Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ДААРАХЫН ЗОВЛОН ДАРАА ЖИЛ ХҮРТЭЛ ҮРГЭЛЖЛЭХ ҮҮ
Нийслэлийн зүүн чиглэлийг дулаанаар хангахад одоо ажиллаж буй цахилгаан станцуудын хүчин чадал хүрэлцэхгүй болсноос Баянзүрх дүүргийн VIII хорооны “УС-15” уурын зуухны барилгыг буулгаж, “Амгалан” дулааны станц барихаар болсон. Барилгын талбайг чөлөөлж, оршин суугчдыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-ний дотор нүүлгэн шилжүүлэх үүргийг эрчим хүчний сайд нийслэлийн Засаг даргад даалгасан ч иргэдэд олгох нөхөн олговрыг гаргаж өгөөгүйгээс энэ долоо хоногт шав тавих ёслол болсон билээ.
Намар шувтарч өвөл юу, юугүй хаяанд ирсэн энэ өдрүүдэд станцын барилгын ажил эхлэх ганц ширхэг гадас ч хатгаагүй нүцгэн талбай байгаа нь эхний зуух арванхоёрдугаар сард ашиглалтад орох болов уу гэсэн эргэлзээг төрүүлнэ... Эл эргэлзээг нэг тийш болгохоор станц баригдах газрыг зорилоо. Ботаникийн эцсийн буудлаас хойш нэг км орчим зайд байрлах барилгын талбай ерөнхийдөө чөлөөлөгдсөн ч хоёр айл нүүгээгүй үлджээ. Талбайн баруун урд талын жижигхэн тоосгон байшингаас гарч ирсэн хүн “Манайх өнөөдөртөө амжихгүй бол маргааш нүүнэ” гэв. Талбайн чанх хойно байрлах нөгөө айлын хаалгыг тогшвол 10 орчим насны жаал гарч ирээд “Аав, ээж байхгүй” гэж хэвлүүхэн гэгч нь хэлээд дахин юм асуухын завдалгүй хаалгаа хааж орхив. Тендерт ялсан Хятадын “Машин инженерийн корпориац”-ийн ажилчид бололтой хамгаалалтын дуулга малгай, цэнхэр өнгийн барилгын хувцсаар ижилссэн хоёр хүн ойр орчмын өндөрлөг газруудад гарч хэмжилт хийн, дурандаж байгаа нь ажил дөнгөж эхэлж буйг илтгэнэ. Барилгын талбайн зүүн талаар үргэлжилсэн урт цагаан барилгад гүйцэтгэгч байгууллагын ажилчид байрладаг байна. Станц барих нийт 10.8 га газрыг чөлөөлөхөд 15 тэрбум төгрөг төсөвлөн  одоогоор долоон га-г нь чөлөөлж, нийслэлийн төсвөөс зургаан тэрбум төгрөгийн нөхөн олговор олгожээ.
Оршин суугчдад үл хөдлөх хөрөнгө болоод газрын хэмжээнээс хамаарч 110-280 сая төгрөгийн нөхөн олговор олгожээ. Үлдсэн 3.5 га газарт хоёр айл болон үл хөдлөх хөрөнгө бүхий гурван аж ахуй нэгж байдаг нь одоо хэр нүүгээгүй байлаа. Хэдийгээр шав тавих ёслол болж, ажил албан ёсоор эхэлсэн ч нүүгээгүй айлууд одоо хэр байгаа нь ажлын явцад тодорхой хэмжээгээр саад учруулах нь дамжиггүй. Гэтэл нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтэц хариуцсан орлогч дарга Н.Гантөмөр станцын барилгын ажил дөрөвдүгээр сараас эхэлсэн гэж хэвлэл мэдээллийнхэнд тайлан тавьж байсан нь саяхан. Шав тавьснаас өөргүй шалдан газарт арванхоёрдугаар сараас өмнө станц барина гэдэг юу л бол. Зун нь бороо хур ихтэй байсан болоод ч тэр үү ойрын өдрүүд жиндүүхэн байгаа нь өвөл эрт болохын дохио болов уу. Аравдугаар сарын эхээр цас орж барилгын ажил явуулах нь битгий хэл газар хөлдчихсөн байдаг. Гэтэл станцын барилга угсралтын ажил эхлээ ч үгүй байгаа нь мөнөөх эргэлзэх шалтгаан. Угтаа барилгын ажил цагтаа дуусч VIII, XVIII дугаар хорооны дулаан хангамж сайжран 20 жил даарч, дагжин чичирсэн оршин суугчид хэзээ бүтэн нойртой хонох вэ гэдэг л юм. Том дарга нар ч яах вэ, төвийн шугам сүлжээнд холбогдсон амины орон сууцандаа амьдардаг болохоор даарахын зовлонг мэдэхгүй гэхэд хилсдэхгүй л болов уу. Нийслэлийн дулаан хангамжийн