Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хууль зөрчиж олгосон газрыг өмчлүүлэхгүй

Төрийн өндөр албан тушаалтныг таньдаг эсвэл өөрөө төрд зүтгэж байсан нөхөд голын сав дагуу, ой дотор тэр бүү хэл уулын амыг ч эзлэн хашаа хатгах болсон. Тэгвэл энэ байдлыг цэгцлэх үүднээс нийслэлийн ЗДТГ болон Байгаль орчин ногоон хөгжлийн газраас хууль бусаар олгогдсон 4052 га газрын газар эзэмших эрхийг цуцлах болсон талаар мэдээллээ. Учир нь, 4052 га газрыг эзэмшигчид  нь ойн болон усны тухай хуулийг зөрчиж байна хэмээн үзэж байгаа аж. Одоогоор  Чингэлтэй дүүрэгт 2 340 га, Сүхбаатарт 1 090, Баянзүрхэд 450, Сонгинохайрхан дүүрэгт 172 га газрыг эзэмшигч хууль зөрчсөн гэнэ. Эдгээр газрын эзэмших зөвшөөрлийг яаралтай цуцлахгүй бол нийслэлийн ногоон бүсийн  экологийн тэнцвэрт байдал алдагдаж, ургамал, ус ширгэх аюул нүүрлэжээ. Нийслэлийн Засаг дарга   дээрхи хууль бусаар олгогдсон 4 052 газрын эрхийг цуцлах захирамж гаргахаар болжээ. Захирамжид нийслэлийн ногоон бүсэд цаашид газар олгохгүй байх, газар олгосон тохиолдолд холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцох заалтыг ч тусгана гэжээ. Ногоон бүсэд зөвшөөрөлгүй буусан иргэн аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг цуцлах асуудлыг зохицуулахаар ажлын хэсэг гаргаад байгаа юм байна.

Дээрх шийдвэртэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.

-Нийслэлийн ногоон бүсэд хууль бусаар газар олгосон албан тушаалтнуудад хариуцлага тооцно гэлээ. Ямар хариуцлага тооцох вэ?
-Төрийн албан хаагчид хуулиа мэдэж байх ёстой. Гэсэн ч санаатайгаар ой болон усны сав газарт газар олгосон байна. Иймээс хуулийн дагуу хариуцлага тооцно. Магадгүй авлига аваад тухайн газрыг  эзэмших эрх өгсөн ч байж болзошгүй. Ер нь ногоон бүсэд газар олгохыг зогсооно.  2010 онд нийслэлийн Засаг даргын 360 дугаар захирамж гарч дүүргүүдийн газрын албанд ой усны тухай хууль зөрчсөн бол газар олгохгүй гэж заасан. Гэтэл захирамж хэрэгжихгүй явсаар өнөөг хүрчээ. Тухайлбал, Сүхбаатар дүүрэг 2010 онд 46, 2011 онд 129 газрыг иргэн болон аж ахуйн нэгжид олгосон байгаа юм. Харин Баянзүрх дүүрэг 2010 онд 24, 2011 онд 44, 2012 онд 78 газар олгосон байх жишээтэй. Нийслэлийн Засаг дарга захирамж гаргачихсан байхад л дүүргүүдийн Засаг дарга, газрын албаны дарга нар дур мэдэн газар олгоод л байж.

-Ногоон бүсэд том хаусууд бүр хэдэн зуун айлын орон сууц ч хүртэл барьчихсан байгаа. Нэгэнт барьчихсан барилгуудыг яах вэ. Нураана гэвэл олон иргэний эрх ашиг хохирно шүү дээ?
-Ямар ч байсан  шууд нурааж сүйтгэхгүй. Тухайн газрыг өмчлүүлэхгүй, үл хөдлөх хөрөнгийг нь бүртгэж авахгүй. Харин эзэмшүүлнэ. Эзэмшиж байгаа газрыг улс  хүссэн цагтаа өөрийн мэдэлд авах эрхтэй байдаг. Мөн зарим газруудад албан бичиг явуулахаар зэхээд байгаа. Кадастрт нь өөрчлөлт оруулаад зорчих газрыг нь чөлөөлүүлнэ. Зай завсар гаргалгүй том хашаа хатгаснаас тухайн газар гал түймэр гарлаа гэхэд орж  гарах гарцыг нь хааснаас яаралтай тусламж авах аргагүй болдог. Үүний улмаас ногоон бүсэд учрах гамшиг ямар их байх вэ гэдгийг мартаж болохгүй.

-Цаашдаа ногоон бүсэд газар авахаар бол  хэрхэх  вэ. Газрын албанаас гадна Байгаль орчин ногоон хөгжлийн газар оролцоно гэсэн үг үү?
-Байгаль орчны үнэлгээний тухай хуульд газар олгохоосоо өмнө орон нутгийн байгаль орчны газраас  дүгнэлт авна гэж зааж байгаа. Өмнө нь газар олголт хийсэн газруудад байгаль орчны үнэлгээ хийгдэж үү гэдгийг шалгана. Хэн нэг иргэн ногоон бүсэд газар авлаа гэхэд нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газраас мэргэжилтэн очиж тэр газар нь ойн болон усны сан газар уу  хамгаалалтын бүс зөрчиж байна уу гэдгийг хянана.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан