Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Алтангэрэл: М.Уранцэцэгийг амжилтанд хүргэнэ гэж Х.Баттулга сайд аавд маань амалсан гэдэг

Жүдо бөхийн 2013 оны дэлхийн аваргад бахдам сайхан амжилт гаргаж Монгол Улсынхаа төрийн далбааг Бразилийн нийслэл Рио-де-Жанейрогийн тэнгэрт мандуулсан ОУХМ М.Уранцэцэгийн авга ах А.Алтангэрэлтэй ярилцлаа. А.Алтэнгэрэл ах дүүгээ дэлхийн аварга болсонд баярлаад хөл нь газар хүрэхгүй шахуу л явна билээ. Тэрээр дүүгээ тосч авах том ажлыг хариуцаж, их л завгүй яваа гэнэ. Түүнтэй хөөрөлдсөнөө хүргэе.


-Та дэлхийн аваргатай хэр ойр дотно байдаг вэ. Хэдий үеэс жүдогоор хичээллэж эхэлсэн юм бол?
-Уранцэцэг маань багаасаа л барилдсан шүү дээ. Баянхонгор аймгаас Улаанбаатарт шилжин ирснийхээ дараа л бөхөөр хичээллэж эхэлсэн.

-Их адтай хүүхэд байсан бололтой. Боксоор хичээллэж байсан гэж сонссон?
-Тийм ээ. Миний дүү Монголын спортынхоо түүхэнд алтан үсгээр бичигдэх гавьяа байгуулж, дэлхийн хэмжээний хүн гэдгээ харууллаа. Монголынхоо төрийн далбааг мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлээд, шагналын тавцанд нулимс дуслуулан зогсч байхыг харах үнэхээр сайхан байлаа. Дүүгийнхээ барилдааныг үзэх гэж зурагтынхаа өмнө оройжин сууж, шагнал авч нулимс дуслуулахад нь хамт уйллаа. Энэ хүүхдийг ийм өндөр амжилтанд хүргэсэн хүн яах аргагүй УИХ-ын гишүүн, ҮХАА-н сайд Х.Баттулга шүү дээ. Өөрийнхөө “Женко” клубт сонгон авахдаа энэ хүүхдийг амжилтанд хүргэнэ гэж хэлсэн байдаг юм.
2008 онд Баянхонгор аймагт зохиогдсон “Бага олимп”-ын үеэр манай аав Х.Баттулга сайдтай уулзахад, “Энэ хүүхэд ямартай ч ажилтанд хүрнэ. Тиймээс энэ хүүхдийг дэмжинэ” гэж хэлсэн гэдэг. Үнэхээр их дэмжиж байгаа. Дэлхийн маш олон тэмцээн уралдаанд оролцож, амжилт гаргахад нь үргэлж дэмжиж тусалж байлаа шүү дээ.
Уранцэцэгийн аав нь Баянхонгор аймагт байдаг. Ээж нь нийслэлийн 38 дугаар сургуульд багшилдаг. Саяхан Улсын тэргүүний багш гэдэг цол тэмдгээр шагнуулж давхар давхар бэлгэшээлтэй баяр болж байна.

-Дэлхийн аварга дүүгээ тосч авахад бэлэн үү. Бэлтгэл ажлаа хэр хангаж байна. Та бүхний хувьд ирэх хоногийг нь тэсэн ядан хүлээж байгаа байлгүй дээ?
-Тэгэлгүй яахав, хүлээгээд л байна. Өчигдөр дүүтэйгээ мессежээр харилцлаа. Ирэх сарын 5-нд Монголд ирэх юм байна. Үүнийг ах, дүү нартаа хэлсэн. Баянхонгороос Уранцэцэгийн маань аав Мөнхбат, өвөө Арвин гээд ах дүүс нь ирнэ. Манай аав адуучин Арвин гэж хүн бий. Бид эхээс 14-лээ, өнөр өтгөн. Бүгд л дор бүрнээ догдолж байна шүү дээ.

-М.Уранцэцэгийн аав барилддаг уу. Аль нэг талаасаа бөхийн удамтай юу?
-Манай өвөө Сэр-Од гэдэг хүн барилддаг байсан юм. Мөн миний хамгийн том ах аймгийн начин Цэдэвсүрэн гэж хүн байлаа. Миний дүү Ядамсүрэн гэж сумын начин цолтой хүн байлаа. Уранцэцэгийн аав Мөнхбат мөн л шаггүй барилддаг, сумын наадамд гурван даваатай л байсан. Ингээд бодохоор бөхийн удамгүй гэж хэлэхээргүй байгаа биз дээ.

-Эмэгтэй хүн жүдо бөхөөр хичээллэнэ гэдэг, дээрээс нь ийм өндөр амжилт гаргана гэдэг бол маш их хөдөлмөрийн үр дүн байх. М.Уранцэцэг маань их хатуужилтай байх аа?
-Эмэгтэй хүн жүдо бөхөөр хичээллэнэ гэдэг үнэхээр хүнд хөдөлмөр гэж боддог юм. Хүнд хөдөлмөрийг давж, тэвчээр, хатуужил гаргаж  байж энэ амжилтад хүрсэн. Мэдээж энэ бүхнийг даван туулж амжилтанд хүрэхэд “Женко” клубын багш дасгалжуулагч болоод Х.Баттулга сайдын ач гавьяа их. Үүнийг хэлэхгүй өнгөрч болохгүй гэж бодож байна.
М.Уранцэцэг их хатуужилтай хүүхэд. Ер нь эршүүд, хөдөө өвөөгийндөө оччихоод эрэгтэй хүүхдүүдтэй барилдаад л давж байгаа харагддаг. Манай ээж, аав хоёр хүртэл гайхаж л байсан.

-Ер нь, унаган бяртай байж. Үүн дээрээс хичээл сургуулилт, зүтгэл, зорилго нэмэгдэхээр мэдээж амжилт болох нь дамжиггүй?
-Тийм шүү. Тэр үед бид энэ хүүхэд бөхөөр хичээллэсэн нь зөв юм байна гэж ярилцаж л байсан.

-Та аавынх нь ах, ар дааж үлдсэн хүн. Дүүгээ хэрхэн тосох вэ?
-Яг үнэнийг хэлэхэд сандраад л байна. Төр засгийн тэргүүнүүд хэдийд нь хүлээж авч уулздаг юм бол гээд мэдэхгүй зүйл их байна. Уранцэцэг маань Дэнжийн мянгад ээж, ах, дүүтэйгээ амьдардаг. Ах нь Баянзүрхийн товчооны цаана байшин барьж байгаа юм. Ямар ч байсан дүүгээ ирэхээс нь өмнө байшингаа барьж дуусгаж, шинэ байшиндаа хүлээж авна гээд л өдөр шөнөгүй л ажиллаж байгаа. Нисэхэд буухад нь өвөө, аав, ээж, ах дүүс  нь гээд халуун ам бүлээрээ тосоод зогсч байхад баярлана даа, дүү минь.

-М.Уранцэцэг “Женко” клубт хэзээнээс харьяалагдан барилдах болсон юм бэ. Магадгүй Баянхонгорын бага олимпоос эхлэлтэй байж мэдэх юм?
-Яг төдийд гэдгийг нь ах нь сайн хэлж мэдэхгүй юм. Гэхдээ ямарч байсан энэ хүүхэд сайн бөх, сайн жүдо ч болно гэдгийг Х.Баттулга сайд таньж авсан гэдэг. Манай аавд, “Энэ хүүхэд сайн тамирчин болно. Би энэ спортын оргилд нь гартал бэлдэнэ” гэж хэлсэн гэдэг. Тэгэхээр энэ хүний гавьяагаар л өдий зэрэгтэй явж байна. Дэлхийн аварга гэдэг чинь хэр баргийн аавын хүүд олдохгүй шүү. Гэтэл миний дүү ийм сайхан амжилтанд хүрлээ.

-М.Уранцэцэг сүүлийн жилүүдэд тун сайн барилдаж байгаа, шилдэг жүдочдын нэг яах аргагүй мөн. Гэхдээ өнгөрсөн олимпоор жаахан азгүйтсэн шүү. Та ер нь, дүүгийнхээ барилдааныг алгасахгүй үздэг биз дээ?
-Олимпоор жаахан аз дутсан. Зурагтаар сайн үзнэ шүү дээ. Барилдааныг нь үзэх гэж зурагттайгаа л барилдана. Хазайхад нь дэмжиж, хажууд нь байгаа юм шиг “Мэхээ хурдан хий, яасан уддаг юм, зоригтой хий” үглээд л үзнэ. Ямар сайндаа манай эхнэр, “Чи наад зурагтаа хага өшиглөв” гэж загнаж байх вэ дээ. 

-М.Уранцэцэгийн маань ахуй амьдрал нь ямар байна вэ. Аав, ээж хоёр нь тусдаа амьдардаг гэж сонссон юм байна. Хэтэрхий хувийн амьдралд нь оролцож байгаа бол уучлаарай?
-Ах нь Америкт 10 гаруй жил амьдраад ирсэн юм. Тэгээд Мөнхбатынхаа амьдралаас жаахан тасарсан. Юуг нь ч нуухав, дүүгийн маань амьдралд хүнд хэцүү үе байсан. Аав нь жаахан уучихдаг болохоор хэцүү байсан биз. Тэгээд Уранцэцэг маань спортын мастер болоход хорооноос нь гэр өгсөн гэж ярьдаг юм билээ. Аав нь Баянхонгорт, ээж нь хүнтэй суугаад явчихсан тэр хүнд хэцүү үед амьдралыг миний дүү ёстой л сэтгэлийн тэнхээгээр давж гарсан. Сургуульд байхаасаа л амьдралын хатуу, хөтүүг туулсан. Амьдралын тэр нугачаанаас л хатуужил суусан хүүхэд.
Би бэр дүүгээ муу хэлээгүй шүү. Уранцэцэгийн бас өдий зэрэгтэй яваа нь сайн ээжийн буян. Эмэгтэй хүүхэд буруу замыг сонгохыг алийг тэр гэхэв дээ. Ээж нь сурган хүмүүжүүлэгч хүн учраас Уранцэцэгийг бас л сайн хүмүүжүүлсэн байгаа юм. Аливаа амжилт гэдэг бол хүмүүжилтэй холбоотой шүү дээ. Өчигдөр Уранцэцэгийн ээж Цэрмаа над руу ярьж байсан. “Аагий ах аа. Бидний амьдрал одоо л сайхан болж байна” гээд уйлж байлаа. Бэр дүү маань гурван хүүхдийнхээ төлөө зүтгэж яваа хүн. Харин миний дүү л...

-М.Уранцэцэгийг дэлхийн аварга болсноос хойш баяр хүргэсэн утасны дуудлага тасрахгүй байна уу. Дэлхийн аварга болсны дараа Уранцэцэгийн аавтай ярив уу. Юу гэж байна вэ?
-Тэгэлгүй яахав. Орой сууж барилдааныг нь үзчихээд л ийш, тийшээ шөнөжин ярьсан. Аавд нь хэлсэн. “Охиноороо бахархаж байна” гээд л уйлж байсан. Бас өвөөд нь хэлсэн. 80 гарсан настай хүн болохоор ач охиноо тосох гээд бараг л унтахгүй байна гэсэн. Хамгийн гоё дээл, бүс, малгайгаа гаргаж тавьчихаад л хүлээгээд байгаа сурагтэй. Аав маань барилдааныг нь шууд нэвтрүүлгээр үзэж чадаагүй юм билээ. Давталтыг нь үзчихээд уйлсан гэсэн шүү.  Удахгүй хотод ирэх байх аа.
0 Сэтгэгдэл
Баттулга сайд аа Таны бөхөө гэсэн сэтгэлийг ард түмэн бид хэзээ ч мартахгүй,,, Халтмаа гуайн үр сад ийм л байх,,,
2016 оны олимпоос жюдо бөхөөр манайхан алт авбал Баттулга сайддаа жюдо бөхийн өмсгөлтэй ХӨШӨӨ босгуулах зардлыг жирийн иргэн бид нийлж байгаадч хамаагүй гаргах болноооооооооо
bi bas vzeed baahan uilsan shvv..ulam ih amjilt gargaarai dvv mini.amidrald bvh l yum tohiolddog yum daa
Mundag barildsan shuu. Ar geriin amidraliin huvid bol odoo shal ondoo bolnoo. 16 onii olympoos l medali ahiad avchaasai. say bol unen tasarhai bsan shuu uchuul uchuul daraal daraal yvsandaa
battulga gedeg hun unheer sain hun yumaa bohiin toloo torson hun yum aa
Хамгийн их уншсан