Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Т.Ундармаа: Хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд хүн мэдлэгтэй байх ёстой

Хэдхэн жилийн өмнө манай улсад тэр бүр илрээд байдаггүй байсан өвчнүүд энэ цаг үед шил шилээ даран гарч, даамжирч эхлэв. Үүнийг буруу хооллолт, агаарын бохирдол гээд олон зүйлтэй холбон тайлбарлаж, хүн эрүүл мэнддээ өөрөө л анхаарч, эзэн нь болох учиртай хэмээн зөвлөх болж. Энэ өвчнүүдийн дараалалд багтсан хорт хавдар хэмээх чимээгүй тахал сүүлийн жилүүдэд хурдацтай тархаж буй нь сэтгэл түгшээж эхэллээ. Уг өвчний талаар уншигчиддаа мэдээлэл өгч, сэрэмжлүүлэг болгох үүднээс Хавдар судлалын үндэсний төвийн Эрдэм шинжилгээ сургалт мэдээллийн албаны их эмч Т.Ундармаатай ярилцлаа.

-Манайд илэрч байгаа хавдруудын дийлэнх нь ямар төрлийнх байна вэ. Өнгөрсөн оны мөн үеийнхээс хавдрын өвчлөл ихэссэн гэсэн үү?
-Хавдрын өвчлөл өмнөх оныхтой харьцуулахад огцом өссөн зүйл байхгүй. Өнгөрсөн оны сүүлээр 4400 гаруй хавдрын өвчлөл бүртгэгдсэн бол 2011 онд энэ тоо 4500 байсан. Үүнээс харахад хавдрын өвчлөл буурч байна гэж хэлэхэд хэцүү. Манайд элэг, ходоод, улаан хоолой, уушиг, умайн хүзүү, хөх, нойр булчирхайн хавдар зонхилон тохиолдож байна. Гэхдээ нийт өвчлөлийн 80 орчим хувийг элэг, ходоод, уушиг, улаан хоолой, умайн хүзүүн хавдар эзэлдэг. Хавдрын өвчлөлийг бууруулахын тулд манай эмнэлгээс ХААН банктай хамтран эрт илрүүлэх оношилгоо, үзлэг хийж байгаа. Шат дараалсан арга хэмжээ авч байгаа болохоос биш хавдрыг цогцоор нь бууруулах боломжгүй. Өөрөөр хэлбэл, өнөөдөр элэгний хавдрыг бууруулна гээд багасгах аргагүй юм.

-Та бүхний ажигласнаар хавдрын өвчлөлийн гол шалтгаан нь юу байна вэ?
-Элэгний хавдрын дийлэнх нь вирусын гаралтай байна. Умайн хүзүүний хавдар хүний хөхөнцөр вирусаас болдог бол ходоодных хеликобактерын халдвараас үүдэлтэй байх жишээтэй. Зарим хавдрын үүсч буй шалтгаан тодорхой байхад нөгөө хэсэг нь тодорхойгүй. Хавдар үүсэхэд гадаад болон дотоод олон хүчин зүйл нөлөөлдөг. Тухайлбал, ажлын байр, хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүн, аж төрөх хэв маяг, хөдөлгөөн зэрэг нь энэ төрлийн өвчин үүсэх урьдач нөхцөл болохыг үгүйсгэхгүй.

-Хорт хавдар гэх нэр томъёо социализмын үед төдийлэн сонсогддоггүй байсан гэсэн. Гэтэл энэ цаг үед цөөхөн хүн амтай Монголд жилд 5000 орчим хүн шинээр хавдраар өв­чилж буй нь аймшигтай сонсогдож байна?
-Хавдрын өвчлөлийг 2000 оныхтой харьцуулахад нэмэгдсэн. Сүүлийн жилүүдэд энэ төрлийн өвчлөл хурдацтай нэмэгдэж буй нь үнэн. Ялангуяа элэгний хорт хавдар өвлөлөөрөө, нас баралтаараа ч өндөр байна. Нийт өвчлөлийн 34 хувийг элэгний хавдар эзэлдэг. Хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд хүн өөрийнхөө эрүүл мэндэд тавих анхаарлаа сайжруулах хэрэгтэй гэдгийг дахин сануулах нь зүйтэй байх.

-Хоргүй хавдар хортой болох тохиолдол бий юу. Тархины хавдар сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай болсон гэсэн?
-Зарим нэг төрлийн хавдар хортой болохыг үгүйсгэхгүй. Өөрөөр хэлбэл, хоргүй мөртлөө хоруу чанартай хавдар байдаг. Гэхдээ энэ нь цөөн тохиолдолд шүү дээ. Статистик мэдээллийг харахад тархины хавдар эрс нэмэгдсэн зүйл харагдахгүй байгаа. Гэхдээ эхний 10  төрлийн хавдар дотор ямар нь зонхилж байна вэ гээд аваад үзэхээр тархиных багтах нь бий. Ялангуяа тархины хоргүй хавдар ихсээд байгаа нь ажиглагдсан.

-Хавдраас урьдчилан сэргийлэхийн тулд танай эмнэлгийн зүгээс ямар ажил хийж байгаа бол. Иргэд хавдартай эсэхээ мэдэхийн тулд шинжилгээ, оношилгоонд хаана хамрагдах ёстой вэ?
-Хүн мэдлэгтэй байх ёстой. Иргэдэд мэдээлэл түгээх нь манай эмнэлгийн байгууллагын ажил. Нөгөөтэйгүүр, энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар мэдлэг олж авах нь чухал. Тухайлбал, элэгний хорт хавдраас сэргийлэхийн тулд иргэд B, C вирусийг авахгүйн тулд анхаарах хэрэгтэй болох нь. Иргэдэд мэдээлэл өгөх аяны хүрээнд бид ХААН банкны сайн дурын ажилтан бэлтгэж байна. Бид тэднээр дамжуулж ард иргэдэд мэдээлэл өгөх зорилготой юм. Мэдээлэл, сургалт, сурталчилгаа гэдэг ганц эрүүл мэндийн байгууллагын асуудал биш учраас төр засгаас эдийн засгийн хувьд туслалцаа хэрэгтэй байдаг. Манай эмнэлэг боломжийнхоо хэрээр иргэдэд мэдээлэл өгч байгаа.

-Эмчилгээ, оношилгоо ямар төвшинд байгааг сонирхмоор байна?
-Хүн бүр хавдраас урьдчилан сэргийлэх үзлэгт жил бүр орж байх ёстой. Өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад техник тоног төхөөрөмжийн хувьд төдийлэн сайн биш. Гэхдээ хавдрын тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэхийн тулд чадлынхаа хэрээр ажиллаж байна. Хавдартай гэж оношлогдоод манай төвд хандаж буй хүмүүст үзүүлэх ёстой тусламж, үйлчилгээг нь үзүүлдэг. Тухайлбал, ходоодны хавдартай хүн байлаа гэхэд хагалгаанд орж байгаа. Туяа болон химийн эмчилгээг ч хийдэг. Монгол Улсын хэмжээнд Хавдар судлалын үндэсний төв хавдартай иргэдэд өвөрмөц тусламж үйлчилгээ үзүүлж байгаа. Бусад газарт ийм төрлийн эмчилгээ, үйлчилгээ хязгаарлагдмал.

-Жилд 4400 гаруй хавдрын өвчлөл шинээр бүртгэгддэг гэлээ. Өвчлөл аль бүсэд хамгийн өндөр байна вэ. Орон нутагт хамгийн их илэрч байна гэсэн яриа байсан. Энэ тухайд?
-Нийслэл, орон нутагт хавдрын өвчлөл 50, 50 хувьтай. 2011 онд нийт бүртгэгдсэн хавдрын өвчлөлийн 49 хувь нь нийслэлд, үлдсэн нь хөдөө орон нутгийн иргэдээс илэрсэн. Улаан хоолой, ходоодны өвчлөл баруун бүс буюу Ховд, Увсад хамгийн өндөр байдаг бол элэгний хавдрын дийлэнх тохиолдол Дорнод, Сүхбаатар аймгаас илэрч байна.        
0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан