Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НИЙСЛЭЛЧҮҮД ӨВЛИЙГ ӨНТЭЙ ДАВАХ НЬ
Н.Базарсүрэн: Уурхайн ажил сайн явж байна

Хахир хүйтэн хаяанд ирлээ. Нийслэлийнхний өвлийг өнтэй давах “гал”-ыг манаж байдаг нүүрсний уурхай, станцууд хэр бэлтгэлээ базааж байгаа бол. Энэ талаар дулааны гурав, дөрөвдүгээр цахилгаан станцын нүүрсний хэрэгцээний 70 хувийг хангадаг Багануурын уурхайн Үйлдвэрлэл эрхэлсэн дэд захирал Н.Базарсүрэнгээс тодрууллаа.

-Байгууллагууд өвөл­жилтийн бэлтгэлээ базааж эхэллээ. Танай уурхайн хувьд бэлтгэл ажил хэдэн хувьтай байна вэ?

-Үндсэндээ өвлийн бэлтгэл 70 гаруй хувьтай байна. Нүүрс нөөцлөлт 500 мянган тоннд хүрсэн. Энэ жил станцуудаар Монголбанкнаас дамжуулан зээлдэх зээл авсан.  Одоогийн байдлаар тэр мөнгөний 60-70 хувь нь орж ирсэн. 100 хувь орж ирвэл төлөвлөсөн засвар үйлчилгээгээ бүрэн хийж дуусгаснаар уурхайн өвлийн бэлтгэл бүрэн хангагдана гэсэн үг.
-Жилийн жилд хөрс хуулалт хоцорч байна гэж ярьдаг. Энэ жил хэдэн хувьтай байна. Нөгөөтэйгүүр, техник технологио шинэчилж чадсан уу?
-Хөрс хуулалт 104 хувь, олборлолт нь 108 хувьтай байна. Ерөнхийдөө,  уулын ажил хэвийн явж байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 100 тонн даацтай дөрвөн машин, 40 тоннын даацтай дөрвөн нүүрсний машин,  нэг бульдозер авсан. Хөрс хуулалтын төлөвлөгөө давуу биелж, нүүрсээ саадгүй бэлтгэн нийлүүлж байгаа маань техникээ шинэчилж чадсантай холбоотой. Энэ жилийн хувьд техникийн ашиглалт болон хөрс хуулалттай холбоотой асуудал гарахгүй. Уурхайн ажил сайн явж байна.
-Байгууллагуудын “шүд­ний өвчин” нь алдагдал бай­даг. Багануурын уурхайн ал­дагдал буурах уу, өсөх үү?
-Нүүрсний үнийг олон жил барилаа шүү дээ. Энэ жил эрчим хүчний нүүрсний үнийг 2000 төгрөгөөр нэмсэн. 100 хувь алдагдал буурахгүй ч ямар нэгэн хэмжээгээр байгууллагын алдагдал буурна байх аа. Харин тонн нүүрс 23 мянган төгрөг. Бид станцуудад тонныг нь 22500 төгрөгөөр зарж байна. Жижиг хэрэглэгч буюу иргэдийн хувьд нийт нүүрсний борлуулалтын 10 хувийг эзэлдэг. Тиймээс уурхайн ТУЗ хуралдаж, иргэдэд худалдах нүүрсний үнийг 30 хувиар нэмэх шийдвэр гаргасан. Харин өнгөрсөн жил Налайхын нүүрсний амуудыг хааснаас манай уурхайн гадна хонон өнжин дугаарлаж нүүрс авдаг байсныг энэ жилээс цэгцэлж автомашины нэвтрүүлэх чадварыг нь сайжруулсан. Тэгэхээр нүүрсээ шуурхай авна гэсэн үг.
-Багануурын уурхай хэр ачаалалтай ажиллах дүр зураг гарч байна вэ?
-Ачаалал гайгүй. Бид өнгөрсөн хугацаанд болом­жоороо техник технологийн шинэч­лэл хийсэн учраас ачааллыг бүрэн даваад гарчихна гэж бодож байгаа. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жил техник технологийн арга хэмжээ авсны хүчинд хөрс хуулалт хэвийн явж, цаг тухайдаа нүүрс нийлүүлж байна.
-Өнгөрсөн жилээс нийс­лэлийн хэрэглэгчдэд Бага­нуурын уурхайн нүүрсийг шуудайлж зарах цэг нээж ажиллуулсан. Энэ ажлын бэлтгэл юу болж байна?
-Ирэх сарын 1-нээс Толгойт, Амгалан өртөөнд эл ажлын хүрээнд нийлүүлэх нүүрс бууж эхэлнэ.  Энэ жил Засгийн газраас хоногт 20-25 вагон нүүрс нийлүүлэх үүрэг өгсөн.  Үнийн тухайд нэмэгдэхгүй.

Г.Дамдинсүрэн: Өвлийн бэлтгэлээ хангасан
   

Улаанбаатар хотын эрчим хүч, дулааны гол ханган нийлүүлэгч Дулааны гуравдугаар цахилгаан станц. Тус станцын захирал Г.Дамдинсүрэнгээс өвлийн бэлтгэлээ хэр хангасныг тодрууллаа.

-Өвөл хаяанд ирснийг илтгэн анхны цас уналаа. Танай станц өвлийн бэлтгэлээ хэр базаав?
-Өвлийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөнд нийт 46 ажил тусгаснаас  бүрэн хийгдсэн 30, төлөвлөгөөний дагуу хугацаандаа хийх 13 ажил байна.  Төлөвлөгөөний гүйцэтгэл 85 хувьтай. 2013-2014 оны өвлийн бэлтгэлээ хангах хүрээнд таван үндсэн тоноглолд их засвар, гурван үндсэн тоноглолд дунд, 120 туслах тоноглолд их засвар хийхээр төлөвлөсөн. Эхнээсээ хийгээд ирэх сарын 15 гэхэд дуусах гэж байна.
-Нүүрсээ татсан уу?
-Станц өнөөгийн байдлаар 21 хоногийн нүүрсний нөөцтэй байна. 115 мянган тонн нүүрс, 100 мянган тонн мазуттай.
-Уурхайтай өгөө, аваа бий юү. Ямар гэрээ хэлцлээр нүүрсээ саадгүй нийлүүлнэ гэж тохирсон бэ?
-Өглөг байлгүй яахав. Жил бүр яригддаг асуудал л даа. Энэ жил ч гэсэн яригдаж байгаа ч, хоёр байгууллагын удирдлагууд ярьсан, хэлсэн зүйл бий. Уурхайтай нүүрснийхээ төлбөрийг 10, 10 хоногоор  төлөхөөр болсон.
-Энэ жил нийслэлийнхний эрчим хүч, дулааны хэрэглээ огцом өснө гэж салбарын сайд хэлсэн. Тэгэхээр танай станцад техникийн ямар өргөтгөл, шинэчлэл хийв. Хэр ачаалалтай ажиллах дүр зураг гарч байна?
-Энэ жил манай станц 50 мВт-ын өргөтгөл хийсэн. Энэ маань цахилгаан нь 50 мВт, дулаан нь 75 Гкал нэмэгдэнэ гэсэн үг. Одоохондоо хийж л байна. Ирэх сарын 15 гэхэд бүх техникийн шинэчлэл хийж, станц өвлийнхөө горимд үндсэндээ орно.

М.Амарбаясгалан: Өвлийг өнтэй давна гэдэгт итгэлтэй байна

Харин дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын ерөнхий инженер М.Амарбаясгалангаас өвөлжилтийн талаар зарим зүйлийг тодрууллаа.

-Өвлийн бэлтгэлээ ба­заа­сан уу?
-Өвлийн бэлтгэл 85 хувьтай байна. Үндсэн болон туслах тоноглолын засвар үйлчилгээ ерөнхийдөө дуусч байна. 
-Нүүрс нөөцлөлт хэдэн хувьтай явж байна вэ?
-215 мянган тонн нүүрс нөөцөлсөн. Энэ нь 26 хоногийн нөөц гэсэн үг. Харин мазутын хувьд тендер зарласан. Удахгүй нийлүүлэх байх аа.
-Энэ жил станц хэр ачаалалтай ажиллах бол...?
-Өнгөрсөн жил манайх маш ачаалалтай ажилласан. Энэ жил 100мВт-ын шинэчлэл хий­сэн. Шинэч­лэл маань ирэх арван­хоёрдугаар сарын 15-нд дуусна. Манайх чинь Багануур, Шивээ-Овоогоос нүүрсээ татдаг. Нүүрсний хувьд ямар нэгэн асуудал байхгүй. Өвлийг өнтэй давна гэдэгт итгэлтэй байна.
Т.Оюунбаяр
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан