Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Э.Амарбат: УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярт холбогдох хэргийг манайх шалгаагүй
АТГ-аас өнөөдөр ээлжит мэдээллээ өгсөн юм. АТГ-ын нэгэн чиг үүрэг нь авилга хээль хахуулийг багасгах, төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогыг бүртгэх, ашиг сонирхлыг нь бүртгэх ёстой. Энэ ажлуудыг хялбаршуулах зорилгоор төрийн байгууллагуудад эрх мэдэл бүхий нэг хүнийг ажиллуулж, ажилчдын ашиг сонирхлыг бүртгэх ажлыг хийж байгаа гэнэ. Тэрчлэн ХОМ-ийг цахим хэлбэрээр бүртгэж эхэлжээ. Мөн Ерөнхийлөгчийн 88 дугаа захирамжийн дагуу нийслэлийн худалдан авах ажиллагааны ажлыг олон нийтэд ил болгох зорилго тавин өнгөрсөн зуны турш хамтарч ажилласан гэдгийг АТГ-ынхан хэлж байна. Үүнийгээ тухайн байгууллага нь өөрийнхөө вэб хуудсаар дамжуулан олон нийтэд ил болгож байгаа гэнэ.
АТГ-ын хувьд иргэдээс ирсэн 247 гомдол мэдээллийг хянан үзэж 54 гомдолд нь эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Харин 100 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, 77 гомдлыг харьяаллын дагуу шилжүүлж, нэг гомдлыг эрүүгийн хэрэгт нэгтгэн шалгасан бөгөөд 15 гомдол шийдвэрлэгдээгүй үлджээ. Найман хэргийг прокурорын байгууллагад яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн гэж байлаа. Мөрдөн шалгасан эрүүлгийн хэргүүд нийтдээ 38 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна.

Мэдээллийн үеэр АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга, ахлах комиссар Э.Амарбат тус газарт шалгагдаж, олны анхаарлын төвд байгаа хэргүүдийн талаар мэдээлэл өгсөн юм.

-Цэвэр агаар сангийн захирал Г.Хүрэлсүх нарт холбогдох хэргийг танай байгууллага шалгаж байгаа. Энэ хэрэг ямар шатандаа явж байгаа вэ. Улсад учруулсан хохирлын хэмжээ хэд орчим төгрөг байгаа бол?
-Цэвэр сангийн удирдлагууд, мөн энэ хэрэгт холбоотой БОНХЯ-ны зарим албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн хэрэг байгаа. Мөрдөн байцаалтын ажил явуулж байгаа. Энэ хүмүүс нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулахад зориулсан мөнгийг үгсэн хуйвалдаж завшсан, өөсрдийн үүсгэн байгуулсан аж ахуйн нэгжүүдээр зарим ажлыг гүйцэтгүүлж байгаа нэрээр тухайн байгууллагадаа мөнгө шилжүүлэх замаар мөнгө завшсан хэрэгт холбогдсон. Хохирлын хэмжээ 5 орчим тэрбум төгрөг гэж тогтоогоод байгаа. Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад зориулах ёстой байсан энэ мөнгө Цэвэр агаар сангийн удирдлагууд болоод БОНХЯ-ны зарим албан тушаалтнуудын гараар ороод тэдний байр орон сууц, унах унаа болсон нь тогтоогдсон. Мөрдөн байцаалт үргэлжилж байгаа. Зарим хүнийг цагдан хорьсон хэвээрээ.

-Төрийн банкны экс удирдлагууд өөрсдийгөө сайн ажилласан гээд тус бүрдээ их хэмжээний мөнгө хувааж авсан байдаг. Энэ хэрэг юу болсон бол?
-Төрийн банкны удирдлагуудтай холбоотой хэрэгт АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад харьяаллын дагуу шилжүүлсэн. Тэдгээр хүмүүс нь Төрийн банкны удирдлагаар ажиллаж байхдаа өөрсөддөө тодорхой хэмжээний давуу байвал бий болгосон байсан. Энэ нь манай байгууллагын шалгах хэрэг биш байна гээд холбогдох байгууллагад шилжүүлсэн.

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал Б.Энэбиштэй холбоотой хэргийн талаар мэдээлэл өгөөч?
-Энэбиш нар холбогдох хэрэгт мөрдөн байцаалт явуулж байгаа. Ямар учраас мөрдөн байцааж байгаа вэ гэхээр уг компанийн удирдлагууд компанийн үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдаж авахдаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр, бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулиар тогтоосон журмыг зөрчиж бараа бүтээгдэхүүн худалдаж авсан. Өөрөөр хэлбэл, хууль зөрчиж зарим аж ахуйн нэгжид давуу байдал үүсгэж, тэдгээрээс чанарын шаардлага хангаагүй бараа бүтээгдэхүүн худалдаж аваад мөн хэмжээгээр хөрөнгө завшиж, үрэгдүүлсэн гэдэг шалтгаанаар шалгагдаж байгаа. Мөрдөн байцаалт үргэлжилж байгаа, үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

-Олимпын хорооны ерөнхийлөгч Д.Загдсүрэнг шалгаж байгаа юу?
-МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэнд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажил дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн.

-Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Түмэндэмбэрэл нарын хэргийг танай байгууллагад шилжүүлсэн гэсэн. Энэ хүмүүсийг батлан даалтад гаргасан нь хэрэг замхрах вий гэсэн хардалт байна л даа?
-Түмэндэмбэрэл нарт холбогдох эрүүгийн хэрэг УМБГ-аас харьяаллын дагуу манайд шилжиж ирсэн. Улсын клиникийн зарим эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмжийг худалдаж авахдаа Худалдан авах ажиллагааны тухай хуулийг зөрчсөн. Мөн өөрийн үүсгэн байгуулсан аж ахуй нэгжийг тендерт шалгаруулж, тэднээр зарим ажлыг гүйцэтгүүлэхдээ мөнгө завшсан гэсэн эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа. Түмэндэмбэрэл цагдан хоригдож байсан. Цаашид цагдан хорихгүйгээр шалгаж болно гэж үзээд таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, гадуур шалгаж байгаа. Хэргийг шалгаж байна, хэрэг хэрхэн шийдэгдэх эсэхийг урьдчилж хэлэх боломжгүй.

-УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярт холбогдох хэргийг шалгаж байгаа юу?
-УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярт холбогдох хэрэг АТГ-т ирээгүй.

-“Хөтөлийн цемент шохой” компанийн захирал Шоовдор нарт холбогдох хэргийг шалгаж байгаа юу. МИАТ-ийн хэрэгтэй адил төстэй байдлаар мөнгө угаасан нь тодорхой байгаа?
-“Хөтөлийн цемент, шохой” компанийн удирдлагуудад холбогдох хэргүүдийг шалгаж байгаа. Тус компанийн удирдлагууд урьдаас үгсэн тохиролцож, аж ахуйн нэгж байгуулаад, үйлдвэрт шаардлагатай бараа материалыг сонгон шалгаруулалтгүйгээр өөрсдийн байгуулсан “Хөтөл Занар “ компаниас шууд худалдан авч, үйлдвэрийн мөнгийг завшсан. Мөн үйлдвэрийн хэвийн үйл ажиллагааг хангахын тулд тодорхой хэмжээний бараа, материал худалдаж авдаг байсан. Ингэхдээ танил тал, өөрсдийн ашиг сонирхол бүхий хүрээллээс авч, бусдад давуу байдал олгодог байсан байх үндэслэл тогтоогдож байгаа учраас шалгаж байна. Зарим хүнийг сэжигтнээр цагдан хорьсон. Анх долоон хүнийг сэжигтнээр тооцож, дөрвөн хүнийг хориод байна.

-ҮТЕГ-ын Хяналт шалгалтын хэлтсийн дарга Ч.Гансүхийн хэрэг хэрхэн шийдэгдэж байгаа бол?
-Энэ хэргийг шалгаад шүүхэд шилжүүлсэн. Анхан болон давж заалдах шатны шүүхээс мөрдөн байцаалт дутуу байна гэж буцаасан. Шүүхээс өгсөн чиглэлийн дагуу нэмж шалгана.

-ЗХЖШ-ын Бригадын генерал Т.Дашдэлэгт холбогдох хэргийг танай байгууллага шалгаж байгаа байх аа?
-Дашдэлэг генералд холбогдох хэргийг шалгах явцад зарим зүйл нь улсын нууцад хамаарах асуудал байсан учир улсын нууцтай холбоотой зүйлийг шалгуулахаар ТЕГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн. 

-НИТХ-ын дарга асан Т.Билэгтийн мөрдөн байцаалтын ажил дууссан уу?
-Билэгт нарт холбогдох мөрдөн байцаалт үргэлжилж байна. Энэ хүнийг цагдан хорьсон ч цаашид цагдан хорихгүйгээр гадуур байцаахаар болсон. Хэргийн хувьд одоогоор мэдээллэх боломжгүй байна.

-ИНЕГ-ын дарга С.Батмөнхийн хэрэг танай байгууллагад шалгагдаж байгаа юу. Шалгаж байгаа бол ямар үндэслэлээр шалгаж байгаа бол?
-Энэ хүнийг АТГ хэд хэдэн удаа шалгагдсан. Зарим хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэдэг үндэслэлээр хэрэгсэхгүй болж байсан. Харин одоо түүнийг ИНЕГ-ын даргаар ажиллаж байх үедээ тендер сонгон шалгаруулалтгүйгээр явуулсан, бусдад давуу эрх олгосон, түүнтэй хамтран ажилласан хүмүүс нь мөнгө угаасан байж болзошгүй гэж үзэн шалгаж байгаа. Одоогоор Батмөнх болон хэрэгт холбоотой зарим хүнийг цагдан хориод байгаа.

Г.Даваа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан