Саяхны нэгэн өглөө ажилдаа очихоор нойрмог гэгч нь автобусанд суулаа. Гэтэл манай чиглэлийн зам засвартай учраас түгжрэл үүсч автобусны жолооч хоёр ч удаа огцом тоормозоо гишгэчихэв. Гэтэл “Мах ачиж яваа юм уу”, “Аятайхан яваач”, “Автобусны жолооч нар ийм шүү дээ” гэхчилэн зорчигчид ам амандаа шаагилдав. Огцом тоормоз, шуугиан хоёрт нойр ч жаахан сэргээд ирлээ. Гэтэл автобусны жолооч “Би урдах машинаа тэгээд мөргөх үү. Чимээгүй явж чадахгүй бол буу” гэхээс өөр үг хэлсэнгүй. Үнэндээ энэ удаа автобусны урд яваа машин гэнэт зогссоноос л ийм маргаан үүсгэсэн хэрэг. Энэ бол өдөр бүр шахуу автобусанд өрнөдөг үйл явдлуудын багахан хэсэг. Дугаарын хязгаарлалттайгаар авто машиныг хөдөлгөөнд оролцуулж эхэлснээс хойш “Зарим хүн долоо хоногийн нэг өдөрт нийтийн унаагаар явдаг гэнэ. Ганц машинтай ядуу юмнууд аргагүй биз” хэмээн томорсон нэгэн баян эрхмийн яриа хүмүүсийн ундууцлыг төрүүлсэн. Тэгвэл бүтэн долоон өдөр нийтийн тээврийг хөлөглөдөг хүмүүс байна. Нэг машинтай хүн ядуу юм бол машингүй хүнийг хэн гэх вэ.
Амьдралынхаа тодорхой хэсгийг автобусанд өнгөрүүлж, хөл дүүжилж яваа хүмүүс чухам хэн бэ. Зорчигчдод хэл амаар доромжлуулах хэдий ч өглөө эртлэн босч, үдшийн бүрий хүртэл ганцхан маршрутаар нааш цааш давхих автобусны жолооч ямар хүн бэ. Хүн бүр муугаар дурсах, мөнгө хураагч үнэхээр муу хүн үү гэдэгт хариулт олохоор өчигдөр өглөөний 07:00 цагт Баянзүрхийн товчоо орлоо. Өглөө 09:00 цагаас эхлэх ажилдаа очихын тулд цагийн өмнө арай гэж босдог би маш эрт босч ажилдаа гарсан нь энэ. Гэхдээ би хоцорчээ. Уг нь, өмнөх орой нь хамгийн эхний автобусанд суугаад сурвалжлагаа бэлдэнэ дээ хэмээн бодон бодон унтсан ч миний хамгийн эрт, нийтийн тээврийнхний үд гэдгийг тооцоолоогүйн гай гарлаа. Үүрийн 06:00 цагт нийтийн тээврийн үйлчилгээнийхний хувьд шинэ өдрийн ажил эхэлнэ. Орой гэртээ яаран хариад, халуун хоолоо идэж, зурагт үзсэн шигээ тухлан хэвтэх мөчид тэд бас л ажлаа хийсээр явдаг. Үүр цүүрээс эхлээд үдшийн бүрий хүртэл олон зуун хүнийг ажил, амьдралд нь залгуулдаг нийтийн тээврийн салбарынхны нэг өдөр бусдынхаас урт.
Дайвар үг
Баянзүрхийн товчооноос суусан “Тэнүүн-Огоо” ХХК-ийн “М-27” чиглэлийн автобусны жолоочийг Г.Лхагвасүрэн гэдэг. Нийтийн тээвэрт ажиллаад хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж байгаа тэрээр өмнө нь “Увс-Улаанбаатар” чиглэлийн орон нутгийн автобусны жолооч хийдэг байж. Автобусанд өрнөх нэг өдрийн амьдралыг сурвалжлахаар явааг маань сонсоод найрсагаар зөвшөөрсөн тэрээр боломж олдсон дээр гэсэн шиг хэлэх гэсэн үгээ дайв. “Хотын захиргаанаас гаргасан автобус нэгдүгээр эгнээгээр явна гэсэн шийдвэр тун зөв болсон. Гэхдээ Монголын хууль гурван өдөртөө гэгчээр одоо бол энэ шийдвэрийг хүмүүс бараг мартсан мэт. Тийм учраас гаргасан шийдвэрийнхээ хэрэгжилтэд эргэж хяналт тавьдаг байгаач л гэж хэлмээр байна” гэлээ. Гэхдээ тэр “Ах нь хувийн амьдралаа яриад яахав дээ. Хоёр охинтой. Өглөө унтаж байхад нь ажилдаа гараад, шөнө унтсан хойно нь гэртээ харьдаг. Хүүхдүүддээ цаг гаргаж чаддаггүй аав тэдний тухай юу ч ярихав” гээд хэсэг чимээгүй явлаа. Баянзүрхийн товчооноос Таван шар хүртэл 26 км байдаг аж. Энэ замыг хоёр цаг 30 минутад туулах ёстой. Гэхдээ сүүлийн үед зам засвар, нэгдүгээр эгнээгээр энгийн машин хамаагүй зорчих болсон гэсэн шалтгаануудаас үүдэн 3-4 цаг явдаг болсон гэнэ. Маршрут нь урт учраас олох ёстой орлогоо арай ядан олно. Г.Лхагвасүрэн ахтай ийн хөөрөлдсөөр нэг мэдэхэд Ботаникийн эцсийн буудал дээр ирлээ. “Эндээс л өдийд овоо хүн суудаг юм” гээд 10-аад минут зогслоо. Бараг таван буудал хүнгүй шахуу давхисан автобусны суудал дүүрлээ.
Чулуун овоо орчмын замыг өргөсгөхөөр ажиллаж байгаа учраас нэг талынх нь эгнээг хоёр урсгалд хувааж машин зорчиж байна. “Өдөр энэ хэсэг л хамгийн асуудал даа. Гэхдээ манайхан чинь өмнөхөө бодвол хурдан л замаа засдаг болж. Чанар нь чухам хэр байх юм” хэмээн ярьсаар зам түгжирсэнгүй 07:20 гэхэд Офицериудын ордоны буудал дээр ирэв. Энэ буудлаас хүнээ сэлбэж аваад цааш явлаа. Кино үйлдвэрийн буудал дээрээс хөдөлтөл урдхан талд “Тoyota Grandmark 2” маркийн автомашин нэгдүгээр эгнээн дээр зогсчихож. Автобусны жолооч дуут дохиогоо хэд хэдэн удаа өгөөд тойроод явчихлаа. Хүн буулгаж байсан бололтой автобусыг тойрч явсны дараа хөдлөөд зогсоол руу орж байгаа харагдана билээ. Гэтэл Жуковын автобусны буудал дөхтөл нэгдүгээр эгнээнд гурван машин дараалан зогсчээ. Таксинд явдаг хувийн машинууд үйлчлүүлэгчдээ хүлээж байгаа нь энэ аж. Хоёрдугаар эгнээ рүү шилжих гэтэл нэг машин автобусны урдуур гэнэт ороод ирлээ. Жолооч тоормозоо хүчтэй гишгэж зорчигчид ч уулга алдаад авав. Энэ мэтчилэн автобусны урдуур гэнэт дайрах машин олон байдгаас хотын төвөөр явахдаа 40 миллээс дээш хурдалдаггүй гэж байв.
Хотын соёл эндээс эхэлнэ
Өглөө автобусанд голдуу хичээлдээ яарах хүүхэд, ач зээгээ сургуульд нь дөхүүлэх хөгшид суудаг бололтой. Цонх ширтэн тайван суух буурал үстэй өвөөтэй яриа дэлгэлээ. Тэрээр өглөө бүр ачийгаа хичээлд нь хүргэдэг ч, энэ өглөө харин албан ажил амжуулахаар явж байгаа аж. “Ямар ажлаар төв дөхөж байна даа” гэхэд “Хороон дээрээ очдог юм уу” гэв. Бид хоёрын яриа цааш үргэлжилж нийтийн тээврийн үйлчилгээний талаар ярилцсан. “Нэг үеэ бодвол нийтийн тээврийн үйлчилгээ сайхан болжээ. Автобусны буудал дээр удаан хүлээлгэхгүй юм. Хүмүүс орж ирэхээр кондукторууд загнаж зандраад байхаа ч больж. Харин үйлчлүүлж байгаа хүмүүс соёлгүй байна. Ялангуяа залуучууд...” гэхэд нь сониучирхан “Залуучууд яаж байна, хөгшчүүлд сандал тавьж өгөхгүй байна уу” гэсэн чинь “Үгүй ээ. Биеэ авч явж байгаа байдал нь тоогүй юм. Олон нийтийн газар орж ирчихээд хараалын үг хэлдэг, зарим нэг нь нэгэнтэйгээ хэрэлдэнэ гээч” гэж байлаа. Үнэхээр хогийн сав үүдэнд байсаар байхад залуус гуравхан алхаад хогоо хаячих сэтгэлгүй байна уу даа хэмээн энэ үгийн араас бодлоо. Учир нь, билет авсан нь хэнэг ч үгүй дээш харж байгаад л хаячих юм. Хотын соёл л гээд байдаг. Ганган хувцсаар чамирхаж, гадаад үг яриандаа оруулах нь хотын соёл биш гэдгийг залуус ухаарах цаг хараахан ирээгүй гэдгийг эндээс харлаа. Гэхдээ автобусанд суусан бүх залуусыг хамруулсан юм биш. Авсан билетээ цүнхэндээ хийх зармыг нь ч бас анзаарсан учраас хатуухан үгээ зөөлрүүлж байгаа хэрэг.
Бичил бизнес
Зүүн дөрвөн замаас хөдлөөд Баруун дөрвөн зам хүртэл 20 гаруйхан минут яваад хүрчихэв. Жолооч нар компанийнхаа дотоод дүрмийн дагуу буудал дээр нэг минутаас хэтрэхгүй зогсдог ажээ. Нэг минутын хугацаанд зорчигчдоо буулгаад, суулгахад хангалттай амждаг гэж байлаа. Гэхдээ өглөө эрт зам сэлүүхэн учраас олон хүн суудаг буудал дээрээ жаахан илүү хугацаагаар зогсчихдог аж. Баруун дөрвөн замын буудлаас суух зорчигчдыг толиндоо харж байсан жолооч ах “За манай өнөөх ороод ирлээ” гээд инээж байна. Таньдаг хүн нь юм байхдаа гэж бодоод зогсч байв. Гэтэл автобус дөнгөж хөдлөнгүүт нэг эр чанга дуугаар “Шил аваарай, та нарт маш их хэрэгтэй жижиг шил байна шүү” гээд орилж гарав. Ямар хүн юу зараад эхлэв гээд сонирхтол дөч орчим насны бүдүүн эр хар даавуун торон дотор хуруу хэрийн хэмжээтэй хоосон шилнүүд хийчихэж. Түүнийгээ зарж яваа аж. Кондуктор түүнийг чимээгүй болохыг анхааруулсан ч тэрээр тоож байгаа шинжгүй “наймаагаа” хийхээр зүтгэх юм. Даанч түүнээс шил худалдаж авч байгаа хүн алга. Харин ч дараа болж байна гэдгээ илэрхийлж хөмсгөө зангидсан хүмүүс хүрээлнэ. Тэрээр рашаан хийх зориулалттай гэх жижиг шилээ нэг бүрийг нь 100 төгрөгөөр зардаг гэнэ. Өдөрт нэгээс хоёр удаа Г.Лхагвасүрэн ахын автобусанд бичил бизнесээ явуулдаг байна. Идэвхтэй бизнес эрхлэгч маань дараагийн буудалд буугаад явчихлаа. Автобусанд нэг хэсэг телевизийн хөтөлбөртэй сонин барьсан хүүхдүүд гүйдэг байсан ч сүүлийн үед харагдахаа больжээ.
Өглөөний цайгаа зам зуурт
Баруун дөрвөн замаас баруун тийш үргэлжлэх зам өргөн учраас өглөө оройдоо түгжрэл гайгүй гэнэ. Олон эгнээтэй болохоор автобусны урдуур машин давхиж орох нь бас ховор аж. Ингээд 09 цаг 40 минутын үед Таван шарын автобусны буудал дээр ирлээ. Өглөө эрт гэрээсээ гарсан учраас цайгаа ууж амжаагүй жолооч, кондуктор хоёр маань зорчигчдоо буулгаж дуусаад гүйгээд явчихлаа. Таван минут болов уу үгүй юү ганц ундаа барьчихсан аман дахь хоолоо бүрэн идэж дуусаагүй гүйсээр хүрээд ирлээ. Ингээд буцаад явдаг ажээ. Нийтийн тээврийнхэн өглөө 06:50 цагаас эхний гараагаа хийдэг. Миний суусан автобусны энэ өдрийн гурав дахь гараа нь. Эцсийн буудлаас тав, таван минутын зайтай хөдлөх тэд өдөртөө таван удаа тойрдог гэнэ. Замын түгжрэл гайгүй бол 22:00 цаг өнгөрөөгөөд буучихна. Түгжрэл ихтэй бол 23:00 цаг жаахан өнгөрөөдөг гэж байлаа.
Кондукторын муухай аашны цаана...
Буцах замдаа кондуктор Б.Жамъяанмядаг эгчтэй хэсэгхэн ярилцлаа. Тэрээр хүн олон орж ирэх үед нэг зогсоол дээр заримыг нь урагш явуулж, дараагийн удаад нөгөөдүүлийг нь заалны хойд руу гэхчилэн хуваарилж, хурц хараа, туршлагаараа бүгдийг нь бүртгэчих юм. Мөнгөө өгөлгүй бултах гэсэн нэгнийг нь тэр андахаа больжээ. Кондуктор гэхээр л хэрүүлийн дамжаа хичээллүүлдэг хүн шиг санадаг цаг өнгөрч. Гэсэн ч “Чи ямар олигтой доо кондуктор хийдэг юм” гээд л олон хүн тэднийг хэлэх, хэлэхгүй үгээр дайрч чичилдэг гэнэ. Гэтэл хэрийн хүний дааж, тэсч чадахааргүй ажлыг тэд хийдэг нь харагдана. Өвлийн хүйтэнд өдөржин зогсоогоороо “хөргүүр” дотор, зундаа “халаагуур” дотор ажилладаг гэхэд буруудахгүй мэт санагдав. Кондукторууд халаасны хулгайч нарын дайсан. Гэхдээ эмэгтэй хүн л болсон хойно бас айдаг аж. Сүүлийн үед халаасны хулгайч нар бөөн бөөнөөрөө автобусанд морилдог болсон гэнэ. Ганган хувцастай, цэмцийсэн хүмүүс мөнгөө төлөөд, тасалбараа авч байхад “Энэ хулгайч шүү” гээд орилоод байх хэцүү. Тэгээд ч өөртөө аюул дагуулж мэдэх учраас болгоомжилдог гэж Б.Жамъяанмядаг кондуктор учирлалаа. Олуулаа явдаг болохоор бужигналдаад яах ийхийн зуургүй алга болоод өгдөг гэлээ. Тэр “Би хулгайч орж ирэхээр хойшоо, урагшаа яваад өгөөрэй, зай руугаа шах гээд байдаг юм. Хүмүүс хойно, урд нь зай байсаар байхад нэг газраа бөөгнөрч зогсчихоод юмаа хулгайд алддаг талтай гэлээ. Тэгэхээр кондукторуудын хойшоо урагшаа яваад өгөөч ээ гэж орилдог нь нэг талаараа зөв ч юм шиг.
Ядуудаа биш цаг хэмнэх гэж автобусанд суудаг
Буцах замд Саппорогийн автобусны буудал дээрээс дэгжин, цэмцгэр байрын нэг бүсгүй автобусанд суулаа. Тэр бүсгүйг Болор гэх. Нэгэн хувийн компанид ажилладаг аж. Өглөө бүр ажилдаа автобусаар явдаг түүний хувьд цаг хэмнэх гэж автобусанд суудаг гэнэ. Үүнийгээ автобус хурдан шуурхай, аюул багатай санагддаг учраас гэж тайлбарлав. “Тэгээд ч мөнгөнд хэмнэлттэй шүү дээ” гэж инээмсэглэсэн юм. Тэрээр “Нийтийн тэээврийн үйлчилгээгээр үйлчлүүлж байгаа иргэн бүр соёлтой үйлчлүүлэх хэрэгтэй. Хүн бүр автобусаар зорчдог болчихвол зам түгжрээд байхгүй” гэлээ. Нээрээ ч тэр бүр автомашин хөлөглөлгүй автобусанд суугаад байвал зам машинаа багтааж ядахгүй л дээ.
Хууль гууль болох нь
Ийн явсаар ТБД андуудын автобусны буудал дээр зогстол тамхи үнэртүүлсэн залуу ороод ирлээ. Түүнээс ноцтой царай гаргаад шууд л “Тамхи хаанаас авав” гээд асуучихав. Тэгсэн “ТҮЦ-ээс авсан юм” гэв. Аль ТҮЦ-нд зарж байна гэтэл “Хаа сайгүй бүх л ТҮЦ-д зарж байгаа шүү дээ. Харин ширхэглэхээ больсон байна лээ. Чи авах гэж байгаа юм уу” гээд надаас зөрүүлээд “эвтэйхэн”-ээр асуув. Би “Үгүй ээ” гэхээс өөр зүйл хэлсэнгүй. Ноцтой зүйлийг илрүүлэх гэж асуусанд маань энгийн хариулт өгсөн учраас тэр байх л даа.
Амьдрал хөвөрсөөр
Өдөр зам ачаалал багатай, хүн ч багатай харьцангуй тайван хөдөлгөөн үргэлжилдэг гэнэ. Харин өдрийн 14-16 цагийн хооронд замын ачаалал нэмэгдэж түгжирдэг аж. Жолооч ахтай буухаасаа өмнө дахин яриа дэлгэлээ. Тэр “Орой ажил тарах үеэр ачаалал ихтэй ч, хүмүүсийн царай нэг л сайхан. Өглөө, өдөрт ажилдаа яарсан байдаг бол оройд гэр рүүгээ тэмүүлж байгааг нь харахаар юуны төлөө ажиллаж байгаагаа мэдрэх шиг болдог юм” хэмээн ярив.
Бүх л өдрийн турш автобусанд амьдрал буцална. Зарим нэг нь олон сараар таараагүй найзтайгаа энд таарч хөөрөлдөж байхад, айл хөршүүд автобусанд мэнд мэдээд зөрнө. Хайртай хүнээ хүлээлгэчихсэн яарч байгаа хүн байхад, ажилд орох ярилцлагадаа яарах нь ч бий. Заримдаа бүр чанга дуугаар утсаар ярьж, хамаг амьдралаа бусдад дэлгэх нь ч бий. Утсаар ярьж байгаа хүмүүс гарцаагүй худал хэлнэ. Их дэлгүүр өнгөрөөд явж байгаа бол талбай дээр ирж байна гэнэ. Автобусанд суугаад ажил руугаа, гэр рүүгээ явах зуураа утсаар ярьж уулзалт товлоно. Цагийг үр бүтээлтэй өнгөрөөх гэсэн хүн бүрийн хийх ажил ондоо аж.
Саяхан төрсөн эхнэртэй өгөхөөр шөл барьсан залуугийн шинэ төрсөн үрээ харах гэсэн сэтгэлд автобус удаан явж байгаа мэт санагдах ч хичээл эхлэх цагаас эрт гарсан бяцхан охинд хамгийн хурдан унаа мэт санагдана. Унтсан дүр үзүүлж нүдээ анин суух залууг харсан эмээ өөрийнх нь хүүхдээс өөрцгүй хэмээн хайрлаж чимээгүй зогсох. Бас хаалгаар орж ирсэн настанг үсэрч босоод түшин сандал дээр суулгах залууг харах. Эндээс л амьдралын баяр, гуниг, хайр, хүндлэл тэр олон чанарыг хамгийн ойроос мэдэрч харж болохоор... Амьдрал үргэлжилсээр.