Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрдэнэцогтыг аврах есөн долоо хоногт
         Сэтгүүлч Б.Эрдэнэцогтын элэг шилжүүлэн суулгах  мэс заслыг  өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт Энэтхэг улсын Дели хотын Сир Ганга Рам  эмнэлэгт хийгдэж,  хагалгаа 17 цаг үргэлжилж  амжилттай болж, амь нас нь аврагдлаа. Амь нас аврагдахад хамгийн адармаатай ажил нь мөнгө цуглуулах байв. Мөрөөрөө яваа хүн  мөрөөдөөд ч босгож дийлэхээргүй мөнгийг  сайн санаат хүмүүс, садан төрөл нь, найз нөхөд нь босгож, сэтгүүлч, уран бүтээлчид  залуучууд  бас дэм болж, өөр өөрийн ажилладаг хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн сурталчилж, түмэн олны түшигийг авсны хүчинд  сэтгүүлч дүү минь амьд мэнд үлдэж,  аюулт өвчнөөсөө ангижирч чадав. Хүндээр өвдсөн  сэтгүүлч Эрдэнэцогтыгоо хөнөөлт өвчнөөс  аврахаар анх энэ оны  7 дугаар сарын 19-нд бидний сэтгүүлч, яруу найрагч хэсэг нөхөд нь ‘’Үнэн’’ сонины хурлын танхимд цуглаж ярилцав. Аврах хөдөлгөөнийнхөн  хандивын данс нээж, мессэж хүлээн авах утас ажиллуулах, сэтгүүлчид өөрийн өөрийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ тухай өргөн мэдээлэх, сайт, сонингуудад  банер байршуулах гээд ажлууд  ундрав.  Юуны өмнө Эрдэнэцогтыгоо дүүргийн эмнэлэгээс төв эмнэлэгт бараадуулав. Дөнгөж томилогдоод удаагүй байсан Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга хатагтай А.Эрдэнэтуяа улсын клиникийн 1 дүгээр эмнэлэгт хэвтүүлэхэд шуурхай тусалж,  гадаадад эмчлүүлэхэд нь зориулж, тус яамнаас үзүүлдэг  тэтгэмж болох 5 сая төгрөгийг олгох ажлыг шуурхай бүтээж өгөв. Эмнэлэгт хэвтэнгүүт нь тосоод, тус эмнэлэгийн дарга Б.Бямбадорж анхааралдаа авч, чадах чинээгээрээ туслав. Хамгийн хүнд мөчид  тусалсан эдгээр хүмүүст үнэхээр баярласандаа нулимс унагах ч багадах шиг санагдаж байв.  Эхний удаа олон байгууллага хамт олон мөнгөн хандив өргөснөөс онцолж хэлэхэд  хамгийн эхлээд asss.mn сайт 300 мянган төгрөг өгч, ар араасаа хандив үргэлжилсэн. ‘’Үнэн’’ сонин, unen.mn, 3 сая төгрөг, ‘’Шинэ Монгол’’  радио 3 сая төгрөг,  ‘’Шинэ дэлхий’’ телевиз  3 сая төгрөг, аravt.mn сайт 300 мянган төгрөг,  Баянхонгор телевиз таван өдрийн цалингаа тус тус хандивласан.

        МҮОНТВ-ийн захирал Ч. Даваабаяр, Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр  нар тус бүр нэг сарын  цалингаа хандивласан. Эко консракшн компани 5 сая төгрөгийн хандивлах болсноо МСЭ-ээр дамжуулан илэрхийлж, тус компаний захиргаа хүний нөөц хариуцсан дэд захирал, хатагтай П.Мөнхцэцэг Эрдэнэцогтын ээжид гардуулан өгсөн . Энэхэг суугаа элчин сайд С.Баяр  Монголын Сэтгүүлчдийн эвлэлийн Ерөнхийлөгч  Галааридад хандан  дэмжин туслахаа илэрхийлсэн. Үнэн сонин, unen.mn, Шинэ дэлхий, аravt.mn, time.mn  зэрэг байгууллагууд   сурталчилгааг тасралтгүй, уйгагүй явуулав. ‘’Сэрүүлэг’’  сонин нэг сая төгрөг хандивлаж,  МҮОНР 300 мянга,  Өнөөдөр сонин

        1, 5 сая төгрөг,  Монголын мэдээ сонин  190 мянга,  Зууны мэдээ сонин  500 мянга, news.mn 50 мянга, Сонины холбооны ерөнхийлөгч  Р.Хадбаатар 500 мянга, ТВ9 телевиз 300 мянга төгрөг хандивлав.

        Аз болоход энэ үеэр Энэтхэг улсаас  элэг шилжүүлэн суулгах чиглэлээр хоёр ч эмнэлэгийн эмч, докторууд Монголд  ирээд буцах далимд нь Эрдэнэцогтыгоо үзүүлээд амжив.  Эхний эмнэлэг элэг шилжүүлэн суулгахад 42 мянган ам доллар шаардлагатай гэлээ.  Удаад нь монголчуудын хайр хүндэтгэлийг хүлэээж, олон ч хүний амийг аварсан Намыш Мехтаа эмч наймдугаар сарын 20-доор Монголд  ирсэн. Түүний ажилладаг Дели хотын  Сир  Ганга Рам эмнэлэг  38 мянган ам доллар  элэг шилжүүлэн суулгах мэс засалд зарцуулагдана  гэлээ. Ядуу хүний  зовлон яасан их билээ. Мэдээж хямдыг нь сонгосон. Бас болоогүй ээ, 38 мянган долларыг 35 болгоод хямдруулаад өгөөч гэж эмчээс нь гуйлаа. Хямдарсан 3 мянган ам долларт нь сурталчилгаа хийж өгөхөөр болов. Сэтгүүлч хүний  ажил сайхан. Жирийн хүн байсан бол ийм боломж бас ч  хязгаарлагдмал. Eagle телевизийн программын дарга хатагтай Сэлэнгэ бидэнд тусалж энэтхэг докторыг ярилцлаганд оруулж туслав. Дараа нь Энэтхэг эмч элэг шилжүүлэн суулгасан монголчуудтайгаа уулзахад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс  Үнэн сонин,  Зууны мэдээ, ЕТV, aravt.mn сайт ирж сурвалжилж  туслав.   

        Хамгийн завшаантай нь хямд мөртөө хамгийн сайн эмнэлэг нь таарсан. Манай монголчууд олноор  очиж,  элэг солиулдаг эмнэлэг таарсан. Манай нэрт яруу найрагч Ай. Төмөр-Очир гуай энэ оны эхээр энэ эмнэлэгт  элэг шилжүүлэн суулгуулж, дахин төрсөн буянтай эмнэлэгт Эрдэнэцогтын хагалгаа амжилттай болсон.

        Хамгийн анхны мөнгө босгох нүсэр ажил байв. Хэд хэдэн удаа хэвлэлийн бага хурал зохион байгуулав. Телевиз  бүр хэд хэдэн дуучид  тал талаасаа цуглуулж, хандивын тоглолт хийхээр болсон.  Энэ арга хэмжээг  ‘’Шинэ мянган’’ утга зохиолын нэгдлийн Ерөнхийлөгч,  яруу найрагч Ж.Мөнхбат, Гүйцэтгэх захирал  Ц.Эрдэнэбаатар, нарийн бичгийн дарга Б. Чулуунцэцэг, Удирдах зөвлөлийн гишүүн, Шинэ Монгол радиогийн захирал  Ө.Батзориг, Шинэ Монгол радиогийн орлогч захирал  Г.Сонинбаяр, мөн МЗЭ-ийн шагналт яруу найрагч Г.Сүхзориг  нар гардан амжилттай  зохион байгуулсан. Тоглолт 8 дугаар сарын 9-нд UB palace-д болох үеэр нийслэлчүүдийн ихэнх нь амарсан, бас дээр нь 3000 морьтны шоу давхцсан өдөр байсан тул  борлуулалт төдийлэн сайн биш байсан бөгөөд 3000 тасалбар борлогдохоос дөнгөж 2000-ыг л сэтгүүлч, яруу найрагч нөхдийн дэмээр борлуулахыг чармайж  байв. Эхний мөнгө босгох явц мэдээж амаргүй байсан ч ямар ч байсан Эрдэнэцогтыгоо донорынх нь  хамт 10 гаруй мянган ам доллартай нь Энэтхэг рүү мордуулав.  Энэ үед долларын ханш тэнгэрт хадсан байв. Энэтхэгт  эхний эмчилгээ хийлгэж,  үлдэж нөөцөлсөн 5 мянган доллараа Эрдэнэцогт  маань  тас тэврээд суугаа мэдээг бидэнд дуулгаж байв. Тоглолтын  тасалбарыг ихэвчлэн телевизүүдэд тараан борлуулсан бөгөөд UBS телевизийн захирал Л.Балхжав 500 мянган төгрөгийн тасалбар, МҮОНТВ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүн, сэтгүүлч  А.Арман 1,5 сая төгрөгийн тасалбар  борлуулж өгснөөс  гадна ТВ5, ETV, ‘’Шинэ дэлхий’’  NTN телевиз, ‘’Шинэ Монгол’’ радио, ‘’ Молор’’ телевиз,   NTV телевиз  тасалбарын борлуултанд чадах чинээгээрээ тусалж байв.

        Чадах ядахаараа цуглуулсан мөнгө нь хагалгааны мөнгөнд хаанаа ч хүрэхгүй  мухардаж байв. Ядаж тоглолтын тасалбарын мөнгө орж ирэхгүй удаан зовоов. Бүр аргаа бараад манайдаа л толгой  баян боссууд руу утас цохив. Алтай холдингийн захирал хатагтай Л.Жавзмаад учир байдлаа хэлээд, бид нэг сая төгрөгийн хандив хүсэж байна. Харин энэ мөнгөө зүгээр авахгүй, танай реклам сурталчилгааг энэ мөнгөн дүнд дүйцүүлэн аль нэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр  сурталчилж өгнө гэж учирлав. Эмэгтэй хүн болохоор зовлонг ойлгож,  дор нь уриалгахан  зөвшөөрөв. Арваад босстой ярихад хоёр нь л бүтэв. Алтай холдингээс гадна Тавантолгой трансын захирал Д.Дагвадорж ч төвөггүй тусалсан. Эхний эмчилгээний гарааны зардал ингээд болов. Гэтэл яг хагалгааны зардал 35 мянган ам доллар сох дутав.  Дансанд ердөө 3 сая гаруй төгрөгтэй. Хагалгааны хугацаа хамар дор ирээд байдаг. Эрдэнэцогт маань элгэндээ таван мянган ам доллараа тас тэврээстэй. Үлдсэн мөнгө босох янзгүй. Үзэг нэгт нөхдүүд нь утсаа авах нь хойрго болж, үзэгдэх харагдах хүнгүй болов. Ээж , эхнэр бид гурав л тоосон дунд  торойн хоцров. Толгойгоо гашилгав.  УИХ-ын бүх  гишүүдэд мессэж бичих мэргэн санаа олдов. Бичсэн мессэж 76 хүнд хүрч, ердөө гурав дөрөвхөн  хүнээс л хариу ирэв. Н. Сономпил сайд 1 сая төгрөг хандивласанаас гадна Ж.Батзандан гишүүн ‘’тусалнаа эгчээ ‘’ гэсэн хариу ирүүлэв. С.Оюун сайд болохоор Энэтхэг улсад  элчин сайдаар ажиллаж байгаа ах С.Баяраар дамжуулан туслахаа илэрхийлэв. Харин амралтын өдрүүдэд Ардчилал сонин, assa.mn, C1 телевизийн уран бүтээлчид хуралдаж, 20 сая төгрөг цуглуулан өгч, ёстой аминд орж, аврал болсонд  талархаад баршгүй. Анхны  хандивт хамгийн эхэнд гараа сунгаж байсан энэ хамт олон сүүлийн мөчид ч хүндрэлээс гаргаж, хүчтэй дэм үзүүлж  чадсан.  Мөнгө босох яагаа ч үгүй байсан тул Эрдэнэцогт маань мөнгө бүтэхгүй бол буцье даа гээд урамгүйхан дуугарч байсан тул ээж, эхнэр, бид гурвын хувьд Ардчилал сонин тэргүүтэй байгууллагын 20 сая төгрөгийг аваад  гутралаас гарч, гунигаа тайлах шиг болсон.  Шударга хэлэхэд Ардчилал сонин, assa.mn сайт, C1 телевиз гурав амийг нь аварсан гэж хэлж болно. Бас дээр нь Монгол Улсын Ерөнхийлөгч маань сэтгүүлч хүн болохоор уран бүтээлчид түүнд захидал бичсэн байсан. Улмаар Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатарааар дамжуулан Ерөнхийлөгчөөс тусламж ирж байгаагаа мэдэгдэхэд,  Ерөнхийлөгч болон Ерөнхийлөгчийн Тамгын газар шуурхай хөдөлж, эмчилгээнд нь хандив нэмэр болгож мөнгөн тусламж үзүүлснээр  Эрдэнэцогт маань хагалгаанд орох визээ авч чадсан. Мөн манай  Гадаад харилцааны яам буцах зардлыг нь олгохоо мэдэгдэв. Энэ бүхнийг дүгнээд Эрдэнэцогтоо аврахад  хүчин чармайлт гарган,  тусалсан ачлалт хүмүүс, байгууллага хамт олонд сэтгүүлчдийнхээ өмнөөс талархал илэрхийлье. Таван зүйл л бодогдож байв. Тайван сайхан амьдарч байхдаа хүн биеэ хайрлаж, эрүүл мэндээ эрхэмлэж  явах учиртай юм байна гэдгийг ойлгов. Ээж аавын сургаалыг сонсож, элгээ хайрлаж, эсэн бусын хорт зуршлаас хол явууштай санагдаж байна. Хорвоо хатуу,  хөрөнгө мөнгөгүй бол нартыг  орхиж одох аюул хажууд байдгийг ямагт санаж, хуримтлал мөнгө байвал хойш нь бага ч атугай гамнан хадгалж  явах ёстой юм байна. Зовж явахад нөхрийн чанар танигдаж, найдаж байсан хүн нь  биш ,  санамсаргүй, санаанд буудаггүй  явсан  олон хүн чин сэтгэлээсээ  тусалж, тулж түшиж чаддаг юм байна.  Тухайлбал элэг солиулахад хамгийн чухал хүчин зүйл болсон элэгний донор олно гэдэг  амаргүй даваа байсан. Ах дүү дотроосоо донор олон  шаардлагыг эмнэлэг тавьдаг. Ах дүүгээс нь сонгосон донор нь Энэтхэгт очоод зарим үзүүлэлт таарахгүй буцаж ирсэн. Бид шинээр донорын эрэлд мордоход Эрдэнэцогтын эгчтэй нь суусан хүргэн ахынх нь  дүү  элэгний нь донор болохоор шийдсэн. Шинжилгээ нь сайн гарсан. Сайхан сэтгэлтэн бас  бидний дунд барагдчихаагүй юм билээ.  Энэ бүх тусалсан хүмүүсийн  ачийг хариулахын тулд  туулсан амьдралаа нэг эргэн харж, ахин нэг  ’’шинээр төрж’’,  тухайлсан алдаагаа давтахгүй, алаг үрсдээ аав, амраг ханьдаа нөхөр, ачит ээждээ түшиг, анд нөхөддөө хишиг болж явахыг сэтгүүлч Эрдэнэцогтдоо хүсэж байна. Идэрхэн сэтгүүлчээ бид эрлэгээс булааж чадсан нь эв нэгдлийн хүч байлаа. Сэхээрч тусалсан сэтгэл сайтын дэм байлаа. Ухарч няцахгүй хичээсэн уйгагүй зүтгэлийн үр байлаа. Сэтгүүлч хэмээх сэлэм шиг хурц хирнээ  хөтөлгөө морь шиг сэлгээтэй,  сайн бүхнийг түгээж,  саар бүрийг илчилж явдаг  сайхан мэргэжилтэй байсны шим байлаа.

                                                                                                                            Эх сурвалж: www.aravt.mn
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан