Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хуулийг гууль болгосноос хүний аминд хүрлээ

“Нарантуул” олон улсын худалдааны төвийн хүнсний захад гал гарснаас их хэмжээний хохирол учирч хүний амь нас эрсдэв. Энэ сарын 22-23-нд шилжих шөнө гарсан гал хүнсний захын нийтдээ 300 гаруй түрээслэгчийн хүнс, барааг хуу хаман үнс болгожээ. Манай сурвалжлах багийг очиход түрээслэгчдийн ихэнх нь банкны зээл авчихсан байсан шүү дээ, хэн бидний хохирлыг төлөх юм бэ хэмээн чанга дуугаар орь тавин уйлж, зарим нэгнийх нь даралт ихэссэн бололтой нэгнээрээ түшүүлэн зогсч байгаа харагдав. Энэ үеэр тус захын түрээлэгч О “Би захын битүү павилонд наймаа хийгээд хоёр  жил болж байна. Найр хуримын цаг эхлэх нь гээд банкнаас зээл авч бараагаа бөөнд нь татсан байсан. Гэтэл хэн нэгний буруутай үйлдлээс болж нэг л өдөр гал гарч хамаг хөрөнгийг минь үнс болгочихлоо. Гал гарсан шалтгааныг тогтоох хүртэл тайван бай гэж хотын дарга хэлсэн. Галын шалтгааныг хэзээ тогтоож, бидний хохирлыг барагдуулах вэ гэдгийг мэдэхгүй сууна. Би банкны зээлд өдөрт 300 мянган төгрөг тушаадаг. Энэ мөнгийг хэн надад өгөх юм бэ” хэмээн ярив. Зарим түрээслэгч бухимдалтай байгаагаа илэрхийлэн асуудлыг хурдан шийдэж өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрийг сонгоно гэдгээ ч хэлж байлаа.

Гал гарахад гал командынхан хоцорч ирсэн хэмээн зарим түрээслэгч гомдолтой байв. Энэ талаар Нийслэлийн онцгой байдлын газрын дэд дарга Ч.Намсрайжав “Онцгой байдлын газарт өглөөний 06:20 цагт ирсэн дуудлагын дагуу манай албан хаагчид өглөөний 06:30 цагт газар дээр нь ирэхэд “Нарантуул” худалдааны  төвийн баруун хэсэгт байрлах хүнсний захад гал гарсан, тархалт ихтэй байсан. Онцгой байдлын албан хаагчид хүч нэмэгдүүлэн галын тархалтыг зогсоож, 11:00 цагт бүрэн унтраасан. Гал унтраах ажиллагаанд онцгой байдлын зургаан ангийн 144 албан хаагч, 24 автомашин ажилласан. Аврагчид галын голомтоос бүрэн шатсан байдалтай нэг хүний цогцос гаргасан. Одоо Онцгой байдлын газар, нийслэлийн Цагдаагийн газартай хамтран галын шалтгааныг тогтоох үзлэг шалгалт хийхээр ажиллаж байгаа ч цогшилт ихтэйгээс шинжээч нар орж ажиллах боломжгүй” гэсэн юм.

Дээрхээс улбаалан “Нарантуул” захын битүү павилон галаас урьдчилан сэргийлэх дохиолол, аюулгүй байдлаа хэрхэн хангаж байсан вэ гэдэг асуудал урган гарч ирнэ. Энэ талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралаас тодруулахад “2013 оны зургадугаар сард манайхаас  “Нарантуул” ОУХТ-д хэд, хэдэн удаагийн үзлэг шалгалт хийж, шаардлага хүргүүлсэн ч хүлээж аваагүй. Ер нь тус худалдааны төвийн шатсан объектийг улсын комисс хүлээж аваагүй, галаас урьдчилан сэргийлэх дохиолол байхгүй байсан” гэлээ. Тэгвэл нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалтын дүнг сөхөн харвал тус газраас 2004 оноос хойш “Нарантуул” захад 10 удаа албан шаардлага,  гурван акт хүргүүлсан байх юм. 2007 онд цайны, нийтийн бие засах газар, зочид буудлыг нь улсын комисс хүлээн авч, бусад барилгыг нь авах боломжгүй хэмээж. Мөн 2013 он тавдугаар сард хийсэн шалгалтын хүрээнд албан шаардлага хүргүүсэн ч захын удирдлагууд хүлээж аваагүйгээс өнөөдөр ийм байдалд хүргэж. Хууль, хяналтын байгууллагаас олон удаа шаардлага хүргүүлж байхад хуулиа үл тоосноос олон айлыг хоногийн хоолноос нь салгаснаас гадна эрдэнэт хүний амь насыг ч авч одлоо. Нөгөөтэйгүүр, тус захын удирдлагууд манай цайны газрууд нэг ч хийн газ хэрэглэдэггүй гэж нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагад мэдэгддэг байсан ч урьдчилсан үзлэг шалгалтаар хэрэглэдэг байсан нь ч нотлогджээ. 

Уг хүнсний захыг 1999 оноос хойш ашиглаж байгаа бөгөөд барилга байгууламжийн  комиссын шийдвэргүйгээр үйл ажиллагаа явуулж байжээ. “АРКОН” ХХК-ийн зургаар хүнсний битүү худалдааны төв барьж, тэнхлэгээрээ 126.0 х 69.0 хэмжээтэй, хоёр заал, хүзүүвчээр холбогдсон, дотор талдаа уртын дагуу тэнхлэгээрээ тавцанд суурилуулсан чингэлэгтэй, доороо зоорийн хонгилтой, төмөр бетон багана, блокон хана, хагас дугуй сараалжин хучилттай, сендвичин дээвэртэй барилга барьсан аж. 

Олон хүнийг хоногийн хоолноос нь салгасан галын аюул зөвхөн “Нарантуул”-д тохиолдож байгаа юм биш. Өмнө нь, “САПУ”, “Ийст” худалдааны төв шатаж байсан гашуун түүх бидэнд бий. Гэхдээ хүний амь нас эрсдээгүй юм шүү. Хэрэв “Нарантуул” захын удирдлагууд бусдын алдаанаас суралцаж, хууль хяналтын байгууллагын шаардлагыг биелүүлсэн бол өнөөдөр эрдэнэт хүний амь нас эрсдэхгүй байсан биз ээ.

Ямартай ч тус захын эзэн Ш.Сайхансамбуу хохирлыг бүрэн барагдуулахаа мэдэгдсэн ч захын наймаачид бямба гараг үдийн үед Зүүн дөрвөн замаас “Нарантуул” орох зам буюу “Дархан Минж”-ийн уулзварыг хаан эсэргүүцлээ илэрхийлсэн. Хууль хяналтын байгууллагынхны мэдээллээр Улсын мөрдөн байцаах газар, Баянзүрх дүүргийн Цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгийнхан хохирогчдоос мэдүүлэг авч эхэлсэн. Харин шатсан худалдааны төв рүү цагдаагийн алба хаагчдын хамгаалалтын дор түрээслэгчдийг шинжилгээний төвийн ажилтнууд, мөрдөн байцаагчдын хамт оруулж, шатсан эд зүйлийг нь таниулах арга хэмжээг авч эхэлжээ. Ингэснээр шатсан байдалтай 40 мянган ам.доллар, зургаа орчим сая төгрөг, хонгилын агуулахаас таван иргэний зургаан хөргөгч бүхий 395 килограмм үхэр, хонь, тэмээний хөлдөөсөн мах гаргаж, олдсон эд зүйлийн эздийг тодруулах ажил эхэлсэн байна.
Б.Түвшин: Манайхыг шууд буруутгаж болохгүй

 “Нарантуул” ОУХТ-ийн менежер Б.Түвшинбатаас зарим зүйлийг тодрууллаа.

-Танай төв галын дохиолол, хамгаалалтын системгүй байжээ. Тэр ч байтугай улсын комисс хүлээж аваагүй барилгад үйл ажиллагаа явуулж байсан гэж албаны хүмүүс хэллээ?
-Манайд удаа дараа галын зөрчил гарч байсан нь үнэн. Гэхдээ галын дохиоллын систем болон бусад урьдчилан сэргийлэх тоног төхөөрөмж 100 хувь байдаг. Галын аюулаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа тасралтгүй хийж ирсэн. Одоо  мэргэжлийн байгууллагын дүгнэлт гараагүй учир галаас уу эсвэл өөр хүчин зүйлээс үү гэдэг нь  тодорхойгүй байна. Тиймээс  шууд манайхыг буруутгах аргагүй юм.
-Түрээслэгчдийн хохирлыг танайх бараг­дуулна гэж байсан. Одоогоор хэдэн  төгрөгийн зардал гарахаар байна вэ?
-Хуулийн байгууллага түрээслэгчдийн өмч хөрөнгийг тодорхойлсны дараа хэд орчим төгрөг болох вэ гэдэг нь гарна. Үүний дараа хууль дүрмийн дагуу шийднэ.
-Түрээслэгчид даатгалтай юу. Нэг түрээслэгч хэдэн төгрөгөөр даатгуулдаг юм бэ?
-Бүгд даатгалтай. Худалдаж байгаа бараа бүтээгдэхүүнийхээ хэмжээнээс хамаарч даатгал хийлгэдэг. Манайх түрээслэгчидтэй анх гэрээ хийхдээ даатгалын байгууллагад  даатгуулсан байх ётой гэсэн шаардлага тавьдаг.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан