Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Петер Бенсон: Ус зайлуулагчгүй зам чанартай байж чадахгүй
Олон улсын мэргэжилтнүүдийг нэгтгэсэн “Монгол Улсын авто замын салбарын чадавхийг бэхжүүлэх төсөл” өндөрлөх гэж байна.  
“Викрөүдс” олон улсын компани, Азийн хөгжлийн банк, Зам тээврийн яамтай хамтран хэрэгжүүлсэн төслийн баг үр дүн, тайлангаа боловсруулж, сүүлийн ажлаа нэгтгэж сууна.
Уг хамт олныг Австрали улсын мэргэжилтэн Петер Бенсон удирдан ажиллажээ. Түүнтэй ярилцлаа.


-Сайн байна уу. Монголын авто замын салбарыг чадавхижуулах төсөл удирдан хэрэгжүүлээд нутаг буцах гэж байна. Төслийн хугацаанд хэрэгжүүлсэн ажлаасаа манай уншигчидтай хуваалцаач?
-Төсөл маань нэлээд олон асуудлыг хамарсан. Хамгийн гол нь Засгийн газрын зүгээс авто замын менежментийг хэрэгжүүлэх аргачлал, бүтцийг тодорхойлох явдал. Үүний араас замын урсгал засвар, бүрэн шинэчлэл буюу ээлжит засварын төлөвлөгөө боловсруулах ажил эхлүүлэхийг зорьсон. Мөн мэргэжилтнүүдэд боловсрол мэдлэг олгох сургалт хийж ажиллалаа. Тухайлбал, цахим орчинд суурилсан зайн сургалт, олон улсын стандартыг танилцуулахаас эхлүүлээд 2000 цагийн видео хичээлийг орчуулан бэлтгэсэн. Нийслэлийн авто замын газартай хамтран ажиллаж, зам засвар, арчлалтын арга хэлбэрийг аль болох сайжруулахыг хичээн судаллаа. Нөгөөтэйгүүр, олон улсын техник стандартыг Монголд нэвтрүүлж, хэрэгжүүлэх нөхцөл хангах нь чухал асуудал юм.

-Төсөл хэдий хугацаанд хэрэгжсэн бэ. Сургалтаас гадна шинэ программ нэвтрүүлж байгаа гэсэн?
-Гадаадын олон мэргэжилтэн, монголчуудтай хамтарсан төсөл маань 2012 оны хоёрдугаар сард эхэлсэн. Энэ оны арваннэгдүгээр  сард үндсэн үйл ажиллагаа дуусах төлөвлөгөөтэй байсан юм. Гэхдээ хоёр чухал ажил хийхээр төслийн хугацааг хагас жилээр сунгасан. Зам тээврийн яамтай хамтран Авто замын тухай хуулийн шинэчилсэн найруулга боловсруулж, батлуулах нь эхний асуудал. Нөгөөх нь улсын чанартай замуудад ээлжит засварын төлөвлөгөөг 2014 оноос бодитоор эхлүүлэхээр зорьж байгаа. Тиймээс ирэх оны тавдугаар сард төсөл бүрэн дуусах юм.
Ирэх арваннэгдүгээр сарын сүүлчээр нийслэлийн Авто замын газарт засвар арчлалтын үед ашиглах гэрээний загвар баримт бичиг болон засварын стратеги төлөвлөгөөг хүлээлгэн өгнө. Мөн ерөнхий төлөвлөгөө, засвар арчлалтыг хуваарилах менежментийн программ суурилуулж, танилцуулах юм. Уг программд жил бүр арчлалт, төлөвлөгөөний мэдээллийг оруулснаар цаашдаа зам засвар, арчилгаа хаана шаардлагатайг автоматаар харуулна.

-Замын уулзваруудыг шинэчилж буй “Гудамж” төсөлд иргэд ам сайтай байгаа. Мэргэжлийн хүний хувьд та хэрхэн дүгнэх вэ?
-Засгийн газрын төвшинд шийдвэрлээд, “Гудамж” төсөл хэрэгжүүлж, түүний ажлын явцыг интернэтээр шууд хянах нөхцөл бүрдүүлсэн нь сайшаалтай. Яагаад гэхээр иргэд ажлын явцыг бодитоор хянах, үр дүнг баримжаалах, ядаж л дуусах хугацааг мэдэх боломжтой. Товчхондоо, олон нийтийн хяналтыг бүрдүүлсэн нь сайн хэрэг. Иргэдийн хяналт сайжирснаар аль замд засвар шинэчлэл хэрэгтэйг мэдэх, хооронд нь харьцуулан жишиж Засгийн газартаа шахалт үзүүлэх боломж бүрдүүлэх гол хэрэгсэл болсон. Миний хувьд Улаанбаатар хотынхонд баяр хүргэмээр санагддаг.

-Зам засварын ажил нэг өвөл өнгөрөхөд л эвдэрч дахиад шинэчилдэг байсан нь сүүлийн жилүүдэд өөрчлөгдсөнийг иргэд хэлэх болсон. Ингэж өөрчлөгдсөн шалтгаан нь юунд байгаа бол?
-Төрөл бүрийн хүчин зүйл нөлөөлсөн. Урьд нь, технологи, аргачлалын хувьд буруу гүйцэтгэдэг байснаа сайжруулсан нь мэдээж. Үүнд олон улсын стандарт жишиг нэвтрүүлэхээр ажиллаж буй хүмүүсийн хүчин чармайлт нөлөөлсөн болов уу. Мөн ашиглаж буй техникээ шинэчилсэн нь ч замын насжилт сайжрахад эерэгээр туссан. Гэхдээ зам бүхэлдээ сайжирчихаагүй, миний ярьж буй зүйл алаг цоог байгааг санах хэрэгтэй. Наанадаж замын тэмдэглэгээ, иргэдэд анхааруулах дохио, хамгаалалтын зурвасаа хангалттай хийгээгүй замыг сайн гэж хэлэх боломжгүй. Бодит чанарын тухай ярихад Чойр хүртэлх замаар жишээлж болно. Өнгөрсөн жилүүдэд замын чанар сайн байсан ч сүүлийн үед маш хурдацтайгаар чанар нь муудаж байгааг бид харлаа.

-Урьд нь, мэргэжлийн хүмүүсээс замаа яагаад муу хийгээд байна вэ гэж асуухаар тэсгим хүйтэн өвөл, эрс тэс уур амьсгалд бурууг өгдөг байсан. Энэ тайлбар хэр үнэний ортой вэ?
-Ашиглалтад ороод долоон жил болж байгаа Улаанбаатар-Чойрын зам өнгөрсөн жилээс зарим хэсэгт ээлжит засвар шаардах болсон. Бид өнгөрсөн зургадугаар сард замтай танилцаад гурван долоо хоногийн өмнө дахин шалгасан. Энэ хооронд эвдрэл, гэмтэл огцом ихэссэн байлаа. Мэдээж үүнд цаг агаарын нөхцөл нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ түүнээс илүү урсгал засварыг цаг тухайд хийгээгүй нь хүчтэй нөлөөлсөн болов уу. Мөн Замын-Үүдээс нийслэл рүү чиглэсэн том оврын автомашинууд даац хэтрүүлэн явдаг нь хурдан эвдрэхэд хүргэсэн. Одоо энэ замын нийт уртын 30 гаруй хувьд нь бүрэн шинэчлэл хийх шаардлагатай. Товчхондоо, замын эвдрэлд цаг агаарын байдал тодорхой хэмжээгээр нөлөөлдөг ч бүх бурууг өгөх нь утгагүй.
Зам арчлалт хариуцсан орон нутгийн компаниудыг буруутгах аргагүй. Яагаад гэвэл тэд эзэмшсэн мэдлэг, сурсан зүйлдээ л тулгуурлаж энэ бүхнийг хийдэг. Харамсалтай нь, мэдлэгээ сэргээн сайжруулах, бататгах, шинэ стандарт, аргачлалаас суралцдаггүй явдал нийтлэг байна. Тиймээс тэднийг сургалтад хамруулах, шинэ технологи нэвтрүүлэх асуудал зайлшгүй хөндөгддөг.

-Эзэмшсэн мэргэжил, мэдлэг болон стандарт ойлголтын зөрүү хоцрогдол үүссэн юм байна. Тэгвэл үүнийг өөрчлөхөд хэдий хэр хугацаа шаардагдах бол?
-Ажлын амжилт, үр дүнг таван жилээр тоймлон хэлж болох юм. Жишээ нь, Чойр-Улаанбаатарын замын ээлжит засварыг энэ жилдээ батлуулаад, 2014 оны хавар хийж гүйцэтгэлээ гэж бодъё. Тэгвэл хүндрээд буй заим хэсэг газарт дараачийн таван жилийн турш ямар нэг эвдрэл гэмтэлгүй байна гэсэн үг. Өнгөрсөн гуравдугаар сард болсон “Авто замын экспо”-д илтгэл танилцуулах завшаан надад олдсон юм. Би илтгэлдээ замын бүтээн байгуулалтад зөвхөн хүний гэхээсээ илүү техникийн оролцоо маш чухал гэдгийг онцолсон. Ерөнхийдөө техникийн дэвшил, технологи аргачлал, сургалт боловсролын асуудал гурвуулаа зэрэг, тасралтгүй шинэчлэгдэж байх ёстой.
Жишээлбэл, Дархан руу хүрдэг замын шинэчлэлд ашиглаж буй техник, төхөөрөмж төдий л оновчтой биш. Хоёрдугаарт, Улаанбаатар хотоос ачиж зөөдөг асфальт замдаа хөрчихөөд очдог, энэ бол технологийн алдаа юм. Ийм замын эдэлгээ 4-5 жил биш ердөө гурван жилийн дараагаас эвдрээд эхлэх болно. Чойрын замаар өдөрт янз бүрийн 1800 авто машин зорчиж өнгөрдөг. Гэтэл Австрали улсын ийм хэмжээний улсын чанартай замаар өдөрт 20 мянган авто машин явдаг. Тэгэхээр монголын замын ашиглалт, чанар ямар байгаа нь харагдах болов уу.

-Манай улсад нэвтрүүлэх шаардлагатай дэвшилтэт технологиос дурдвал?
-Техникийн дэвшлийг ашиглах нь алдаа бага гарах, цөөн хүн ажиллуулах сайн талтай. Ажилтныхаа хувьд ч бүтээмжээ өндрөөр үнэлүүлж, их цалин авах боломжтой шүү дээ. Сүүлийн үед жолооч, оператороос өөр хүний оролцоогүй хэрнээ замын гадаргуу боловсруулалтын бүхий л ажлыг дангаараа гүйцэтгэдэг механизм Монголд ороод ирчихэж. Бүх зүйлийг программчилсан учраас алдаа мадаг бага гарна, ажлын бүтээмж өдөртөө л 5-6 км хүрдэг. Тэгэхээр үүнийг ашиглах хүмүүст мэдлэг, сургалт хийх шаардлага зайлшгүй гарч байгаа юм.

-Монголд нэг км зам барихад 1.6 тэрбум төгрөг зарцуулдаг гэх албан бус тооцоо бий. Тэгвэл Австралид энэ зардал хэдий хэмжээтэй байдаг бол?
-Ерөнхийдөө 800 мянгаас нэг сая ам.доллар хүрдэг, үүнээс ч илүү гарах нь бий. Зарим тохиолдолд зөвхөн өргөнөөрөө 1.5 км зам байгуулах шаардлага гардаг. Үүнд, хэдий хэмжээний зардал гарах нь тодорхой. Мөн орон нутгийн иргэдийн шаардлагаар байгалийн төрхөөрөө байгаа жижигхэн горхийг яг тэр хэвээр нь нүүлгэн шилжүүлэх болдог. Унаган төрх, нөхцөлөөр нь зөөж байршуулахад хэдий хэр зардал гарахыг төсөөлөхөд ч бэрх. Тэр бол олон нийтийн шаардлага шүү дээ.

-Зам ашиглалтад орсноос хойш гарсан эвдрэл гэмтлийг гүйцэтгэгч компаниар хийлгэж байгаа. Энэ нөхцөл байдлыг Австралитай харьцуулбал хангалттай юу, эсвэл дутмаг уу?
-Мэдээж цаг агаар, нөхцөл байдал өөр учраас ялгаатай байх. Гэхдээ манай улсад ийм хариуцлагын хугацаа нэг жил байдаг юм. Ерөнхийдөө технологи, гүйцэтгэл буруу, тааруу байвал согог гэмтэл илрэхэд 6-8 сарын хугацаа хангалттай гэж үздэг. Тэр хугацаанд сайн байвал замын гүйцэтгэл сайн байжээ гэсэн үг. Монгол дахь барилгын ажилд ахиц гарч, замын хөдөлгөөний эрчим одоогийнх шиг бага байвал эхний эвдрэл гэмтэл илрэхэд 18 сар хангалттай байх. Гэхдээ замаа муу хийсэн бол түүнээс бага байх нь тодорхой. Жишээ нь, Төв аймгийн Баянхангай сумын замыг дөрвөн жилийн хугацаанд барьсан. Гэхдээ хөдөлгөөний эрчим бага учраас эхний эвдрэл гурван жилийн дараа үүссэн байдаг.

-Улаанбаатар хотын замтай холбоотой нэг асуулт байна. Замд ямар нэгэн ус зайлуулах систем, суваг шугам хийгээгүй. Одоо үүнийг засах бололцоог хэрхэн харж байна вэ?
-Ус бол авто замын үндсэн дайсны нэг. Хэрэв ус зайлуулах системээ хийхгүй бол хэчнээн сайн зам барилаа ч тун удахгүй эвдрэх болно. Гол замуудад ус зайлуулах шугам зайлшгүй шаардлагатайг хүн бүхэн мэддэг. Одоо хэрэгжиж буй замын төслүүдэд уг системийг тусгаж, хэрэгжүүлж байна. Төсөв мөнгө, техник бололцоо, стандартыг аажим аажмаар нэвтрүүлэх хэрэгтэй.

-Хоёрхон эгнээтэй замд автомашинууд түгжирчихдэг. Үүнийг өөрчилж, хөдөлгөөнийг эрчимжүүлэхийн тулд  замаа өргөтгөх аргыг л сонгоод байгаа?
-Замыг өргөтгөхөөс илүү Зам тээврийн яамнаас баримталж буй авто замын торон систем, төлөвлөлт  хэрэгжүүлэх нь үр дүнтэй болов уу. Гэрлэн дохио, хөдөлгөөний урсгалыг өөрчлөх зэрэг сөөм сөөмөөр шинэчлэх зохицуулалтыг ч орхиж болохгүй. Зарим уулзварт зөвхөн баруун тийш эргэх зохион байгуулалт ч үр дүнгээ өгнө.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан