Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөнхий сайд “Шинэ сумын төв” төсөлтэй танилцлаа

Монгол хүн амьдарч буй газраа, аймаг сумандаа ая тухтай сайхан амьдрах нөхцөл бүрдүүлэх зорилтын хүрээнд Шинэчлэлийн Засгийн газар “Шинэ сумын төв” төслийг гурван суманд хэрэгжүүлэхээр төлөвлөж, хөрөнгийг шийдвэрлээд байгаа. Эдгээр нь Баянхонгор аймгийн Баянлиг, Бууцагаан, нөгөө нь Дорноговь аймгийн Замын-Үүд сум юм.

Шинэчлэлийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг Баянхонгор аймагт томилолтоор ажиллах үеэрээ Баянлиг суманд хэрэгжүүлж буй “Шинэ сумын төв” төслийн хэрэгжилттэй танилцлаа. Тэнд сургууль, цэцэрлэг, дотуур байр, эмнэлэг, соёл, спортын төв, нутгийн хөгжлийн ордон, уурын зуух зэргийг нэг дор төвлөрүүлж цогцолбор байгуулж байна. “Их Модун” компани энэ цогцолборыг канад технологиор, канад зөвлөхөөс зөвлөгөө авч барьж байгаа аж. Барилга угсралтын ажил эхлээд 14 хонож буй ч угсралтын ажил 70 хувьтай. Ирэх сарын 20-ноос дотоод заслаа эхэлж, энэ ондоо багтаан цогцолборыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна гэж Их модун компанийнхан Ерөнхий сайд Н.Алтанхуягт танилцуулж байв.

Баянлиг сумын эмнэлэгт зургаан хүн ажилладаг, 10 ортой. “Шинэ сумын төв” төслийн эмнэлэг ашиглалтад орсноор сумын эмнэлэг 24 ортой болно. Өнөөдөр 300 гаруй хүүхэд хоёр ээлжээр хичээллэж байгаа сумын сургууль 650 хүүхдийн багтаамжтай болж өргөжинө. Сурагчдын дотуур байрны хүрэлцээ ч мөн сайжирна. Цэцэрлэгт хамрагдах хүүхдийн тоо өнөөдрийнхөөс 40 гаруйгаар нэмэгдэж, 160-д хүрнэ гэсэн мэдээллийг Баянлиг сумын Засаг дарга өгч байлаа. Тус сумын сургуулийн халаалтыг нам даралтын дөрвөн зуух ажиллаж халаадаг бөгөөд цогцолбор байгуулснаар ганц уурын зуух ажиллаж ”Шинэ сум”-ын төвийг бүхэлд нь халаах аж.

Засгийн газрын зорилтын  хүрээнд Баянлиг суманд хэрэгжиж буй энэ төсөлд 10 тэрбум төгрөг зарцуулж, сумдыг ийм жишгээр хөгжүүлж болно гэсэн загвар болох, иргэд сумын төвд хэрхэн тухтай амьдрах боломжийг үзүүлнэ. Амьдрах орчин сайжрахын хэрээр аймаг, нийслэл рүү чиглэсэн урсгал саарах эхлэл болно гэж Ерөнхий сайд хэлээд төслийг амжилттай хэрэгжүүлэхийг гүйцэтгэгч компани болон аймаг, сумын удирдлагуудад үүрэг болголоо.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан