Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

С.ҮНЭН: МАНАЙ БАЙГУУЛЛАГЫН АЛДАГДАЛ 90 ТЭРБУМД ХҮРЧИХСЭН
НИТХ-ын төлөөлөгч, УСУГ-ын дарга С.Үнэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Усны замбараагүй хэрэг­лээг суурь үнэ цэгцэлнэ. Гэвч ШӨХТГ-аас үнэ тогтоох ёсгүй гэж хориглосон. Үнэхээр усны суурь үнийг нэмэх нөхцөл үүсэв үү?
-Нэг зүйлийг ойлгох хэрэг­тэй. Үнэ нэмэхдээ бус суурь үнийн тарифыг мөрдөж эхлэе, гэр хорооллын хэрэглээний усны үнийг өсгөхгүй гэж усны үнийн өөрчлөлтийг батлаад наймдугаар сарын 15-наас мөрдөе гэсэн шийдвэр гаргасан юм. Энэ бол хэрэглээний усны үнэ тарифын нэмэгдэл биш. Хэрэглэгч цорго нээнгүүт ус гоожих бэлэн байдлын зардлыг нөхөх үүднээс суурь үнийн нэмэгдлийг тооцож авъя л гэсэн шийдвэр. Учир нь, цорго нээхэд ус бэлэн байх байнгын ажиллагааг хангахад маш их зардал гардаг. Наад зах нь, хүн хүч, засвар үйлчилгээ, шугам сүлжээ, олон тооны шахуурга, хөдөлгүүр ажиллуулах, тоног төхөөрөмжийн бэлэн байдал хангах гэх мэт. Гэтэл энэ бүх үйл ажиллагааны зардал хаана ч тусгадаггүйгээс өнөө­дөр ус хангамж, ариутгах татуурга, орон сууцны нийтийн үйл­чил­гээний салбарын эдийн зас­гийн чадавхи муудсан. Жишээ нь, УСУГ 2013 онд 10 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллах тө­лөвтэй байна. Энэ бол тог­лоом биш. Байнгын бэлэн байдлыг хангахын тулд суурь үнэ нэвтрүүлснээр ус хангамж  найд­вартай болохын сацуу хүр­сэн түвшнээ хадгална. Хэрвээ УСУГ энэ хэвээрээ байвал ойрын хэдэн жилд хотын ус хан­гамжийн үйл ажиллагаа ноцтой байдалд хүрнэ.  
-Тэгэхээр жилээс жилд УСУГ-ын алдагдал нэмэгдсэн байх нь ээ?
-Саяхан эрчим хүчнийхний зөвлөлгөөний үеэр салбарын алдагдал нь нийтдээ 60 тэрбум байна гэсэн. Гэтэл манай байгууллагынх 90 тэрбум буюу бүхэл бүтэн салбарын алдагдлаас 30 тэрбум төгрөгөөр илүү байна. Дээр нь, валют өсч байгаа энэ үед өр нэмэгдэх магадлалтай болчихлоо. Бид ард түмнээ дарамтад оруулъя гэсэн бус байнгын бэлэн байдлаа хангахын тулд усны суурь үнэтэй болъё гэсэн хэрэг. Мэдээж, тооцоо судалгааны үндсэн дээр алдагдалтай ажиллаж буй үйл ажиллагаагаа сайжруулъя гэвэл үнэ тарифын өөрчлөлт хийх ёстой гэж үзсэн. Энэ онд энэ асуудлаа шийдэхгүй бол жилийн дараа сонгуулийн кампанит ажлууд эхэлнэ, дараалж болно. Тиймээс одоо л энэ хүнд байдлаас гарах цаг нь ирсэн. Тооцоо хэлэхэд, өнгөрсөн сарын 15-наас усны суурь үнийг мөрдсөн бол УСУГ-ын алдагдал жилдээ 1,5 орчим тэрбум төгрөгөөр багасах байсан. Нэг үгээр хэлбэл, борлуулалтын орлого 1,5 тэрбум төгрөгөөр нэмэгдэх байв. Харин айл өрхийн сарын зарлага дээр 2000 төгрөг л нэмэгдэх байсан. Энэ бол тийм ч хүнд дарамт биш.
-Алдагдлаа багасгана гэхээр үнэ нэмнэ гэсэн ганц гарцтай юм шиг манай төрийн байгууллагын удирдлагууд хардаг.  Гэтэл үнэ нэмэх бус усны алдагдлаа багасгах ёстой юм биш үү?
-Усны алдагдлыг багасгах гэдэг чинь усныхаа нөөцийг нэмнэ гэсэнтэй урвуу хамааралтай.  Хэдий чинээ усны алдагдал багасгана, төдий чинээ усны нөөц нэмэгдэнэ гэсэн үг. Яахав бололцоогоороо техник зохион байгуулалт, санхүү эдийн засаг, хууль зүйн арга хэмжээ авч байна. УСУГ-ын хэмжээнд усны алдагдал ойролцоогоор 18-20 хувь байдаг. Нэг үгээр хэлбэл, нийт шахсан усныхаа 20 хувийг нь борлуулалтын орлого болгож чаддаггүй гэсэн үг. Гэтэл алдагдал юунаас үүсч байна вэ гэхээр шугам сүлжээний хоцрогдол, хэрэглэсэн усныхаа төлбөр төлдөггүй, тоолуургүйгээс болдог. Тухайлбал, УСУГ 4070 гаруй хэрэглэгчтэй гэрээтэй ажилладгаас орон сууцны контороос гурван тэрбум төгрөгийн авлагатай. Гэтэл манай байгууллагын нийт зардлын ердөө 2,7 орчим хувь нь шугам сүлжээний засвар үйлчилгээнд зориулагддаг. 10 тэрбумын алдагдалтай ажилладаг байгууллага үүнээс их мөнгө зориулж чадахгүй нь ойлгомжтой шүү дээ. Манай шугам сүлжээ аль 1950 оноос ашиглалтад орсон вааран, ширмэн, ган, хуванцар шугам хоолойнууд. Ирэх жил хотын төвийн олон жил болсон хуучирч муудсан шугам сүлжээгээ шинэчлэхээр нийс­лэлийн захиргаанд хандсан байгаа. Нэг зүйлийг онцлоход, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр шинээр шугам сүлжээ тавихдаа маш чанаргүй гүйцэтгэж байна.
-Ашиглах байгууллага өөрөө гүйцэтгэлд нь хяналт тавимаар байна гэж ярьдаг юм билээ л дээ?
-Үнэн, бодит байдалд худал­дан авах ажиллагаа, барилга бай­гуу­ламжуудын төлөвлөлт, сонгон шалгаруулалтын ажлыг өөр бай­гууллага шийддэг нь асуудал үүсгэж байна. Жишээ нь, Засгийн газрын 118 дугаар тогтоолтой холбоотойгоор бүтээн байгуулалтын ажлын захиалгыг БХБЯ-ны дэд бүтэц төслийнхөн гүйцэтгэж байгаа. Гэвч ашиглалтын үед гарах хүндрэлийг тооцох буюу зураг төсөлд  хяналт тавих, гүйцэтгэлийн явцад тавих хяналтыг өөр газар хийдгээс эцэст нь шаардлага хангахгүй барилга байгууламж, шугам сүлжээг хүлээж ав гээд тулгачихдаг. Хүлээж авъя гэхээр ашиглалтын наад захын  шаардлага хангадаггүй. Жишээ нь, Хан-Уул дүүргийн 24 дүгээр коллекторын барилгын ажлын техникийн болон гүйцэтгэлийн хяналтыг шаардлагын түвшинд хийгээгүйгээс  шугам хоолой нь хучлагын ачааллаа даагаагүйгээс  хавчиг болсон. Мөн Налайхаас нааш явдаг Туул 1 коллектор гэхэд битүүмжлэл муутай дутуу хийснээс хүлээж авах боломжгүй. Улсын комисс ажилласан байхад УСУГ ав гэдэг. Гэвч битүүмжлэл байхгүй шугам хоолойг ашиглавал их хэмжээний бохир нь хөрс рүүгээ нэвчинэ. Одоо яг ийм байдал үүссэн л дээ. Өнөөдөр төв цэвэрлэх байгууламж хоногт 190000 шоо метр бохир ус хүлээж авдаг нь түүхэнд байгаагүй хүндрэлтэй нөхцөлд ажиллаж байна гэсэн үг. Энэ байдлаа яриад хүлээж авахгүй гэхээр УСУГ ажил гацаалаа, хойш нь чангааж байна гэж шүүмжилдэг. Анхнаасаа ийм байдал үүсгэхгүй гэвэл яам бодлогынх нь хэмжээнд бүтээн байгуулалтаа төлөвлөөд хө­рөнгө санхүүг нь шийдээд худалдан авах ажиллагааг нь үгүй ядахдаа гүйцэтгэгчтэй хийх гэрээ, зураг төсвийн хяналтыг мэргэжлийнх нь байгууллагаар хийлгээч дээ. Энэ маань бүх ажлыг өөр дээрээ авах гэсэн бус Улаанбаатар хотын олон мянган иргэний эрх ашиг хөндөгдөж буй учраас бусдад ад үзэгдэн байж хэлээд байгаа хэрэг.
-Хотод энэ жил бүтээн бай­гуулалт эрчимтэй өрнөлөө. Эрчим хүчнийхэн ирэх жилээс шинэ хэрэг­­­­­лэгчдийг цахилгаанаар найдвартай хангана гэдэг хэцүү болно гэсэн. Харин УСУГ-ын хувьд байдал  ямар байна вэ?
-Би нэг тоо хэлье. УСУГ дөрвөн эх үүсвэрээс ус олборлож, нийслэлийн хэрэглэгчдэд нийлүүлдэг. Энэ дөрвөн эх үүсвэрийн хүчин чадлыг 1980 оны үед судлаад 237 мянган метр. куб усыг Туул голын сав газраас өөрийнхөө шугам сүлжээнийхээ байгууламжуудаар дамжуулан авч нийслэлийн хэрэгцээнд нийлүүлэх бололцоотой гэсэн судалгаа хийсэн байдаг. Тэгвэл өнөөдрийн байдлаар 160-170 мянган метр.куб ус олборлож байна. Өөрөөр хэлбэл, нийт нөөц усныхаа 60 хувь дээр явж байна гэсэн үг. Мэдээж, сүүлийн үед бүтээн байгуулалт нэмэгдэхийн хэрээр усны хэрэглээ өсч байна. Яармаг, Зайсан гээд хотын хаа сайгүй байшин барилга баригдаж байна. Хотын Засаг дарга мөрийн хөтөлбөртөө тусгасан гэр хорооллыг тохилог амины орон сууцтай болгоно гэсэн амлалтаа хэрэгжүүлээд эхэллээ.  Тэгэхээр гэр хороолол бүхэлдээ дэд бүтцэд холбогдвол одоо байгаа 237 мянган метр.куб гэдэг нөөц маань хүрэхгүй болж эхэлнэ. Тэслээ гэхэд 2016 он хүрнэ. Тиймээс манайхаас Солонгосын “Койка” байгууллага, Засгийн газрынх нь буцалтгүй тусламжийн хүрээнд шинэ Яармаг хорооллын ундны усны хангамжийн төслийн хүрээнд 20 мянган метр.куб шинэ үүсвэрээ энэ жил ашиглалтад хүлээн авахаар зорьж байна. Мөн 2014 оны тавдугаар сард Гачуурт орчимд “Жайка”-гийн төслөөр 22 мянган метр.куб усны шинэ эх үүсвэр нээгдэнэ. Нисэхийн цаад талд шинээр 20 мянган метр.куб хүчин чадалтай шинэ эх үүсвэр барьж байгуулахаар ажиллаж байна. Гэвч энэ олон нөөцийг ашиглалтад оруулна гэхээр ашиглалтын зардал, хүн хүч, эрчим хүчний гээд  зардал нэмэгдэнэ. Ингээд л бэлэн байдлаа хангахын тулд суурь үнэ нэмэх болж байгаа юм. Ер нь, энэ төлөвлөж буй эх үүсвэрүүдийг барьж байгуулсан ч   бүтээн байгуулалт энэ эрчээрээ яваад  асуудлаа шийдэхгүй байвал 2016 оны түвшинд хэцүүхэн байх нь гэсэн дүр зураг харагдаад байгаа. Тиймээс аль 1980 оны үеэс ярьж, судалгаа нь хийсэн Туул, Тэрэлж голын сав газарт ус цуглуулах далан барьж, усныхаа хэрэгцээг гадаргууг усны нөөцөөр хангадаг болох ёстой юм.
-Ус хуримтлуулах далан барих ажил хоёр жилийн нүүр үзсэн байх шүү. Ярьснаас биш хуруугаа хөдөлгөсөн нь үгүй байх?
- Монгол, Солонгос, Япон, Оросын компаниуд энэ талын судалгааг хангалттай хийсэн. Хамгийн эхлээд уг ажлын санхүүжилтийг хэрхэн шийдэх вэ,  концессоор уу эсвэл өөр ямар зарчимаар барьж байгуулах вэ гэдгээ шийдэх гэрээ хэлцлүүдээ хийж, ТЭЗҮ болон нарийвчилсан судалгаа,  зураг төсвөө гаргаад ирэх онд сонгон шалгаруулалтаа эхлүүлэх  ёстой. Тиймээс нийслэл, БОНХЯ, БХБЯ, ЭЗХЯ, ЗГ энэ ажлыг яаралтай эхлүүлэх шаардлагатай. Өнөөдөр ус хэт үнэ цэнэгүй, хямдхан байгаа нь ус чандмань эрдэнэ гэдэг утгыг нь алдагдуулж байна. Ус хангамжийн асуудлыг ярихаар эргээд төв цэвэрлэх, урьдчилан цэвэрлэх байгууламжуудын технологи, тоног төхөөрөмжүүдийн одоогийн байдлыг бас ярих ёстой л доо.
-Хотын удирдлагууд УСУГ-тай “Харгиа” цэвэрлэх байгууламжийг нэгтгэх шийдвэр гаргасан. Төсвийн мөнгийг хэмнэх зорилгоор нэгтгэсэн гэж ойлгосон?
-Урьдчилан цэвэрлэх байгуулам­жийг УСУГ-тай нэгтгэх шийдвэр гарч, хүлээж авах комисс ажлаа хийгээд дуусч байна. Энэ хоёр байгууллагыг нэгтгэсэн нь мөнгө хэмнэх үүднээс хийсэн юм биш. Урьдчилан цэвэрлэх байгууламж ашигтай ажиллаж чадаагүй нь түүхий эд боловсруулагчидтай харилцан ашигтай бизнесийн орчин зөв үүсгэж чадаагүйгээс үйл ажиллагаа нь доголдсон хэрэг. Энэ алдааг нь л залруулах үүднээс мэргэжлийнх байгууллагатай нь нэгтгэсэн. Нөгөөтэйгүүр, Улсын мөрдөн байцаах газарт усны бохирдолтой холбоотой тусгай тасаг ажиллаж эхэлсэн байна. Арьс ширний үйлдвэрийн бохирдол гол руу орвол байгаль орчны эсрэг гэмт хэрэг хийсэн гэж үзэн удирдлагуудтай нь хариуцлага тооцох юм. Өдгөө дэлхийн хотуудаас Улаанбаатар хамгийн таагүй хүйтэн, нойтон орчинд өвөлждөг нь. Угтаа цэвэрлэх байгууламж гадна агаарын тодорхой хэмд ажиллах ёстой. Манайх шиг хасах 40 хэмд ажилладаг байгууламжийн технологи ховор, өндөр үнэтэй байдаг. Тиймээс дэлхийн жишгийн дагуу урьдчилсан байдлаар цэвэрлэх байгууламжаа газар доор бариад, дээр нь удирдлагынх нь оффисыг барих талаар ярьж байна. Энэ нь газар талбайн хувьд,  эрчим хүчний зардлын хувьд хэмнэлттэйгээс гадна цэвэрлэх байгууламжаас гарах үнэрийг багасгах ач холбогдолтой.  Ямар ч байсан хотыг айхтар үнэр танараас нь салгах ёстой.
-Шинээр цэвэрлэх байгууламж барина гэхээр хөрөнгө мөнгөний асуудлыг яаж шийдэх вэ?
