Өмнөх, Сү.Батболдын тэргүүлсэн Засгийн газрын хэрэгжүүлж эхэлсэн “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдаж, 6,0 хувийн хүүтэй зээл авахаар орон сууцны урьдчилгагаа төлсөн ч өнөө болтол орон сууцандаа орж чадалгүй хохирч, үүнийхээ төлөө Сүхбаатарын талбайд суулт зарлаад байгаа иргэдтэй МАН-ын удирдлагууд очиж уулзлаа.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар суугчдад “Аль ч засгийн газар өмнөх Засаглалынхаа хийж байсан, эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлэх ёстой. Манай намын Засгийн газрын эхлүүлсэн “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг энэ Засгийн газар үргэлжлүүлэн хэрэгжүүлэхгүй юм бол Н.Алтанхуяг огцрох ёстой” гэж мэдэгдлээ.
Харин хөтөлбөрт хамрагдлаа гэж хууртагдсан иргэд өөдөөс нь “Улс төрийн нэг намын төлөөлөл ирж уулзсанд талархаж байна. Гэхдээ бид энэ асуудлыг ингэж улстөржүүлмээргүй байна. Хамгийн гол нь өмч хөрөнгөө зараад урьдчилгаанд өгчихсөн бид орон сууцтай л болмоор байна” гэсэн хариу өглөө.
Өмнөх Засгийн газрын эхлүүлсэн “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдахаар 1800 орчим айл хямд хүүтэй зээлээр орон сууцанд орох гэж хашаа байшин, газраа зарж, урьдчилгаа төлбөрөө төлсөн. Гэвч төрөөс олгох санхүүжилт нь гацсанаар айлууд шинэ байрандаа орж чадахгүйд хүрээд байгаа юм. Гэтэл барилгын компаниуд алдагдал хүлээхгүйн тулд иргэдэд урьдчилгаа төлбөрийг нь буцааж өгвөл 20 хувийн алданги тооцож буцаан олгоно гэсэн юм. Засгийн газар бүх материал нь бэлэн болсон, шаардлага хангасан 700 гаруй иргэний хүсэлтийг шийдвэрлэнэ гэж байгаа ч цаана нь 1000 гаруй хүн гомдолтой үлдэх болоод байгаа юм. . Нийтдээ 2000 гаруй иргэн ОССК-аар дамжаад Төрийн банкинд материалаа бүрдүүлэн өгсөн байхад Төрийн банк 700 гаруй иргэний материалыг л шаардлага хангана гэж үзээд байгаа. Үүнээс болоод хохирсон иргэд суулт зарлаж үг шаардлагыг нь төр хүлээн авахгүй бол өлсгөлөн болгоно гээд байгаа нь энэ.