Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөрөнгийн биржийн хураамж нэмэгдэж лангуу нь хоосорчээ

Монголын хөрөнгийн биржийн арилжаа жилээс жилд буурсан дүнтэй гарах болж. Тухайлбал, 2011 онд нийт 350 тэрбум төгрөгийн арилжаа хийж, 109.1 хувьцаа, 236.7 тэрбум нь Засгийн газрын бонд, 4.3945 тэрбум  компанийн бондын гүйлгээ хийсэн байна. Гэтэл 2012 онд манай хөрөнгийн биржийн арилжаа 145 тэрбум төгрөг болж буужээ. Харин энэ оны эхний хагас жилийн байдлаар 12.3 тэрбум төгрөг болсон байна. Мөн Засгийн газар болон компани нэг ч төгрөгийн бонд арилжаалаагүй аж.

Өнөөдөр үнэт цаасны эргэлт хэд дахин буурч макро эдийн засагт нөлөөлөх үүргээ алдаж хөрөнгө оруулагчид нийлүүлсэн мөнгөө татаж авах болон үнэт цаасаа зарж зах зээлээс гарч буй ажээ. Үүний шалтгаан нь гишүүдээсээ авах элдэв хураамж нь  нэмэгдсэнтэй холбоотой. Тодруулбал, Монголын хөрөнгийн бирж нь гишүүнчлэлтэй байгууллага атлаа гишүүддээ үйлчилдэггүй,  гэсэн ч хураамжаа тав дахин өсгөсөн хэмээн Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос мэдээллээ. Мөн эрсдэлийн сангийн гурван хувь, барьцааны 10 сая төгрөг, төлбөрийн баталгааны сангийн хоёр сая гээд ямар ч эргэлтгүй мөнгөн сангууд олон болсон байна. Барьцааны болон төлбөрийн баталгааны сангаас болоод брокер диллерийн компаниуд өдөрт 30 сая төгрөгөөс илүү хэмжээний үнэт цаасны гүйлгээ хийхээ больжээ. Монголын хөрөнгийн биржийн гишүүнчлэлийн журамд гишүүний элсэлтийн хураамж 11 сая төгрөг байснаа 15 сая төгрөгт хүрчээ. Үүнээс гадна гишүүний жилд төлдөг хураамж 500 мянган төгрөгөөс 2.5 сая болж нэмэгдсэн аж. Үүнээс гадна шинээр төлбөр хураамж ч төлөх болжээ. Жишээ нь, өргөдлийн хураамж 500 мянган төгрөг, арилжааны нэвтрэх эрхийг 195 мянган төгрөг,  торгууль таван сая төгрөг гээд тус бирж дээр үйл ажиллагаа явуулах компаниудын зардал жилээс жилд нэмэгдсэн байна. Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооноос Хөрөнгийн бирж  гишүүнчлэлтэй холбоотой хураамжийг гишүүдээсээ санал аваагүй, зөвшилцөлгүй нэмж байгаа нь биднийг зах зээлээс шахан гаргах үйлдэл боллоо хэмээн үзэж байна. Нөгөө талаар Монголын хөрөнгийн бирж хамгийн өндөр зардалтай, арилжаа бага хийгддэг бирж болж хувирлаа гэв.  Ингээд төрийн өмчит Үнэт цаас төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв болон Хөрөнгийн бирж ашигтай ажиллаж хувийн мэргэжлийн байгууллагууд бүгд алдагдалтай ажиллах болсон аж.  
 
Өнөөдөр арилжааны тоо хэмжээ, мөнгөн дүн буурч байгаа нь хэд хэдэн шалтгаантай гэнэ. Монголын хөрөнгийн биржийн шинээр нэвтрүүлсэн системд анхдагч захын арилжааны систем байхгүй тул шинээр хувьцаа гаргах боломжгүй.  Ийнхүү бондын болон хувьцааны анхдагч зах зээл байхгүй тул Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайдын хамтарсан 2012 оны 217/А-161 тоот тушаалаар “Засгийн газрын үнэт цаас гаргах, арилжаалах тухай журам”-ыг баталжээ. Тэгээд Засгийн газрын үнэт цаасыг Монголбанкаар дамжуулж зөвхөн арилжааны банкуудаар худалдах болсон байна. Мөн зах зээлийн хэмжээг томруулах талаар дорвитой арга хэмжээ авахгүй байгаа аж. Хөрөнгийн биржид үнэт цаас бүртгүүлэх өртөг зардал нэмэгдсэн ч үнэт цаас гаргагчдад давуу тал үүсдэггүй. Иймд үнэт цаас гаргагчдын сонирхлыг татдаггүй гэнэ. Өөрөөр хэлбэл хөрөнгийн биржид хууль эрх зүйн болон эдийн засгийн таатай орчин бүрдэж чадаагүй гэсэн үг юм. Энэ бүгдийн улмаас Монголын хөрөнгийн биржийн лангуу хоосорч борлуулах бараагүй болоод байгаа ажээ.

Хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хүрээнд Лондонгийн хөрөнгийн биржтэй хамтарч Монголын хөрөнгийн бирж, Үнэт цаасны төлбөр тооцоо  төвлөрсөн хадгаламжийн төвийн ашиглаж байсан арилжаа, хадгаламж, төлбөр тооцооны системийг шинэчлэн “MIT” системийг суурилуулж  ашиглаж эхэлсэн. Гэвч энэ систем нь доголдолтой, бүрэн гүйцэт ажиллахгүй байгаа тул үнэт цаасны арилжаа эрхлэгчдэд хүндрэл учруулах болсон байна.   2011 оны хавар Монголын хөрөнгийн бирж Лондонгийн хөрөнгийн биржтэй “Ажлын мастер гэрээ”-нд гарын үсэг зурж шинэчлэл хийх ажил эхэлсэн. Үүнд туршлагатай удирдах боловсон хүчнээр хангах, биржийн засаглал, бүтэц зохион байгуулалтыг сайжруулах, эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, дэлхийн жишигт хүрсэн техник технологи нэвтрүүлэх зэрэг ажил хийхээр тохирсон.

Гэтэл өнөөдөр Монголын хөрөнгийн биржээс хариуцан гүйцэтгэж буй “МIT” арилжаа, клиринг, төлбөр тооцооны системийн шинэчлэл  удаарширсан, брокерын болон банкны системтэйгээ цогц шийдэгдээгүй, үнэт цаасны төлбөр тооцоо гүйцэтгэж байгаа нь тодорхой бус, хөрөнгө оруулагчдад хүндрэл учирах болсон аж. Мөн төлбөрийн баталгаа, барьцаа, төлбөр хураамж нэмэгдэж санхүүгийн чадавхийг бууруулсан нөхцөл байдал хөрөнгийн зах зээлд үүсчээ. Иймд Монголын хөрөнгийн бирж шинээр нэвтрүүлж буй системээ цогцоор нь хэрэгжүүлэх, хууль эрх зүйн орчноо сайжруулах, элдэв татвар хураамжаа бууруулах гээд нэн яаралтай шийдвэрлэх олон асуудал байгаа ажээ.  
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан