Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сайхан орчин, бүтээн байгуулалт хүссэн орон нутгийнхан

Ерөнхий сайд Н.Алтанхуяг орон нутгийн иргэдтэй уулзахдаа ямар нэг хурлын танхимд цуглуулаад ярихаасаа цахим хэлбэрээр хийвэл илүү үр дүнтэй гэж үзжээ. Хурлын танхимд болдог уулзалтаар асуулт асуудаг хэдхэн хүн л ярьсаар байгаад дуусдаг учир нийтэд хүртээлгүй гэв. Иймээс орон нутгийн төр захиргааны албан тушаалтнуудыг цуглуулж, иргэдээс шууд утсаар асуулт авч, хариуллаа. Цахим уулзалтыг телевизээр орон нутагт нь шууд дамжуулсан учир иргэд хариултаа гэртээ, ажил дээрээс сонссон юм. Ерөнхий сайдын эл уулзалтад холбогдох яамдын газрын дарга нар оролцож, зарим асуултад нэмэлт тайлбар өгөв. Цахим уулзалтыг Засгийн газрын тэргүүн Баянхонгор аймагт өнгөрсөн долоо хоногт ажиллахдаа анх туршиж, Өвөрхангай аймагт мөн хэрэгжүүллээ. Иргэд ч утсаар сонирхсон асуултаа асууж, орон нутгийн удирдлагуудын болохгүй бүтэхгүй, хойрго ханддаг асуудлыг нь улалзтал хэлж, шүүмжлэв.


Баянхонгор аймагт энэ жил 432 айлын орон сууц ашиглалтад орно

Баянхонгор аймагт Ерөнхий сайд Н.Алтанхуягийн иргэд, төрийн албан хаагчидтай хийсэн цахим уулзалтад УИХ-ын гишүүн Д.Ганбат, аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан, аймгийн төрийн албан хаагчид оролцов. Баянхонгор аймгийн иргэд утсаар цалин тэтгэвэр нэмэх, аймгийн төвд газар олгох, сургууль, цэцэрлэгийн бүртгэлийн талаар болон сүү үйлдвэрлэгчдэд төрөөс дэмжлэг үзүүлэх үү гэх мэтийг асууж байлаа. Аймгийн төвд болон бусад газарт 0.07 га газар өмчлүүлэх ажил хэвийн явж байгаа бол дахин төлөвлөлт хийж эхэлснийг орон нутгийн удирдлагууд дуулгав. Цалин, тэтгэвэр нэмэхээр инфляц дагаад өсдөг учир иргэдийн амьдралд бодитоор нөлөөлөхгүй. Тиймээс бага хүүтэй зээл, нүүрс, шатахууны үнийг хямдруулах аргаар өрхөд орлогыг нь үлдээх бодлого барьж буйгаа Ерөнхий сайд тайлбарлав.

Энэ жил Баянхонгорын 1100 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй болсон учир хувийн цэцэрлэг ажиллуулсан иргэдэд нөхөн төлбөр олгоно гэсэн юм. Гэхдээ төсвийг нь 2014 оны улсын төсөвт суулгах учир нэгдүгээр сарын 1-нээс мөнгийг олгох аж. Ирэх таван жилд аймгийн хэмжээнд 21 сургууль, 17 цэцэрлэг шинээр барихаар төлөвлөжээ. Сумын иргэдийг сумандаа хүүхдээ сургах ёстой, аймгийн төвд суралцуулахгүй гэсэн шийдвэр гарсан талаар иргэдээс санал, гомдол энэ үеэр ирэв. Харин аймгийн удирдлагууд эцэслэн шийдвэр болж гараагүй, судалж байгаа, санал асуулга авна гэж үүнийг няцаалаа.

Намын харьяаллаар ажлаас халж байгаа талаар мөн Ерөнхий сайдад гомдоллов. Үүнд аймаг орон нутагт юу болж байгааг мэдэхгүй ч намын харьяаллаар ажлаас халж болохгүй. Өглөө ажилдаа ирдэггүй, бямба гарагт ажиллаж үзээгүй, хахууль авдаг төрийн албан хаагч олон байсаныг халсан гэж Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг хэлсэг юм. Аймгийн Засаг дарга Д.Жаргалсайхан төрийн албанд хариуцлагатай хандаж, сэтгэл гаргаж ажиллаагүй хүмүүстэй хариуцлага тооцож байгаа гэв. Аймгийн төвд 5,3 км авто замыг өртгөхөд 3.3 тэрбум төгрөг зарцуулж буй гэнэ. Бүтээн байгуулалтын их ажил байхад хүн олдохгүй цэргийн албан хаагчдыг ч ажиллуулдаг гэлээ.

Сүү үйлдвэрлэгчдийн асуул­тад ноосонд урамшуулал олгож байгаа энэ талаар яриагүй гэж хариулав. Жижиг , дунд үйлдвэрлэлийг дэмжихээр өнгөрсөн гурван жилд тус аймагт 800 гаруй сая төгрөгийн зээл олгож. Баянхонгорын ерөнхий төлөвлөгөөг БНСУ-ын компани боловсруулж байгаа гэнэ. Хэдийгээр санхүүжилтээс болж ажил удаашралтай байгаа ч энэ жилдээ 432 айлын орон сууц барьж ашиглалтад оруулах юм байна.

Иргэд, төрийн албан хаагчидтай уулзсаны дараа Ерөнхий сайд “Хаш гоёо” ХХК-ийн бетон зуурмагийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан юм. Ажлаа эхлээд сар гаруйн хугацаа өнгөрч байгаа ч 30 гаруй хүнийг ажлын байраар хангаж, захиалгаар барилгуудад бетон зуурмаг нийлүүлж байгаа гэнэ. Цагт 60 шоо метр зуурмаг бэлтгэж, аймгийн хэрэгцээг хангаж чадах хүчин чадалтай аж. Гэхдээ эрэлт бага учраас нийлүүлэлт харьцангуй бага байгааг компанийнхан хэллээ. Нэг тэрбум орчим төгрөгөөр уг үйлдвэрийг байгуулжээ.


Өвөрхангай аймаг 80.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ

Өвөрхангай аймагт болсон цахим уулзалтад аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн болон аймгийн төр захиргааны албан хаагчид Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хамт оролцож, иргэдийн асуулатд хариулав.  Оюутны 70 мянган төгрөг өгөх үү, “Хүний хөгжил сан”-гийн нэг сая төгрөг иргэдэд олгох уу, МСҮТ-ийн удирдлага ажилтнуудаа олноор нь халсан, хүүхдээ харж байгаа эхчүүдийн мөнгийг нэмэх үү, цэцэрлэг сургууль гээд нийтлэг асуултууд ирэв.

Нэг сая төгрөг олгохгүй гэдгийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлээд банкны хүү яагаад өндөр байгаа шалтгааныг судлах ажлын хэсэг байгуулсаныг дуулгалаа. Банкны хүүг бууруулах нь эргээд орон сууцны зээлийн хүүд нөлөөлнө гэж үзэж байгаа аж. Зээлийн барьцаа хөрөнгийг банк шууд борлуулах хууль эрх зүйн орчин бүрдүүлэх гэнэ. Хэрэв ингэж чадвал банкны эрсдэл багасч, үүнийгээ дагаад зээлийн хүү буух ёстой гэсэн юм. Иргэдийн төрд итгэх итгэлийг эргээд сэргээхийн тулд маш их ажиллах хэрэгтэй байгаа. Төвлөрлийг сааруулахын тулд орон нутагт хотхон байгуулах ажил хийнэ гэж Ерөнхий сайд хариуллаа. 

Жирэмсэн болон төрсөн эхчүүдэд олгодог сар бүрийн 40 мянган төгрөгийн тэтгэмжийг нэмэгдүүлж, 80 мянган төгрөг болгох, эсвэл амин дэм үнэгүй олгох зэрэг асуудлыг шийдэх хуулийн төсөл Засгийн газраас УИХ-д өргөн барьсан байна.

Аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн Арвайхээрийн цэцэрлэгийн насны хүүхдүү­дийн 51 хувь нь цэцэрлэгт явах боломжтой. Иймээс энэ онд 150, ирэх жил 150 хүүх­дийн багтаамжтай цэцэрлэг ашиглалтад оруулна гэлээ.
МСҮТ-өөс халагдсан хүн байхгүй. Хоёр тусдаа бай­гууллага болсон учир зохион байгуулалт хийсэн гэж тус төвийн захирал хариулт өгөв.

Өвөрхангай аймаг энэ жил 80.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ. Сүүлийн гурван жилд нийт­дээ 133.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, бүтээн байгуулалт өрнүүлсэн байна. Аймгийн төвийн хэсэгчилсэн ерөнхий төлөв­лөгөөг шинэчлэн боловсруулж “Шинэ Арвайхээр” бүтээн байгуулалт төлөвлөж буйгаа аймгийн удирдлагууд танил­цуулсан юм. Үүнийхээ зураг төслийг нь гаргасан боловч багагүй саад бэрхшээл тулгар­сан байна. Дулааны станц, цэцэрлэг, сургууль шинээр барих шаардлага гарсан гэдгээ хэлж, аймагтаа өрнүүлж буй бүтээн байгуулалтыг ажлуудыг газар дээр очиж танилцуулав. 2018 онд бүрэн ашиглалтад оруулах 1200 айлын орон сууцны шинэ цогц хорооллын цахилгаан, дулаан, цэвэр усны шугамын зураг төсөл боловсруулж, хөрөнгийг ирэх оны улсын төсөвт оруулах саналаа Засаг дарга хэлсэн юм.

Шинэчлэлийн Засгийн газар аймгийн төв бүрийг хот болгох зорилт тавьсан учир үүнийг дэмжиж, орон сууцны хорооллын дэд бүтцийг дагуулж, амины сууц барих боломжийг иргэдэд олгох нь зөв гэлээ Ерөнхий сайд.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан