Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Цэнхэр дээлээ багадтал цэцэрлэгтэй болохыг хүлээнэ дээ

Цэнхэр дээлээ өмсөөд цэцэрлэгтээ явна даа... хэмээн хүүхэд ахуйдаа дуулаагүй хүн үгүй л болов уу. Тэгвэл өнөөдөр Монголд 60 гаруй мянга хүүхэд цэцэрлэгт явж, Үндсэн хуулиар олгогдсон эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох эрхээ эдэлж чадахгүй “хэлмэгдэж” байна. 60 мянга гэдэг бага тоо биш. Улсын хэмжээнд 2-5 насны буюу цэцэрлэгийн насны 240 мянга гаруй хүүхэд байдаг ч, ердөө 180 мянга нь л цэцэрлэгт хамрагддаг аж. Төрийн өмчийн 945 цэцэрлэг нь ачааллаа хэтрүүлээд ч дээрх тоог гүйцээж хүчрэхгүй. БШУ-ы сайд Л.Гантөмөр энэ сарын 19-28-ны хооронд цэцэрлэгийн бүртгэлийг эхлүүлэх тушаал гаргасан. Энэ дагуу цэцэрлэгүүд 23-ныг хүртэл өмнө нь суралцаж байсан хүүхдүүдээ бүртгэж, өчигдрөөс хамран сургах тойргийнхоо шинэ хүүхдүүдийг бүртгэж эхлэв. Бүртгэл маргааш дуусах ёстой ч хяналтын тоо гүйцсэн гэнэ. Энэ талаар сурвалжлага хийхээр ачаалал ихтэй зарим цэцэрлэгийг зорилоо. Хүүхдээ бүртгүүлэх гэсэн эцэг, эхчүүд хонон өнжин дугаарласан гэсэн сургаар Баянгол дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт байрлах 97 дугаар цэцэрлэгт очвол бүртгэлийн ажил ид өрнөж байв. Хаалганы өмнөх шатны жижигхэн хашлага дээр шахалдан суусан эцэг, эхчүүдийн дунд нойрмог царайтай хүн цөөнгүй.

Хажуугийн цонхон дээр бичгийн гурван цаас дүүртэл жирийлгэн бичсэн зарлалыг нэг ч мөр алгасалгүй хүн бүр унших агаад удаан хүлээж залхсан нэг нь цаг нөхцөөн дахин дахин уншиж, тэрүүхэндээ эргэлдэнэ. Сониучирхан мөнөөх зарлалыг уншвал хүүхдээ бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримт, элсэлтийн журам болоод бүртгэлийн тоо, хугацааг нарийвчлан заасан байх аж.
VII хорооны есөн цэцэрлэгийн нэг болох тус цэцэрлэг нь 24 цагийн үйл ажиллагаатай гэдгээрээ бусдаас давуу. Өнгөрсөн онд төгсч, суруульд элссэн 73 хүүхдийн орон тоонд шинэ хүүхдээ бүртгэхийн зэрэгцээ хуучин агуулахаа засч тохижуулан нэг бүлэг нэмж байгаа гэсэн. Ингэснээр үндсэн хүчин чадал болох 200 хүүхдийн дээр 50 орчим багачуулыг нэмж элсүүлнэ гэсэн нь эцэг, эхчүүдэд таатай мэдээ болсон сурагтай. Өнгөрсөн оны бүртгэлээр тус хороо нь 1021 цэцэрлэгийн насны хүүхэдтэй хэмээн бүртгэгдсэн ч түүнээс хойш таван ч орон сууц ашиглалтад орж, оршин суугчдын тоо нь нэмэгдсэнээр ачаалал нь өсөх гол шалтгаан болжээ. Хаалга онгойн дэс дарааллынх нь дагуу эцэг, эхчүүдийг оруулах бүрийд “Одоо хэчнээн хүүхэд дутуу байна” гэж асууна. Хэсэг хэсгээрээ юуг ч юм ярилцах тэдний дунд цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаа тухай голчлон өгүүлж байв. Мөн “Хүүхдээ бүртгүүлж чадахгүй бол яадаг билээ” хэмээн халаглах нь ч олон. Тэдний дунд майхан, эвхдэг ор, сандал буйдангаа зөөн хонож өнжсөн нь ч цөөнгүй байв. Халуун савтай цай, хоол хийж байсан болов уу гэлтэй тос болсон сав суулга ч харагдана. Зарим нэг нь 24 цаг ч сууж байж хүүхдээ бүртгүүлж байгаа аж. “Хэдийгээр оочер их байгаа ч энэ цэцэрлэг харьцангуй олон хүүхэд шинээр авна. Өнгөрсөн жилтэй харьцуулахад ачаалал нь бол ихэсч”  хэмээн эцэг, эхчүүд өөр хоорондоо ярилцана. Тэдэнтэй хэсэг яриа өрнүүлсний дараа үүдний жижүүрээр дамжуулан эрхлэгчтэй нь уулзах хүсэлтэйгээ хэлэхэд түр хүлээгээрэй гээд гартаа будгийн багс барьсан ажилтан цаад талын өрөө рүүгээ орчихлоо. Хаалга онгойход л хамар цоргим будаг ханхалж, будаг шунх болсон хүмүүс нааш цааш гүйлдэх нь засварын ажил өрнөснийг илтгэнэ. Төд удалгүй мөнөөх багс барьсан хүний хамтаар 97 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Д.Энхнаран гарч ирэн эелдгээр дотогш оруулав. Үүдний хэсэгт байрлах жижиг өрөөнд зургаан хүн суусан байх бөгөөд уртааш нь зассан хоёр ширээн дээр бичиг баримт, данс тооцоо болов уу гэмээр зузаан, зузаан хавтас жирийтэл нь өржээ. Эрхлэгч болоод нэг багшаас гадна тус хорооны хэсгийн төлөөлөгч, нийгмийн ажилтан мөн эцэг эхийн төлөөлөл болох хоёр хүн бүртгэлийн комиссын гишүүдийн үүргийг гүйцэтгэж байгаа гэнэ.  Тойргийн бус хүүхэд элсүүлэхгүйн тулд үүд­нээсээ хяналттайгаар бүрт­г­эл явуулж байгаа нь хороо­ныхоо хүүхдүүдийг цэцэрлэгт хамрагдах боломж олгох гэсэндээ тэр гэсэн. Д.Энхнаран эрхлэгч комиссын гишүүдээ танилцуулсны дараа тэд бүртгэлийн ажилдаа орсон юм. Энэ үеэр эрхлэгч Д.Энхна­рантай цөөн үг солилоо.

Д.Энхнаран: Шилжих хөдөлгөөнөөс хамаарч ачаалал ихэссээр байна

-Бүртгэлийн ажил дуусч байгаа сурагтай. Өнгөрсөн жилтэй харьцуулахад ямар байна?
-Ерөнхийдөө дуусч бай­на. Энэ жилийн хувьд ачаалал бага зэрэг ихэссэн нь дугаарлаж буй эцэг, эхчүү­дийн тооноос харагдана. Ерөнхийдөө манай хороонд шилжин ирсэн айл өрхтэй шууд хамааралтай. Шилжих хөдөлгөөнөөс хамаарч ачаа­лал ихэссээр л байна. Гэх­дээ зэргэлдээх 96 дугаар цэ­цэр­­лэгтэй харьцуулахад ма­­найх харьцангуй гайгүй л дээ. Манайх 200 хүүхэд авах орон тоотой ч, 250-иад хүүхэд элсүүлдэг. Нэг ангид ойролцоогоор 40 орчим хүүхэд гэсэн үг. 24-ийн цэцэрлэгт 40 гаруй гэхээр үйл ажиллагааны хувьд ачаалал ихтэйд ордог. Бүртгэлийн хувьд яамнаас гаргасан зөвлөмжийн дагуу хяналтын комисс ажиллуулж байна. Эцэг, эхчүүдийн ир­гэ­ний үнэмлэх, хорооны бүрт­гэлийг нь шалган ам бү­лийн байдлыг нь харгалзан нэг айлаас нэг л хүүхэд бүртгэж байна. Үүнээс гадна 64 ам.метр талбай бүхий цэцэрлэгийн хуу­чин агуулахыг хорооны ахма­дуудын чийрэгжүүлэх клуб болгон ашиглаж байсныг зас­­вар хийн сайжруулж, 30 хүүхэд­тэй өдрийн анги болгон өөрчилсөн.
-Засварын ажил ид өрнөж байгаа бололтой. Хичээлийн шинэ жилээс өмнө дуусах болов уу?
-Нийслэлээс засвар үйлчил­гээнд 36.5 сая төгрөг төсөвлөж өгсөн. Энэ хүрээнд шинэ ангиа иж бүрэн тохижуулж бай­на. 30 хүүхэдтэй өдрийн анги болгохоор агуулахыг бага насны хүүхдийн сурч бо­ловс­рох стандартад нийцсэн бие засах өрөө, дулаан хан­гамжийн шугамтай болгон засч сайжрууллаа. Мөн бусад анги танхимдаа урсгал засвар хий­гээд ерөнхийдөө дуусч бай­на. Хичээл эхлэхээс өмнө дуусна.
Бидний яриа ийн өн­дөрлөж, засвар хийж буй шинэ ангийн ажилтай танилцсан юм. Шалнаасаа тааз хүртэл бүхий л зүйлийг нь шинээр засч байгаа аж. Шалны дулаалгыг сайжруулан, хуучин модон цонхыг нь вакум болгосноор дулаан алдагдлыг нь бууруулсан хэмээн засварын бригадын дарга хэлэв. Энэ мэт цэцэрлэг бүр ашигладаггүй харанхуй өрөө, агуулах зэргээ ашиглан нэг анги ч гэсэн буй болговол мөнөөх 60 мянгад бага ч болов нөлөөлөх болов уу. Далайд дусал нэмэр гэдэг дээ. Бодлогын алдаа юу, боловсролын салбарын боломж шавхагдаж байгаа ч юм уу сүүлийн жилүүдэд сургууль цэцэрлэгийн хүрэлцээ эрс муудаж байна. Арга ч үгүй юм, хуучин нийгмийн үед баригдан өнө удаан жил насалсан сургууль, цэцэр­лэгийн барилгууд эхнээ­сээ жаг­саалаас гарлаа. Үүний дээр тогтмол өсч буй төрөлт ч багагүй нөлөөлж байгаа нь дамжиггүй. Юутай ч, цэнхэр дээлээ өмсөн цэцэрлэгтээ явж чадахгүй болоод буй багачуулаа яах вэ. Төр засаг дэмжин хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн тоог нэмлээ ч, улсын цэцэрлэгтэй эн дүйцэхээр хүчин чадалтай нь цөөхөн.Ямартай ч, боловсролын сал­барт, тэр дундаа цэцэрлэ­гүүдийн материаллаг бааз, боломж бололцоог даруй сайжруулахгүй бол дээр дурдсан 60 мянга гэдэг тоо жилээс жилд өссөөр байх нь мэдээж. Сургуулийн өмнөх насны хүүхдийн оюун ухааны хөгжил амьдралынх нь мэдлэг боловсролын үндэс суурь болд­гийн хувьд цэцэрлэгт явах нь тухайн хүүхдийн нийг­мийн идэвх, өөрийгөө илэр­хий­лэхэд чухал нөлөөтэй. Сургууль, цэцэрлэг завсардсан хүүхэд үеийнхнээсээ бүрэг ичимхий, сул дорой, суралцах чадвараар муу байдгийг олон ч судалгаанаас харж болно. Үнд­сэн хуулиар олгосон сурч боловсрох эрхээ эдэлж ча­дахгүй байгаа цэцэрлэгийн нас­ны багачуулыг хэрхэх тухай холбогдох яам, тамгын газар цаашлаад төр засгаас тулхтай бодлого боловсруулж, нэн да­руй шийдвэрлэхгүй бол бага нас­­­­­ныхны их хэлмэгдүүлэлт энэ хүрээд зогсохгүй л болов уу.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан