Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадын хөрөнгө оруулагчид аа, Монголд ир ээ

Сураг гарсан ч удтал тов нь тодрохгүй байсан УИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах захирамж гарлаа. УИХ-ын дарга З.Энхболд захирамж гаргаж, ээлжит бус чуулганыг энэ сарын 16-27-нд хуралдуулахаар шийджээ. Засгийн газраас ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх хуулийн төслүүдээ уржигдар өргөн барьсан юм. Энэ удаад Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай, Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай, “Урт нэртэй” хуульд өөрчлөлт оруулах тухай, Түгээмэл тар­хацтай ашигт малтмалын ту­хай хуулийн төслийг хэлэл­цүүл­нэ. Эдгээрээс олны ан­хаар­­лыг хамгийн их татаж байг­аа нь мэдээж Хөрөнгө оруу­лалтын тухай хуулийн төсөл.

Гадаадын хөрөнгө оруулалтыг боомилсон хуулиа өөрчлөхгүй бол эдийн засаг хүндхэн байдалд орсныг дээр дооргүй ярьж, санаа зовсоор. Тиймээс Эдийн засаг хөгжлийн яамнаас боловсруулан оруулж буй уг төсөлд их найдлага тавьж байна. Гэхдээ хэлэлцүүлэгт ороод эхлэхээр хэрхэхийг таах аргагүй юм. 2012 онд оруулсан өөрчлөлт гадаадаас орж ирдэг мөнгөний урсгалыг хаасан гэж буруутгаж байгаа шиг ахиад л байдлыг дордуулах төсөл байх вий гэсэн болгоомжлол бий. Энэ бол Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл гэсэн нэртэй Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулиас тусдаа байх аж.

Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль 1993 онд батлагдсанаас хойш мөрдөж, 2002, 2008, 2011, 2012 онд өөрчлөлт оруулжээ. Гэвч гар хүрэх тоолондоо хуулийг улам дордуулсан гэхэд буруудахгүй. Өнгөрсөн жил оруулсан өөрчлөлтөөс хойш гадаадын хөрөнгө оруулалт эрс багассаныг тоо баримт, тооцоо судалгаа харуулна. Манай улсад 2008-2012 онд гадаадын хөрөнгө оруулалт хамгийн их орсон байна. Чөлөөт зах зээлд шилжсэнээс хойш нийтдээ 14 тэрбум төгрөг манай улсад орж ирснээс 80 орчим хувь нь дээрх өөрчлөлтийг хийхээс өмнөх дөрвөн жилд нь байгаа юм. Ялангуяа “Саус гоби сэндс”-ийн 60 хүртэлх хувийг Хятадын төрийн өмчийн “Чалко” компани авсан тухай мэдээлэл гарч, бөөн дуулиан дэгдсэнээс хойш УИХ-ын гишүүд нэгэн хуулийн төсөл санаачилсан. Энэ нь Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах. Өнгөрсөн оны тавдугаар сард УИХ-д хуулийн төслөө оруулж, батлуулснаас хойш гадаадын хөрөнгө оруулалт эрс багассан байдаг. Тодруулбал, хуулиар стратегийн 19 салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг 25-49 хувь хүртэл хязгаарлахаар болсон. Уул уурхайн салбарт хөрөнгө оруулбал 25 хувь хүртэл л хөрөнгө оруулах эрх гадаадынханд өгсөн юм. Харин бусад нь 49 хувь хүртэл гэсэн босго тогтоов. Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт хэтэрхий замбараагүй болж, хууль нь ч сул байгаа хэмээн тухайн үеийн УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ц.Батбаяр, Ц.Баярсайхан, Д.Ган­хуяг, Д.Тэрбишдагва, Ө.Энхтүвшин нар санаачилсан юм. Ингээд 2008-2012 оны парламент хуулийн төслийг 72.5 хувийн саналаар дэмжиж, баталсан. Түүнээс хойш гадаа­дын хөрөнгө оруулагчид Мон­голоос зугатаж, мөнгөө татсаар өдийг хүрлээ. 2013 оны гуравдугаар улирлаас хойш хөрөнгө оруулалт эрс багасч, өмнөх жилийнхтэй харьцуулахад 42 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

Харин Засгийн газраас өргөн барьсан Хөрөнгө оруу­­лалтын тухай хуулиар хөрөнгө оруулагчдад боломж нээж өгч, Монголд ирээч гэж урьж байгаа юм. Зөвхөн гадаадынхан гэлтгүй дотоодын компаниудад боломж олгож хөрөнгө оруулах нөхцөл бүр­дүүлж, хууль нэгэн ижил үйлчилнэ гэв. Стратегийн салбар хэмээн ялгаж, салгахгүй, тусгай зөвшөөрөл олгохдоо хяналтаа тавьж, анхааралдаа авч байхаар хуулийн төсөлдөө тусгажээ. Хөрөнгө оруулагчдыг хувийн, төрийн өмчийн гэж ангилж. Хувийн хэвшлийнхэнд 100 мянган ам.долларын босго тавьсан бол төрийн өмчийн компани байвал хөрөнгө оруулалтын хэмжээ 25 хувиас дээш гарвал тусгай зөвшөөрөл хүсэх гэнэ. Харин төслийн үр ашгийг тооцоолж байж тодорхой хугацаанд татварыг тогтворжуулах юм байна. Хөрөнгө оруулалтын хэмжээ 15 тэрбум төгрөгөөс давсан, экологид ээлтэй, шинэ технологи нэвтрүүлсэн, ажлын байр нэмэгдүүлсэн бол 5-10 жил татварын хувь хэмжээг тогтвортой байлгахаар хуульд оруулсан аж.

Цаашдаа хууль эрх зүйн орчин бүрдүүлэхийн тулд тогтвортой үйлчлэх талд нь илүүтэй анхаарсан байна. Хэрэв уг хуулийг өөрчлөхөөр бол УИХ-ын гишүүдийн гуравны хоёрын саналаар шийдэх аж. Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэхийг гишүүдийн гуравны хоёр нь дэмжвэл өөрчилдөг зарчмыг энд баримталсан бололтой.

Хөрөнгө оруулагчдыг хамтарч, нэгдэж, нийлж, үнэт цаас худалдан авах гэх мэт өмнө нь хуулиар хаагдмал бай­сан бүх эрхийг нээж өгөх юм байна. Уул уурхайн салбарт ашиглах, олборлох, орд ашиглах, боловсруулахад бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах нь. Концессын болон хөрөнгө оруулалт хийх гэрээг төрийн эрх бүхий этгээдтэй гэрээ хийн, маркетинг, менеж­ментийн гэрээ байгуу­лах зэргээр хөрөнгө оруулж болно гэж хуулийн төсөлд тусгажээ. Товчхондоо хуулиар хориглоогүй л бол хөрөнгө оруу­лалтын бүх арга замыг ашиглаж болно гэжээ. Хөрөнгө оруулагч хэдэн ч салбарт үйл ажиллагаа явуулах эрхтэй байх аж. Монгол Улсын бан­каар дамжуулж гүйлгээ хийх, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, гаалийн албан татвар, НӨАТ, роялтийн татвар зэргийг төлж, тогтворжуулах гэрчилгээг авах юм байна. Ха­рин тамхи, согтууруулах ундаа үйлд­вэрлэх, импортлох, ху­дал­дахад хөрөнгө оруулалт эрхгүй.

Хууль зөрчсөн эрх бүхий албан тушаалтныг хө­дөл­­мөрийн хөлсний доод хэмжээг 25-50, хуулийн этгээ­дийн 100-200 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хариуцлага хүлээлгэнэ. Мөн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох, тусгай зөвшөөрлийг хүчингүй болго­хын төсөлд тусгасан байна.  
Түүнээс гадна Хөрөнгө оруулалт, бизнесийн хөгжлийн агентлаг гэж шинээр байгуулж, гадаадаас хөрөнгө оруулалтаа өөрсдөө олж ирдэг, Монголын тухай мэдээлэл гадаадад түгээдэг байх гэнэ. Энэ бол хөрөнгө оруулагчдыг хүлээж суух биш, урьж, дуудна гэсэн үг юм. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг ур­жиг­дар УИХ-ын даргад өр­гөн барьсан. Харин УИХ-ын ги­шүүдэд өчигдрөөс хүрч эхэлсэн. Тэгэхээр ирэх да­ваа гараг хүртэл гишүүдэд төслийг судлах цаг, хугацаа хангалттай байгаа. Гэхдээ хэлэлцүүлээд эхлэхээр байдал хаашаа ч эргэж, ямар ч өөрчлөлт нэмж тусгаж магадгүй. Ямар ч байсан Засгийн газар га­даад, дотоодын хөрөнгө оруу­лагчдад найр тавин урьж буйгаа энэ хуулийн төслөөрөө илэрхийлж байна. Харин тэд хуулиа олон дахин өөрчилж, тоглодог монголчуудад хэзээ итгэдэг болж, манай улсыг зорин ирэх вэ гэдгийг хүлээх л үлдлээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан