлахгүй бол хэн дуртай хот төлөвлөлтийг зөрчиж байна. Жирийн иргэнээсээ авахуулаад өндөр албан тушаалтан нь хүртэл. Дээрээс нь, шийдвэр гаргагчид хот төлөвлөлтийг яамныхаа ашиг сонирол, салбарынхаа үүднээс хандан зөрчдөг. Тэгэхээр энэхүү ерөнхий төлөвлөгөөний онцлог нь хууль эрх зүйн орчныг нь бүрдүүлэх, нөгөө талаар хяналтын тогтолцоо бий болж байгаа юм.
-Нийслэл өнөөдөр дөрвөн уулынхаа дунд хашигдан, тэлж чадахгүй байна гэж зарим хүн шүүмжилдэг. Энэ удаагийн төлөвлөлтөөр хот хаашаагаа тэлэх вэ?
-Хотын газар нутгийг тэлэхгүй. Одоогийн байгаа хэмжээнд нь хөгжүүлнэ. Гол нь, бид газраа зөв зохион байгуулж, ашиглаж чадахгүй байна. Багтаж шингэхгүйдээ биш. Судалгаагаар бусад орны жишээгээр нийслэлийн нутаг дэвсгэрт таван сая хүн амьдрах боломжтой гэж байна билээ. Хотын бүтэц, нутаг дэвсгэрийн зохион байгуулалт, замын сүлжээг зөв болгосноор одоо байгаа хүмүүсийг тав тухтай амьдруулж болно л доо. Ийм л бодлого баримтална.
-Гэхдээ хотын хүн ам нэмэгдэхийн хэрээр эрчим хүч, дулааны цаашлаад орон сууцны асуудал сөхөгдөх боллоо шүү дээ?
-Нийслэлийн нутаг дэвсгэр 470 мянган га. Үүнээс барилгажсан хэсэг нь 35 мянган га байгаа юм. Үлдсэн том талбайд хүн амынх нь 5-6 хувь нь амьдарч байна. Гэтэл хотод сая 700 мянган хүн амьдардаг. Энэ юу харуулж байна вэ гэхээр хотын нутаг дэвсгэрийг зөв зохистой ашиглаж чадахгүй байна гэсэн үг. Тиймээс тодотголоор өнөөгийн тулгамдсан асуудлыг цэгцлэх, дээрээс нь дэд бүтцийн хангамжийн дутагдлыг шийдэх зорилго тавьсан. Өнөөдөр хотод яагаад эрчим хүч, дулааны хангамж сөхөгдөөд байна вэ гэхээр сүүлийн 10 жил хөдөө орон нутгаас 300 гаруй мянган хүн шилжин ирсэн байна шүү дээ. Гэтэл тэр хүмүүсийг дэд бүтэц, орон сууцаар хангах боломжгүй учраас сурсан зангаараа хотын зах руу гэрээ бариад галаа түлээд амьдардаг. Энэ бол тогтолцооны гажиг л даа. Яагаад гэвэл, хамаг худалдаа үйлчилгээ, төрийн байгууллага нь хотынхоо төвд төвлөрчихсөн. Бод л доо. Дарханы хүн амаас 3,5 дахин их, зургаан аймгийн хүн амыг нийлүүлсэнтэй тэнцэх хүн хотын иргэн болох гээд амьдарч байна. Энэ их шилжилт хөдөлгөөн нь гэр хорооллыг тэлж, асуудал үүсгээд байгаа юм.
-Тэгвэл хот төлөвлөлтийн хэтийн бодлогод гэр хорооллыг хэрхэн хөгжүүлэхээр тусгасан бэ. Хотын дарга бол дэд бүтцэд холбоно гээд байгаа?
-Хотын өмнөх төлөвлөгөөнд нөөц газар, хэдэн жилийн дараа барилгажина гээд гэр хороололд ач холбогдол өгдөггүй байсан. Энэ ерөнхий төлөвлөгөөгөөр бол их анхаарч байгаа. Гэхдээ гэр хорооллын бүх айлыг орон сууцжуулна гэдэг хэцүү. Нэг хэсэг нь орон сууцанд амьдарна гэх бол нөгөө нь нүүдэлчдийн сэтгэхгүй нөлөөлдөг юм уу хүсэхгүй байх жишээтэй. Тиймээс энэ ерөнхий төлөвлөгөөний онцлог бол гэр хорооллыг нийслэлийн биеэ даасан хэсэг гэж үзээд гэр хороололд амьдарч байгаа хүн орон сууцны иргэнтэй адилхан тав тухтай нөхцөлтэй байх ёстой гэж үзсэн. Өнөөдөр Улаанбаатар хотын 62 хувь нь гэр хороололд, 48 хувь нь орон сууцанд амьдарч байна. Яваандаа энэ нь эсрэг болно гэсэн үг. -Ирээдүйд гэр хороолол ямар төрхтэй болсон байна гэсэн үг вэ?
-Гэр хорооллын хөгжлийг тодорхойлоход манай үндэсний болон хандивлагч байгууллагууд их ажиллаж байгаа л даа. Дэлхийн “ХАБИТАТ”-ын шугамаар гэр хорооллын хөгжлийн төсөл хэрэгжүүлсэн. Дараа нь, “Жайка” олон улсын байгууллагаас ерөнхий төлөвлөгөөний судалгаа ч хийсэн. Энэ бүхнээс гэр хороолол байршлаасаа хамаарч хөгжихөөр тусгасан. Хотын төвийн инженерийн шугам сүлжээнд ойрхон газруудыг үр дүнтэй ашиглахын тулд нийтийн орон сууц барих хэрэгтэй. Захын хороолол бол хаус маягаараа хөгжвөл зүгээр гэж үзсэн. Харин хотод амьдрах гэж байгаа бол тухайн хүн нийслэлийн хот төлөвлөлтийг баримтлах ёстой. Бүсчлэлийн тогтолцоогоор хаана үйлдвэр, орон сууц, ногоон байгууламж байх уу гээд үүрэг зориулалт, хэрэглээгээр нь гараад ирэхээр баримтлах учиртай юм. Тэрнээс цэцэрлэг, парк байна гэсэн газарт орон сууцны барилга барина гээд цагаа үрээд явах шаардлагагүй. Орон сууцны 12 давхар барилга гэж байхад найман давхрыг барина гээд зүтгэх хэрэггүй гэсэн үг. Хэн хэндээ амар. Ийм л тоглолтын дүрэм баримтална.
-БХБЯ-наас “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-ийн шинэчилсэн хувилбарыг явуулна гэж байгаа. Энэ талаар хот төлөвлөлтөд тусгасан уу?
-100 мянган айлын хөтөлбөр шинэчилсэн хувилбараар явна гэж үзэн ерөнхийдөө тусгасан. Тухайн үед нь тодотгол хийгээд явна. Орон сууцны хэрэглээг бодож үзэхэд, 2030 он гэхэд 300 мянган айлын орон сууц хэрэгтэй гэсэн судалгаа гарсан. Энэ нь орон сууцны хэрэглээний гуравны нэг нь. Үлдсэн нь яах вэ. Гэр хорооллоос гэхэд хашаагаа өмчлөөд авчихсан нь 100 мянган айл байна. Цаана нь байгаа 200 мянган хүн орон сууц, хашаа байшин ч байхгүй. Жишээ нь, орон сууцанд нийслэлийн иргэдийн 38 хувь нь амьдарч байна гэсэн мөртлөө тэр дотор 20 мянга нь айлын хажуу өрөө хөлслөөд амьдарч байгаа. Дээр нь, гэр хороололд 60 мянган өрх айлын хашааг түрээслэн амьдарч байна. Тиймээс хүн амынхаа өсөлтийг бодохоор тодорхой хувийг нь нийтийн орон сууцаар хангах хэрэгтэй.
-Өнгөрсөн жил төвлөрөл, түгжрэлийг сааруулахын тулд их, дээд сургуулиудыг хотоос гаргахаар болсон. Энэ талаар ямар бодлого тусгасан бэ?
-Шийдвэр гаргагчдад нэг зүйл хэлмээр байна. Мэргэжлийнхний санал бодлыг сонсч байгаач ээ гэж. Өнгөрсөн жил БСШУЯ-нынхан өөрсдөө шийдээд Налайхад их, дээд сургуулиудын төвлөрсөн оюутны хотхон барина гээд зарласан шүү дээ. Тэгэхэд манайхаас газар нь цэвдэгтэй учраас болохгүй гэж хэлэхэд Засгийн газрын бодлогыг эсэргүүцдэг та нар хэн бэ гэж буруутгасан. Тэгснээ одоо жилийн дараа баахан хөрөнгө зарж судалгаа хийгээд цэвдэгтэй гэдгийг нь мэдээд больсон. Энэ нь дээр хэлсэнчлэн мэргэжлийн бус хүмүүс хотын ерөнхий төлөвлөгөөг баримтлахгүй яамныхаа зүгээс шийдвэр гаргадаг. Энэ хугацаанд хэчнээн хөрөнгө, цаг хугацаа алдсан бол... Одоо Багануурт баръя гэж яриад байна. Гэхдээ бүх оюутныг нэг газарт төвлөрүүлнэ гэдгийг таашаахгүй байна. Багануурт ямар чиглэлийн сургууль байх вэ гэдгээ бодолцож уул уурхай, эрчим хүч гэдэг юм уу тодорхой хэсэг байна уу гэхээс бүх их, дээд сургуулийг байршуулна гэдэг буруу.
-Нийслэлд эмнэлэг барих газар олдохгүй байна хэмээн ЭМЯ-ныхан ярьсан. Хотын ерөнхий төлөвлөгөөнд энэ талаар тусгаж чадав уу?
-Хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөгөөр дүүргийн чанартай эмнэлгүүд хотын дэд төвүүдэд байршина гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, хот найман дэд төвтэй болох юм. Уг дэд төвүүдэд дүүргийнх нь захиргаа, эмнэлэг, спорт цогцолбор, ажлын байр нь байх юм. Тэгвэл заавал хотын төв рүүгээ ирэх шаардлагагүй болно. Харин тусгай эмнэлгийг дагуул хотдоо байлгана гэсэн бодлого барьж байна. Гадагшаа явж буй валютын урсгалыг хаахын тулд нэмж оношилгооны томоохон төвүүд хэрэгтэй. Ингэж хотын төвлөрлийг сааруулбал байдал өөрчлөгдөнө. Бид хотын ерөнхий төлөвлөгөөг боловсруулахдаа холбогдох яамнаас санал авдаг. ЭМЯ-наас ч санал хүсэлтийг нь сонсч авсан байгаа. Ер нь, нийслэлийг харахад нэг хэсэг газартаа хоосон ч юм шиг мөртлөө ерөнхийдөө сул зай байхгүй. Бүгд хэн нэгнийх. Одоо ерөнхий төлөвлөгөөний дагуу зөв зохион байгуулна гэвэл зайлшгүй хэн нэгний эрх ашгийг хөндөж дахин төлөвлөх болно. Тэнд байгаа болон тэр газарт хөрөнгө оруулж буй хүндээ ч ашигтайгаар.
-Тавдугаар цахилгаан станц зогсонги байдалд орсноос хотын бүтээн байгуулалтын ажил саатаж магадгүй байгаа. Дэд бүтцийн хангамжийг нэмэх үүднээс ямар ажил хийхээр тусгав?
-Эрчим хүчний яамтай ярилцсан. Заавал 1000мгвт дулааны цахилгаан станц барина гэлтгүй хэсэгчилсэн болон сэргээгдэх эрчим хүчийг ашиглах хэрэгтэй. Дээр нь, дулааны гурав, дөрөвдүгээр цахилгаан станцад технологийн шинэчлэл хийгээд том биш дунд хүчин чадлын станц барьснаар ирэх онд баригдах бүтээн байгуулалтын ажлыг дэмжих юм.
-Та яриандаа хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөнд хяналт тавина гэж байсан. Яаж хянах юм бэ?
-Хуульчлан батлах ёстой. Ерөнхий төлөвлөгөөнд заавал хэрэгжүүлэхийг хуульчлах ёстой. Одоо Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг УИХ-ын тогтоолоор баталбал яам, хотоос нэгдсэн ажлын хэсэг гарч заавал хэрэгжүүлэхийг хуульчлах ёстой юм. Яахав, тодорхой хугацаа зарцуулна байх. Ингэвэл хэн нэгэн нь хотын ерөнхий төлөвлөгөөг зөрчихгүй, Улаанбаатар ч төлөвлөлтийнхөө дагуу хөгжинө.