Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Сосорбарам: Усны бүтэц, газрын онцлогт тохирсон шүүлтүүр нэвтрүүлнэ

Ундны усыг олон улсын стандартад нийцүүлэн цэвэршүүлэх шинэ төхөөрөмжийг Солонгосын буцалтгүй тусламжаар нийлүүлэх ажил эхэллээ. Монголын талаас “Монгол Ус” төрийн өмчит үйлдвэрийн газар гардан гүйцэтгэж буй юм. Тус газрын захирал Ц.Сосорбарамтай төслийн талаар ярилцлаа.

-Ундны ус цэвэршүүлэх анхны төхөөрөмжөө суурилууллаа. Нээлтээ хийгээд удаагүй төслийн талаар танилцуулахгүй юү?
-Монгол, Солонгосын Засгийн газрын хамтын ажиллагааны санамж бичиг 2012 онд байгуулсан. Үүний үр дүнд ундны усыг цэнгэгшүүлж, халдваргүйжүүлэх шинэ аргачлалын судалгаа хийх, дунд оврын тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл хэрэгжихээр болсон юм. Солонгос улсын буцалтгүй тусламжаар нийт 100 сая орчим ам.долларын хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ. Судалгаа, шинжилгээ, зохион бүтээх ажил үргэлжилсээр анхны цэвэршүүлэгчийг энэ оны нэгдүгээр сард Сүхбаатар дүүргийн 58 дугаар дунд сургуульд суурилуулсан. Хөрсний бохирдол, усны найрлага дахь эрдэст чанар ихтэй газрыг сонгосон нь энэ юм.

-Ус цэвэршүүлэх олон төхөөрөмж байгаа. Тэдгээрээс юугаараа давуу талтай вэ?
-Орчин үеийн нано технологи, компьютержсэн шүүлтүүр, мембранаар усыг шүүж байгаа юм. Эхлээд ионжуулж халдваргүйжүүлсний дараа нь силикатын нарийн шүүлтүүрээр цэвэршүүлнэ. Үүний араас мембран технологиор дамжаад бас нэг шүүгчээр дамжаад ундны ус гарах болно. Товчхондоо, дөрвөн давхар цэвэршүүлэх шаталбарын дараа олон улсын стандартад нийцсэн, шууд уух боломжтой ус гарах юм. Хоногт 24 тонн ус цэвэршүүлэх хүчин чадалтай учраас аль ч байгууллагын ундны усны хэрэглээг доголдуулахгүйгээр хангана.

-Анхны хэрэглэгч нь 58 дугаар сургуулийн хамт олон боллоо. Цаашид хаана хаана, нийт хэчнээн төхөөрөмж нийлүүлэх вэ?
-Юун түрүүнд судалгааны дүнгээ нэгтгэж, төрийн байгууллагуудаас санал авч хаана эхний ээлжинд нийлүүлэхээ шийдвэрлэх юм. Өөрөөр хэлбэл, багагүй шат дараалалтай ажиллагаа болно гэсэн үг. Тэгэхээр одоогийн байдлаар хэдэн төхөөрөмж гаргахыг хэлэх бололцоогүй байна. Манай орны нутаг дэвсгэрийг хоёр хэсэгт авч үзвэл өмнөд болон зүүн хэсгийн ус баруун хойд нутгаа бодвол хавьгүй эрдэс ихтэй байгаа шүү дээ. Тэгэхээр эхний ээлжинд энэ бүс нутагт шүүлтүүрээ анхлан нэвтрүүлэх болно. Жишээ нь, аймаг, сум, багийн төв болон эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн ундны усыг цэвэршүүлэхээр төхөөрөмжөө суурилуулах юм.

