Хойд Солонгосын эрх баригчид тусгайлан Өмнөд Солонгосын сайтууд дээр Сөүлийн явуулж байгаа бодлогыг шүүмжилсэн, эсэргүүцсэн сэтгэгдэл үлдээдэг хоёр зуу гаруй хүнээс бүрдсэн тусгай бүлэг байгуулжээ. Мөн Өмнөд Солонгосын эсрэг кибер дайн явуулахад шаардлагатай гэж үзээд интернэт, программ хангамжийн 3000 мэргэжилтэн, өөрөөр хэлбэл хакерыг нэмж дайчилсан байна. Энэ тухай Өмнөд Солонгосын “Чосон ильбо” сонин мэдээлэв.
Санаатайгаар бусдыг уурлуулж бухимдуулсан, хэрүүл өдсөн сэтгэгдэл үлдээн өөрийн үзэл бодлоо бусдад тулгах, хэрэглэгчдийн анхаарлыг татдаг хүмүүсийг интернэт орчинд “тролль” гэж нэрлэдэг. Хойд Солонгосын “тролль”-ууд нь Өмнөд Солонгосын сайтаас хулгайлсан хувийн мэдээллийг ашиглан сэтгэгдлээ үлдээж ухуулга хийх аж. Харин гурван мянган хакер нь Өмнөд Солонгосын интернэт мэргэжилтнүүдийг хойдуудад ээлтэй сайтуудыг хаахаас сэргийлэх, ийм сайтын хандалтыг огцом нэмэгдүүлэх тал дээр эрчимтэй ажиллах юм байна.
Хойдууд нь өөрийн үзэл бодлыг олон нийтэд сурталчлах зорилгоор 19 оронд байрласан сервер дээрх 140 сайтыг идэвхтэй ашигладаг болохыг судлаачид тогтоожээ. Тэдний интернэт идэвхжилт ирэх тусам нэмэгдсээр. Тухайлбал, 2011 онд хакерууд Өмнөдийн эсрэг агуулгатай, өөрийн үзэл бодлыг сурталчилсан 27 мянган мэдээллийг интернэт сайтаар тараасан бол 2012 онд 41 мянга гаруй ухуулга сурталчилгааны нийтлэл тараажээ. Энэ тоо цаашид улам нэмэгдэх нь гарцаагүй.
Эдгээр кибер дайчдын үйл ажиллагааг Нэгдсэн фронтын ухуулга сурталчилгааны хэлтэс, Жанжин штабын тагнуулын удирдах газар гэсэн хоёр байгууллага удирдан чиглүүлдэг аж. Гэхдээ одоогоор мэдэгдэж буй 3200 хүн нь дөнгөж өнгөн хэсэг гэдгийг өмнөд солонгос судлаачид онцолж байгаа юм. Өмнөд Солонгост интернэт орчинд өрсөлдөх, кибер дайн явуулах, интернэтээр дамжуулан чучхегийн онолыг сурталчлахад нийтдээ 30 мянга гаруй мэргэжилтэн ажилладаг, жил болгон энэ чиглэлээр ажиллах гурван зуун мэргэжилтэн бэлтгэж гаргадаг гэнэ. 30 мянган хүн гэдэг армийн хэмжээнд очсон гэсэн үг.
Хакер, программчид, “тролль”-иудаас бүрдсэн бүхэл бүтэн арми бэлдэнэ гэдэг Хойд Солонгосын эрх баригчид энэ салбарт ямар их ач холбогдол өгч, анхаардгийг харуулж буй юм. Үр дүнд нь интернэтэд хоёр солонгосын сөргөлдөөн газар авах болсон. Жишээлэхэд, энэ оны дөрөвдүгээр сард Сөүл нь банк, ТВ сувгууд руу хакерын дайралт хийж үйл ажиллагааг нь саатуулах, мэдээлэл хулгайлахыг завдсан гэж Пеньяныг албан ёсоор буруутгасан. Үүнээс яг сарын өмнө америкчуудыг өөрсдийнх нь сайт, серверийг хакердсан гэж Хойд Солонгос мэдэгдэж байлаа.
Компьютерийн технологи, интернэтийн ач холбогдол асар хурдтайгаар цаг минутаар шахуу нэмэгдэж байгаа энэ үед кибер аюулгүй байдалдаа онцгой анхаарал тавихаас өөр аргагүй болоод байна. Ялангуяа, Америкийн Тагнуулын төв газрын экс ажилтан Эдвард Сноуденийн хийсэн олон тооны мэдэгдэл нь интернэт аюулгүй байдлын асуудалд дэлхийн нийтийн анхаарлыг чиглүүлсэн. Сноудений мэдэгдсэнээр Америкийн тусгай албад нь дэлхийн хэмжээнд сая сая хүний утас ба бүх интернэт холболтыг нэлээд хэдэн жилийн турш нууцаар бүртгэн чагнадаг байжээ. Гэхдээ зөвхөн Америкийн тусгай албадууд ингэж чагнадаггүй болох нь Сноудений дуулианы дараа ил болов. Тухайлбал, Францын тусгай албад ч америкчуудтай адил өөрийн болон гадаадын интернэт хэрэглэгчдийн холболтыг хянадаг, утасны бүх холболт, мессеж зэргийг бүртгэдэг байсан тухай энэ улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн. Ингээд ч зогсохгүй Их Британи, Дани, Нидерланд, Герман, Испани, Итали зэрэг улсын тусгай албад яг адил үйл ажиллагааг нууцаар явуулдаг төдийгүй нууц мэдээллээ хоорондоо идэвхтэй солилцдог, шаардлагатай үед хэрэгтэй хүний утас, интернэт холболтыг өөрийн улсаас хянадаг байсан тухай Америкийн Үндэсний аюулгүй байдлын албаны офицер асан Мэдсон гэгч илчилсэн нь кибер аюулгүй байдлын асуудлыг бүр ээдрээтэй болгосон нь мэдээж.
Өрнөд Европын өндөр хөгжилтэй орнууд, АНУ-д интернэт болон гар утасны холболтыг нууцаар бүртгэх, чагнах ажиллагааг хэрэгжүүлээд эхэлчихсэн, Хойд Солонгос хакерын арми байгуулж байгаа юм чинь Орос, Хятад хоёрт энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нууц хөтөлбөр байгаа гэдэгт мөрийцсэн ч болно. Тэгээд ч Хятадын Ардын чөлөөлөх армид интернэт тагнуулын үйл ажиллагаа явуулдаг тусгай анги байдаг тухай Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж нэлээд дуулиан тариад авсныг уншигч та лав санаж байгаа байх.
Өнөөдөр хүн гар утас, интернэт ашиглан алсаас гэртээ буй кофе асаагчаа ажиллуулахаас эхлээд хүүхдээ хаана явааг нь хянах, дурын бүтээгдэхүүнээ захиалан худалдаж авах, захидал солилцох, татвар төлөх, сонгуульд санал өгөх, лавлагаа авах, мөнгөн гүйлгээ хийх, өвчин эмгэгээ оношлуулах, эмчилгээ бичүүлэх, байнгын хяналтанд орох гээд бүх л зүйлээ хийж болж байна. Интернэт технологи цаашид хөгжихийн хэрээр боломж улам л нэмэгдэхийг дагаад интернэт ашиглан хүний хувийн нууцад нэвтрэх, нууц мэдээлэл олж аван хүнд хор хүргэх зорилгоор ашиглах боломж ч нэмэгдэнэ. Өчигдөрхөн Америкийн нэгэн айлын электрон асрагч руу Европоос хакердаад хүүхдийн нэрийг олж мэдэн элдэв хараалын үг зааж байсан нь илэрсэн гэхээр интернэт аюулгүй байдал улс гүрний төдийгүй нэг айлд ч ямар чухал болохыг харуулж байгаа юм . Электрон асрагч нь дуу, дүрс дамжуулдаг камер бүхий төхөөрөмж бөгөөд өрөөнд буй хүүхдийг ямар байгааг алсаас хянах, ярьж аргадах, холбогдох боломж олгодог.
Өдгөө Орост цагаачийн эрх аваад байгаа экс тагнуулч Сноуден энэ талаар ярихдаа “Хүний электрон шуудангийн хайрцагны хаягийг л мэдсэн бол би ажлын байрандаа компьютерийн ард сууж байгаад жирийн хүнээс эхлээд Ерөнхийлөгч хүртэл дурын хүний захидлыг уншиж чадна” гэсэн байна. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд гэх мэт төрийн өндөрлөгүүдэд зориулсан маш нууц мэдээллийг ингээд хэдэн мянган км-ийн алсад компьютерийн ард суугаа хэн нэгэн хакерт алдана гэдэг ямар ч улсын аюулгүй байдлыг ноцтой эрсдэлд оруулж байгаа хэрэг.
Иймд цаашдаа улс орнууд кибер аюулгүй байдлыг хангахад улам их мөнгө хөрөнгө зарцуулдаг болох нь гарцаагүй. Бид ч энэ талаар дэлхийн нийтийн чиг хандлагаас хоцрохгүй байвал сайнсан.