Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цыгануудыг хөөхийг шаарджээ
Өнгөрсөн бямба гарагт Чехийн долоон хотод олныг хамарсан том жагсаал болж, жагсагчид ба цагдаа нарын хооронд мөргөлдөөн үүсэн 80 орчим хүн баривчлагджээ. Шалтгаан нь тус улсад амь­дардаг цыганууд. Бямба гарагийн өглөө Чехийн үнд­сэрхэг үзэлтнүүд цыга­нуудыг нутгаасаа хөөхийг шаар­дан хэд, хэдэн том хотод жагсаал зохион бай­гуулсан байна. Цагдаа нар ба жагсагчдын хоо­ронд хам­гийн ноцтой мөргөлдөөн Острава хотод болсон бөгөөд энд 600 орчим жагсагчид цаг­даа руу чулуу нүүлгэжээ. Пльзен хотод 400 гаруй хүн жаг­саалд оролцсон бол Ческ-Будеевиц, Праг хотуудад мөн л олон мянган хүн цыгануудыг эсэргүүцсэн жагсаалд оролцсон аж. 10,5 сая хүн амтай Чех улсад 300 мянга орчим цыган амьдардаг бө­гөөд тус улсын нийгмийн хам­гийн ядуу давхарга. Цыга­нууд зөвхөн Че­хээр хяз­гаарлагддаггүй Евро­­­­­­­­­­­пын бүх оронд амьдардаг. Ев­­­ропт ойролцоогоор хоёр сая орчим цыган амьдардаг гэж үздэг. Харамсалтай нь, цыга­нуудын дийлэнх нь ажил хийдэггүй, улсаас тараадаг ажилгүйдлийн, хүүхдийн гэх мэт тэтгэлгээр амь зогоодог бөгөөд тэтгэлгийн хэмжээ нь хангалтгүй байдгаас жи­жиг бүлгүүд байгуулан хул­гай, дээрэм, хар тамхины най­маа эрхлэх нь хэвийн үзэг­дэл гэнэ. Тиймээс, Европт эдийн засгийн байдал хүн­дэрч, хүмүүсийн амьжиргаа доо­шилсонтой холбоотойгоор нийгмийн бухимдал нэмэг­дэхэд иргэдийн зарим нь цыгануудыг тэтгэлэг, дээрэм, хулгайгаар амьдрахаас өөр чадваргүй “шимэгч” үндэстэн гэж буруутган тэднийг нутгаа­саа хөөхийг шаардсан жаг­саал, үймээн  дэгдээх нь олон боллоо.

Үүний нэг жишээ нь дээр дурдагдсан улсад  болсон эсэргүүцлийн жагсаал. Чехүүд өөрийн оронд амьдардаг цыгануудын амьдралын нөхцөлийг дээшлүүлэх зорилгоор орчин үеийн тав тух бүхий тусгай хороолол барьж өгч үнэгүй суулган байрны төлбөрөөс бүрэн чөлөөлсөн байна. Гэтэл цыганууд хэдхэн сарын дараа цэвэр ба бохир ус, халаалтын бүх төмөр зүйлсийг хөрөөдөн хаягдал төмөрлөгт тушааснаас болж байрнууд усгүй, халаалтгүй, бохир усны суваггүй, хогондоо дарагдсан хотхон болсон нь чехүүдэд сайхан санагдаагүй л байх. Цыгануудын дийлэнх нь ажил хийдэггүй ч Чехийн хуулийн дагуу хүүхдийн тэтгэлэг авч, түүгээрээ гол зогоодог нь тэдэнд сайн хандахад мөн л сайнаар нөлөөлөөгүй нь мэдээж. 

Өнгөрсөн долдугаар сард Английн цагдаа нар Лондоны Гайд цэцэрлэгт хүрээлэнгийн орчим нүүдлийн хотхон байгуулан амьдарч байсан Румынаас орж ирсэн 60 гаруй цыганыг баривчлан дийлэнхийг нь албадан гаргаж байв. Тэдний оршин сууж байсан хотхоны орчим гэмт хэргийн гаралт эрс нэмэгдсэн болохоор цагдаа нар ийм арга хэмжээ авсан аж. 2011 онд английн цагдаа нар Ирландаас нүүж ирсэн цыгануудыг хууль бусаар эзлэн авч, барилга барьсан нийтийн өмчийн газраас хүч хэрэглэн хөөсөн.

Францын эрх баригчид энэ он гарсаар Болгар, Румынаас орж ирсэн 4000 гаруй цыгануудыг албадан гаргасан байна. 2012 онд Францын эрх баригчид цыгануудын амьдардаг байсан 40 гаруй түр хотхоныг албадан хааж 4000 гаруй хүнийг нутаг руу нь албадан гаргаж байсан билээ. Яг ийм арга хэмжээг 2010 онд бас авч байв.

2011 онд Болгарт цыгануудыг улс орноосоо хөөхийг шаардсан олон өдрийн жагсаал, үймээн дэгдэж байв. Жижиг хотын цыгануудын удирдагч нь машинаараа болгар залууг дайраад зугатсаны дараагаар Болгарыг бүхэлд нь хамарсан үймээн, жагсаал явагдаж хэт үндсэрхэг үзэлтнүүд цыгануудын амьдардаг байр, орныг шатаах гэх мэт үйлдэж хийж байв.

Унгарын хэт барууны “Йоббик” нам парламентын сонгуулийн үеэр тус улсад байгаа цыгануудыг гэмт хэргийн гол уурхай гээд бүгдийг нь бөөнөөр хорих төвд хаших уриа гаргахад сонгогчид дэмжсэнээр нам нь парламентад суудлынхаа тоогоор гуравдугаарт ордог нөлөө бүхий улс төрийн хүчин болж байв.
Арваад хоногийн өмнө Европын холбооны комисс Словакийн Кошице хотын удирдлагад хандан цыгануудын хорооллыг тойруулан барьсан хамгаалалтын ханыг нэн даруй нураахыг шаардаж, хотын мэр ч шаардлагыг ёсоор болгоно гэсэн хариу өгчээ. Хотын эрх баригчид нь цыгануудын хулгай, дээрмээс бага ч гэсэн хамгаалахын тулд ийм хана байгуулаад байсан хэрэг.

Германд Румын, Болгараас нүүж ирсэн цыгануудыг эзэнгүй эсвэл нураах ёстой байруудад түр суурьшуулдаг. Харамсалтай нь, цыганууд амьдардаг ийм байрны ойролцоо гэмт хэргийн гаралт огцом нэмэгддэг нь бараг хууль гэнэ. Германы цагдаа нарын холбоо нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан цыгануудаас бүрдсэн гэмт хэргийн бүлэглэлүүд айлуудын шуудангийн хайрцаг дээр тусгай тэмдэглэгээ хийж байгааг анхааруулсан байна. Тусгай тэмдэг тавих замаар ямар айлаас хулгай хийхэд тохиромжтой, ямар айл руу ороод хэрэггүй гэх мэтийг нэг нэгэндээ анхааруулдаг аж.

Орост цыганууд нь дийлэнх бусад оронд хийдэг гуйлга гуйх, жижиг хулгай хийх гэх мэт “бизнес” эрхэлдэг ч сүүлийн үед улс дамнасан хар тамхины наймаанд олноор орох болсон гэнэ. Уламжлалаа даган хотуудын хооронд тогтмол нүүдэллэж байдаг, олны анхаарлыг нэг их татаад байдаггүй нь хар тамхи наймаалахад тохиромжтой байдаг бололтой. Үүний дээр хар тамхи борлуулах ажлыг цыган эмэгтэйчүүд хийдэг болохоор баригдсан тохиолдолд олон хүүхэдтэй эх гэдгээрээ шүүхээс харьцангуй хөнгөн ял аваад хэргийн гол буруутнууд нь эрх чөлөөтэйгөөр наймаагаа үргэлжлүүлдэг байна. Иймд сүүлийн жилүүдэд нутгийн орос иргэд ба цыгануудын хооронд хар тамхитай холбоотой олон тооны мөргөлдөөн гарах болсон. 

Цыганууд Европт энэ мэт хавчлага, хардлага, гадуурхалтай саяхан тулгарсан юм биш. Энэтхэгээс гарч Перс, Византигаар дамжин Европ даяар тархсан цагаасаа эхлэн олон зууны турш тулгарч байгаа юм. Тухайлбал, 1637 онд Шведийн хаан нутагт нь орж ирсэн насанд хүрсэн цыган болгоныг дүүжлэх хууль гаргаж байв. Англид 1554 онд баталсан хуулийн дагуу эрэгтэй цыган эр болгоныг цаазаар авдаг, цыгануудтай уулздаг, найзалдаг хүн болгоныг мөн адил дүүжилдэг байв.  Моравийн вант улсад цыган эмэгтэйчүүдийн зүүн чихийг огтолдог байсан бол Австрид улайсгасан төмрөөр тамгалдаг байв. Пруссын вант улсад 1725 онд 18-аас дээш насны бүх цыганыг хүйс харгалзалгүй дүүжлэх тушаал гаргаж байв.
Төрийн зүгээс энэ мэт хууль гаргаж, өдөр тутмын амьдралд нь уугуул оршин суугчдын  ахуйн хавчлагатай тулгарсан цыганууд олон зууны явцад өөрийн уламжлалаа маш хатуу хамгаалдаг, гадны соёл, хэл, зэргийг үгүйсгэдэг, амьдарч байгаа улс орныхоо хууль дүрмийг дагахаас татгалздаг бүрэг зожиг, нууцлагдмал үндэстэн болж бүрэлджээ. Дийлэнх нь бичиг үсэг мэддэггүй, амьдарч байгаа орныхоо хэл соёлыг хүлээн авдаггүй, бичиг баримтгүй болохоор албан ёсоор ажил хийх боломжгүй тул тарчиг амьдралтай. Үүнээс болоод амь зогсоохын эрхэнд гуйлга гуйх, жижиг хулгай хийх гэх мэт гэмт хэрэг хийж амьдрахаас өөр аргагүй өвөрмөц гэмээр амьдралын хэв  маягтай болсон байна. Мэдээж, ийм хүмүүс нүүдэллэн явсан газар болгондоо нутгийн иргэдтэй их,  бага хэмжээгээр зөрчилдөх нь ойлгомжтой. Цыганууд олноор оршин суудаг Румын, Болгар, Унгар гэх мэт орон Европын холбооны гишүүн болж, саяхнаас Шенгенийн визийн бүсэд хамрагдсанаар дээрх орнуудад оршин суудаг цыганууд Өрнөд Европын чинээлэг орнууд руу бөөнөөр шилжин суурьших болсон нь асуудлыг улам ээдрээтэй болгож байгаа юм.

Иймд сүүлийн үед Европын холбооноос нүүдэллэн явж байгаа цыгануудыг тухайн улс орны хэл, соёлд сургах, албан ёсны бүртгэлтэй болгох, амьдарч байгаа орныхоо хуулийг дээдэлдэг болгох тусгай хөтөлбөр, сургалтад хамруулах замаар суурин амьдралд дасгах тухай яригдаж, Бельги гэх мэт улс хэрэгжүүлээд эхэлсэн. Хуучин Зөвлөлтийн үед яг ийм хөтөлбөрийг зөвлөлтийн цыгануудын хувьд хэрэгжүүлэх гэж үзэж байсан түүхтэй. Нөлөөгөөр нь цөөнгүй цыганууд нийгэмшин суурин амьдалтай болсон ч, дийлэнх нь уламжлалт хэв маягаасаа салаагүй төдийгүй улам зожигорсон байдаг. Харин энэ удаагийн европчуудын хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийг цыганууд яаж хүлээж авч  ямаршуу үр дүн гарахыг цаг хугацаа л харуулах биз.
 
0 Сэтгэгдэл
ийм хүмүүсийг сахаарын цөл рүү явуулах хэрэгтэй мсхүл амазонкийн ой руу
Хамгийн их уншсан