“Шинэ зууны Цээл” ТББ-ын гишүүн, “Цээл” сумын Засаг дарга асан Намсрай:
-Сайн байна уу. Та сайхан хаваржиж байна уу?
-Сайхан хаваржиж байна. Сониноор дамжуулан миний төрж өссөн нутгийн ард түмэн, нутагтаа ажиллаж амьдарч байсан, эх орондоо болон бусад улс оронд ажиллаж амьдарч байгаа нийт ахан дүүс, залуус, хойч үе та бүхнийхээ амар амгаланг айлтган мэндчилье. Та бүхэн сайхан хаваржиж байна уу?
-Сүүлийн үед Цээл сумыг нүүлгэх гэсэн байгаа гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдах болсон. Сумын Засаг даргаар олон жил ажиллаж байсан төдийгүй энэ асуудлыг сайн мэдэх хүний хувьд энэ талаар дэлгэрэнгүй, бодит мэдээллийг уншигчдадаа хүргэхийг зорилоо?
-Цээл сумыг нүүлгэх асуудал яригдаад маш олон жил болж байгаа юм. Бүр олон жилийн өмнө буюу Бямбасүрэн, Жасрай гуайн засгийн газрын үед ч энэ талаар асуудал яригдаж байсан. Социализмын үед ч сөхөгдөж байсан түүх бий. УИХ-ын дарга асан Төмөр-Очир анх Цээл суманд ирээд “МУ-ын хэмжээнд ийм хадан дээр байрлалтай, гарцаагүй нүүх шаардлагатай найман сумын нэг нь танай Цээл” гэж ярьж байсан. Нүүх асуудал яригдсанаас хойш олон удаа Засгийн Газар болон УИХ-д бичиг өргөгдөөд ямар нэгэн тодорхой хариугүй болж удсан явдал бол бий.
-Энэ бүхэн хэдэн оны үед болж байсан бэ?
-2003 онд юм даа. Би 2000-2008 хүртэл Цээл сумын Засаг даргын албыг хашиж байсан, сумын уугуул хүн. Говь-Алтайгаас Мөнх Цэвдэг дээр байдаг сум гээд Эрдэнэ сумыг нүүлгэж байсан. Сүүлд нь Ховд аймгийн Алтай сумыг нүүлгэсэн. Аль алиныг нь би харж байсан. Ер нь, Цээл сумын төвийн Цахир Боржинг би 40-70м зузаан гэж ойлгодог. Тэгээд тэр цахир Боржин дээр байрлалтай тул нэгдсэн халаалт, цэвэр бохир усны шугам тавих ямар ч үндэслэл байхгүй. Би энэ шугамын асуудлыг агаараар тавих асуудлыг мэргэжлийн байгууллагад хандаж, ярилцаж ч үзсэн. Гэтэл ЗДТГ, сургууль хоёр нь хоорондоо бараг нэг километрийн зайтай байдаг. Ийм нөхцөлд ямар ч боломжгүй гэсэн. Тэгээд би боржин чулууны үйлдвэр байгуулаад нэлээн сайн ухаж, янзлах боломж байна уу гэж хятадуудтай хүртэл ярьж үзсэн ч тийм асуудал ойрын ирээдүйд байхгүй юм билээ. Тиймээс Цээл сумын төв нүүж энэ хадан дэвсгэрээс гарахаас өөр аргагүй. Миний үед сумын төвийг нүүлгэн шилжүүлэх талаар яригдаад, “Нүүлгэх нь зөв юм байна” гэж шат шатандаа ойлгоод нэлээн боловсроод ирж байсан. Гэтэл манай дараагийн Засаг дарга нар нийт ард түмнээс санал хураалт авахад иргэдийн зарим хэсэг нь сум нүүлгэх асуудлыг “Алтайн Хүдэр” компанийн “Таяннуур”-ын үйлдвэртэй холбон буруу ташаа ойлгож, хардаж сэрдсэн цуу яриа гарсан юм билээ. Цээл сумын төвийн тэр Цахир Боржин чинь 40-70метр, түүнээс ч цааш гүний зузаантай. Энэ боржингоос төмрийн хүдэр гарахгүй нь ойлгомжтой. Нөгөө талаар, сум нүүлээ гэхэд одоогийн тохижилт соёлжилтийг нураагаад эвдээд хаях зүйл биш. Хоёр сайхан баг болоод хоцрох ёстой юм.
-Тэгэхээр Цээл сумыг нүүлгэх асуудлыг “Алтайн Хүдэр” ХХК-тай холбож хэвлэл мэдээллээр гарсан мэдээлэлд та ямар тайлбар хийх вэ?
-Энэ асуудалд нэмж нэг зүйл хэлэхэд, Цээл сумын төвийг нүүлгэх асуудлыг “Таяннуурын” уурхайтай холбож, улс төржүүлж ч болохгүй. Үүнийг улс төржүүлдэг хэсэг бас байсан юм шүү. Сумын төв нүүх нь төр барьж байгаа энэ хэдэн намын хэнд ч хамаагүй, Цээл сумын төвд ажиллаж амьдрах хойч ирээдүй болсон тэр хүмүүст хамаатай. Миний нэг баярлаж, дотроо бахархаж явдаг зүйл бол Монголын хэмжээнд зайлшгүй нүүлгэн шилжүүлэх шаардлагатай найман сумын дотроос ганц манай Цээл сум л “эцэгтэй” юм шиг сайхан ивээн тэтгэгч, түшиг тулгууртай. Үүнийгээ зөв ашиглан харилцан ойлголцож, бие биендээ туслаж ажиллах нь зүйтэй. Тухайлбал, Цээл сумыг нүүлгэн шилжүүлэхэд “Алтайн хүдэр” компани бүх барилга бүтээн байгуулалтыг хийх ёстой гэх учир байхгүй. Үүнийг төр хариуцах ёстой. Сургууль, эмнэлэг, цэцэрлэг, Тамгын Газар, соёлын төв барьж өгнө. УИХ болон Засгийн газарт асуудал тавиад, ажлын комисс томилоод, бүх зөвшөөрлийг авсны дараа зураг төсвөө гаргаад хөдлөх юм бол “Алтайн хүдэр”компанийг зэрэгцээд хөдөлнө гэж бодож байгаа. Манай нутгийн ард түмэн ч үүнийг зөв ойлгож байгаа. Би давтан хэлье. Сумыг нүүлгэх асуудлыг тэнд ажиллаж байгаа ганц уурхай бүрэн хариуцна гэж байхгүй. Төр ихэнхийг нь хариуцаж таарна. Хэдхэн шаардлагатай төсвийн байгууллага байгаа шүү дээ. Үүнийг мэдээж төрөөс бариад өгчихнө. Харин үүний дараа бусад шаардлагатай зүйлст уурхайн туслалцаа гарч ирнэ гэж бодож байна.
-Цээл сумыг нүүлгэх ажил нутгийн иргэдийн хүсэл, санаачилга юм байна гэж ойлголоо. Анхнаасаа энэ сум яагаад ийм газар нутагт байршсан юм бол оо?
-Манжийн үед анх сүм байгуулахдаа нэгдүгээрт, усны сайныг нь харсан. Цээлийн гол маш их сайхан устай байсан. Хоёрдугаарт, голын бэлчир бол маш их нөмөртэй ийм сайхан газар байсан. Үүнийг бараадаад Цээл сумын анхны суурийг татсан хийд байгуулагдсан юм билээ. Тэгээд 1924 онд засаг захиргааны өөрчлөлт орсны дараа Засагт хаан аймгаас салгаад одоогийн Цээл сумыг Алтай сумтай нийлүүлж Цээл сум болгоход хэдэн гэрээ бариад дацангаа бараадсан. Нөгөө талаас шинжээчид энд суурьшвал илүү өгөөжтэй, буян хишигтэй гэж шинжиж байгуулсан юм билээ. Дараагаар нь 1930-1940-өөд оны үед Хасагийн дээрэмчид ирэхэд сумын төв энд байснаар хэнд ч хүчрэгдээгүй юм гэсэн. Ийм л түүхтэй газарт сум байгуулагдаад дээр нь нэгдэл эхлээд цаашлаад сумыг нүүлгэх талаар асуудал яригдаж ирсэн. Ирэх онд 90 жилийн түүхэн ойгоо тэмдэглэх сум шүү дээ. Энэ 90 жилийн турш нүүх тухай асуудал яригдаж ирсэн гэвэл бараг худлаа биш. Сүүлийн үед төр засаг хүчтэй, хөрөнгөтэй, мэдлэгтэй ийм сайхан болсон цагт сумын төвийг нүүлгэхэд богинохон хугацаанд бодитой туслалцаа үзүүлнэ гэж би хувьдаа итгэж найддаг. Цээл сумыг 90 жилийн ойгоороо нүүчихсэн, шинэ сумын суурин дээрээ буучихсан байвал хэчнээн сайхан байх бол доо гэж би боддог. Гэвч 90 жилийн ойгоороо арай л нүүж амжихгүй нь бололтой. Ядаж ойгоороо УИХ, Засгийн Газраас Цээл сумын төвийг нүүлгэх шийдвэр гарвал сумын ард түмэн нэг үе, нэг насаараа магнай нь тэнийх байх даа гэж бодож байна.
-Цээл сум гэхээр мэдээж “Алтайн Хүдэр” ХХК-ийн асуудал зайлшгүй сөхөгдөж гарч ирээд байдаг. Үнэхээр хэвлэл мэдээлэлд бичээд байгаа зүйлүүд ямар учиртай юм бол оо?
-Намайг Засаг даргаар ажиллаж байх үеэр Жанчив дарга надад Цээл сумын сансраас авсан гэх чухал зураг өгсөн. Тэр зурганд Цээл сумын төвийн баруун тал Бор үзүүрийн хавь маш гүн хар зураг гарсан байдаг. 2004 оны үед Аймгийн Засаг дарга асан Жанчивдорж дарга аймгаас 14 хүний бүрэлдэхүүнтэй Хятадад ажилласан. Энэ үеэр Хану, Гансу хотуудаар явж хятадын удирдлагуудтай уулзаж туршлага судалсан юм. Ингэж ажиллаж байх үеэр Цээл суманд маш том төмрийн уурхай байгуулагдана. Ингэсэн нөхцөлд 2600 хүн мал маллаад яах юм гэж нэг хятад надад тэгж хэлж байсан. Тэгээд 2004 оноос хойш намайг Засаг даргаар ажиллаж байхад энэ төмрийн уурхайн лицензийг авах гэж маш олон төмрийн компаниийн хүн ирсэн. Тэрэн дотор өндөр албан тушаалын хүн ч байсан, миний ах дүү хамаатан хүн, мэддэг таньдаг хүн ч байсан. Гадаадын тэр дундаа Хятад, Хонконг-оос их ирж уулзаж байсан хэдий ч бид удаа дараа уулзаж, тал бүрээс судалж үзээд ерөөсөө л өөрийн үндэсний хөрөнгө оруулалттай компанид өгөх нь зүйтэй юм гэсэн шийдэлд хүрсэн. Ингээд “Алтайн хүдэр” компанийн анхны хайгуул, өрөмдлөг, ашиглалтын эх үүсвэр бий болсон юм даа.
-Хэвлэлийн мэдээллээр Цээл сум бараг сөнөж, мөхөж байгаа юм шиг л ойлгогдож байна?
-Үнэндээ “Алтайн хүдэр” компани нь Цээл сумын нийт нутгийн 0,1 хувь хүрэхгүй шахуу газарт үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авч байсан. Нийтдээ 168,3 километрийн зам барих ёстойгоос Цээлийн нутагт 80-аад км нь байгаа, тэгээд Төгрөг, Бугат, Алтай сумын нугийг дайрч, хил руу ордог байгаа. Ер нь, нэг зам тавихдаа техник, эдийн засгийн үндэслэлээр хөндлөнгөөрөө 200 метр газрыг мэдэж, эдэлж хэрэглэх ёстой юм байна л даа. Тэгээд энэ элсэрхэг хөрсөнд хүнд техникийн машин яваад ирэхээр тоосжилт үүсдэг. Уурхайн тоос биш зөвхөн энэ замын тоос энэ компаний нэр сүрийг дараад байгаа юм шүү дээ. Харин уурхайн баяжуулалтын үйлдвэрийн тоосны хувьд би өөрөө судалж үзэхэд төмрийн хүдрийн тоос нь 3-3,5 километрээс хол явдаггүй хүнд тоос байдаг юм билээ. Газрын зөвшөөрөл олгогдож, анх байгуулагдсан цагаас компанийн удирдлагууд нутгийн ард иргэдтэй зөв зохистой харилцаж ирсэн. Байгууллагын удирдлага болон сумын удирдлагууд нийлж баг, сумын иргэдтэй удаа дараа уулзалт зохион байгуулж, санал бодлыг сонсдог байсан.
Ер нь, тэр үед одоо ч бэлчээрийн хомсдолт, цөлжилт, төвийн бүсээс алслагдсан байдлын талаар яригдаж, цаашид дан ганц бэлчээрийн аж ахуйгаар амь зуухад хэцүү болсон байна, тиймээс газрын хөрсөн доорх ямар нэгэн баялгаа бага ч болов ашиглах нь зүйтэй юмаа гэсэн олонхийн саналыг харгалзан үзэж, тухайн үеийн аймгийн ЗДТГ, БОГ, Мэргэжлийн хяналтын газартай байнгын уялдаа холбоотой байж, нөхцөл байдлыг судалж байж зөвшөөрөл олгосон юм. Түүнээс биш сумын удирдлага, компанийн удирдлагуудтай сууж байгаад л шийдчихсэн зүйл биш юм шүү. “Алтайн Хүдэр” ХХК-тай байгуулсан гэрээтэй, санамж бичигтэй, жил болгон хийсэн ажлаа тайлагнаж ирсэн. Аймгийн удирдлагууд, Байгаль орчин, аялал жуулчлалын газар болон Мэргэжлийн хяналтын газарт тайлангаа тавьсаар ирсэн, тэд ч мэддэг юм билээ.
-Шинэ зууны Цээл” ТББ-ын мэдэгдлүүдэд асуудлыг нэлээд хурцаар сөхөж тавьсан байсан?
-Энэ уурхай байгуулагдсанаасаа хойш Цээл сумын ард иргэдэд ихээхэн хор нөлөө үзүүлсэн гэх яриа гарсан байна лээ. Тухайлбал, ихээхэн тоосжилт үүссэний улмаас ургамал тоосонд дарагдаж, түүнийг идсэн мал хордох болсон, ургийн гажиг бий болж байна гэсэн яриа яваад байгаа. Би тэрнийг бас сонирхож үзсэн. Манайхан тэгээд ямар нэг юм болохоор ингэж их туйлшрахаа болиод, зөв зүйтэй талаас нь хараасай гэж бодож байна. Ургамал тоосонд дарагдах явдал бол байх, үүнийг үгүйсгэхгүй. Харин тоостой ургамал идээд тэр болгон бүх малын уушиг нь харлаад, үхэж үрэгдээд байна уу гэдгийг мэргэжлийн байгууллагууд шинжилж үзээд шийдэх байх. Би 1948 оноос хойш Цээл суманд амьдарч байсан хүний хувьд зарим нэг мал гаргахад уушиг нь хавиргандаа наалдсан, харласан, цэврүү үүсэн зэрэг шинж ажиглагддаг байсан. Тэрнийг одоо л гэнэт бий болоод, дээр үед байгаагүй гэж хэлж чадахгүй. Мөн гурван хүүхэд ургийн гажигтай төрлөө гэж ярьж байгаа. Тэрний нэг нь миний хамаатны хүүхэд байгаа юм. Тэд анхнаасаа Цогт суманд амьдардаг байсан, одоо ч тэндээ байгаа, юу нь нөлөөлөөд яагаад тэгж төрснийг хэлж мэдэхгүй. Битүү хүүхэд гарсан гэнэ лээ. Уурхайн тоосжилт битүү хүүхэд төрөхөд нөлөөлнө гэж ямар нэг шинжлэх ухаан баталж хэлсэн юм бол байхгүй. Ингээд бодохоор зарим хүн хэтэрхий их туйлширч, цуу яриа гаргаад байх шиг санагдах юм. Ер нь, аливаа зүйл хоёр талтай байх нь зүйтэй. п
-Та нутгийн зөвлөлийнхөнтэй ямар харилцаа холбоотой байдаг вэ?
- Би өөрөө “Шинэ зууны Цээл” ТББ-ын гишүүн. Намайг ийм бодитой зүйл ярилаа гэж Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн залуус, “Шинэ зууны Цээл” ТББ-ын гишүүд буруутгахгүй байх гэж бодож байна. Бид “Алтайн хүдэр” компанийг хаах талаар яриагүй, замаа тавь, технолгийн шаардлагаа хэрэгжүүл гэдэг л шаардлага тавьж байгаа юм. Түүнээс уурхайг хаах тухай огт яриагүй, Засгийн газар ч тэгэхгүй нь ойлгомжтой байх. Ард түмэн ч тэгж шаардаагүй. Би нутгаасаа ирээд хэдхэн сар болж байна. Одоо ч нутгийн малчин, ажилчин, ард түмэн надтай холбоотой байна. Бид “Алтайн Хүдэр” компаниа ажилуулъя, гэхдээ шаардлагаа сайн тавина. Замаа тавиулъя, тоосжилтгүй болгоё, тоосжилтоос үүдэх бүх сөрөг арга хэмжээнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч шуурхай хандаач ээ гэсэн шаардлага тавьсан болохоос хаах талаар яриагүй. Одоо хаалаа гэхэд тэр дөнгөж эхэлж байгаа ажил, тавьж байгаа замын ажил дутуу орхигдсоноор харин ч хэд дахин илүү сөрөг нөлөөтэй. Би “Алтайн хүдэр” компанийг ганц Цээл биш Говь-Алтай аймгийн цаашлаад Баруун аймгуудын ирээдүй гэж хардаг. Үүндээ ч итгэлтэй байдаг.