Хэрвээ та нярай, нялх хүүхэдтэй бол рахит шинж тэмдэг бий эсэхийг ажиглаарай. Учир нь, эл өвчнийг эрт илрүүлбэл төгс эмчлэхэд чухал. Хүүхэд цочих, уйламхай болох, нойр хөнгөн, унтаж байхдаа татганаж сэрэх, хөхөх, хооллох үедээ хүүхэд их хөлрөх, заримдаа бүр хөлсний дусал нь бурзайж харагддаг бол тархины даралттайн шинж. Түүнчлэн толгой, дагз орчмоор илүү хөлрөх ба тэр хавийн арьс загатнаж, толгойгоо шөргөөсснөөс үс нь халцардаг.
Харамсалтай нь, рахитын энэ мэт анхны шинжүүдийг эцэг эх муу анхаардаг. Энэ л үед эмчлэхгүй аваас хоёроос долоо хоногийн дараа хүүхдийн яс зөөлөрдөг байна. Рахит-ын хурц үед яс зөөлрөх шинж давамгайлах ба үүнээс болж хүүхдийн толгой, цээжний хэлбэр өөрчлөгдөн хүүхэд хожим нь үеийнхнээсээ далий, данхар толгойтой болдог.
Булчингийн хүчдэл болон үений холбоос суларснаас хүүхэд толгойгоо даах (1-1.5 сар), суух (4-5 сар), мөлхөх (5-6 сар), явах (10-12 сар) хугацаа оройтож, шүдлэхгүй эсвэл шүд нь буруу ургана. Рахиттай хүүхдүүд цус багадалттай, хоолны шингэц муутай болдог.