Нийслэлийн Өмчийн Харилцааны Газрын Дарга Ш.Төмөрбаатар:
Өнөөдрийн дөч тавиад насныхан та бид олон арван жилийн турш хэмжээ хязгааргүй нийтийн ашиг сонирхол дангаар ноёрхосон нийгэмд амьдарч байсан, түүндээ бараг дасчихсан хүмүүс.
Бид хувийн сонирхол гэдэг зүйл тас хориотой, хүн бүр зөвхөн олон нийт, нийгмийнхээ тухай л санаа зовж явдаг байх ёстой тийм дэглэмд амьдарч байлаа. Хувийн ашиг сонирхол гээч юм хаа нэг тийшээ устаад алга болчихоогүй нь мэдээж. Гагцхүү түүнийгээ далдын далд нуух ёстой байсанд л хэргийн учир оршино. Хэн нэгэн “тэнэг” хувийн сонирхолоо бусдаас нууж чадаагүй бол шууд л хамгийн муу хүний дансанд бүртгэгддэг байв.
Ардчилал зах зээлд шилжиснээс хойш байдал огцом өөрчлөгдлөө.Дүүжингийн туухай эрчиндээ саван эсрэг талруугаа шидэгджээ. Хувийн ашиг сонирхолд хэмжээ хязгаар гээч юм байхгүй бололтой. “Чадаж байгаа юманд арга байхгүй” гэсэн увайгүй зарчим газар сайгүй үйлчилж байна.Ардчилал, зах зээл, эрх чөлөө, нээлттэй нийгэм үүнд харин ямар ч буруугүй. Хэргийн учир чухам яг юунд нуугдаж байна вэ.
Зах зээлийн харилцааны орчинд газар гэдэг юм үнэхээр үнэ цэнэтэй зүйл болдог юм байна. Өнөөдөр газрын хууль бус наймааны хар зах дээр хэдэн зуун сая, магадгүй хэдэн зуун тэрбум төгрөг эргэлдэж байна. Монголчууд бид газар өмчилдөггүй байсан ба зах зээлээс өмнө газар гэдэг зүйл зөвхөн улсын мэдэлд байдаг байв. Тэр үед бид газрыг ямар ч үнэгүй хангалттай хэмжээгээрээ байж байдаг мэтээр ойлгож, итгэдэг байлаа. Хашааныхаа хэдэн ширхэг банз, бараг л хайрцагны модоор барьсан шахуу байшин саваа хэдхэн зуу, за сайндаа мянган төгрөгөөр өгөлцөж авалцах тухай л өөр хоорондоо ярилцдаг байснаас биш манай хашаа худаг автусны буудалд ойр, байрлал сайтай тиймээс төдөн төгрөг нэмж өг гэвэл тэр үеийн хүмүүс чамайг шууд л галзуу солиотойд тооцох байсан биз. Гэтэл газар, түүний байрлал, тухайн цэгт хүрсэн дэд бүтэц гээч юм чинь олон арав, зуун мянган доллараар үнэлэгдэх хэмжээний үнэ цэнэтэй зүйл байжээ.
Зах зээлийн харилцаанд шилжмэгц газар өмчлөх,эзэмших тухай, газрыг зарж борлуулж худалдан авч болдог бараа бүтээгдхүүн, өмч хөрөнгө,арилжааны объект болгох тухай асуудал өөрөө аяндаа босч ирсэн юм. Үнэндээ газрыг ганц улс л өмчилдөг тийм улс оронд ямар нэг зах зээлийн харилцаа үүсэх бололцоо нөхцөл үгүй билээ.
Энэ тухай яриа хөөрөө босоод эхэлмэгц хамгийн их эсэргүүцэж байсан хүмүүс нь тэр үеийн эрх баригч намынхан байв. Газраа зарж борлуулдаг болчих л юм бол Монгол Улсын тусгаар тогтнол ёстой жинхэн лөөлөө болно хэмээн хамгийн чангаар орилолдож байсан намын удирдлага болох Н.Энхбаяр тэргүүтэн 2002 онд гэнэт газрын шинэ хууль, шийдвэрүүдийг гаргуулж чаджээ. Хамгийн сонирхолтой нь олон нийт газрын хууль бус наймаа, газрын хууль бус зөвшөөрөлтэй холбоотой бизнесээр жинхэнэ тэрбумтан болсон хүмүүс гэж тэднийг нэрлэдэг.Газар,газрын хууль бус наймаанаас саятан болцгоогсод бараг бүгд толгой дараалан тухайн үеийн улс, хотын эрх баригчид байсан нь хэнд ч тодорхой.Чингэж баяжиж чадаагүйдээ энэ тухай яриад байгаа юм биш гэдгийг та бүхэн болгооно биз ээ.Хэргийн учир нь тэдний газрыг зах зээлийн харилцаанд оруулсныг буруу гэх гээд байгаа юм бус харин тэд газрын наймаагаар ямар хэмжээний ашиг орлого олж баяжиж болох тухайгаа эртнээс бодож тооцоолон эрх зүйн саарал орчин бүрдүүлсэнд оршино. Иргэдийн оролцоо, ардчилал, зах зээлийн зарчимаар газар зохион байгуулах,төлөвлөх,олгох, аж ахуй, арилжааны объект болгох асуудалд саад тотгор болж, эрх зүйн эрүүл зөв орчныг бүрдүүлэлгүй хойш татах замаар өөрсдийн баяжин хөлжих замыг зассан тэдгээр “эх оронч сайн” хүмүүс л явж явж өнөөдрийн Улаанбаатарчуудын өмнө тулгараад байгаа төлөвлөлтгүй барилгажилт,замын түгжрэл, агаарын бохирдол, амьсгалын замын болон уушигны өвчин эмгэгийн гол шалтгаан, буруутнууд нь юм.Өнөөдрийн Улаанбаатарчуудын хамгийн гол зовлон болоод буй бэрхшээлүүдийн үндсэн шалтгануудын нэг нь газрын замбараагүй олголт, хууль бус зөвшөөрөл, газрын далд арилжаа наймаатай холбоотой юм.
Хүнийг хар амиа хичээх явдлаас нь салгах ямар ч боломж байхгүй. Гэхдээ хүн бол оюун ухаант амьтан учраас дан хар амиа хичээгээд хол явахгүй гэдгээ сайн мэддэг. Өөрийн явцуу эрх ашгаа хамгаалахын тулд бусдын эрх ашгийг өөрөөр хэлбэл нийтийн эрх ашгийг хүндэтгэж хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй байдалд ордог. Үүнийг л бид нийгмийн зохион байгуулалт зохицуулалттай харилцаа гэж нэрлээд байгаа юм. Манайд хамгийн их үгүйлэгдэж байгаа зүйл бол энэ зохицуулалт. Барилгын бизнес эрхэлж ашиг олох гэж байгааг тань, том сайхан байшинтай байхыг хүсч байгааг тань, түүнийгээ түрээслээд эсвэл зараад амьдрахыг хүсч байгааг тань буруутгах ямар ч үндэс байхгүй. Гэхдээ та тэр байшингаа нийтийн явах замыг таглаад барьчихвал адаглаад та өөрөө машинаараа явах ч боломжгүй болно. Эрх зүйн зохицуулалтын “саарал орчин”болон түшмэдүүдийн хувийн сонирхолыг ашиглан хээл хахиулиас эхлээд янз бүрийн аргаар нийтийн эзэмшилийн зам талбайг хааж эсвэл ногоон байгууламж сүйтгэж, орон сууцны орц, цонх таглаж, хүүхдийн тоглоомын талбай, сургууль цэцэрлэгийн биеийн тамирын талбайг дээрэмдэн авч байшин барих нь энгийн үзэгдэл болжээ. Үүнд зогсоох арга нь нийтийн эрх ашгийг хамгаалсан хууль цааз, дүрэм журам буй болгож, түүнийг нь юу ч үл хайхран биелүүлдэг засаг захиргаа нийтийн албатай болмоор байна. эсрэг тэмцэх цаг нэгэнт болжээ.
Нийтийн эзэмшилийн газар төлөвлөлтөнд тусгагдаагүй барилга, байгууламж бариулахыг зогсоож газрын зөвшөөрлүүдийг цуцлах хэрэгтэй. Авто машины болон явган зорчигчдын зам хүүхдийн тоглоомын болон сургуулийн биеийн тамирын талбай ногоон байгууламжаас газар авч барьсан барилгуудыг эзнийх нь хөрөнгөөр буулгах хууль байсаар байтал түүнийг үл хайхран зөвшөөрөл олгож, харсаар байтал нийтийн эд хөрөнгийг /нийтийн эзэмшлийн газар бол нийтийн эд хөрөнгө болохоос биш “түшмэд”-үүдийн өмч биш/ хууль бус наймааны хэрэгсэл болгогсодыг хараагүй мэдээгүй дүр эсгэсэн энэ байдлаа засж залруулах хууль зөрчисөн албан тушаалтнуудтай хариуцлага тооцох асуудал бидний өмнө тулгараад байна. Нийслэлийн Засаг Дарга,Улсын баатар Э.Бат-Үүл элдэв дарамт шахалтыг үл хэрэгсэн энэ ажлыг зориглон эхлүүлсэнд нийслэлчүүд нэн талархалтай хандаж байгаа бөгөөд Бат-Үүл баатар болон Д.Баттулга даргатай НИТХ-ын эхлүүлсэн энэ ажлыг иргэд ойлгон дэмжих нь өнөөдөр юу юунаас чухал болоод байна.Эрх зүй хууль цааз бүхий ямар ч оронд өнөөдрийн манай Улаанбаатарт болж байгаа шиг ийм улайм цайм дээрэм тонуулын шинжтэй үйл ажиллагаа болдоггүй. Нэг бол бүгд төрийн өмч хэнд ч юу ч өгөхгүй гээд эсвэл бүгдийг нь чадаж байгаа нь хулгайлаад дээрэмдээд луйвардаад авчихдаг ийм булай ёс манайхаас өөр хаана ч байхгүй. Зах зээл ардчиллын ачаар бидний амьдралын боломж дээшлэхийн хэрээр бидэнд орон сууцаа барих, зам гүүрээ тавих, хүүхдийн ясли, цэцэрлэг, сургууль барих нийтийн эзэмшлийн газар талбайн хэрэгцээ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Гэтэл газар, талбай гэдэг бидний хүссэнээр сунаад өргөжөөд байдаг зүйл биш юм. Тиймээс хязгаарлагдмал нөөцөөр хязгааргүй хэрэгцээгээ хангахын тулд ухаалаг бодлого төлөвлөлт хэрэгтэй байна. Харин ухаалаг бодлого төлөвлөлтийг дарга нар хэзээ ч хийгээгүй хийдэггүй бололтой. Энэ нь ч тэдэнд өөрсдөд нь ашигтай байсан байх.Тэгэхлээр төлөвлөлт, ялангуяа газар төлөвлөлтөд олон түмний оролцоо хяналт гэдэг зүйл зайлшгүй хэрэгтэй болно. Иргэд хяналт тавьж оролцохын тулд хүссэн ч эс хүссэн ч зохион байгуулалтад орох хэрэгтэй. Хяналт тавихын тулд та өөрийн хамгийн үнэтэй юмны нэг болох цагаа зарцуулах хэрэгтэй болдог. Хууль зөрчигчид яагаад ийм зоригтой ичгүүр сонжуургүй байгаагийн үндсэн шалтгаан нь бидний нийтийн үйл хэргээс хойш суумхай зан юм. Тэд нэг хоёр хүн хулгай хийчихлээ дээрэмдчихлээ гэж хашгиралдаж байгаа л биз, тэглээ гээд яадгийм яах ч үгүй юм чинь гэж итгэж байгаа болхоороо л тийм зоригтой эрээ цээргүй байгаа юм. Өөрөөр хэлбэл бид өөрсдөө нийгмээ дархлаагүй өөрийгөө хамгаалах чадваргүй болгосонд оршино. Хорооны Засаг дарга болохыг хүссэн хүн ах дүү танил тал найз нөхдөө цуглуулаад л хорооны хурал хийсэн дүр үзүүлж байгаад хорооны дарга болчихно. Энэ нь нийслэл хүртэл түвшиндээ хадгалагддаг. Ингэхлээр яаж иргэний оролцоо, хяналт байх вэ дээ. Хамгийн гол нь бид үүнийг мэдсээр байж мэдээгүй царайлан явдагт л байгаа юм.
