Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баяннуур дахь бунханг хэзээ музей болгох вэ
 
Одоогоос хоёр жилийн өмнө Булган аймгийн Баяннуур сумын нутаг дэвсгэрт дэлхийд байхгүй, хосгүй дурсгал олдсон талаар улс орон даяар шуугисан. Тэгвэл нөгөө хосгүй олдвороо манайхан бараг устгачихсан гэнэ. 1300 жилийн турш газрын хэвлийд хадгалагдахдаа чанараа алдаагүй олдворыг манай мэргэжлийн байгууллагынхан буруу хадгалснаас бүх хана нь хээгэнд цохиулаад авах юмгүй болж. Олдворыг Монголын төр арчилж тордож чадахгүй гэдгээ мэдэгдэж, цаашид япончууд эсвэл Хойд солонгосын талтай хамтран эзэмших замаар хамгаалуулах талаар ярилцаж байгаа гэнэ лээ гэсэн яриа ам дамжин яригдаж буй. Үнэхээр дэлхийд хосгүй олдвор олдоод гурван жилийн нүүр үзэх гэж байхад хариуцсан яам нь Т-Батаар, үлэг гүрвэл ярьсаар суугаа юм биш байгаа.

Хэдэн зууны түүхийг хадгалсан Түргийн үеийн язгууртны шороон бумбагарын талаар хэн нэгний амнаас ганц үг ч унахаа больсон нь бодит үнэн. Өнөөдөр олдворуудыг Хархорины музей рүү шилжүүлж, үзмэр гаргасан гэхээс өөр мэдээлэл байхгүй. Магадгүй, энэ нам жим байдал нь дээрх мэдээлэлд дурдсан шиг алтыг нь аваад, авдрыг нь хаяв гэгч болов уу.

Ингээд ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн захирал С.Чулуу­ныг зорилоо. Тэрээр хам­гийн анх эл олдворыг судал­гаагаар олж илрүүлэн, авран хамгаалах ажиллагааг хийсэн нэгэн. Түүнээс эл яриа хэр үндэслэлтэй болохыг асуухад “Бунхан устаж, сүйдэн нурсан зүйлгүй. Энэ түүхийн дурсгал ШУА-д хамаарахаа больсон. Хэдийгээр 2010 оны наймдугаар сард гадаадын хөрөнгө оруулалт татаж, түүхийн хосгүй олдворыг авран хамгаалах ажлыг ШУА-ийн Түүхийн хүрээлэн хийсэн ч, том юмны сургаар ажилд нь хошуу дүрсэн хүн олон гарч ирсэн” гэв. Түүний ярьснаар олдвороо Хархорины музей рүү шилжүүлэн бунханыг хамгаалалтад авсан хойно нь тэд гэнэт гарч ирсэн гэнэ. Түүгээр ч зогсохгүй соёлын өв хамгаалагчид гэх хүмүүс ч бунханг музей болгох төсөл боловсруулахдаа Түүхийн хүрээлэнгээс ганц ч хүний нэрийг тусгаагүйд шүүмжлэлтэй ханддагаа хэлж байлаа. Өөрөөр хэлбэл, түүхийн хосгүй үзмэрийг хамгаалахад мэргэжлийн заавар зөвлөмжгүй ажиллах гэж байгаа нь түүний бухимдлыг төрүүлж. Тэрээр цааш нь “2012 онд энэ олдворыг авран хамгаалах ажилд Засгийн газар тодорхой хэмжээний төсөв баталж өгсөн ч хүрэлцээгүй. Тэгээд ЮНЕСКО-гоос мэргэжилтнүүд ирж, олдворуудыг гаргасан. Харин дахин сэргээн засварлах хүртэл гурав, дөрвөн жилийн хугацаатайгаар бунханг түр эргүүлэн шороогоор булсан. Тэгэхдээ шороон ханан дээр зурагдсан сүг зургуудад хөдөлгөөн үүссэний улмаас нурах аюултай ч, голд нь ууттай шороо овоолон, хучилт хийсэн учраас баталгаат хугацаандаа нурахгүй. Олдвор олдсон газрын дээгүүр тавьсан төмрөөр хаалт буюу дээврээс дусаал нэвтэрч байгаа ч бунханд нөлөөлөхгүй. Манай төсөв, хөрөнгө тааруу учраас тэнд нэг манаач суулгасан. Тиймээс дээгүүр бичиг барим­тыг нь барьж гүйгээд байгаа нөхдүүдэд хандаж хэлэхэд манаачаа ч гэсэн өөрсдөө цалинжуулбал сайн байна” хэмээн ШУА-ийн Түү­хийн хүрээлэнгийн захирал хэлэв. 

ССАЖЯ-ны Соёлын өвийн хэлтсийн дарга Ц.Цэнд­сүрэнгээс энэ талаар асуухад мэдэхгүй хэмээгээд Соёлын өвийн төвийн захирал Г.Энх­бат мэднэ гэв. Харин Баян­нуурын олдворыг хариуцах болсон Соёлын өвийн төвийн захирал Г.Энхбат “Бид судал­гаа шинжилгээ хийж байна. 14 хоногтоо нэг удаа эргэж тойрдог. Нурж гэмтсэн зүйл байхгүй. Музей барих ажлыг ССАЖЯ мэднэ. Мэдээж, барилгын ажлыг дулаан улиралд эхлүүлэх ёстой. Хүйтний улирал удахгүй эхлэх гэж байгаа болохоор музейн барилгыг энэ жил барих тухай яриа байхгүй гэсэн үг л дээ” гэсэн юм.

Ямартай ч, бунхан гурван жилдээ хэвийн байх ч, он цагийн эрхээр хамгаалалт нь суларч нурж магадгүй. Дөнгөж илрүүлсний дараахан л олдвороор музей байгуулж, аялал жуулчлалыг хөгжүүлнэ гэж ам булаалдан ярьж байсан хэдэн дарга нар өнөөдөр төрийн байгууллагуудаар бичиг баримтыг нь бариад гүйдэг сурагтай. Гэхдээ музей болгоно гэж цаасан дээр тэмдэглэснээс биш  авч хэрэгжүүлсэн арга хэмжээ алга. Төрийн ажил олон шат дамжиж байж сая нэг хөрөнгө мөнгө нь шийдэгддэг. Тэгвэл судалгаа нь дуусах шатандаа явж байхад эртхэн музей барих асуудлаа төлөвлөсөн бол өнөөдөр юу гэж олон эрдэмтэн санаа зовнин суух билээ дээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан