Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Гал үндэстэн” холбооныхон хотын төв орчмыг минажуулж, нийслэлчүүдийг сандаргав
Засгийн газраас Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын төслийн тухай хуулийг УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэхээр өргөн барьсан билээ. УИХ-ын ээлжит бус чуулган эхлэх үеэр үүнийг эсэргүүцэж “Гал үндэстэн” холбооныхон өнөөдөр нийслэлчүүдийг нэлээд сандаргалаа.
Өнөөдөр 10:27 цагийн орчимд 9666-тай дугаарын утаснаас залгаж нэгэн эмэгтэй, “Гал үндэстэн холбооныхон Урт нэртэй хуулийн бүрэн хэрэгжилтийг Засгийн газраас шаардахаар Төрийн ордон руу зэвсэглэж орлоо. Мэдээлэл авахыг хүсвэл яг одоо ирнэ үү” гэсэн мэдээллийг дамжуулсан юм. Ямар учиртайгаар зэвсэглэснийг тодруулахад, “Мэдэхгүй ээ. Намайг мэдээлэл дамжуулж, сэтгүүлчдэд мэдэгд гэсэн. Энэ үүргийн дагуу ярьж байна” гэснээс өөр тайлбар өгөлгүй утсаа салгасан юм.
Ийн утсаар ярьснаас хойш төд удалгүй Төрийн ордны хойд цэцэрлэгт буун дуу гарч, “Гал үндэстэн” холбооныхныг Тагнуул, цагдаа, Төрийн тусгай хамгаалалтынхан саатуулсан юм.

Гэвч энэ үйл явдлаас хойш 13:41 цагт Нийслэлийн шуурхай удирдлагын төвд 96370016 дугаарын утаснаас нэгэн иргэн “Централ таур”-т тэсрэх бөмбөг байрлуулсан тухай мэдээлэл өгчээ. Мөн БОНХЯ-ны орчимд тэсрэх бөмбөг байрлуулсан гэдэг мэдээлэл ирсэн байна. Мэдээллийн дагуу Тагнуул, цагдаа, ОБЕГ-ын албан хаагчид ажиллаж, тэр хавийг хамгаалалтад авч, БОНХЯ, ЭХЯ, УУЯ гээд тэр орчимд байдаг байгууллагын ажилчдыг ажлын байрнаас нь гаргасан юм. Мөн “Централ таур”-т ажилладаг хүмүүсийг ч ажлын байрнаас нь гаргаж хамгаалалтад аваад байсан юм. Тэдний хамгаалалт 18:00 цаг гэхэд буугаагүй байлаа.
Харин Тагнуулын Ерөнхий газраас өчигдөр 18:20 цагт болсон явдлын талаар мэдээлэл хийсэн юм. ТЕГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, хурандаа А.Бат-Эрдэнэ, “Энэ хэргийн мөрдөн байцаах ажиллагаа явагдаж байгаа болохоор хэргийн талаар дэлгэрэнгүй ярих боломжгүй. Өнөөдөр 10:30 цагийн орчимд Төрийн тусгай хамгаалалтын бүс болох Төрийн ордны хойд цэцэрлэгт “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаяр тэргүүтэй хүмүүс байлдааны гранат, галт зэвсэгтэйгээр орж ирсэн. Энэ үед олон нийтэд заналхийлж, төрийн албан хаагчийг эсэргүүцэж, амь насанд нь халдахыг завдсан. Энэ асуудлыг Тагнуулын байгууллага цаг алдалгүй таслан зогсоож, холбогдох байгууллагуудтай хамтран болзошгүй байдлаас урьдчилан сэргийлэх ажлыг хийж байна. Энэ хэргийг прокурорын байгууллагад танилцуулж, эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгаж байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 177, 91 дүгээр зүйл ангиар буруутган эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлж байна” гэсэн мэдээллийг өгсөн юм.
Эрүүгийн хуулийн Тусгай ангийн  “91 дүгээр зүйл. Хүнийг санаатай алах
            91.1.Энэ хуулийн 91.2-т заасан хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан бол арваас дээш  арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
177 дугаар зүйл. Зандалчлах
177.1.Эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас тодорхой шийдвэр гаргуулах буюу гаргахаас татгалзуулахад шууд буюу шууд бус нөлөөлөх зорилгоор,  олон нийтэд айдас төрүүлэхэд чиглэсэн нийтэд аюултай хүч хэрэглэсэн буюу хэрэглэхээр заналхийлсэн бол арваас  дээш арван таван   жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Мөн тэднийг барих үед хэргийн газраас “Скиз” маркын буу нэг ширхэг, “Сайга” маркын буу нэг ширхэг, 7.62 мм-ийн бууны сум 46, “F1RGD” маркын гар гранат есөн ширхэгийг эд мөрийн баримт болгон хурааж авсан гэдгийг тагнуулынхан мэдээллэж байна. Гэхдээ хэргийг таслан зогсоох баривчлах үед буун дуу гарсан ч хүний амь нас эрсэдсэн, шархадсан зүйл гараагүйг ТЕГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга, хурандаа А.Бат-Эрдэнэ хариуцлагатайгаар мэдэгдье гэдгээ илэрхийлж байлаа.

“Гал үндэстэн” холбооныхон анх удаа ийн зөрчил гаргаж байгаа нь энэ биш. Өмнө нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг Ноён уулын орчимд үйл ажиллагаа явуулж байсан “Сентерра гоулд” компанийн техник хэрэгсэл рүү буудаж байсан удаатай. Мөн өнгөрсөн жил Төрийн ордон руу нум сумаар харваж, цонх хагалж байсан билээ. Энэ бүх үйлдэлд нь Тагнуулын байгууллагаас тус холбооныхон болон тэр тусмаа тэргүүн Ц.Мөнхбаярт хууль бус үйлдлээс урьдчилан сэргийлэхийг анхууруулж байсан гэнэ.
Харин “Централ таур” болон БОНХЯ-ны орчимд тавьсан тэсрэх бөмбөгийг шалгаж байгаа болохоор маргааш мэдээлэл өгнө гэсэн юм.

Г.Даваа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан