Улаанбаатар хотын эрчим хүч, дулааны гол ханган нийлүүлэгч Дулааны гуравдугаар цахилгаан станц. Тус станцын захирал Г.Дамдинсүрэнгээс өвлийн бэлтгэлээ хэр хангасныг тодрууллаа.
-Өвөл хаяанд ирснийг илтгэн анхны цас уналаа. Танай станц өвлийн бэлтгэлээ хэр базаав?
-Өвлийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөөнд нийт 46 ажил тусгаснаас бүрэн хийгдсэн 30, төлөвлөгөөний дагуу хугацаандаа хийх 13 ажил байна. Төлөвлөгөөний гүйцэтгэл 85 хувьтай. 2013-2014 оны өвлийн бэлтгэлээ хангах хүрээнд таван үндсэн тоноглолд их засвар, гурван үндсэн тоноглолд дунд, 120 туслах тоноглолд их засвар хийхээр төлөвлөсөн. Эхнээсээ хийгээд ирэх сарын 15 гэхэд дуусах гэж байна.
-Нүүрсээ татсан уу?
-Станц өнөөгийн байдлаар 21 хоногийн нүүрсний нөөцтэй байна. 115 мянган тонн нүүрс, 100 мянган тонн мазуттай.
-Уурхайтай өгөө, аваа бий юү. Ямар гэрээ хэлцлээр нүүрсээ саадгүй нийлүүлнэ гэж тохирсон бэ?
-Өглөг байлгүй яахав. Жил бүр яригддаг асуудал л даа. Энэ жил ч гэсэн яригдаж байгаа ч, хоёр байгууллагын удирдлагууд ярьсан, хэлсэн зүйл бий. Уурхайтай нүүрснийхээ төлбөрийг 10, 10 хоногоор төлөхөөр болсон.
-Энэ жил нийслэлийнхний эрчим хүч, дулааны хэрэглээ огцом өснө гэж салбарын сайд хэлсэн. Тэгэхээр танай станцад техникийн ямар өргөтгөл, шинэчлэл хийв. Хэр ачаалалтай ажиллах дүр зураг гарч байна?
-Энэ жил манай станц 50 мВт-ын өргөтгөл хийсэн. Энэ маань цахилгаан нь 50 мВт, дулаан нь 75 Гкал нэмэгдэнэ гэсэн үг. Одоохондоо хийж л байна. Ирэх сарын 15 гэхэд бүх техникийн шинэчлэл хийж, станц өвлийнхөө горимд үндсэндээ орно.