эх үүсвэр болсон станцууд хотын баруун хэсэгт байрладаг болохоор зүүн хэсгийн дулаан хангамж 26 км замыг туулан хэрэглэгчдэд хүрдэг. Хол зайд усны даралт муу байдгаас үе үе халуун ус тасардаг аж. Хуучин “УС-15”-аас дулаан хангамжаа авдаг байсан ойр хавийн орон сууцнууд төвийн шугамд холбогдсон ч дөнгөж амьтай паар нь халааж хүчирдэггүйг оршин суугчид хэлж байсан. УС-15 байрны оршин суугч бололтой хүн хоёр ачийнхаа хамт байрны үүдэнд сууж байхтай таарч хэсэг яриа өрнүүлсэн юм. 1990 оноос хойш эл гуравдугаар байранд оршин суугаа тэрээр өвөлд нь цахилгаан, дулааны асуудал нэлээн хүндхэн байдаг гээд “Манай хорооныхон ч их зовлон үзсэн хүмүүс дээ” хэмээж байсан. Анх “УС-15” уурын зуухыг оросуудаас хүлээж авсны дараа жил нь хөлдөж байсан ба түүнээс хойш хэдэн ч удаа хөлдсөн аж. Хотын захын хороо болохоор мартчихдаг ч юм уу зарим өвлийг огт халаалтгүй ч өнгөрөөж байсан гэнэ. Хуучин ажиллуулж байсан оросууд нь гал алдалгүй, хөлдөөчихөлгүй болоод л байсан гэнэ. Түүнээс хойш манайхан болсон хойно нүүрс, түлшний мөнгийг дээгүүр, доогуур идсээр хөлдөөчихдөг байсан гэнэ. Өвөл бүр нүүрсэнд зарцуулах төсөв хөрөнгө нь танагддаггүй байсан хэр нь галлагаагүйн улмаас хөлддөг байсан гэж тэр хавийн хүн бүр ам уралдан ярьж байлаа.
Т.Билэгт хотын даргаар ажиллаж байсан 2007, 2008 онд уурын зуухны нүүрсний хэрэглээ огцом танагдсаны улмаас УС-15 байрны оршин суугчид хоёр жил осгох шахжээ. Шинэ станц баригдах сургаар ойр хавийн газар үнэд орж, хаанаас, хэнээс зөвшөөрлийг нь олгосон нь мэдэгдэхгүй барилга байгууламжууд сүндэрлэх болсон гэнэ. Түүгээр ч зогсохгүй гуравдугаар байрны өмнөх хүүхдийн тоглоомын талбайн  оронд аль хэдийнэ орон сууц сүндэрлэжээ. Дулааных нь асуудлыг ч шийдээгүй байхад өчнөөн олон барилга баригдаад эхэлсэн нь саалиа бэлдэхээр саваа бэлд гэдэг болсон гэлтэй. Хөгжил дэвшил гэдэг байшин барилгаар бус ард иргэдийн ая тухтай байдал хэрхэн хангагдсан бэ гэдгээр хэмжигдмээр. Гэтэл манайхан ямар ч эмх цэгц, хөл толгойгүй барилга байшин бариад л байдаг.
Эхний зуух өвлөөс өмнө ашиглалтад орж амжихгүй бол ирэх жил хүртэл VIII хорооны орон сууц, сургууль цэцэрлэг, оршин суугчид дахин нэг жилийг даарч чичирч өнгөрөөнө. Иргэдийн ихэнх нь энэ жил амжиж ашиглалтад орохгүй л болов уу гэж байсан бөгөөд хүйтрэхээс өмнө эртхэн цахилгаан халаагуураа бэлдэх тухай ярьж байсан юм. Анх есдүгээр сарын эхээр ашиглалтад орно гэж байсан ч гүйцэтгэгч байгууллагатай хийсэн гэрээгээр арванхоёрдугаар сарын 15-нд эхний зуух, 2014 он гэхэд станц бүрэн ашиглалтад орно хэмээсэн. Хотын зүүн бүсийн 80 мянган өрх айлыг дулаанаар хангах “Амгалан” станцын эхний зуух товлосон хугацаандаа ашиглалтад орж, 20 жил бээрсэн оршин суугчдад амар амгаланг авчрах эсэхийг хүлээх л үлдэж байна...

Ж.Жамуха
0 Сэтгэгдэл
ОЛОН ТООНЫ ЛИЦЕНЗ ЭЗЭМШДЭГЭЭРЭЭ ТЭРГ v vЛДЭГ МОНЭНКО КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ОДОО КОММОНМАКС КОМПАНИЙ ЗАХИРАЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ, ХЯТАДУУДЫН ГАР ХӨЛ БОЛСОН, ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН, ХУЛГАЙЧИЙГ ШАЛГАЖ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШДЭГ ЛИЦЕНЗ v vДИЙГ ХУРААХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.
Хамгийн их уншсан