Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Музейн үзмэрүүд мөнгө болсоор
Аливаа улс орны археологийн олдвор, музейн үзмэрүүд тухайн улс орны түүх соёлын үнэт өв, гэрч нь болдог. Удам судраа мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин адил гэгчээр түүх соёлоо мэдэхгүй, түүнийг гэрчлэх археологийн олдворгүй бол цагийн аясаар гандах түүхийн хуудаснаа нэр ч үгүй, мөр ч үгүй хоцордог жишээ цөөнгүй. Манай улсад байнгын үйл ажиллагаа явуулдаг 50 орчим музей байдаг ч үндсэн үүрэг чиглэлээ төдийлөн хангаж чадахгүй л байна.

Байгалийн түүхийн музей нь байргүй, Үндэсний түүхийн музей нь үзмэр гэхээр юмгүй, орон нутгийнх нь олсон ашиг орлого ч үгүй бэлгэдлийн чанартай, бизнесийн байгууллага мэт болжээ.

Угтаа музей гэдэг улс орны түүх соёлыг түгээн дэлгэрүүлэгч, олон нийтэд сурталчилан таниулагч байх ёстой атал хэсэг бүлгийнхний мөнгөний авдар мэт болж. Музей гэдэг ТҮЦ биш байлтай. Хэн дуртай нь ороод гарахдаа хэдэн арван саяаар үнэлэгдэх үзмэрийг дэлгүүрээс талх авч байгаа аятай хэнэгчгүй бариад гардаг хулгай ихэсч. Сүүлийн үед музейн үзмэр алдагдлаа, түүхийн үнэт өв болсон бүтээлүүд хил даван гараад эргэж ирсэнгүй гэх яриа тасрахаа байж.

Музейн үзмэрүүдээс гадна эртний эдлэлийн наймаа улам бүр газар авсаар байна. Эртний эдлэл зардаг дэлгүүрүүдийн голлох үйлчлүүлэгчид нь хятадууд байдаг ба ховор нандин үнэт эдлэл, түүх археологийн үнэт олдворуудыг гар таталгүй авах нь элбэг. Тэдгээр үнэт үзмэр, эдлэл хэрэглэл хэн нэгний цуглуулгад гэхээс илүүтэй урд хөршийн аль нэг музейн хоргонд харагдах нь олон. Чамгүй үнэ хүрдэг болохоор аймаг, нийслэлд буй төрөлжсөн хэдэн музей, сүм хийдээ дээрэмдэж, улмаар үзмэрүүдийг цааш дамжуулан хил гаргадаг нарийн зохион байгуулалттай бүхэл бүтэн гэмт хэргийн сүлжээ үүссэнийг учир мэдэх хүмүүс халаглан ярьж байна.

Эл гэмт хэрэг цэцэглэн хөгжих болсон шалтгааныг энэ чиглэлийн хяналт, гэмт хэргийн илрүүлэлт туйлын хангалтгүй байгаатай холбон тайлбарладаг. Урт гартнуудын зарим нь баригдсан ч шүүх хурлын явцад хэрэгсэхгүй болно, ховор тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг ч хулгайлж дээрэмдсэн зүйлс нь усанд хаясан чулуу шиг ор сураггүй болдог гээд асуудал мундахгүй.

Хоттой хонинд манаач хэрэгтэй

Хот бараадан гэтэх ховдог шунахай боохойнд хонин сүргээ алдчихгүйн тулд сайн хоточ нохойгоор мануулдаг. Гэтэл харуул хамгаалалтын систем байтугай харгалзах манаач, харуул ч үгүй гэмээр манай музейнүүд хотныхоо амыг дэлгээд хонио хашаад орхисноос өөрцгүй. Орон нутгийн музейнүүд хараа хяналт муутайн дээр байр сав нь ч шаардлага хангах нь цөөн. Саяхан Дорноговь аймгийн түүхийн музейг үзэж сонирхоход олон жил засвар хийгээгүйн улмаас музейн байр мөөгөнцөртөж, хана туурга нь хагарч цуурсан харагдсан. Мөнх цэвдэг дээр байрласан болохоор өвөлдөө хүйтнээс гадна барилгын хана хагарч, цуурах шалтгаан нь болдог гэнэ. Энэ ч яахав, элэгдсэн ч эргээд барьж бүтээж болдог зүйл. Харин цор ганц, дахин давтагдашгүй музейн үзмэр, үнэт зүйлсийг ямар ч алтан гартай бурхан ухаантан байгаад ч дахин урлаж чадахгүй нь тэдний үнэ цэнийг илтгэнэ. Орон нутгийн музейнүүдийн дунд камер, дохиоллын системтэй нь гарын таван хуруунд багтахтай, үгүйтэй. Дорноговь аймгийн түүхийн музейд байсан XII зууны үеийн монгол хатны булшийг Археологийн хүрээлэнгийнхэн гадаадад үзэсгэлэнд оруулна хэмээн таван жилийн өмнө авч яваад одоо хэр нь эргүүлж өгөөгүй аж. “Үзмэрээ авъя” гэхэд нь “Байгаа, гэхдээ судалгааны ажил дуусаагүй. Тэгж байгаад өгнө” гээд зураг төдий зүйл үзүүлэн үзмэрийг эх хувиар нь харуулдаггүй гэнэ. Хяналт шалгалт гэхээр юм хийгддэггүй, харуул хамгаалалтын систем ч үгүй музейнүүд хоттой хонь руу гэтэх ховдог боохойнуудад бэлэн хоол бэлдсэнээс өөрцгүй юм.

Сүүлгүй боохой шургалсан хуулийн цоорхой

Хуульгүй, хууль нь байлаа ч гууль болж, хэн нэгний ашиг сонирхлын атганд орсон музейн үзмэрүүдийг сахин хамгаалах, байнгын бүртгэл тооллого хийх, нэгдсэн бүртгэлийн системд оруулах нь юун түрүүнд хийх ёстой алхам. Бүхэл бүтэн музей үзмэрүүдтэйгээ үгүй болсон асуудал одоо ч шийдэгдээгүй байна. Лениний музейн үзмэрүүд бүртгэлийн дэвтэртэйгээ алга болсон байхад нүдэн балай чихэн дүлий байсаар. МАН-ын дарга Г.Занданшатараас үзмэрүүд хаана байгааг асуухад “Манайд байгаа байх, тэгж байгаад аваарай” гэх зэргээр ёжлосон хариу өгч ам таглана. Хайчсан нь үл мэдэгдэх эл музейн үзмэрүүд дунд хосгүй үнэт уран бүтээл цөөнгүй байсан. Тодруулбал, “Их замын үе шатууд” хэмээх 60 тонн жинтэй Ленинградад бүтээсэн хүрэл цутгамал, Ардын зураач Цүлтэмийн “Түүхт уулзалт” тосон зураг, бидний сайн мэдэх Ардын зураач Амгалангийн “Капитализм алгасагч” уран зураг мөн XVII зууны үеийн хосгүй үнэт хатгамал бурхан гээд ямар ч үнээр үнэлэмгүй уран бүтээлүүд хэн нэгний халаасанд орж, хэтэвчийг нь зузаалах мөнгө болсоор байх уу. Өөрсөддөө зориулан баталсан хуулийн цоорхойгоор өв соёлын үнэт олдворуудыг хувьдаа завшин гуйвуулагчдад хууль хэзээ үйлчлэх вэ.
0 Сэтгэгдэл
БОЛЬЁ ОО
Хамгийн их уншсан