Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Э.АРИУНАА: ШҮҮХ ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД АЖИЛЛАЖ ЧАДАЖ БАЙГАА
Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлж УИХ-аас баталсан Шүүхийн тухай багц хуулийг энэ оны дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн мөрдөхөөр болсон. Уг хуулийн хэрэгжилт орон нутагт ямар байгаа талаар Төв аймаг дахь Сум дундын I шүүхийн ерөнхий шүүгч Э.Ариунаатай ярилцлаа.

-Шинээр мөрдөж буй Шүүхийн тухай багц хуулийн талаар орон нутгийн иргэд хэр мэдээлэлтэй байна вэ?
-Багц хуулийг хэрэгжүүлэх ажил улсын хэмжээнд эрчимтэй явж байгаа. Бид аймгийн төв болон хэд хэдэн сумын иргэдэд хууль сурталчлан таниулах ажил хийгээд байна. Багц хуульд багтсан Шүүхийн тухай хууль хэрэгжвэл манай аймгийн 27 сумын 10-ынх нь шүүхийн харьяалал өөрчлөгдөх юм. Тухайлбал, Төв аймгийн Баян, Эрдэнэ сум Налайх дүүргийн шүүхэд харьяалагдана. Өө­рөөр хэлбэл, дээрх сумдын шүүх орон нутагт бус нийслэлийн дүү­рэгт харьяалагдах юм. Энэ өөрчлөлтэй холбогдуулан иргэдийг чирэгдүүлэхгүй байх үүднээс сумдад ажиллаж, Шүүхийн багц хуулийн талаар ярьж байна. Уг хуулиуд энэ оны дөрөвдүгээр сарын 15-наас хэрэгжих байсан ч тойргийн шүүх байгуулахтай холбоотой бэлтгэл ажил хийх зорилгоор түр хугацаагаар хойшлуулаад байгаа. Шүү­хийн байрны асуудлыг ший­дэх шаардлага бий учраас ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр бол­сон. Шүүхийн харьяалал өөрч­лөг­дөөд ирвэл зарим иргэн сум дундын шүүхэд хандахаа болино.
-Дагнасан шүүх бай­гуулагдсанаар шүүгч мэргэ­шихийн зэрэгцээ ажлынх нь ачаа­лал  буурах байх. Нө­гөө­­тэйгүүр, сэжигтнээр татагдаж буй этгээд болон тэдний ар гэрийнхэнд явдал чирэгдэл ихтэй юм биш үү?
-Сумын иргэдэд явдал чирэгдэл гарах нь харьцангуй гайгүй. Тухайлбал, Баян сумын хүн Төв аймаг руу ирж байснаас Налайх дүүрэгт очсон нь хамаагүй ойр. Одоогоор Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуульд өөрчлөлт ороогүй байгаа. Тэгэхээр Баян сумын хүн хэрэг үйлдлээ гэхэд Төв аймгийн Цагдаагийн хэлтэст ирж байцаалт өгөх юм. Харин хэрэгт Налайх дүүргийн эсвэл Төв аймгийн прокурор хяналт тавих уу гэдэгт асуудал бий. Анхан шатны шүүх Налайх дүүрэгт хэргээ шийдүүлчихээд давж заалдахаар бол нийслэлд ирэх юм. Иргэний хэрэг маргааны хувьд Төв аймагт ирж, архиваас материал шүүлгээд буцаад Налайх, Багануур явах чирэгдэл гарна. Энэ мэт асуудлыг зохицуулж өгөх ёстой. Засаг захиргаа нутаг дэвсгэрийн хувьд Төв аймагтаа харьяалалтай хэвээр ч шүүхийн харьяалал нь өөрчлөгдөх юм.   
-Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?
-Зарим иргэн шүүхийн талаар буруу зөрүү ойлголттой байдаг. Тэд шүүх одоо л шинэчлэгдэж, эвлэрүүлэн зууч­лалын ажил хийх гэж бай­на хэмээн ойлгох нь бий. Одоо мөр­дөж буй Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ту­хай хуульд хялбаршуулсан жур­маар хэрэг шийдвэрлэх ажил­лагаа гээд эвлэрлийн ту­хай зүйл заалт байгаа. Ир­гэний хэргийн оролцогчид сайн дураараа хүсэл зоригоо илэрхийлэн эвлэрч болно. Энэ тухай шүүхийн эрхийн акт гарсан ч биелэгдэхгүй байвал шийдвэр гүйцэтгэлийн журмаар  авах ажил хийгддэг. Эвлэрүүлэн зуучлалын хууль гарснаар улсын хэмжээнд энэ чиглэлийн ажилтан бэлтгэх сургалт зохион явуулдаг болсон. Манай шүүхэд гэхэд захиргааны ажилтан болон тэтгэвэрт гарах гэж буй шүүгчид Эвлэрүүлэн зуучлалын сургалтад хамрагдаж байна. Энэ хууль хэрэгжсэнээр шүүхийн дэргэд эвлэрүүлэн зуучлагч ажиллах юм. Манай өрөө тасалгаа бэлэн болсон.
Шүүгчийн эрхзүйн байд­лын тухай хуульд шүүгч хараат бу­саар ажиллах баталгаат нөхцөлийг бий болгож өгч байгаа. Үүнээс гадна шүүхийн хэвийн үйл ажиллагааг хангасан ажил хийж байна. Мөн нөлөөллийн мэдүүлэг бөглөдөг болсон. Хэргийн оролцогч  ирэхэд “Та шүүгчийн шийдвэр гаргах төвшинд ямар нэг байдлаар нөлөөлөхгүй шүү” гэдгийг ойлгуулж, тайлбарлаж өгч байна. Монголчуудын эрх зүйн боловсрол хангалтгүйгээс ажил хүндрүүлэх явдал хаа сайгүй бий. Харин шинэ хуульд шүүгч хэргийн оролцогчдын нөгөө талын төлөөлөлгүйгээр уулзахгүй байх заалт орсон. Энэ утгаараа шүүх олон нийтэд нээлттэй, ил тод ажиллаж чадаж байгаа. Хуульчид саяхан анхдугаар их хурлаа хийсэн. Цаашид шүүх нэгэн хэвийн үйл ажиллагаа явуулахгүйгээр байнга шинэчлэгдэх учиртай. Иргэдийг чирэгдүүлэхгүйгээр хууль эрх зүйн талын мэдээлэл өгч, маргаанд оролцоход нь өмгөөлөгч авах, зөвлөгөө өгөх гэх мэтээр нээлттэй ажиллах ёстой.
-Эвлэрүүлэн зуучлалаар бэлтгэгдсэн хүмүүст ажлын байр хүрэлцээтэй байх уу. Шүүхийн дэргэд эвлэрүүлэн зуучлалын албатай болно гэсэн. Хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй байх юм бол?
-Аймаг орон нутагт хүн амынх нь тооноос хамааран орон тооны нэг эвлэрүүлэн зуучлагч байхаар төлөвлөж буй юм билээ. Орон тооны эвлэрүүлэн зуучлагчийг тухайн маргаанд оролцогч талууд сонгохгүй байж болно. Энэ тохиолдолд орон тооны бус эвлэрүүлэн зуучлагч сонгох боломжтой. Эвлэрүүлэн зуучлалын сургалтад хам­рагдсан хүн л энэ ажлыг хийнэ. Мөн тодорхой шалгууртай. Наад захын жишээ хэлэхэд, эвлэрүүлэн зуучлагч хууль зүйн мэдлэгтэй байх ёстой.   
-Сум дундын шүүхээр шийдвэрлэж буй хэргүү­дийн хэчнээн хувь нь давж заалдах шатанд очиж байна вэ. Нөгөөтэйгүүр, шинэ төрлийн гэмт хэргийн гаралт ямар байгаа бол?
-Хөдөө орон нутагт давж заалдах шатны шүүхээр хянагддаг хэргийн тоо нийс­лэлтэй харьцуулахад харь­цангуй цөөн. Манайх энэ онд эрүүгийн 92 хэрэг шийдсэний 13 нь л давж заалдах шатаар орж ший­дэгд­сэн. Хяналтын ша­таар гурван хэрэг орсон байх жишээтэй. Нийслэлийн дүүргүүдийн шийдэж байгаа хэргийн маргаан, төрөл нь ч харилцан адилгүй байдаг. Манай сум дундын нэгдүгээр шүүх таван шүүгчтэй. Шүүгчид маань эрүү, иргэний хэргүүдийг шийддэг. Дагнасан шүүх болбол орон тоо нэмэгдэнэ. Тэр үед иргэний, эрүүгийн хэргийг хянах шүүгч нараа мэргэшүүлэхээр ярилцаж байгаа. Ингэснээр шүүгчид мэргэшихээс гадна, хэргийг түргэн шуурхай шийдвэрлэхэд ахиц гарах сайн талтай. Манайд шинэ төрлийн гэмт хэрэг гарах нь харьцангуй бага. Орон нутагт хулгай, авто ослын хэрэг нэлээд өндөр хувь эзэлдэг.
-Шүүгчийн цалинг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэхээр ярьж байгаа. Цалин нэмэгдснээр таны амьдралд ямар өөрчлөлт гарах вэ?
-Цалин хангамж нэмэгдс­нээр тухайн шүүгч тогтвор суурьшилтай ажил­лахын зэ­рэгцээ эдийн засгийн хараат бус байдал бий болно. Мөн хариуцлагаа нэмэгдүүлж, ажил­­лахыг шаардах байх. Орон нутагт цалингийн бо­лон орон сууцны зээлтэй шүүгч олон бий. Энэ утгаараа ца­лин нэмэгдвэл тухайн хү­ний эдийн засгийн болон нийгмийн баталгаатай орчин бүрдэх учраас илүү хариуцлагатай сайн ажиллана шүү дээ.
С.Заяа
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан