Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энэ жил ”Намрын ногоон өдрүүд”-д оролцогчийн тоо өсчээ
Найм дахь жилдээ зохион байгуулж буй “Намрын но­гоон өдрүүд” ургацын баяр “Дүн­жингарав” худалдааны төвд үргэлжилж байна. “Ал­тан намар 2013” хэмээх та­риа­ланчдын баяр энэ сарын 5-ны өдөр нээгдсэн юм. Монгол орны тариалангийн бүсийн 16 аймгаас зургаан аж ахуйн нэгж, 20 хоршоо хамрагджээ. Түүнчлэн 200 гаруй ногоочин бүтэн зуны турш хөдөлмөрлөсөн үр шимээ дэлгэсэн аж. Энэ өдөрлөгт оролцогчдыг шилдэг ногоочин, хоршоо, аж ахуйн нэгж гэсэн номинацаар эрэмбэлэн шалгаруулж, шагнах гэнэ. Шинэ ногоог хямд үнээр авах боломж бүрдүүлсэн ургацын баяр 24-ний өдөр хүртэл үргэлжилнэ. Энэ жил “Намрын ногоон өдрүүд” нэгдсэн арга хэмжээ гурван хэсгээс бүрдэж буй. Нөгөөдөр буюу 18-нд “Дүнжингарав”-т нээлтээ хийх ээлжит өдөрлөг нь “Эрүүл хүнс 2013” нэртэй. Эх орны хөрсөнд ургасан  шим тэжээлийг дахин боловсруулсан хүнс­ний бүтээгдэхүүнүүд энд цуг­­лах аж. Тодруулбал, орон нутаг, нийслэлийн 100 га­руй аж ахуйн нэгж иргэ­дэд эрүүл хүнсээ хүргэх үзэс­­гэлэн худалдаа зохион бай­гуу­лах юм. Өдөрлөгийн хү­рээнд мах, сүү, гурил, ун­дааны төрлийн шилдэг бүтээг­дэхүүнийг тодруулна. Мөн зохицуулах үйлчилгээтэй бо­лон органик хүнсийг шалгаруулна. “Ард түмний хүнс” хэмээх но­минацаар шилдэг бүтээг­дэхүүнийг нэрлэхээс гадна Гран при шагналтай үйлдвэрлэгчийг ч тодруулдаг. Мөн энэ өдөр эхэлж ням гараг хүртэл үргэлжлэх гурав дахь өдөрлөг нь “Шилмэл мал 2013” хэмээх нэртэй. Хүй долоон худагт газар газрын малчин, фермер, аж ахуйчдыг урьж туршлага хуваалцах, малын үүлдэр, угсааг солилцох боломжоор хангана. Найман жил дараалан болж буй “Намрын ногоон өдрүүд”-ийн оролцогчдын тоо, хүрээ нэмэгдсээр байгаа тул Хүй долоон худагийг сонголоо хэмээн зохион байгуулагч Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдэгдэв. Хэдийгээр мал аж ахуй эрхэлдэг хүн бүр шилмэл малаа авчрах боломжтой ч Увс болон түүнтэй залгаа хоёр аймгийнхан ирэх боломжгүй. Учир нь, Увсад малын боом өвчин дэгдсэн, зэргэлдээх нутгийн малд халдварласан байх магадлал ихтэй гэж үзсэн бололтой. Бусад аймгийн төлөөлөл “Шилмэл мал” үзэсгэлэнд бүрэн хамрагдахаар болжээ.
Нийт 688 шилмэл мал оролцохоор бүртгүүлсэн өдөр­лөгт олон төрлийн мал танил­цуулна. Тухайлбал, Монголд үржүүлдэг нь баталгаажсан 40 гаруй үүлдэр, омгийн мал багтсан аж. Түүнчлэн нийгэм, эдийн засгийн эрэлт хэрэгцээгээр гадаад орноос импортолж, цэврээр нь болон эрлийзжүүлэн үржүүлж буй 20 гаруй үүлдрийн гойд ашиг шимт малыг оруулах болжээ. Гойд ашиг шимтэй шилмэл малыг мах, сүүний болон ноос, ноолуурын чиглэлээр ч шилдгийг шалгаруулж, малчдыг урамшуулах аж. Энэ жилийн “Шилмэл мал”-ын шинэ “зочин” нь Франц улсаас авчирсан ашиг шим ихтэй ямаа, үнээ байх нь дамжиггүй. Альпин үүлдрийн 200 ямааг өнгөрсөн зургадугаар сард авчирч, Өвөрхангай аймагт нутагшуулсан билээ. Мөн Монбелиард, Тарантейз, Хольштэйн үүлдрийн 50 үхрийг манай улсад авчирсан. Эдгээр шилмэл малыг нийлүүлсэн Франц улсын Рон-Альп мужийн хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтэн Франсуа Тюрка тэргүүтэй албаны хүмүүс өдөрлөгт оролцоно. Малчид, иргэдэд сүүний чиглэлийн малынхаа ач тусыг тайлбарлаж өгөхөөр болжээ. Түүнчлэн манай улсын ҮХААЯ-тай байгуулсан хамтын ажиллагааг өргөтгөж мал эмнэлгийн салбарт хамтрах гэрээ байгуулах зорилготой ирсэн аж. Тахиа, гахайн фермерүүд ч “Шилмэл мал” өдөрлөгт хөдөлмөрийн үр шимээ дэлгэхээс гадна хоточ нохойн үзүүлэх тоглолт хийж цугласан олныг хөгжөөх юм. Мөн жороо морины үзүүлбэр ч үзэсгэлэнд оролцогчдын анхаарлыг татна гэдэгт найдаж буй аж.

“Намрын ногоон өдрүүд 2013” арга хэмжээг НЗДТГ-тай хамтран зохион байгуулж байгаа. Тиймээс Хүй долоон худагт болох “Шилмэл мал” үзэсгэлэн рүү тусгай үйлчилгээний автобус үйлчил­нэ. Гурван автобус цаг тутамд “Дүнжингарав” худалдааны төвөөс Хүй долоон худаг руу хөдлөх аж. “Эрүүл хүнс”, “Алтан намар” өдөрлөгтэй танилцсан худалдан авагч “Шилмэл мал” үзэсгэлэн рүү шууд очих боломжтой гэсэн үг. Дашрамд сонирхуулахад, Хүй долоон худагт үржлийн мал хайсан, шинээр ферм байгуулах хү­сэл­тэй иргэд худалдаа хийх, дуудлага худалдаанд орол­цох боломжтой. Түү­гээр ч зог­сохгүй гэрийн тэ­жээ­вэр амьт­дын үзэсгэлэн, мон­гол ахуй, дээл хувцасны үзүү­лэн, малын тэжээлийн үйлд­вэ­рүүдийн танилцуулгаас гад­на мал эмчилгээ, эмийн мэ­дээлэл олгох цэг ч ажиллах гэнэ. Өдөрлөгийн бас нэгэн онцлог нь хөдөө аж ахуй, мал маллагаанаас хол хөндий өсч буй бага, дунд ангийн сурагчдыг “Шилмэл мал” арга хэмжээнд урин танилцуулж, мал амьтны талаархи мэдлэгийг тэлэх ажил зохион байгуулахаар болжээ.
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан