Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Орон байргүй оюутнуудаар “тетрис” тоглогчид олширсоор
Их, дээд сургуулийн тоо нэмэгдэхийн хэрээр хотод суралцах хөдөөгийн оюутны тоо өсдөг.  Энэ жилийн хувьд 140 гаруй мянган оюутан их, дээд сургуульд элссэнээс 80 мянга нь их хотыг зорьсон гэх баримт бий. Ийм олон оюутан нийслэлд ирж суурьшсан нь орон байрны эрэл хайгуул эрс өссөнөөс харагдана. Сар гаруйн өмнө хоёр өрөө байрны түрээс 500-600 мянган төгрөг байсан бол одоо 700 мянгаар толгой хорогдох газар олдохгүй байгааг хөдөөнөөс хүүхдээ дагаж ирсэн эцэг, эхчүүд үглэх аж. Учир нь, хичээл сургууль жигдрэхээр түрээсийн үнэ буух болов уу гэж битүүхэн хүлээсэн найдвар нь талаар өнгөрснөөс танил, хамаатан садныдаа толгой хорогдоход хүргэжээ. Тиймдээ ч “Гайгүй боломжийн үнэтэй байранд хүүхдээ оруулчихвал гэртээ харина даа. Тэгэхгүй бол сургалтын төлбөр, байрны түрээс гээд зардал нэмэгдээд хэцүү байна” хэмээн халаглаж сууна.
Оюутны сурч, амьдрах орчныг бүрдүүлсэн сургуу­лийнх нь дотуур байрыг хөөцөлдөөд гар мухардсан хүн ч байна. Нэг сургуульд л нэг дамжаанд 2000 гаруй хүүхэд элсжээ гэж бодоход үүний тал нь орон нутгаас ирнэ. Гэтэл тэдний 10 хүрэхгүй хувь нь сургуулийнхаа байранд орох боломжтой. Ингээд бодохоор сургуульдаа оройтож ирсэн, танил талгүй хүүхдүүд сургуулийн байр мөрөөдөөд ч нэмэргүй аж.
Ингэхээр гэр хороолол дунд барьсан зориулалтын бус, стандарт хангаагүй, хэнд ч хамаагүй нийтийн байрнуудын үнэ тэнгэрт хадна. Зуны гурван сар 50-100 мянгаар түрээсэлж байсан ганц умгар өрөө оюутнуудыг ирэхээр 150-250 мянган төгрөг болчихно. Энэ нь, орон байргүй үлдсэн хөөрхий оюутнуудын эмзэг асуудал дээр дөрөөлж байгаа нь тэр. Яг л янз бүрийн дүрсийг эвэнд нь оруулж тоглодог “тетрис” шиг. “Орвол ор, орохгүй бол дараагийн хүн чинь бэлэн” гэсэн аястай харилцах байрны эзэн энэ л үед томорно. Арга ч үгүй биз. Монголын оюутны холбооны албан бус судалгаагаар жилд 6000 оюутан байранд орох шаардлагатай гэсэн тоо гаргажээ. Гэхдээ энэ нь сургуулийнхаа дотуур байранд орж чадаагүй оюутны тоо. 6000 оюутан нийтийн байр, подваль, хажуу өрөө түрээсэлж эсвэл хамаатан садан, танил айлынхаа хаяаг барааддаг гэхэд болно.
Увс аймгаас хотод суралцахаар ирсэн оюутан ангийн найз маань сургуулийн дотуур байранд орж чадаагүй учраас хамаатны ахынхдаа суухаар болсон юм. Хичээлдээ ирэхийн тулд нэг цаг 30 минутын өмнө гарч, хоёр автобус дамжин ирдэг байсан. Эхэндээ хичээлдээ идэвхтэй, шүлэг бичдэг, номын санд суудаг сайн оюутан байсан ч хүйт орж эрт харанхуй болоод эхлэх үеэс л хичээлээ тасалж эхэлсэн юм.
Ингэж явсаар хоёрдугаар курсдээ байсхийгээд л гэр рүүгээ яваад сар гаруй хугацаагаар алга болно. Багш нар хөдөөний хүүхэд гайгүй,  хичээл зүтгэлтэй хэмээн хоёрдугаар курс төгсгөсөн ч, гурав дахь жилдээ ирж суугаагүй. Ингээд биднийг төгсч байхад ангийн анд маань гуравдугаар курсээ төгссөн юм. Миний бодлоор түүнд хамаатныхаасаа сур­гууль хүртэлх нэг цаг 30 минутын хугацаа хамгийн ихээр нөлөөлж, сургуулийн нэг жилээ хөдөө гэртээ өнгөрүүлэхэд хүргэсэн байх. Харин тэрээр сүүлийн хоёр жилдээ хамаатныхаа хүүхэдтэй нийлж сургуулийн ойр байр түрээслэн амьдарснаар хичээл зүтгэлтэйгээр сургуулиа төгссөн гэсэн. Энэ мэт жишээ олон л бий.
Жил бүр байнга яригддаг энэ асуудал намжих болов уу гэж бодтол үгүй юм аа. Учир нь, удахгүй ашиглалтад орохоор дуншаад буй 1000 оюутны байранд найдлага тавьж байсан хэрэг л дээ. Гэтэл намартай уралдан ашиглалтад орох ёстой дотуур байр маань хичээл эхлээд нэг сар болох гэж байхад оюутнуудаа хүлээж аваагүй л байна.
Санхүүжилт нь аль гурав, дөрвөн жилийн өмнө шийдэгдсэн ч тухайн үеийн ханшаас дээгүүр өртөг гарснаас төсөвлөсөн хөрөнгө нь дутсан гэдэг.
Олон жил баригдаж байна хэмээн мэдээлэгдсэн эл барилгын ажлын явцыг сонирхон очтол дотор талынх нь засвар дуусч, гаднах тохижилтын ажил нь эхэлжээ. Энэ 1000 оюутны байр нь БШУЯ-ны өмч ч гэсэн менежментийн тал дээр МОХ-той хамтран ажиллана гэдгийг БШУ-ы сайд Л.Гантөмөр хэлж байсан. Тийм ч учраас оюутнуудаа хэзээ хүлээн авахыг МОХ-ны Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Э.Батжаргалтай холбогдоход “МОХ-нд төрийн, хувийн өмчийн нийлсэн 60 сургууль хүүхдүүдээ тус дотуур байранд амьдруулах хүсэлт гаргасан. Тийм учраас сургуулиудын квотыг тогтоосны дараа оюутнуудаа бүртгэж авна” гэлээ.
Тэгэхээр ирэх сардаа багтаад өнөөх 6000 оюутны 1000 нь ямар ч гэсэн байртай болох нь. Харин үлдсэн нь яах вэ. Өөрийн гэсэн дотуур байр бүү хэл хичээлийн байргүй сургууль олон бий. Тэгсэн хэрнээ оюутныхаа бүрдүүлэлтийг хөдөө орон нутгаас хийнэ. Ингээд л жилийн жилд оюутнууд эрдэм өвөртлөн харих гэсэн сэтгэлээрээ голоо зогоон айлын хажуу өрөө, нийтийн байранд амьдарсаар байх уу.
Уг нь, төр засаг хувийн дээд сургуулиудыг магадлан итгэмжлэхдээ хангалттай багтаамжтай оюутны дотуур байртай эсэхийг нэг шалгуураа болговол жил бүр 6000 оюутан орох оюутны дотуур байрны тойргийн гадна үлдэхгүй. Бүр хэн хэндээ амар гэвэл, сургалтын төлбөр дээрээ дотуур байрны үнээ оруулж оюутнууддаа толгой хоргодох байртай болговол сурлага, идэвх ч тэр, сургуулийн санхүүжилт ч нэгэн зэрэг шийдэгдэх учиртай.
Төр ингэж л зохион байгуулж чадахгүй бол төрийн, хувийн өмчийн гэж зааглах хэрэг юу байх билээ. Ганц барьсан 1000 оюутны байранд толгой хоргодох гэж хөөрхөн хахууль өгч, танил талаараа яриулах гээд будлиан үүсэх байх даа. Бас л орон байргүй үлдсэн оюутнуудаар “тетрис” тоглож, мөнгө хүүлэгчдийн ажил эхлэх нь.

Б.Цэдэв
0 Сэтгэгдэл
yag unen mash hetsuu bi bagsh ajiltai 3 jil bair tureeselj bna deer ni tulbur hool bairnii mungu huvtsas hetsuu bnoo
Хамгийн их уншсан