-Ийм байсан усыг цэвэршүүлээд тийм болголоо гэсэн бодитой тооцоо судалгааг хийсэн байх. Цэвэршүүлэлтийг хувиар илэрхийлэх боломжтой юу?
-Ер нь, усыг цэвэршүүлээд ашигладаг хоёр зориулалт бий. Эхнийх нь бохир усыг шүүгээд саарал ус болгодог. Нөгөөх нь, бидний хэлж буй ундны усыг шүүх. Монголчууд усныхаа 80 гаруй хувийг газрын гүнээс авч, өөр өөр саванд хадгалж хэрэглэдэг шүү дээ. Тэгвэл түүний дотор ямар нэг эрдэс, бодис, бохирдол байхыг үгүйсгэхгүй. Харин шинэ төхөөрөмж маань үүнийг Монгол Улсын болон олон улсад тавьдаг шаардлага, стандартад хүртэл цэвэршүүлээд гаргана. Мэдээж 100 хувь цэвэр ус гэж байхгүй, ус өөртөө зайлшгүй хадгалах эрдэс бодис гэж байдаг түүнийг зохицуулж, тохируулж өгсөн.

-Усанд байх зарим эрдсийг шүүрдэж, заримыг нь хэвийн хэмжээнд хүргэнэ гэхээр олон төрлийн төхөөрөмж байх хэрэг үү?
-Үүнийг тайлбарлахын өмнө үйлдвэрлэгчийн талаар товч танилцуулъя. Солонгосын Барилгын технологийн институт, Судалгаа үйлчилгээний лаборатор, Ионсэй их сургуулийн тусгай төвийнхөн хамтарч тоног төхөөрөмжийг сайжруулахад хүчин зүтгэсэн. Түүнчлэн “О2NB” гэдэг төхөөрөмжийн үйлдвэр ч чамгүй хувь нэмэртэй оролцлоо. Монголын аль бүс нутагт ямар төрлийн техник, технологи нэвтрэх вэ гэдгийг судалж, нэгдсэн симпозиумаар тодорхойлоод мөн санамж бичиг байгуулсан. Харин “Монгол ус” корпорац эдгээр төхөөрөмжийн ашиглалт, нийлүүлэлт, суурилуулах болон засварын ажлыг хариуцан гүйцэтгэнэ.
Солонгосчууд аливаа ажилд маш гавшгай, шуурхай юм гэдгийг энэ төслийн явцад бид олж харлаа. Төхөөрөмжийн зураг төслийг нэг инженер гаргаж суухад ус судлаач, шинжээч нь түүний дэргэд ямар бүтэц, найрлагатай, ямар шүүлтүүртэй байхыг хэлж өгнө. Түүнийг газар дээр нь боловсруулж, тохиргоог хийгээд үйлдвэртээ тэр хэвээр нь захиалсан. Өнгөрсөн онд эхэлсэн төслийн анхны төхөөрөмж энэ жилийн нэгдүгээр сард суурилагдсан гэхээр ямар шуурхай ажилласныг харуулна. Үүгээр юу хэлэх гэсэн бэ гэвэл төхөөрөмжөө бүс нутаг, суурин газрын онцлогт тохируулаад үйлдвэрлэх боломжтой. Жишээ нь,

-Тоног төхөөрөмж маань Монголын нөхцөлд ашиглахад арчилгаа болон засвар үйлчилгээ хэр их шаарддаг зүйл вэ?
-Анхны төхөөрөмжөө бид ерөнхийдөө долоон сар ашиглаж, туршиж үзлээ. Авсаархан, хөнгөн, ашиглах солиход хялбар, үнэ хямд, зөөвөрлөхөд түвэг багатай төхөөрөмж шүү дээ. Тэгэхээр хүндрэл бага гэсэн үг. Төв Азийн төвд оршдог, эрс тэс уур амьсгалтай, -50 хэмээс +50 хэм хүртэл хэлбэлздэг орон хэрнээ гурван өөр бүс нутагтай гэдгийг судалгаанд тусгасан. Энэ нь, нөгөөх төхөөрөмжөө үйлдвэрлэх, зохион бүтээхдээ л тусгаж, анхаарсан гэдгийг илтгэнэ.
0 Сэтгэгдэл
ashiglaltiin zardal ondor
Хамгийн их уншсан