-Засгийн газрын 118 дугаар тогтоолын хүрээнд Нисэхээс гадна төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх шийдвэр гарсан. УСУГ бүх төрлийн судалгаагаа хийгээд дууссан, хөрөнгө мөнгийг нь шийдвэрлэх боломжийн саналууд ч хүлээж авсан.  Өндөр технологийн цэвэрлэх байгууламж асар үнэтэй байдаг. Эдгээр цэвэрлэх байгууламжийн цэвэрлэсэн усыг  дөрөвдүгээр цахилгаан станцын ус хангамжийн сүлжээтэй холбож өгөх нь маш чухал  юм. Нөгөөтэйгүүр, өнгөрсөн оны тавдугаар сарын 17-нд рашаан ус, байгалийн  нөөц ашигласны татварын хэмжээг тогтоосон хуулиа хатуу чанд мөрдмүүлмээр байна. Хэрвээ энэ хууль хэрэгжвэл байгалийн нөөц, рашаан усаа ашиглахаа болино. УСУГ ч нийгмийн хариуцлага хү­лээсэн байгууллага учраас улс ор­ны тэргүүлэх салбар эрчим хүч­нийхнийгээ дэмжин цэвэрлэх бай­гууламжийн цэвэрлэсэн усаа хямд үнээр нийлүүлнэ. Өнөөдрийн үнийн зөрүүгээрээ эрчим хүчний зардлаа эргүүлээд олох ч боломжтой. Морин давааны ойролцоо барих нисэхийн цэвэрлэх байгууламжийг маш их бо­дож, зөв шийдлээр барих ёстой юм. Гэвч хууль зүйн хүрээнд хийсэн сон­гон шалгаруулалтыг БХБЯ эрх мэдлийнхээ хүрээнд өөрчлөөд, өөр шийдвэр гаргаж байгаа гэж сонссон. Гэхдээ энэ бол баталгаатай мэдээлэл биш.
-Барилга нэмэгдэхийн хэрээр усны хэрэглээ огцом өсч байна гэлээ. Тэгвэл саарал усаа ашиглах талаар ямар ажил хийж байна вэ?
-Нэг зүйл шулуухан хэлэхэд, монголчууд усаа хэмнэх үүднээс хэрэглээгээ зөв зохистой болгох шаардлагатай. УСУГ-ын санхүү, эдийн засгийн байдал хүнд байгаа учраас саарал ус ашиглах асар үнэтэй технологийг нэвтрүүлж чадахгүй байна. Одоо бидний ашигласан усыг цэвэршүүлнэ гэдэг маш өндөр зардалтай. Энэ чиглэлээр ажилладаг компаниуд аятайхан бололцооны технологи оруулж ирэхээр ярьдаг ч, хотынхоо цар хүрээг тооцохоор эргээд сөхөрдөг. Өнөөдөр бохирдлоо Туул гол руу хаяад байх уу, эргүүлээд ашиглах уу гэсэн асуудал бидний өмнө  тулгарч байна. Төв цэвэрлэх байгууламж хоногт 170 мянган метр.куб усыг хагас дутуу цэвэрлээд гол руу хаядаг. Хаяж байна гэдэг асар их мөнгө урсаж байна гэсэн үг. Тиймээс энэ баялгаа ашиглахын тулд өндөр технологийн төв цэвэрлэх байгууламж шинээр баръя. Монгол Улсын стандартад тохирсон цэвэрлэх байгууламжтай болъё л доо.
-Усаа түгээхээс гадна хамгаалах ямар ажил хийж байна. Хэлэх нэг, хийх өөр шүү дээ?
-Усны зөв хэрэглээг Ерөнхийлөгч, ҮАБЗ, Засгийн газрын хэмжээнд бодлого болгож тавих ёстой. Тэрнээс биш Усны газар, “Монгол Ус” корпораци, Усны үндэсний хороо ч гэдэг юм уу өөр, өөрсдийнхөөрөө бодлогоо тодорхойлж яриад тэр нь зөрчилддөг байж таарахгүй.  Нэгдсэн бодлоготой болох ёстой. Тиймээс эхний ээлжинд манай байгууллага усны чиглэлээр форум хийх юмсан гээд... БОНХЯ-ны холбогдох хүмүүстэй яаж хэрэгжүүлэх вэ, хэрхэн бодлого болгож  зангидах вэ гэдгээ ярьж байна. Шулуухан хэлэхэд, бид одоо л ундны усаа жинхэнэ ёсоор хамгаалахгүй бол хотын усны эх үүсвэрийн гадаад, дотоод муж руу шууд халдсан оролдлого өнгөрсөн хугацаанд зөндөө л гарлаа шүү дээ. Жишээ нь, “Ирээдүй” цогцолбор барилга барина гэсэн нэрээр дулааны гурав, дөрөвдүгээр станцын дунд байрлах ундны эх үүсвэрт халдлаа. Ундны усны эх үүсвэрт баригдсан “Маршал town”, “Хурд” гээд олон орон сууцны хороолол гээд дурдвал олон. Цаашлаад тавдугаар цахилгаан станцыг усны эх үүсвэр байгаа Хөлийн голын ойролцоо газарт байгуулна гэсэн нь эх үүсвэр рүүгээ заналхийлж байна гэсэн үг. Усны эх үүсвэр байдгийг бүгд мэдэх ч шийдвэр нь эсрэг гараад байх юм. Тавдугаар цахилгаан станцын асуудлыг яаралтай шийдэх ёстой юу, ёстой. Эрчим хүчний инженер хүний хувьд үүнтэй би маргахгүй. Эрчим хүчгүйгээр хот хөгжинө гэж байхгүй. Гэхдээ цахилгаантай байх уу эсвэл устай байх уу гэдэг эрэмбээрээ яривал ондоо шүү дээ. Бид усгүй бол тог цахилгаанаар яах юм. Усныхаа эх үүсвэр дээр тавдугаар цахилгаан станцаа барихаар болсон нь туйлын харамсалтай.
-Хот төлөвлөлтийн төлөвлө­гөөнд ундны эх үүсвэр байгаа газ­­рыг тэмдэглэсэн байдаг биз дээ. Хууль дүрмээ зөрчив үү эсвэл мэд­сэн ч мэдээгүй юм шиг өнгөрөв үү?
-Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөө гэж бий. Гэвч эх үүсвэрээсээ гадна төлөвлөчихөөд газар олгох, барилга барихыг зөвшөөрөхдөө дотор нь өгчихөөр л  асуудал үүсгэж буй хэрэг. Нэг ёсондоо, зураг дээрээ эх үүсвэрийнхээ дотоод, гадаад мужийг өөрчлөөд баталгаажуулахаар ийм асуудал үүсч байна. Эх үүсвэрийн муж өөрчлөх эрх зөвхөн НИТХ-д байдаг бөгөөд 2007, 2009 онд шат дараатай өөрчлөх шийдвэр гаргасан  юм билээ. Энэ шийдвэрийг шүүмжлэхээсээ илүүтэй өнөөгийн нөхцөлд ямар байх вэ гэдгээ л ярих  ёстой. Нийслэлийн онцгой бүс болгож зарласнаар хэнбугай ч халдаж чадахгүй. Энэ мэт эх үүсвэрүүд хаана байгаа нь тодорхой болбол ундны эх үүсвэр дээр цахилгаан станц барина гэсэн асуудал өнөөдөр яригдахгүй шүү дээ. Нэгэнт тавдугаар цахилгаан станц байгуулах газраа сонгочихсон бол хүчээр л усны эх үүсвэрийн мужаа өөрчлөх байх даа бодвол...
-Гэхдээ БОНХЯ-ны байгаль орчны үнэлгээг харзнах сурагтай байсан. Төр түмэн нүдтэй гэдэгчлэн олон талаас нь бодож шийдвэрээ гаргах байх?
-Ер нь, хэн дуртай нь хүссэн газартаа байшин барьж болдог юм бол техникийн нөхцөл өгдөг байгууллагууд байж яах юм. Өнөөдөр ус, цахилгааны техникийн нөхцөл авахагүй барилгаа барьчихаад шүүхээр дарамталсаар байгаад техникийн нөхцөлөө гаргуулж байна. Тийм тохиолдол байна. Нуухгүй. Саяхан миний нэр дээр шүүхээс заавал биелүүлэх хуудас ирсэн. Яасан бэ гэхээр газар олголтын зөвшөөрөлгүй байж байшин барьчихаад ард иргэдийн эрх ашиг нэрээр шүүхийн шийдвэр гаргуулсан. Шүүх биелүүл гэсэн шийд гаргасан учраас бид хүчээр техникийн нөхцөл өгөхөөр сууж байна шүү дээ.
-Дэлхийн улс орнууд усны аюулгүй байдлын төлөвлөгөө гэж гаргадаг. Харин манай улсаас ийм зүйл шаардсан олон улсын хуралд таныг оролцсон гэж сонссон?
-Австрали улсад усны аюулгүй байдлын төлөвлөгөө гэж юу байдаг, хэрхэн хийдэг юм бэ гэдэг талаархи мэдээлэл өгөх сургалт, семинар боллоо. Өндөр хөгжилтэй орнуудын хувьд усны аюулгүй байдлын төлөвлөгөөг үндэсний хэмжээний асуудал болгож ярьдаг юм байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас усны аюулгүй байдлын төлөвлөгөөг Монгол Улс тэр дундаа Улаанбаатарт хийж, хэрэгжүүлэх ёстой гэж үздэг. Энэ хүрээнд ДЭМБ-аас санхүүжүүлэн УСУГ-тай хамтарч усны аюулгүй байдлын төлөвлөгөө хийж дууслаа. Энэ төлөвлөгөөгөө БОНХЯ, нийслэлийн удирдлагад өргөн барина. Төлөвлөгөөний дагуу усаа, эх үүсвэрээ хамгаалах, стандарт тогтоох, эрсдэлийн үнэлгээ хийх ёстой юм. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр муугаар ярихад газар хөдлөлт болж ус хангамжийн системд ноцтой гэмтэл гарлаа гэхэд усны аюулгүй байдлыг үнэлж, дүгнээд удирдаж, зөвлөмж гаргадаг. Тэгэхээр ийм онц ноцтой байдал үүсвэл  хүн амынхаа ус хангамжийг яаж аюулгүй, найдвартай үлдээх вэ гэдгийг тооцоолж гаргадаг аж. Нэг үгээр хэлбэл, эхлээд усан хангамжаа, дараа нь дулаан, цахилгаан ярьдаг юм байна.
-Тэгвэл энэ байгууллагыг толгойлж буй хүний хувьд Улаанбаатарт усны аюулгүй байдал хэр байна гэж үзэв. Дүн тавибал...?
-Таван баллын системээр дүгнэвэл би +3 тавимаар байна. 1500 ажиллагсдынхаа хүчин зүтгэлийг энэ тоогоор яагаад үнэлж байна вэ гэхээр ус гэдэг хүний амь амьдралын үнэ цэнэ. Сүүлийн үед уран илэрлээ гэж их ярих болж. Гэтэл уран  байгальд цэврээрээ байдаг элемент. Манай байгууллагын усны төв лаборатор орчин үеийн тоног төхөөрөмжөөр гайгүй сайн тоноглогдсон ч ураныг судалж, шинжилж чаддаггүй. Хүчин чадлын хувьд тааруухан. Өнөөдөр урьдчилсан болон төв цэвэрлэх байгууламжийн ус, дөрвөн эх үүсвэрийн байдлыг цаг тутамд шалгаж байх ёстой. Энэ бүх ажил, ажиллагаа маань санасан хэмжээнд хүрэхгүй байна.
Үйлдвэр, аж ахуйн газрууд хэт хүний сэтгэлээр байгальд хандан усны замбараагүй хэрэглээ газар авсан. Ингээд харахаар яавч сайн дүн тавих боломжгүй. Дээрээс нь, онцгой байдлын үед ажиллах төлөвлөгөө гэж алга. Усан хангамжийн систем доголдон Туул голынхоо усыг шууд хэрэглэх шаардлага гарвал явуулын цэвэршүүлэх лаборатор, тоног төхөөрөмж гэж алга. Энэ талаас харвал бас л сайн дүн тавих хэцүү.
Т.Оюунбаяр
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан