Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэ оны зургадугаар сараас өмнө нийслэлийн харьяат болсон иргэнд газар өмчлүүлнэ
Энэ оны зургадугаар сараас өмнө нийслэлийн харьяат болсон иргэнд газар өмчлүүлнэ
Гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбогдуулан нийслэлд шинээр газар олгох ажлыг түр хугацаагаар зогсоох захирамжийг хотын мээр өнгөрсөн онд гаргасан. Тэгвэл уг ажлын хүрээнд нийслэлд шинээр сууршлийн 52 бүсийг тогтоосон бол иргэдэд өмчлүүлэх ажлыг ирэх жилээс зохион байгуулах аж. Юутай ч, Баянзүрх, Сонгинохайрхан, Хан-Уул, Налайх, Багахангай зэрэг дүүрэгт иргэдэд шинээр газар өмчлүүлэх нь тодорхой боллоо. Гэхдээ зөвхөн Улаанбаатар хотын харьяат буюу 2013 оны тавдугаар сарын 30-ны өдрөөс өмнө нийслэлийн харьяат болсон иргэд ийнхүү шинээр газар өмчилж авах эрх нь нээгдэх юм. Эндээс харахад төр иргэдээ хот, хөдөөгийн гэж ялгаварлаж буй мэт харагдах боловч энэ нь цаанаа хэд хэдэн шалтгааныг агуулж байгаа юм. Учир нь нийслэлд газар өмчилж авсан иргэдийн дийлэнх нь хөдөө орон нутгаас шилжин ирэгсэд байдаг гэнэ. Үүнийг дагаад хөдөөнөөс нийслэлийг чиглэх шилжилт хөдөлгөөн улам эрчимжсэн. Тиймээс ийм арга хэмжээ авснаар уг хөдөлгөөнийг бууруулах талтай аж. Түүнчлэн орон сууцны иргэдийн олонхи нь газар өмчилж аваагүй тул энэ удаагийн арга хэмжээ нь эдгээрт түлхүү боломжийг нээж буйгаараа онцлого юм. Иймээс дээр заасан хугацаанаас өмнө нийслэлийн харьяат болсон иргэд шинээр сууршлийн 52 бүсэд газар өмчилж авах боломжтой. Харин энэ хугацаанаас хойш нийслэлийн иргэн болсон хүнд дахин шинээр сууршлийн бүс тогтоосон үед газар өмчилж авах эрх нь нээгдэнэ.

Иргэдэд цахим хэлбэрээр газар өмчлүүлнэ

Өдөр хоног өнгөрөх тутам хамгийн их үнэд орж буй зүйлийн нэг бол яах аргагүй газар. Монгол Улс нэг хүн амд тооцогдох газар нутгийн хэмжээгээрээ дэлхийд дээгүүр бичигддэг. Өнөөдрийн байдлаар нийслэлийн иргэдийн 10 хүрэхгүй хувь нь үндсэн хуулиар олгогдсон газраа өмчилж авсан байдаг. Уг ажил ийнхүү урагш муутай явааг иргэдийн зүгээс газрын албаныхан хэтэрхий хүнд сурталтай гэж тайлбарлах нь бий. Тэгвэл газрын албаныхан энэ муу нэрнээсээ салах боломж удахгүй нээгдэх нь ээ. Учир нь газар өмчилж авахыг хүссэн тухайн иргэдийн өргөдлийг цахим хэлбэрээр хүлээж авдаг шинэ системийг нэвтрүүлэхээр Нийслэлийн мэдээлэл технолгийн газар ажиллаж байгаа аж.
Хэдэн жилийн өмнө автомашины дугаар “аз, мөнгө” гэдгээс хамаарч өндөр үнэд хүрч байлаа. Энэ үед нийслэлийн Автозамын газраас автомашины дугаарыг программын аргаар санамсаргүйгээр сонгож, олгох шийдвэр гаргаснаар дээрх наймааг эцэслэсэн түүхтэй. Тэгтэл яг ийм аргачлалаар буюу дээр хэлсэнчлэн цахим хэлбэрээр газрыг санамсаргүйгээр сонгон, олгох системийг удахгүй нэвтрүүлнэ. Одоогийн байдлаар шинээр сууршлийн 52 бүсэд нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас төлөвлөлт хийж буй. Эдгээрийг 2014 оноос иргэдэд өмчлүүлэх ажлыг эхлүүлэх бөгөөд ингэхдээ дээр хэлсэнчлэн цахим хэлбэрээр олгоно. Ингэснээр газрын албаны ачаалал буурахаас гадна хууль бусаар газар наймаалцдаг явдлыг зогсоох боломжтой гэж холбогдох албаны хүмүүс хэлсэн юм.

Шинээр өмчлүүлэхээр хамгаалалтад авсан газар зөвшөөрөлгүй буувал албадан нүүлгэнэ

Хуулийг гууль болгохдоо хамгийн чадварлаг ард түмний тоонд яах аргагүй монголчууд багтана. Учир нь монголчууд ямар ч ажлыг “хойноосоо урагшаа” чиглэлтэйгээр гүйцэтгэдэг. Жишээ нь, хэрвээ тухайн газар амьдрахыг хүсвэл эхлээд зөвшөөрлөө авах учиртай атал эхлээд хашаагаа хатгаж, гэрээ барьсан хойноо газар эзэмших гэрчилгээгээ хөөцөлддөг. Энэ нь нийгмийн бүхий л давхаргад ажиглагддаг гэхээр ямархуу хэнэггүй, том толгойтой нөхөд болох нь ойлгогдоно. Дээр хэлсэнчлэн нийслэлд шинээр газар олгох ажлыг өнгөрсөн жилээс эхлэн түр хугацаагаар зогсоосон билээ. Уг нь хууль, дүрмээрээ бол энэ үеэс хойш нийслэлд нэг ч хашаа шинээр хатгагдсан байх ёсгүй. Гэтэл амьдрал дээр байдал огт эсрэгээрээ байна. Захирамж гарснаас хойш хичнээн айл зөвшөөрөлгүй хашаа хатгасан судалгааг гаргах боломжгүй гэдгийг гэдгийг албаны хүн хэлсэн. Зөвшөөрөлгүй буусан арван айлыг албадан нүүлгэлээ гэхэд нөгөөдөр хорин айл буух жишээтэй. Ийм дүр зураг нийслэлд ноёлоод удаж байна. Тиймээс нийслэлийн Өмчийн харилцааны газраас дээрх шинээр сууршлийн бүсэд сануулга бүхий том самбаруудыг байршуулж буй. Уг самбарт “НИТХ-ын шийдвэрээр нийслэлийн иргэдэд өмчлүүлэхээр хамгаалалтад авагдсан газар зохих зөвшөөрөлгүйгээр эзэмших, үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Төрийн өмчид зөвшөөрөлгүй халдвал эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж томоор бичсэн байх юм. Нэг ёсондоо ийм самбар хатгасан газар нь төрийн өмч төдийгүй зөвшөөрөлгүй буувал албадан нүүлгэнэ. Нүүлгэхдээ бүх зардлыг тухайн иргэн, аж ахуй нэгжээс гаргуулна гэсэн санаа. Гэтэл ийм газарт өч төчнөөн айл өрх буужээ. Үүний нэг жишээ нь, Баянзүр дүүргийн Улайстайн аман дахь айлууд. Уг нь Улайстайн гол нь Улаанбаатар хотын ундны цэвэр усны хамгаалалтад байдаг гэх. Гэсэн хэдий ч шинээр сууршлийн бүс байтугай ундны цэвэр усны хамгаалалтын газар “том толгойтой иргэдийн дурын” сууршлийн бүс болжээ. Тиймээс дүүргүүдийн газрын алба, цагдаагийн газраас нэгтгэсэн арга хэмжээ авч, албадан нүүлгэх ажлыг саяханаас эрчимжүүлээд байна. Албаны хүний хэлснээр хэрвээ зөвшөөрөлгүй буусан бол иргэн өөрийн эдийн засгаар хохироод барахгүй, нөхөн төлбөрт унах эрсдэлтэй гэдгийг санах хэрэгтэй гэсэн юм. Үүнийг сийрүүлбэл, өмнө нь зөвшөөрөлгүй газарт хашаа хатгаж, обьект барьсан хойноо элдэв зовлон тоочиж, зөвшөөрөлөө салгадаг байсан үеийг одооноос өөрчлөнө. Зөвшөөрөлгүй газарт хэдэн саяын үнэтэй байшин барьсан ч хамаагүй албадан буулгах буюу нэг үгээр хэлбэл “Хууль бол хууль” гэдэг зарчимыг ягштал мөрдөх цаг нэгэнт ирсэнийг сануулах юм. Энэ нь ч аргагүй байх. Томоос том самбар дээр “Зөвшөөрөлгүй бууж болохгүй” гээд бичсэн байхад сайн дураараа буусан хүмүүстэй юу ярихав. Ямар толгойг нь илэлтэй биш. “Даварсаар даварсаар...” гэдэг шиг хээр талдаа дураараа нүүдэлдэг байсан Монгол хүн нийгэмшиж сурах цаг нэгэнт иржээ.

Зуслангийн газар өмчлүүлэх түр товчоо энэ сарын 25-ыг хүртэл ажиллана

Газраас үүсэлтэй ялгаатай хоёр зүйлийн нэг нь болохгүй гээд байхад хаа дуртай газраа хашаа хатгадаг хэсэг бүлэг нөхөд. Харин нөгөөх нь “Зуслангийн газрыг чинь өмчлүүлье, судалгаанд хамрагдаач” гэхэд хөдөлж өгдөггүй бүлэг хүмүүс. Юутай ч Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дэхь Шаргаморьт чиглэлийн 26 аман дахь зуслангийн газрыг өмчлүүлэхээр болсон. Үүний дагуу Зуслангийн газар өмчлүүлэх түр товчоог дээрх зуслангийн зам дагуу байгуулж, холбогдох судалгааг хийж эхэлсэн бөгөөд ажлын явц 70 гаруй хувьтай байна. Түр товчоо энэ сарын 25-ны өдрийг хүртэл ажиллах юм. Тухайн иргэн энэ товчоонд хандсанаар өөрийн зуслангийн газрыг өмчилж авах боломжтой эсэхийг мэдэхээс гадна ямар нэгэн хүндрэлгүй үйлчлүүлэх боломжтой юм. Хэрвээ энэ хугацаанд судалгааг бүрэн хийж чадвал иргэдийн өргөдлийг хүлээж авахад ямар нэгэн саад учрахгүй аж. Гэтэл цаг агаар хүйтэрсэнтэй холбогдуулан дээрх газраар үйлчлүүлэх иргэдийн тоо эрс цөөрчээ. Улмаар судалгааны ажил удаашрахад хүрээд байгаа гэнэ.

    Дээр дурьдсан шинээр сууршлийн 52 бүсийн газрыг 2014-2016 оны хооронд олгоно. Энэ үеэс дүүргүүдийн газрын албаны ачаалал нэмэгдэх хандлагатай тул үүнээс урьтаж зуслангийн газар өмчлөх ажлыг эхлүүлэх цаашлаад бусад дүүргийн зуслангийн газрын судалгааг хийх шаардлага тулгарч буй. Тиймээс иргэн бүр өөрийн эрхээ эдлэхийг хүсвэл үүргээ ч мөн ялгаагүй бүү умартаасай.
0 Сэтгэгдэл
ashgui dee
Хамгийн их уншсан