Улаанбаатар хот мөнгөн усанд “автах” нь. Хэн, хаанаас, хэзээ тээвэрлэж авчирсан нь үл мэдэгдэх эл бодис эдүгээ хотын гудамж, талбай битгий хэл орон сууцны хорооллын гадна байдаг болж. Латинаар “hydrargyrum” гэх мөнгөн ус нь маш урсамтгай, ууршимтгай, шингэмтгий учир хөрс шороо, мод, өвс ургамал, төмөр зэрэгт шингэн эргээд ууршдаг бодис. Тиймээс ч хүний эрүүл мэндэд шууд нөлөөлөхгүй ч аамжаар үхлийн аюулд хүргэдэг хэмээн манай улс ямар ч үйлдвэрлэлд хэрэглэхийг хатуу хориглосон химийн бодисуудын нэг. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хил гаалиар ч нэвтрүүлэхийг хориглосон. Гэтэл хилээр оруулж ирэх, хэрэглэхийг хориглосон эл бодис яагаад хөдөө гэлтгүй хотод “тэнэж” иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхэнд халдаад байна вэ...
Энэ талаар БОНХЯ-ны химийн хорт болон аюултай бодисын бодлого зохицуулалтын асуудал эрхэлсэн үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга Л.Жаргалсайхан “Мөнгөн усыг үйлдвэрлэлд хэрэглэхийг хориглосон дэлхийн олон орны нэг нь манайх. 1550 оноос Африкт алт угаах зориулалтаар мөнгөн усыг анх ашиглаж эхэлсэн түүхтэй. Үүнээс хойш дэлхийн улс орнууд нийтдээ 300 мянган тонн орчим мөнгөн ус ашиглажээ гэсэн тооцоо байдаг. Мөнгөн уснаас үүдэлтэй минимата өвчин илэрсэн 1960-аад оноос дэлхийн бараг бүх орон алт угаахад мөнгөн ус хэрэглэхийг хуулиараа хориглосон.
Өнөөдөр БОНХЯ-ны зөвшөөрлөөр зөвхөн лабораторт ашиглах зориулалттай хуурай мөнгөн ус хилээр оруулж ирдэг. Магадгүй, хотын энд тэндээс металл мөнгөн ус олдсон нь иргэд зөвшөөрөлгүй ашигласан эсвэл санамсар болгоомжгүйгээс халууны шил, мөнгөн ус агуулсан багажаа хагалж гэмтээснээс асгарсан байж болох юм. Гэхдээ хэн, хаана, яах гэж мөнгөн ус асгасныг цагдаагийн байгууллагынхан л тогтооно” гэв.
Харин хамгийн сүүлийн тохиолдол болох Баянзүрх дүүргийн гуравдугаар хороо бидний нэрлэж заншсанаар Сансарын тунелийн 51 дүгээр байрны орцны гадаа асгарсан мөнгөн усны талаар НОБГ-ын нэгэн эх сурвалжаас асуухад “Аврах ангийнхан болон цагдаагийн албан хаагчид тухайн газарт ажилласан. Мөнгөн ус яагаад алдагдсан, хэр хэмжээтэй, хэн үүнд буруутай гэх мэт мэдээллийг өгөхөд эрт байна” хэмээсэн. Хөдөө, хотод “тэнэсэн” мөнгөн усны тохиолдол бүрт ажилладаг МХЕГ-ынхнаас асуувал “Хотын гудамж талбайд мөнгөн ус асгарсан байна гэсэн дуудлага ирж байгаа нь хил, гаалиар нууцаар оруулж ирж байна уу гэсэн хардлага төрүүлдэг. Гэхдээ яг баттай мэдээлэл байхгүй болохоор хэнд буруу өгөх вэ дээ. Сүүлийн хэдэн тохиолдол болох Архангай аймгийн ундны усны орчимд мөнгөн ус асгасан эздийг тодруулахаар ЦЕГ ажиллаж байна. Харин Баянхонгор аймагт гарсан нь хувь хүн гэртээ алт угаах зорилгоор хэрэглэсэн, Сэлбийн гүүрний орчмынх нь мөнгөн ус тунаж үлдсэнийг нь мэдэхгүй хуучин чулуун бутлуурын тээрмээ хаясан байсан. Цагдаагийнхнаас эдгээр хэргийн талаар асуухад эзэн холбогдогчийг нь тогтоогоогүй, шалгаж байна гэсэн мэдээлэл бидэнд өгсөн” хэмээв.
Олон улсын стандартаар нэг метр куб агаарт мөнгөн усны зөвшөөрөгдөх дээд хэмжээ нь 0.05-0.1 мг. Хэрэв 10 мг-аас дээш байвал арьсаар эрчимтэй нэвтрэн орж, загатнуулж, улайлт үүсгэх, гар, хамар, хөлийн улны арьс зулгаран хуулрах шинж тэмдэг илэрдэг байна. Нэг ёсондоо, МХЕГ-ынхны хэлснээр халууны шилний мөнгөн ус ч хүний биед сөргөөр нөлөөлдөг учраас их, бага хэмжээгээр биш хор аюулаараа эртнээс хүн төрөлхтний үр удамд заналхийлж байсан бодис гэнэ. Үүний жишээ нь, 1956 онд Японы Кюшү арал дээрх Минамата хотын химийн үйлдвэр хаягдлаа далайд хаядаг байснаас тэнд амьдардаг, далайгаас хоол хүнсээ залгуулдаг олон мянган япон иргэн мөнгөн усаар хордож амь насаа алджээ. Тиймээс оношилж байхдаа минамата өвчин гэж нэрлэж, метилийн мөнгөн уснаас үүдэлтэй, хордлого нь төв мэдрэлийн системийг эмгэгшүүлэн улмаар хүний генийг гэмтээн удамшдаг юм байна гэдгийг анх тогтоосон аж. Харин манай улсын хувьд энэ бодисыг хориглосон ч хэрэглээ нь ил цагаандаа гарч агаарын бохирдлоос илүүтэйгээр нийслэлийн иргэдийн эрүүл мэндэд заналхийлэл учруулж мэдэх нь.
“Тэнэсэн” мөнгөн ус хаанаас гарч ирснийг олохоор Гаалийн ерөнхий газрын хэлтсийн дарга н.Тамираас асуувал “Эрх бүхий газраас нь эмнэлэг, эрдэм шинжилгээний байгууллагуудад хэрэглэхийг зөвшөөрсөн бичгийнх нь дагуу хилээр нэвтрүүлдэг.
Харин иргэн, аж ахуйн нэгж худалдан борлуулах зорилгоор оруулж ирэхийг нь хуулиар хориглосон. Тийм тохиолдол ч гараагүй” гэлээ. Тэгэхээр нэг бол иргэд санамсар болгоомжгүйгээсээ мөнгөн устай багаж, технологи эвдсэн эсвэл хууль бусаар худалдан авч хэрэглэсэн гэсэн үг. Аль ч тохиолдол нь байлаа ч, хэдхэн грамм нь хүний биед хортой эл бодисын хэрэглээг хазаарлах цаг болж. Тэгээд ч төрийн хэдэн байгууллага нь норм дүрмээрээ ажиллан хазгай гишгэсэн зүйл байхгүй гэхээр эзэнгүй мөнгөн ус эзнээ хайх замдаа л асгарсан болж таарах нь. Хачин юм их ч гардаг болж дээ...