Өнөөдөр бид “энэ хотын эзэн нь хэн бэ?” гэдэг асуултад үнэн сэтгэлийнхээ хариултыг өөрсөддөө өгөх цаг нэгэнт болжээ. Эзэнгүй юм шиг, хэн дуртай нь юу дуртайгаа хулгайлж дээрэмдэж тонож байдаг,бусад нь харсан ч хараагүй юм шиг, мэдсэн ч мэдээгүй юмшиг царайлан явж байдаг энэ байдлаасаа хамтдаа гарцгаах болсон.Энэ хотын эзэд нь бид юм, энэ хот маань хаашаа явах, яаж хөгжих, хэнтэй нөхөрлөхийг бид л мэднэ, мэдэх ч ёстой” гэсэн тийм итгэл үнэмшил, иргэнлэг зориг бидэнд дутаад байна.
Нийгмийн ухамсар дахь өөрчлөлт дээр үеийн ханын цагийн дүүжин шиг хөдөлгөөнөөр хувьсаж өөрчлөгдөж байдгийг эрдэмтэд ажигласан байна. Хүмүүсийн аливаад хандах хандлага, хүлээн авах чадвар нь үгүйсгэлийн нэг хязгаараас нөгөө хягаарлуу энерцээрээ савлаж байдаг ажээ. Монголчууд бидний сэтгэлгээнд 1990 оноос хойш гарч байгаа өөрчлөлт энэ ажиглалтын зөв болохыг нотлон харуулдаг. Хувийн гэсэн бүх юмыг үгүйсгэцгээдэг байсан бол өнөөдөр нийтийн гэсэн юм болгоныг үгүйсгэж байна. Энэ бол байж үл болох хэт туйлшрал юм. Хувийн гэсэн юм болгоныг үгүйсгэх нь хичнээн буруу бол нийтийн гэсэн юм бүхнийг үгүйсгэж байгаа нь төдий чинээ буруу. Ялангуяа хот суурин газарт, тэр тусмаа сая илүү хүн амтай мегаполисын аж амьдралыг зөв зохицуулахад нийтийн өмч, нийтийн эзэмшил, нийтийн байгууламж, нийтийн зохицуулалтгүйгээр яах ч арга байхгүй.
Нийтийн өмч, эзэмшил, нийтийн байгууламж, нийтийн зохицуулалт нь хувь хүний эрх чөлөөт байдлыг зарим талаар хязгаарлана. Үүнийг тохь тухтай аж амьдралын төлөө төлөх ёстой зайлшгүй төлбөр гэж ойлгож хүлээн авах ёстой юм. Та машинаараа саадгүй явахыг хүсч байгаа бол авто замын хөгжилд нэмэр хандив болохоос өөр арга танд байхгүй. Энэ нэмэр хандив нь мөнгө төгрөг, цаг хугацаа, тэвчээр, хүлээц, хязгаарлалт юу ч байж болно. Түгжирдэггүй, машин тэргийг тань эвдэж хэмхлээд байдаггүй сайхан замтай болохын тулд энэ бүхнийг зориулах л хэрэгтэй болно. Нийтийн эрх ашиг гэж үүнийг л хэлээд байгаа юм.
Нийтийн эрх ашиг гэхээр л бидний толгойд социализмийн үеийн коммунист ойлголт орж ирээд байдгаас нийтийн гэсэн юм бүхэнд аллергитаад байдаг ч байж магадгүй. Гэтэл зах зээлийн харилцааны орчинд ардчилсан нээлттэй нийгмийн дэглэмд нийтийн эрх ашиг гэдэг ямагт хувь хүний эрх ашгаар нөхцөлдсөн, эцсийн эцэст хувь хүний ашиг сонирхолд захирагдсан зүйлс байдаг. Эцсийн эцэст бид сайн замтай, төлөвлөгдсөн дэд бүтцэцтэй болбол бүгд нийтээрээ л хожно. Тэгэхлээр нийтийн эрх ашиг гээд байгаа маань явж явж хувийн эрх ашгийг л хэлээд байгаа юм. Тийм учраас либерал улс төрчид, эдийн засагчид хувийн сонирхол, хувиа бодох явдалтай тэмцэх нь бүү хэл дэмжих хэрэгтэй гэж сургадаг билээ.